Open iToim app
Эрх зүй | 5 мин уншина

​17 жил илрээгүй хэргийн 13 дахь сэжигтэн Д.Булганы талаар

​17 жил илрээгүй хэргийн 13 дахь сэжигтэн Д.Булганы талаар
Нийтэлсэн 2015 оны 11 сарын 17
Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны эхнэр Д.Булганыг цагдаагийнхан өнгөрсөн амралтын өдрүүдэд гэрээс нь баривчилсан. Шүүхээс түүнийг 14 хоногийн хугацаагаар цагдан хорих зөвшөөрөл өгч, сэжигтнээр тооцлоо. Онц хүнд гэмт хэрэгт холбогдсон бол, эсвэл оргон зайлах, дахин гэмт хэрэг хийх, мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй бол сэжигтнийг цагдан хорьж шалгадаг. Гэхдээ энэ явдал 17 жилийн тэртээ С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой эсэхийг хуулийн болон хууль сахиулах нэг ч байгууллагын хариуцлагатай албан тушаалтан мэдэгдээгүй байгаа. Д.Булганыг 1999 оны гуравдугаар сарын 9-нд С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт хамааралтай байж болзошгүй хэмээн цагдан хорьж шалгаад, нэлээд хэд хоногийн дараа сулласан байдаг. Энэ удаагийнх Д.Булганыг баривчилсан хоёр дахь тохиолдол боллоо. Уржигдар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү “Д.Булганыг баривчилсан нь үнэн. Мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хоёр өгүүлбэр л хэлэв. Гэвч Д.Булганыг С.Зоригийн хэрэгт холбоотойгоор баривчилсан. Тэр ч байтугай цагдаа, тагнуулынханд худлаа мэдүүлэг өгч байсан, төөрөгдүүлсэн гэх таамаглалыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хөврүүлж байна. Эр нөхөр нь амиа алдсан хэрэгт 17 жилийн дараа эхнэрийг нь сэжиглэж хорилоо гэж бодъё. Хэрэв энэ үнэн бол ҮАБЗ-өөс анхаарлаа хандуулсаар ирсэн уг хэргийг мөрдөж буй Ажлын хэсгийнхэнд зүгээр ч нэг таамаг биш ноцтой баримт байж болох юм. Ийм ноцтой хэрэгт эхнэрийг нь өчнөөн жилийн дараа зүгээр л нэг хов жив дээр түшиглэж хүйтэн шоронд хорилоо гэдэгт үл итгэнэ. Тэгвэл Д.Булган энэ хэрэгт холбоотойгоор баривчлагдсан 13 дахь хүн болж буй юм. Өдийг хүртэл С.Зоригийг хө­нөөсөн хэргээр их, бага хэмжээгээр сэжиглэж н.Энхболд / хүн амины хэрэгтэй/, гомо Нараа, шар Эрдэнэ-Очир /хул­гайн хэрэгтэй/, Г.Отгон­бямба /Армийн бэлтгэл офицер/, Баатаржав дүү Болд, Түмэнбаяр, Баяр­баатар, “ард” Батсүх, Францаас хулгайлан авчирсэн Д.Энхбат гэх мэтээр 12 хүнийг цагдаа, тагнуулынхан хорьж шалгасан. Сонгууль бүрийн өмнө С.Зоригийн хэргийг сөхөж ярьдаг, ямарваа нэгэн хэлбэрээр шалгах ажиллагаа өрнөж өгч байгааг илтгэдэг нь үнэн ч энэ удаагийн ноцтой явдал Дэд бүтцийн сайд асны үхлийн шалтгаан илрэх нь үү гэсэн хүлээлтийг үүсгэлээ.
Яг хэргийн талаар болон Д.Булганы талаар хүмүүс юу ярьсныг хүргэе.
-С.Зориг агсны ээж талийгаач С.Доржпалам:
-Зориг, Булган нар зургаан жил хамт амьдарцгаасан. Амьд гэрч байх, эсэх нь надад ямар хамаа байх вэ дээ. Надад Булганыг буруутгах санаа алга. Хэн хэнтэйгээ дурлалцаад суух нь өөрсдийнх нь хэрэг. Харин миний том хүүгийн эхнэр их сайн бэр, надад гурван сайхан ач төрүүлж өгсөнд би баярлаж суудаг даа.Зургаан жил дэр нийлүүлсэн хань нь учир би түүнд буруу өгөөд яах ч билээ. Миний хүү ээж, аавынхаа гэрт амьдарч байсансан бол хэн нэгэнд алуулахгүй, амьд байх байсан ч юм билүү гэж үе үе бодогддог.
Эх сурвалж: “Weekend”сонин 2000 он
-МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга асан Д.Төмөр-Очир агсны зээ Т.Эрдэнэбилэг:
-Д.Булган маань хохирогч гэдэг утгаараа зовлонгоо дааж ядахын хажуугаар гэрч болж үлдсэн хүн шүү дээ. Энэ хэрэгт нухацтай хандъя гэсэн бол Д.Булганд дээд зэргийн нухацтай л хандах ёстой байсан. Түүний хэлж байсан зүйлүүдэд ч гэсэн. Д.Булган байтугай ямар ч хүн нүдэн дээр нь хайртай хүнийг нь тарчилгаж байгаа тэр гэнэтийн алуурчдын эрээ цээргүй халдлага, хүлээстэй өөр өрөөнд байлаа ч гэсэн төсөөлөөд бодоход тэр дуу чимээ, амьсгаадаж тэмцэлдэж байгаа нь сонсогдож л таарна. Тиймээс сэтгэл зүйн асар их шоконд орж балмагдсан байсан. Гэтэл манай цагдаагийнхан тэр балмагдсан хүний ярианаас нь олон том дүгнэлт хийсэн байх жишээтэй. Гэхдээ Б.Булганыг сэжигтэн болгоод, цаад алуурчидтай үгссэн байж болзошгүй гэдэг талаас нь хориосой гэж хэзээ ч хүсээгүй шүү дээ. Хэргийн газарт 100 гаруй хүн оруулж ул мөрийг баллачихаад "Цорын ганц гэрч Б.Булган тэгж хэлсэн" гээд ганцхан тэр хүний хэлснээр шалгах ажиллагааг явуулсан болоод орхиж болохгүй шүү дээ.
Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин 2010 он
-УИХ-ын гишүүн асан Х.Дашзэвэг агсан:
-Тухайн үед эрх ашиг, сонирхлын үүднээс ч тэр, бусад зүйлээс шалтгаалан казиногийн тендер дээр гишүүд хоёр талцан маргаж байлаа. С.Зориг, Д.Энхбаатар хоёр ямар сайн найзууд билээ дээ. Гэтэл тэр хоёр хүртэл казиногийн асуудлаас болж муудалцаж байсан шүү дээ. С.Зоригийн аллагын гол учир энэ болохыг тагнуулынхан ч мэдэж байсан шүү дээ. С.Зоригийн аллагад эхнэр Булган ч буруутай. Хүн яах вэ дээ, амьд явах хэрэгтэй байна шүү дээ. Том эрх ашгийн төлөөх түүх ингэж эхэлсэн учиртай.
Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин 2010 он
-Хошууч генерал Л.Гарамжил:
-Уг нь Б.Булганыг арай өөр аргаар шалгах байсан болов уу гэж хүн болгон хэлдэг. Мэргэжлийн хүмүүсийн хувьд зөндөө арга байсан гэж үздэг. Булган хохирогч, талийгаачийн гэргий гэдэг үүднээс шалгуулсан. Манайхан түүнд -хүндэтгэлтэйгээр хандаж шалгасан.
Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин 2010 он
-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
С.Зоригийн хэргийг илрүүлэх бүх бололцоог аравдугаар сарын 2-ны өдөр бүгдийг нь балласан. Би цагдаагийнханд “Хэргийн газарт бурхан багш ирсэн ч битгий оруулж бай” гэж хэлдэг. Тэр үед 70 хүн ороод гарсан. Бүх ул мөр арилдаг юм байгаа биз дээ. Хэргийн газрын үзлэг гэдэг чинь хэрэг илрүүлэх ажиллагааны амин сүнс нь байдаг. Би чинь арван жил хэрэг уншиж, гурван жил мөрдөнгийн ажил хийсэн прокурор хүн. Хэргийн газар хэнийг ч оруулдаггүй юм.
Эх сурвалж: “2 дугаар суваг” телевиз 2014 он
-Улс төр судлаач Л.Эрдэнэтуул:
-Д.Булган бол айлгуулаад дарамтлуулсан хүн. Өөрөө шууд оролцсон юм байхгүй. Чухамдаа яагаад худал мэдүүлэг өгдөг вэ гэдгийг нь би мэдэж байна. Тэр эмэгтэйг маш их айл­га­чихсан байхгүй юу. Өнөө­дөр цагдаа нар хэргийн халуун мөрөөр яагаад ажиллагаагүй юм бэ гэдэг нь хамгийн чухал асуудал. Дээрээс нь “Гадаад явж магад. Хилээ хаа” гэсэн мэдээллийг хэн өгөв гэдэг нь бас ноцтой асуудал.Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад хоёр тусдаа хэрэг бий болчихоод бай­на. Нэг нь, С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэг. Нөгөөдөх нь, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүү­лэх­гүй, ул мөрийг нь бал­ласан тухай асуудал. Анхнаасаа тэр халуун ул мөрийг бал­лахын тулд бүх юм хийгд­сэн шүү дээ. Хэр­гийн газар өчнөөн тү­мэн амьтан ороод, хавтаст хэрэгт авагдсан олон материал үрэгдэж, алга болсон тохиолдол зөндөө л гарсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2013 он
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн