Оюу толгойн хувь нийлүүлэгчид буюу Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто групп 2022 оны нэгдүгээр сарын 25-нд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн шат буюу 1300 метрийн гүнээс хүдрийн анхны тэсэлгээ хийх зөвшөөрлийг олгосон билээ. Ингэснээр Оюу толгойн гүний уурхайн Undurcut буюу огтлох малталт хийх ажлыг эхлүүлж, 2023 оны эхний хагасаас хүдрээ олборлож эхэлнэ гэж мэдээлсэн.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр, Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт 88 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд 2023 оны I улиралд багтаан гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэлийг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Өнөөдрийн байдлаар гүний уурхайд 16 хүдэр буулгуурыг байгуулсан бөгөөд хамгийн багадаа 21 хүдрийн буулгуур бэлдсэний дараа тогтвортой үйлдвэрлэлийг /олборлолт/ эхлүүлэх боломжтой болох аж. Эхний ээлжинд буюу 2023 оны II улирлаас гүний уурхайгаас өдөрт 5 мянган тонн хүдэр олборлох тооцоо гарсан байна. Гүний уурхайгаас олборлох хүдрийн агуулга нь ил уурхайгаас гурван дахин өндөр юм. Өөрөөр хэлбэл, гүний уурхайн тогтвортой олборлолтыг эхлүүлснээр экспортод гаргах зэсийн баяжмалын биет хэмжээ бага багаар нэмэгдэнэ, мөн агуулга өндөр учраас орлого өсөх хүлээлт бий.
Цаашдаа Оюу толгой гүний уурхайн хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлснээр 2030 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж, өдөрт дунджаар 95 мянган тонн хүдрийг газрын гүнээс олборлох боломжтой болох юм байна.
Оюу толгойн гүний уурхайг бүрэн хүчин чадлаараа ажиллахад 400 гаруй хүдэр буулгуур байгуулах бөгөөд олборлосон хүдрээ газрын гүнээс зөөх I, II панелиудыг байгуулах шаардлагатай. 2023 оны хагаст багтаан I, II панелийг байгуулах судалгаа, техник эдийн засгийн үндэслэлүүдийг дуусгах юм байна.