Урд хөршид дэгдээд буй коронавирус буюу "Covid-19" халдварт өвчний тархалт Хятадаас гадна дэлхийн 25 улсад бүртгэгдээд байгаа билээ.
Монгол Улсын хувьд шинэ төрлийн коронавирусийн халдвар тархах маш өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж, төр засгаас тодорхой шийдвэрүүдийг гаргасаар байна. Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжиж, хилийн боомтуудаа хаагаад байгаа. Сургууль, цэцэрлэгийн карентины хугацааг сунгаж, олон нийтийн арга хэмжээнүүд зохион байгуулахыг хориглосон.
Үүнийг дагаж эдийн засагт олон хүндрэлтэй асуудлууд гарах төлөвтэй байна. Хөл хорио тогтоосноос үүдэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсонги болж, алдагдал хүлээх эрсдэл нэмэгдэж байгаа. Хувиараа бизнес эрхлэгчдийн хувьд түрээсийн төлбөр, банкны зээлийн хүүгийн дарамт өдрөөс өдөрт нэмэгдсээр.
Эдийн засгийн хүнд үед зарим аж ахуйн нэгж бусаддаа сайнаар нөлөөлөх санаачилгыг гаргаж байгаа нь сайшаалтай. Тухайлбал, Шөнийн зах худалдааны төвийг хариуцан ажилладаг "Нар Мон" компанийн удирдлагууд өнөөдөр хуралдаж талбай түрээсийн төлбөрөө хоёр болон гуравдугаар сарыг дуустал 30 хувиар бууруулах шийдвэрийг гаргажээ. Үүнээс илүү хувиар түрээсийн төлбөрөө бууруулахаар тус компани өөрөө банкнаас авсан зээл болон хүүгийн төлбөрөө хийж чадахгүй байдалд орох учраас өөрсдийн нөөц боломжиндоо тааруулан түрээслэгчдэдээ хөнгөлөлт үзүүлж байна гэж тайлбарласан байна.
Тус компани хүнд цаг үед боломжтой арга замыг эрэлхийлж ажиллаж байгаагаа түрээслэгчиддээ учирлаж, үүсч болох хүндрэлийг хохирол багатай хамт даван гаргахыг бизнес эрхлэгчдэд уриалжээ.