Open iToim app
Сэргийлэгч | 1 мин уншина

Цагдаагийн биед халдсан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Цагдаагийн биед халдсан  иргэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ
Нийтэлсэн 2021 оны 7 сарын 21
Нэгэн иргэн цагдаагийн албан хаагчийн биед халдаж, үүрч шидсэн бичлэг өчигдөр сошиал орчинд тарсан билээ. Энэ үйл явдалтай холбоотойгоор тус иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Тус хэрэг долдугаар сарын 20-ны 17.00 цаг орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Нарантуул олон улсын худалдааны төвийн дөрвөн замын уулзварын тэнд болжээ.
Тоёота премио маркийн тээврийн хэрэгслийн жолооч М замын хөдөлгөөнд оролцох үедээ ЗТХ-ийн 14.7.23-т заасан зөрчил гаргасан байна. Тухайн жолоочийн зөрчилд цагдаагийн алба хаагч торгуулийн арга хэмжээ авах үед тухайн иргэн эсэргүүцсэн тул Цагдаагийн ахлагч Ц замаас холдуулах явцад биед нь халдсан байна. Тиймээс иргэн М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд зааснаар бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд Хууль сахиулагчийг эсэргүүцэх, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн