Open iToim app
Улс төр | 5 мин уншина

Н.Наранбаатар: Нүүрсний үнийн өсөлт манайд нөлөөлөөгүй, бид боломжоо алдчихсан

Н.Наранбаатар: Нүүрсний үнийн өсөлт манайд нөлөөлөөгүй, бид боломжоо алдчихсан
Нийтэлсэн 2021 оны 12 сарын 16
УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай ярилцлаа.
-Гашуунсухайт боомтоор өдөрт 100 машин нүүрс гаргаж байгаа гэдгийг салбарын сайд нь мэдээлсэн. Та ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй газар дээр нь очиж танилцсан. Нөхцөл байдал ямар байна вэ?
-Гашуунсухайтын боомт дээр Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговиос сонгогдсон хоёр гишүүн хамт оччихоод ирсэн. Гашуунсухайтын боомтоор ковидгүй үед өдөрт 1500-1700 машин нүүрс гаргаж байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар 60 машин л гаргаж байна. Энэ нь ковидын нөхцөл байдлаас шалтгаалсан. Монголын талд ковид гараад Хятадын талд очсон монгол жолооч нараас ковид илрээд байгаа учраас хилээ хааж, Монголын талынхныг оруулахгүй байх арга хэмжээ аваад эхэлж байна. Монгол жолооч нараас яагаад халдвар илрээд байна вэ гэхээр хил дээр байгаа манай төрийн байгууллагуудын үйл ажиллагаа муу байна л гэсэн үг. Ногоон бүс болгож зарлачихаад байхад ковидтой жолооч оруулаад байна гэдэг манай талын хяналт шалгалт муу байгааг харуулж байна. БНХАУ-ын талаас наймдугаар сараас хойш монгол жолооч нарыг нэвтрүүлэхгүй, чингэлэг тээврийн терминал хийгээд наад талаас очиж буулгаад, цаад талаасаа хоосноо авчраад солилцоод явъя гэсэн шаардлага тавьж байгаа. Чингэлэг тээврийн терминалийг манай нүүрс тээврийн компаниуд бариад, ашиглалтад оруулчихсан. БНХАУ-ын талаас өдөрт 100 машин авъя гэдэг саналыг ирүүлсэн ч бодит байдал дээр 60 машин л гаргаж байна. Хятадын талаас өвлийн олимп болохтой холбоотойгоор хойд хилүүдийн хяналт шалгалтыг сайжруулж байгаа л гэдэг тайлбар өгөөд байгаа. Өөр мэдээлэл бидэнд байхгүй.
Манай талын хил гааль дээр ажиллаж байгаа албан хаагчдын уялдаа холбоо гэж байх ёстой. Хяналт, шалгалт сайн, нэгдсэн удирдлагатай байх ёстой. Тиймээс би боомтын нэгдсэн захиргаа гэж бий болгоод, байгууллагуудаа нэг удирдлагаар хангая гэдэг санал гаргаад боомтын захирагч томилсон. Ингэж томилж ажиллуулснаас хойш удирдлага нь нэлээд цэгцрээд, нэг гарт ороод явсан боловч тодорхой болон тодорхойгүй шалтгаанаас болоод экспорт буурчихсан байна. Энэ бидэнд асар их хохиролтой.
-Цагаан хадан дээр БНХАУ-ын талын худалдаад авчихсан зургаан сая гаруй тонн нүүрс байгаа гэдгийг Л.Халтар сайд хэлсэн. Тэгэхээр манай улсын нүүрснээс олдог орлого хэзээнээс зогссон бэ?
-Цагаан хадан дээр Хятадын талын худалдаад авчихсан 7.2 сая тонн нүүрс хэд хоногийн өмнө байсан. Одоо 7 орчим сая тонн нүүрс байна. Өдөрт 60-хан машин гаргана гэвэл энэ бүтэн жилийн ажил болно. Бид хэзээнээс нүүрсээ зарж, орлого олж эхлэх вэ гэхээр энэ нүүрсийг гаргаж, Цагаан хадаа суллаж, уурхай маань ажиллаж байж шинээр орлого бий болно гэсэн үг. Ирэх жил 36.7 сая тонн нүүрс экспортод гаргана гэж төсөвтөө суулгасан. Энэ бол ковидгүй байх үеийн тоо. Одоо байгаа 7 сая тонн үлдэгдлийг ирэх оны нэгдүгээр улиралд багтааж гаргавал их юм болно. Тэгээд сүүлийн хагас жил 36 сая тонн нүүрс борлуулна гэдэг хэцүү болчихлоо. Маш том арга хэмжээ аваад л гаралтыг нэмэгдүүлдэггүй юм бол ирээдүй үнэхээр хүнд байна. Шивээхүрэнгийн боомт бүр хаагдаад хоёр сар болчихлоо. Хятадад очсон монгол жолоочоос ковид илэрсэн гэсэн шалтгаанаар л хаачихсан. Өнөөдөр ганцхан Гашуунсухайтын боомтоор 60 машин нүүрс гарч байна.
-Уртын тээвэр зогссон гэж байна. Энэ байдал хэдэн хүний аж амьдралд нөлөөлж байна вэ?
-Уртын тээвэр зогсоод хагас жил болж байна. Тавантолгойгоос Цагаан хад хүртэл 260 км-ыг уртын тээвэр гэж нэрлээд байгаа. Цаашаа хил хүртэл 20 км байгаа. Уртын тээвэрт 13000 машин бүртгэлтэй явдаг. Тэгэхээр 13000 жолооч ажилгүй болоод хагас жил болж байна гэсэн үг. Түүнийг дагаад үйлчилгээ үзүүлдэг цайны газар, дэлгүүр, дугуй засвар, машин засвараас эхлээд маш олон хүн ажилгүй хагас жил боллоо. Богинын тээвэрт буюу Цагаан хаднаас хил хүртэл 3500 жолооч ажиллахаар бүртгүүлсэн боловч өдөрт 60 машин л гаргаж байгаа учраас 1000 гаруйхан жолооч богинын тээвэрт гарсан, гарахгүйтэй байж байна. Зарим нь хоёр сар хүлээгээд гарч чадаагүй. Ингээд маш олон хүний амьдралд сөргөөр нөлөөлөөд байна. Энэ жолооч нар дотор машинаа зээлээр авсан хүмүүс ч бий. Замын-Үүд рүү очоод ажил хийе гэхээр тэр нь бас хаагдчихсан. Нээсэн ч юм шиг, үгүй ч юм шиг. Бодит байдал дээр Замын-Үүд чинь нээгдээгүй юм байна шүү дээ. Хэдэн хоосон тэрэг оруулаад л буцаагаад хаачихсан юм байна. Гашуунсухайттай адилхан монгол жолооч оруулахгүй байгаа юм билээ. Шивээхүрэн дээр бас ийм шаардлага тавьж байгаа. Бүх хилийг чингэлэг тээвэр рүү оруулчихсан хэрнэ олигтой ажиллаж байгаа юм алга.
-Тэгэхээр цаашдаа хэрхэн ажиллаж байж энэ нөхцөл байдлаас гарах в?
-Цаашдаа бид өөр арга бодох ёстой. Гадаад харилцааныхаа шугамаар Хятадын талтай сайн ярилцах хэрэгтэй байна. Хилийн голд чингэлэг тээврийн терминал бий болгочихоор халдвар хамгааллын дэглэм хамаагүй сайжирчихсан. Монгол жолооч Хятадын талд орох шаардлагагүй болсон. Энэ бэлтгэл ажлыг манай тал хийчихсэн, туршиж үзээд болсон. Одоо хятадын талыг л хүлээж байна. Сүүлдээ юу шаардаад байгааг нь ойлгохоо больчихсон. Тиймээс дипломат шугамаар л сайн ярилцах ёстой байх. Хятадын талын шаардлага өдрөөс өдөрт чангараад түүнийх нь дагуу бид хийгээд байгаа хэрнэ л хүлээн зөвшөөрөхгүй байна.
-Ковидоос шалтгаалаад задгай машин ашиглалтаас гарчихлаа. Цагаан хаданд тээвэрт явж байгаа жолооч нараас хэд нь чингэлэгтэй машинтай байгаа вэ?
-Хятадын талаас шаардлага тавьснаас хойш чингэлэгтэй машин олон болчихсон. Ер нь энэ шаардлагыг ковидын үед тавьсан юм биш. Намайг Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхад хил боомтоор зөндөө уулзаж ярьж байхад дөрвөн жилийн өмнөөс байнгын анхааруулж байсан. “Манай төр засгийн шийдвэр гарч байгаа шүү. Цаашдаа байгалийн бохирдлыг багасгах үүднээс нүүрсний тээврийг битүү болгож байгаа. Чингэлэг тээврээр явна шүү. Жижиг нүүрсний үйлдвэрүүдээ хааж байгаа” гэдгийг хэлж байсан. Үүнийг зөндөө л хэлж байсан. Өнөөдөр энэ бодлого нь хэрэгжээд задгайгаар нэг ч машин оруулахыг болиулчихсан. 
-Энэ нөхцөл байдал цаашдаа үргэлжилбэл бид хэзээнээс нүүрсний экспортоос орлого олж эхлэх бол?
-Өдөрт 60 машин нүүрс гаргана гэвэл Цагаан хаданд байгаа 7 сая тонн нүүрсийг ирэх жил бүтэн гаргана. Энэ 7 сая тонн нүүрсийг зараад, бид мөнгийг нь аваад хэрэглэчихсэн. 36.7 сая тонн нүүрсийг ирэх жил гаргана гэж тооцсон. 365 хоногийн 265 өдөрт нь нүүрсээ гаргана. 100 хоног нь Монгол, Хятадын талын амралтын өдөр, бүтэн сайнууд нийлэхээр хасагдаж байгаа юм. Тиймээс 265 өдөрт өдөр бүхэн 1200 машин нүүрс гаргаж байж төлөвлөгөөндөө хүрнэ. Монголын бүх боомт нийлээд 1200 машин гаргах ёстой гэсэн үг. Гэтэл өнөөдөр ганцхан боомтоор өдөрт 60-хан машин гаргаж байна шүү дээ. Одоо нэгдүгээр сарын 1-ээс өдөрт 1200 машин гаргана гэж байхгүй болчихлоо. Эхлээд 7 сая тонн нүүрсээ гаргаж байж, дараа нь нүүрс тээвэр эхэлж, орлого олно. 
-Тэгэхээр манайх нүүрсний үнэ өндөр болохыг ашиглаж чадаагүй юм байна?
-Нүүрсний үнэ гэхээр олон янзын болчихоод байдаг юм. Аман дээрээсээ 72 ам.доллар, боомт дээр очихоор 200 гаруй, гүн рүү очихоор 400-500 ам.доллар болдог. Ер нь Хятадад худалдаж авч байгаа үнэ 500, 600 ам.доллар хүрч байсан. Энэ үед бид нүүрсээ хямд үнээр нь зарчихсан байсан. Нэг үгээр, өндөр үнийн өсөлт манайд нөлөөлөөгүй, бид нэг ч тонн нүүрс зарж чадаагүй. Өвөл, хавар зарчихсан нүүрсээ л гаргаад байсан. Шинээр нүүрс зарж, гэрээ хэлэлцээр хийж чадаагүй. Үнийн өсөлтийг алдчихсан гэсэн үг. 
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн