Open iToim app
Дэлхийн монгол | 8 мин уншина

П.Ууганбаяр: НҮБ, BBC-д Монголоо өмөөрч, Оксфордын толь бичгээс 'Монголойд' нэршлийг хасуулж чадсан

П.Ууганбаяр: НҮБ, BBC-д Монголоо өмөөрч, Оксфордын толь бичгээс 'Монголойд' нэршлийг хасуулж  чадсан
Нийтэлсэн 2021 оны 10 сарын 29
Дауны хам шинжтэй хүнийг 1860-аад оны үед “Монгол” гэж нэрлэдэг байжээ. Энэ нэр томьёо нь Их Британийн эмч Жон Лангдоны өгсөн нэр томьёо. Гэтэл өнөөдрийг хүртэл “Монгол” гэх үгийг дэлхийн зарим улсад дауны хам шинж эсвэл хараалын үгсээр төлөөлөн хэлсээр байна. Тодруулбал, Нидерландын нэг мужид өдөр тутмын хараалын үгэнд “Монгол” хэмээх үгийг хэлдэг бол Канад улсад монгол сурагчийг багш нь “Монгол” гэдгээ нууцал, хэрэв угсаа гарлаа хэлчихвэл тэнэг, даунтай хэмээн ойлгоно” гэж байв.
Үүнд эгдүүцэн өөрийн амьдралын туршлага, түүх дээр үндэслэн НҮБ-ын индерээс эхлээд дэлхийд 190 сая сонсогчтой BBC радиод, гадна дотнын олон хэвлэлд Монголоо өмөөрч, өөрийн дуу хоолойг илэрхийлсэн Шотландын зохиолчдын хорооны шагналт, “Монгол тодотгол" байгууллагын тэргүүн П.УУГАНБАЯР-ыг “Дэлхий монгол” булангийн ээлжит зочноор урилаа.
Тэрээр өөрийн “Mongol” / Би монгол / номоо 2014 онд анх гаргасан юм. Тэрээр дөрвөн хүүхэдтэй ч түүний дунд хүү өвчний улмаас бурхан болжээ. Тодруулбал, түүний бага хүү Буузанхүү дөнгөж эхээс төрснийхөө дараа дауны хам шинжээр оношлогдон, хорвоод мэндлээд хэдхэн сарын дараа бурхан болсон юм. Зохиолч хүүгээ ихэд санаж, өөрийн номондоо мөнхөлж үлдээх, мөн орчин үед “Монгол” гэх үгийг буруугаар ашиглан буйг өөрийн амьдралд тулгарсан бэрхшээл, тэмцлээр харуулахаар "Би Монгол" номоо бичжээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-“Би монгол” ном Амазонд бестселлер болж, олон хүний Монголыг гэх сонирхол, буруу бодлыг өөрчилсөн бүтээл болжээ. Таны номоо бичих болсон түүхээс ярилцлагаа эхэлье?
-“Mongol” хэмээх номоо 2014 онд анх Англи хэл дээр хэвлэлтэд гаргасан. Хэвлэлтэд гарахаас өмнө Шотландын зохиолчдын хорооноос бодит амьдралаас сэдэвлэн бичсэн номын зохиолын төрөлд тэргүүн байрын шагналыг авсан юм. Надад номоо бичих хоёр шалтгаан байсан.
Нэгд, миний хүү дауны хам шинжтэй төрсөн юм. Харамсалтай нь, хүү минь бурхан болсон. Ээж хүний хувьд хүүгээ мөнхөлж үлдээхийг зорьж энэхүү номоо бичихээр болсон. 
Хоёрт, номоо бичиж байх хугацаанд “Монгол” гэх үгийг олон улсад буруугаар хэрэглэж байхтай тааралдсан. Иймээс монгол гэж хэн бэ, ямар хүмүүс байдаг вэ гэдгийг өөрийн амьдралын түүхээр харуулахыг зорьсон билээ. Улмаар өөрийн номыг “Би монгол” гэж зоригтойгоор нэрлэсэн.
-Монголын хөдөө нутгаас алс хол Английг зорьсон түүх, мөн таны хүү Буузанхүүгийн талаар уншихад сэтгэл их хөдөлсөн. Та номынхоо агуулга болоод энэхүү номоороо дамжуулан юу хүргэхийг илүү зорьсон бэ?
-“Mongol” ном миний амьдралын түүх юм. Номонд 1980-иад оны социалист Монголоос ардчилсан Монгол Улс руу шилжиж байх үеийн дурсамж, 1990-ээд оны үед Англи улсад очих үе, соёлын ялгаатай байдал, гадаадад амьдрах явцад ямар зүйлсийг туулсан талаарх түүхийг агуулсан. Гадаад хүмүүст эх орноо зөвөөр таниулахын тулд зориулан бичсэн гэж хэлж болно. Монгол аж ахуйг, монгол хүн ямар нийгмийн түүхийг гаталж өнөөдрийн энэ зэрэгт хүрсэн бэ гэдгийг харуулах талаас номоо бичсэн.
Нөгөө талаас олон улсад байх дауны хам шинжийг монгол гэдэг үгтэй холбосон буруу ойлголтыг засахыг зорьсон юм. Миний хайрт үр Буузанхүү минь манай гурав дахь хүүхэд байсан. Анх Буузанхүүд шинжилгээ хийх үедээ эмч “Таны хүүхдэд дауны хам шинж тэмдэг илэрч байна. Аз болоход таны гарал үүслээс болоод Буузанхүүг харсан хүмүүс даунтай гэж нэг их анзаарахгүй болов уу” гэв. Энэхэн үед үрээ өмөөрөхийн зэрэгцээ Монголоо өмөөрөх сэтгэл надад төрж байв.
Аливаа нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг олон янзаар хүлээн авдаг. Гэтэл энэ хандлага ч анагаахын ажилтнуудад хүртэл байдаг. Гэтэл тэр оношийг сонссон гэр бүл хэрхэн хүлээж авдаг, ямар сэтгэл зүйтэй үлдэх вэ. Дауны хам шинжийг орчин цагт ямар байдлаар харж, хүлээж авч байгааг харуулахыг зорьсон доо.
undefined
-Та “Би монгол” номоор төлөөлүүлэн монгол гэх буруу ойлголтыг засахаар НҮБ-д илтгэл тавьж,  BBC-д ярилцлага өгч, “Монголизм, Монголойд” хэмээх нэршлийг Оксфордын толь бичгээс хасуулж чаджээ. Энэ бүхнийг хийхэд мэдээж амаргүй байсан байх. Тухайн үед хүмүүс хэрхэн хүлээж авч байв?
-“Би монгол” ном энэ тухай ярихад зэмсэг минь болж өгсөн гэж хэлж болно. Учир нь, номоо гаргаагүй үедээ “Монгол” гэх нэрийг буруугаар ашиглаж байна гэж яривал намайг хэн ч сонсохгүй. Надад энэ тухай нотолгоотой баримт, зохиол тэр үед байгаагүй. Иймд өөрийн номыг бичиж, улмаар ном олон хүнд хүрч цааш дэлхийн хамгийн олон сонсогчтой буюу 190 сая сонсогчтой BBC радиод ярилцлага өгөхөд хүргэж, улмаар “Монгол хэмээх үгний утга учир’ гэх баримтат нэвтрүүлгийг хийх эхлэлийг тавьж чадсан. Нэвтрүүлгээс улбаалан НҮБ-ын индерт Монголын төлөөлөгч нарын хамт оролцон, илтгэл тавьж олон улсад “Монгол” гэх эрхэм тодотголоо зөв зохистой талаас нь ойлгуулах боломж олдсон юм.
Энэ үед хүмүүс янз бүрээр л хүлээж авч байлаа. Зөв зүйтэй гэх нэгэн байхад буруушааж, зэмлэх хүмүүс цөөнгүй таарна. Жишээлбэл, Өмнө жил гэхэд л "Формула 1"-ийн авто спортын тамирчин Макс Верстаппен өрсөлдөгч тамирчнаа “Монгол” гэх үгийг ашиглан доромжилж, хараасан. Энэ явдалд манай байгууллагаас дуу хоолойгоо илэрхийлсэн. Гэтэл тамирчны фенүүдээс манай байгууллага болон миний хаяг руу “Тэнэг монгол, чи дуугүй бай. Амаа тат монгол оо” гэх зэргээр заналхийллүүд ирж байлаа.
Мөн Нидерландын нэг мужид “Монгол” гэх үгийг одоо ч өдөр тутмын яриандаа хараалын үгсээр төлөөлөн ашигладаг. Түүнчлэн, Канадад багш нь монгол сурагчаа “Өөрийгөө монгол хүн гэж битгий хэлээрэй. Зөвхөн Монголоос ирсэн гэж хэл. Учир нь, чи өөрийгөө монгол хүн гэдгээ хэлчихвэл чамайг тэнэг эсвэл дауны хам шинжтэй гэж хүүхдүүд ойлгоно” хэмээн хэлж байсан юм билээ. Энэ зэргээр хүмүүсийн ойлголт, хүлээж авах байдал харилцан адилгүй.  Бид энэ болгоныг ил гаргахыг хүсдэггүй. Учир нь, бидний үйл ажиллагаа “Зөөлөн нь хатуугаа иддэг” гэдэг шиг соёлтой, боловсон байдлаар өөрчлөхөд чиглэсэн байдаг.
..2016 оны гуравдугаар сарын 21. Нью-Йорк хот НҮБ. “Монгол хэмээх үгийн утга учир” гэсэн гарчигтай миний ярианы сэдэв НҮБ-ын танхимын гол дэлгэцэнд тодорлоо. Энэ нь тэр өдөр миний хийж буй хоёр дахь яриа. Миний баруун талд Монгол Улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч, Элчин сайд С.Сүхболд зэрэгцэн сууж байлаа. Энэ хүн бол Монгол Улсын төлөөлөгч. Тиймээс “Эх нутаг, элгэн садан минь надтай хамт энэ танхимд хоолойгоо хүргэж байна” хэмээн би бэлгэшээж байлаа”... Амазоны бестселлер “Mongol” / Би монгол / номын оршил хэсгээс.
-“Монгол Тодотгол” байгууллага хэзээ үүсгэн байгуулагдсан бэ?
-"Монгол Тодотгол" байгууллага 2020 оны арванхоёрдугаар сарын 10-нд буюу Хүний эрхийн өдөр албан ёсоор үүд хаалгаа нээсэн ч албан бусаар үйл ажиллагаагаа үүнээс өмнө идэвхтэй явуулж байсан. Манай байгууллага олон улсад суугаа монголчуудын эрх ашгийн төлөө, монгол соёл түүхийн талаар олон улсад зөв зохистойгоор таниулахаас гадна “Монгол” гэх үгийг буруу ташаа хэрэглэж байгаа явдалд өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэх зорилготой.  
Бид энэ талаар 2012 оноос хойш ярьж эхэлсэн. Үүнээс хойш хүмүүс надтай холбогдож эхэлсэн. “Би монгол’ ном хэвлэлтэд гарсны дараа Турк, Итали, Их Британи, Швед, Америк зэрэг олон оронд амьдарч, суралцдаг монголчууд өөрсдөд нь тохиолдсон явдлын талаар ярьж, хэлж байсан. Жишээлбэл, Германаас жирэмсэн эмэгтэй холбоо барьж байлаа. Тэрээр “Германд жирэмсний үзлэгт очих үед “Монголизм” хэмээх тестийг хэрэглэж болно гэсэн зарлал эмнэлэгт нь байсан. Би “Энэ нэр томьёог одоо хэрэглэхээ больсон. Ашиглаж болохгүй” хэмээн хэлэхэд хүлээн аваагүй. Үүнийг засмаар байна” гэж холбоо барьсан юм. Бид байгууллагаараа дамжуулан тухайн эмнэлэг болон энэ үгийг ашигладаг бусад байгууллагуудтай холбоо барьж хүсэлт илгээж хасуулсан.
Оксфордын ахисан шатны англи хэлний толь бичгээс “Монголизм, Монголойд” нэршлийг хасуулсан нь:
-“Монгол тодотгол” байгууллага 2021 оны нэгдүгээр сард толь бичгийн кампанит ажлыг эхлүүлсэн. Бид дэлхийн томоохон гэгдэх Кембриж, Коллинс, Оксфордын толь бичгүүдэд “Монгол” гэдэг үгний буруу ойлголтыг өөрсдийн толь бичгээс хасах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Улмаар бид Оксфордын ахисан шатны англи хэлний толь бичгээс “Монголизм, Монголойд” хэмээх сөрөг утгатай үгсийг хасуулж, “Монгол” гэх зөв утгатай үгээ авч үлдсэн. Үүнийг онцгойлон хэлмээр байна. Буруу утгатай үгсийг л бид хасуулсан юм шүү.
Өнгөрсөн долоо хоногт Англид ажиллан, амьдардаг монгол эмэгтэй бидэнтэй холбоо барьсан. Тэрээр биднээс тэмдэглэл хөтлөх зөвлөгөөг авсан. Үүнийг уншин суугаа танд ч дээрх явдал тохиолдвол “Хэн, хэзээ, хаана” гэдгийг тэмдэглэн бидэнтэй холбогдоорой. Бид нууцыг чанд хадгалж, зөв арга хэмжээ авах болно. Та ганцаархнаа гэж бүү бодоорой.

Нэг хүүхэд ч гэсэн гаднын улсад “Би монгол” хэмээн өөрийгөө нээлттэй илэрхийлэхийн төлөө дуу хоолойгоо өргөх болно

undefined
-Та энэ бүгдийг хийхээр яагаад зориг шулуудсан бэ. Олон хүн мэдэх, эсвэл сонсож өнгөрсөн ч нэгэнт нэршил болж үлдсэн зүйлийг өөрчлөх аргагүй гэж бодож, шантрах хүмүүс цөөнгүй шүү дээ?
-Өмнө нь Их Британийн нэрт хошин шогч “Монгол” гэх үгийг твиттер хуудсандаа доог тохуу хийн хэрэглэсэн нь олны анхааралд өртөж, телевиз, радио сонин сэтгүүлээр шуугиан болж байсан. Энэ маргаан миний хувьд “Монгол” гэх үгийг сөрөг утгаар хэрэглэсэн олон тохиолдлыг эргэн сануулсан. Энэ дан ганц хувь хүний асуудал биш.  Монгол түмний эрх хөндөгдөж буй асуудал. Иймд хариуцлагатай байж, энэ буруу ойлголтыг бүрэн засахыг хүсэж байна.
Аливаа нийгэмд өөрчлөлт хийнэ гэдэг хэцүү үйл. Мэдээж хэцүү үе олон тохиолдож байсан. Гэвч энэ бүгдэд шантарч байсан удаагүй. Огтхон ч шүү. Нэг хүүхэд ч гэсэн гаднын улсад “Би монгол” хэмээн өөрийгөө нээлттэй илэрхийлэхийн төлөө, хэн нэгнээр “Монгол’ гэдгээ нууцал гэж хэлүүлэхгүйн тулд одоо л өөрсдийн дуу хоолойг өргөх хэрэгтэй. Ирээдүй, хойч үеийнхээ төлөө зогсох хэрэгтэй. Энэ бол бидний хариуцлага.
-Ярилцлагаа таны гэр бүлийн талаар үргэлжлүүлцгээе. Танайх ам бүл хэдүүлээ вэ, Шотланд улсад амьдраад хэдэн жил болж байна вэ?
-Би Шотландад ирээд 21 жил болсон байна. Ам бүл тавуулаа. Би өөрийгөө дөрвөн хүүхэдтэй гэж ярьдаг. Нэг хүү минь диваажинд байгаа бол үлдсэн гурав нь гэртээ байна. Анх хүүгээ алдахад их хэцүү санагдаж байсан. Хүн нас барлаа гээд оршуулаад өнгөрнө гэдэг маш харамсалтай. Ямар ч холбоогүй байна гэдэг надад үнэхээр хэцүү байсан. Ээж хүний хувьд хүүгээ маш их санасан юм.
Иймээс хүүдээ хэнд ч мэдэгдэхгүйгээр захиа бичиж өдөр хоногийг өнгөрөөдөг байлаа. Захиандаа хэчнээн их санаж байгаагаа, ах, эгч нь ямар том болсон, юу хийж байгаа зэргийг бичнэ. Бичихдээ англи хэлээр бичнэ. Хэрэв ээж, аав төрөл төрөгсөд минь уншвал мөн адил санаа зовох юм. Иймд англи хэл дээр бичин хүүгээ санасан сэтгэлээ бичгээр илэрхийлдэг байсан.  
-Монголд дауны хам шинжтэй хүүхэд цөөнгүй бий. Та эцэг, эхэд нь хамгийн түрүүнд юу гэж зөвлөх вэ?
-Мэдээж анх оношийг нь сонсоод цочирдоно, хэцүү байх болно. Гэхдээ ямар ч тохиолдолд хүүхдээ хайрлаж өсгөөрэй. Нийгэм дэх хүмүүсийн хандлага хамгийн хэцүү. Нийгмийн хандлага, хүлээж авч байгаа байдал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд саад тотгор хамгийн их үүсгэдэг. Үүнийг л ихэнх хүмүүс зөвөөр ойлгох хэрэгтэй байна.  
-Таны бодлоор монгол бахархал гэж юу вэ. Бид энэ бахархлаа хэрхэн зөв авч явж, олон улсад өөрсдийгөө таниулах нь чухал байна вэ?
-Монгол бахархал гэдэг Монголоо гэх сэтгэл, соёл түүх өв, уламжлалаа гэсэн сэтгэлийн илэрхийлэл юм болов уу. Гадаадад амьдардаг ч эх орондоо хөрөнгө оруулах сонирхолтой, Монголоо гэх сэтгэлтэй хүмүүс олон бий.  
Бид олон улсад урлаг, соёл, боловсролоор өөрсдийгөө сурталчилж чадна гэж боддог. Аль нэг талаа баримтлах бус олон талаар таниулах нь чухал болов уу.
-Өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд эх орноо хөндлөнгийн нүдээр ажиглаж чаддаг, хөгжүүлэх өөрчлөх шаардлагатай байгаа талуудад илүү гярхай байдаг шиг санагддаг. Таны хувьд юуг өөрчлөх юмсан, ямар чиглэлд хөгжүүлж, юуг нутагшуулах хэрэгтэй гэж боддог вэ?
-“Айлаас эрэхээр авдраа ух” гэдэг үг бий. Миний ажигласнаар бид хэт их гаднын системийг даган дуурайж, шүтээд байгаа юм болов уу. Гадаадад л сурч, эрдэм мэдлэг эзэмшиж байвал болоо гэсэн шиг эцэг эхчүүд хандаж байна. Бакалаврын зэргээ Монголдоо эзэмшээд дараа нь магистр, доктороо гадаадад эзэмших нь нэмэртэй гэж би боддог. Мэргэжлийн үг хэллэг, албан бичигт сайн суралцах болно.
Хувь хүний хөгжлийн хувьд бид хариуцлагатай байдлыг чухалчилж үзэх хэрэгтэй байна. Аливаа юмыг чин сэтгэлээс хийх чадвар чухал.
-Амжилттай яваа хүн гэж хэнийг хэлэх вэ. Амжилтыг та юугаар тодорхойлдог вэ?
-Амжилт гэдэг хүн хүний хувьд өөр ойлголт. Миний хувьд амжилт гэдэг сэтгэл тайван, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх явдал юм. Өмнө залуу байхдаа олон зүйлд өрсөлдөж, бүхний тэргүүнд байхыг эрхэмлэдэг байлаа. Тэгвэл одоо миний хувьд амжилт гэдэг бол тайван амгалан байдал, сэтгэл хангалуун байх явдал юм.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-“Монгол тодотгол” байгууллагын үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх цаашлаад олон улсын хүний эрхийн байгууллага, сургуулиудтай хамтран өөрсдийн “Монгол” хэмээх дуу хоолойг зөвөөр илэрхийлэхэд оршино.
undefined
-Танд болон танай байгууллагын хамт олонд баярлалаа. Цаашдын ажил үйлст нь амжилт хүсье. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн