Open iToim app
Зочин | 6 мин уншина

Түмний нэг: Гавьяат барилгачин Бүкей Мадетынд зочиллоо

Түмний нэг: Гавьяат барилгачин Бүкей Мадетынд зочиллоо
Нийтэлсэн 2019 оны 4 сарын 30
Барилгын салбарт 40 гаруй жил ажиллаж, улс орныхоо хөгжлийн төлөө нэгэн насаараа хүчин зүтгэж яваа гавьяат барилгачин Бүкей Мадетыг “Түмний нэг” буландаа урьж ярилцлаа.
Тэрээр Монгол Улсаа хөгжил рүү хөтлөх гол зам болох газар доорх инженерийн шугам сүлжээг холбодог чимээгүй гавьяатай нэгэн. Бүкей Мадет арван хэдтэй залуу насандаа өглөө нь ажиллаж, орой нь сургуульд сурч, амрах чөлөөгүй зүтгэсээр газар доорх сүлжээний ажлыг өөртөө бүрэн эзэмшиж чаджээ.
Түүний холбосон шугам зөвхөн нийслэл бус улс даяар бий. Тухайлбал, Улаанбаатар хотын бүх бохирыг агуулах барилгын хоёр ээлж, Төв цэвэрлэх байгууламжийн цэвэр, бохир усны сан болоод Сүхбаатар, Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан, Зүүнхараагийн цэвэрлэх байгууламжийн шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэжээ.
Манай iToim агентлагийн сурвалжлах хэсэг гавьяат барилгачин Бүкей Мадетынд очихоор Толгойт буюу Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороог зорьсон юм. Нар шаргалтан буусан их үдийн цагаар Бүкей Мадетынд ирлээ. Блокоор өрсөн цэвэрхэн, цэлгэр хашаанд ороход байшингийнхаа хоёр талаар жимсний мод тарьсан харагдав. Хашааны үүднээс байшин хүртэл цементээр зам засч, үлдсэн зайг цэцэг, ногоо тарьдаг талбай болгожээ.
Бүкей Мадет гуай нүүрс түлж, яндангийн утаа нэмэхгүй байх олон аргыг сүвэгчилж, эцэстээ өөрийн эзэмшсэн мэргэжлээ ашиглан гэртээ зориулж усан сан хийсэн байна. Ингээд байшингийнхаа цэвэр, бохир усыг шийдэж, тав тухтай амины орон сууцтай болжээ. Тэрээр тэтгэвэрт суусан ч хувиараа ажил эрхэлж, гэргий, гурван хүүхдийнхээ хамт энх тунх сайхан амьдарч байна. Бид Бүкей Мадет гуайнд зочлоход нутгийн идээ будаагаа барин цайлсан. Тэднийх дөрвөн өрөө байшингаа орчин үеийн шийдлээр тохижуулж, хүссэн орчноо бүрдүүлснийг харахад орон сууцнаас илүү тухтай санагдсан юм.
Ингээд бид Бүкей Мадет гуайтай гэр хороололд гал түлэхгүй, тав тухтай, тохилог амьдарч болох боломжийн талаар ярилцлаа.
-Танайх байшингаа цахилгаанаар халаадаг юм байна. Чухам яаж байшингаа цахилгаанаар халааж, цэвэр, бохир усыг шийдэв ээ?
-Байшингаа цахилгаанаар халааж, цэвэр, бохир усаа бүрэн шийддэг болоход ойролцоогоор 20-30 сая төгрөг орсон байх. Анх байшиндаа цэвэр усны шугам татах гэхээр холдоод байсан юм. Тиймээс би өөрийн мэргэжлээ ашиглаж, гэртээ газар ухаж, бетон зуурмагаар зургаан тн ус орох гүнтэй цутгамал усан сан хийсэн. Манай зуух цахилгаан болон түлшээр халдаг. Хүн өөрөө өөрийгөө дайчилж амьдрах хэрэгтэй. Хөдөлж л байж  хүн боломжийн амьдарна. Суусан хүний амьдрал дээшлэхгүй шүү дээ.
-Таны хувьд ямар арга хэмжээ авбал нийслэл хотын утааг бууруулж чадна гэж боддог вэ?
-Нийслэлд гэр хорооллын 300 орчим мянган айл өрх байна. Эдгээр айлуудын янданг цөөлөх нь гол асуудал юм. Гэр хороололд дулааны шугам сүлжээ оруулж, айлуудыг цахилгаанаар халааж болно. Ингэж гэр хорооллын айлууд цахилгаанаар дулаанаа шийдвэл утаанаас бүрэн салахгүй ч тодорхой хэмжээгээр багасна гэж боддог. Гэр хороололд цахилгааны шугам сүлжээ ороод ирсэн учраас цахилгааны хүчдэлийг сайжруулах л шаардлагатай.
-Өвлийн улиралд айлуудын шөнийн тарифыг хөнгөлдөг. Энэ нь цахилгаанаар байшингаа халаадаг танайд нэмэр болж байна уу?
-Манай цахилгааны төлбөрт шөнийн тарифын хөнгөлөлт хангалтгүй байдаг. Шөнийн тариф нь 21-06 цаг хүртэл хөнгөлдөг ч өдөр нь мэдээж байшингаа халаах шаардлагатай болдог. Цахилгааны төлбөр маш өндөр гардаг. Хамгийн багадаа 300 гаруй мянган төгрөг гарна. Ер нь айл өрхийн цахилгааны асуудал дээр нарийн судалгаа хийх хэрэгтэй. Дулаанаа цахилгаанаар шийдэх хүсэлтэй айл олон бий. Уг айлуудын судалгааг нарийн хийж, дулаанаа цахилгаанаар шийдэж байгаа айлуудын цахилгааны тарифыг хөнгөлж өгвөл үр дүн гарна гэж боддог.
-Төрийн төлөөллүүд утаа бууруулахтай холбоотойгоор иргэд та бүхэнтэй уулзаж, санаа бодлыг тань сонсдог уу?
-Энэ бол учир дутагдалтай. Хааяа танайх цахилгаанаар халаадаг уу, нүүрс түлдэг үү гэж асуудаг. Байшингаа яаж халааж байгаа талаарх нарийн судалгааг хийдэггүй. Төр засаг хэчнээн утаагүй зуух тараалаа. Тэр нь ямар ч үр дүн үзүүлсэнгүй. Түүний оронд цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлж, дулааны эх үүсвэрийг сайжруулсан бол утаа арай багасах байсан. Түүхий нүүрсийг ирэх сарын 1-нээс оруулахгүй. Үүний оронд сайжруулсан шахмал түлш хэрэглэнэ гээд байгаа. Ер нь сайжруулсан шахмал түлш, мод чулуу юу ч түллээ ч гэсэн утаа гарна. Тэгэхээр цахилгааны хүчин чадлыг сайжруулж, тарифыг нь хөнгөлөөд өгвөл утаа буурах бүрэн боломжтой гэж бодож байна.
-Гэр хороололд ямар бүтээн байгуулалтын ажил хийвэл одоо байгаагаасаа илүү тухтай амьдарч болох вэ?
-Манай улс зах зээлийн нийгэмд шилжээд 20 гаруй жил боллоо. Одоо амьдарч байгаа нийгмээ сөрөг талаас харахаас илүү болж байгаа талаас нь харах хэрэгтэй. Улс нийгэм маань боломжийн хэрээр хөгжиж байна. Цэвэр усны шугам хаяанд орж ирлээ. Үүнийг айлууд татах техникийн нөхцөл боломж ил тод баймаар байна. Би өргөдлөө өгсөн. Айлуудтай хамтарч хийвэл хямд гэснээс биш. Цэвэр усны шугам татахад хэдэн төгрөг төлөх нь ил биш байна. Цэвэр усыг нь татаж, цахилгааны асуудлыг хөнгөлж өгвөл гэр хорооллын айлууд орон сууцнаас дутахааргүй тухтай амьдарч болохоор байгаа юм. Манайх халуун, хүйтэн усаа бүрэн шийдсэн. Байшингаа бариад халуун дулаанаа шийдчихвэл заавал өндөр өртөгтэй байранд өр зээл тавьж, амьдрах шаардлага алга. Хашаандаа ногоо цагаагаа тарьж, мод бутаа суулгаж, тухтай амьдарч болж байна.  
-Орон нутгаас шилжин ирж байгаа иргэдийн дийлэнх нь гэр хороололд суурьшиж байна. Энэ нь утаа буурахгүй байгаагийн нэг шалтгаан байх. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Дээр үед Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөнийг хорьсон байсан. Улаанбаатарт амьдрахын тулд татвар төлдөг байлаа. Харин татвар авахаа больсноос хойш Улаанбаатарыг чиглэсэн иргэдийн хөдөлгөөн ихэссэн. Одоо гэр хорооллын нэг айлын хашаанд 3-4 айл байна. Нэг яндан бус 3-4 дөрвөн яндангаар утаа гарч байгаа юм. Ингэж Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл ихэссэнээс утааны хэмжээ нэмэгдсэн. Одоо энэ айлуудыг гаргана гэж байхгүй. Шилжих хөдөлгөөнийг хорьсон байгаа ч хожимдсон.
-Сүүлийн үед шинээр баригдаж буй барилга хотын төв рүүгээ төвлөрч байна. Барилгын салбарт насаараа ажилласан таны хувьд үүнийг юу гэж дүгнэдэг вэ?
-Хотын төвд маш их барилга төвлөрч байна. Энэ бол санаа зовоосон асуудлын нэг. Цахилгааны эх үүсвэр, цэвэр усны эх үүсвэр нь нэг газар байгаа учраас тэнд барилга төвлөрч байгаа юм. Үүнээс болоод Улаанбаатарыг шавааралдсан барилгаар дүүргэсэн. Уг нь хотын төвийг задалж, гэр хороолол руу тэр өндөр өндөр барилгаа барих ёстой байсан. Гамшиг боллоо гэхэд олон барилга эрсдэлд орохыг үгүйсгэхгүй. Төвлөрлийг сааруулахын тулд их, дээд сургуулиудыг өөр тийшээ шилжүүлэх боломж байна. Улаанбаатар хотод маш олон оюутнууд сурч байна. Тэр хэмжээгээр машины тоог  нэмж байгаа. Тиймээс их, дээд сургуулиудыг гадагш гаргачихвал ачаалал багасна.
-Гэр хорооллын сургуульд сурч байгаа хүүхдүүдийг хөгжүүлэхэд ямар асуудал тулгамдаж байна вэ?
-Улаанбаатар хотын хэт их төвлөрлөөс болоод сургуулиуд ачааллаа дийлэхээ байсан. Нэг ээлжээр хичээллэх сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байна. Нэг ангид хамгийн багадаа 50 хүүхэд сурч байгаа юм. Ингэж олон хүүхэд цуг хичээллэхээр хүүхдүүд агаар орчноос шалтгаалсан өвчин тусахаас гадна багшийн ажил хүндэрнэ. Үүнээс болоод сургалтын чанар муудаж байгаа юм. Зааж байгаа багшдаа бус хүүхдийн ачаалал ихэдсэнтэй холбоотойгоор багш хүүхэд тус бүрдээ тулж ажиллаж чадахгүй байна.
-Ер нь айл өрхүүдэд ипотекийн зээлд хамрагдаж, урьдчилгаа төлбөрөө төлөх боломж нь хэр байдаг вэ?
-Гэр хороололд амьдарч байгаа иргэд урьдчилаа төлбөрийн 30 хувийг төлөх нь маш амаргүй. Урьдчилгаагаа төллөө гэхэд хүү өндөртэй байдаг. Зээлээ төлөх тодорхой хугацааг банкууд заачихдаг. Ингэснээр 50 сая төгрөгөөр авах байрыг 60 сая төгрөгөөр авахаар болгож байгаа юм.
-Өнөөгийн залуусыг яаж хөгжүүлбэл, улсдаа хэрэгтэй мэргэжилтэн, ажилтан бэлтгэнэ гэж боддог вэ?
-Сүүлийн үед нэг талыг барьсан боловсон хүчнийг маш ихээр бэлтгэсэн. Тэд төгсөөд ажилгүй. Манай улсад газрын баялаг маш их байна. Тиймээс хүнд үйлдвэрлэл тал дээр залуусыг бэлтгэх хэрэгтэй гэж боддог. Ер нь анги дүүрэлтээс хүүхдүүдийн мэдлэг боловсрол дутмаг байна. Барилгаар яривал чанар муутай барилга байна гэсэн үг. Тийм учраас залуучууд өөрийнхөө мэдлэг боловсролд өөрсдөө анхаарч, өөрсдийгөө дайчил. Боломж нээлттэй байна.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн