Open iToim app
Бүтээгч | 4 мин уншина

Налайх дүүрэгт хэрэгжиж буй онцлох 5 бүтээн байгуулалт

Налайх дүүрэгт хэрэгжиж буй онцлох 5 бүтээн байгуулалт
Нийтэлсэн 2020 оны 7 сарын 17
Нийслэлийн алслагдсан гэх тодотголтой Налайх дүүрэгт 1922 онд анхны нүүрсний уурхай байгуулагдсанаар улсын ууган үйлдвэр бий болж, хөгжлийн гол тулгуур хэмээн нэрийдэж явсан удаа бий.  Их уурхай жилдээ 600 мянган тонн нүүрс гаргаж, 1500 гаруй ажлын байрыг бий болгон, улсын аж үйлдвэржилтэд шаардлагатай нүүрсний хэрэгцээний 70 хувийг дангаараа хангаж ирсэн байдаг. Ийнхүү 1962 онд их уурхайг түшиглэн Налайх хот байгуулагдсан билээ. Гэвч 1990 оны арван хоёрдугаар сарын 17-ны өдөр уурхайд метаны дэлбэрэлт болсноос хойш Налайх хот онц содон бүтээн байгуулалт ч үгүй “урсгалаараа”, “унтаа” байдалтай явж ирсэн.
Тэгвэл тус дүүргийн бүтээн байгуулалт сүүлийн жилүүдэд асар хурдтай хийхээр төлөвлөж, тун удахгүй зарим үйлдвэр нь ашиглалтад орохоор болжээ. Налайх дүүргийн сэргэн мандалтыг бий болгож буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудаас танилцуулъя.
МСҮТ-ийг өргөтгөж, гурван мэргэжлийн анги нээхээр төлөвлөжээ
Налайх дүүрэгт 34 мянган хүн амьдарч байгаагаас 12 мянга гаруй нь залуучууд байгаа учир мэргэжил олгож, ажлын байр олноор бий болгох хэрэгцээ шаардлага бий.  2025 он гэхэд тус дүүргийн хүн амын тоо 65 мянга болж нэмэгдэх статистик гарчээ. Тиймээс иргэдээ ур чадвартай, боловсролтой болгохын тулд мэргэшүүлэхээр мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 7.5 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр болоод байгаа юм. Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ТСҮТ-ийг өргөтөхөөр болсон. Төслийн хүрээнд хоёр давхар дадлагын байр, хүнд машин механизмыг байрлуулах авто граж, хүнд машин механизмын дадлагын талбайг барьж байгуулахаар болжээ. Ингэснээр авто замын үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн төв бүхий сургууль болон өргөжиж, шинээр гурван мэргэжлээр элсэлт авч, мэргэшүүлдэг болох аж. Энэхүү барилга нь ирэх аравдугаар сард ашиглалтад орох төлөвтэй байгаа аж. 
Түүнчлэн энэхүү өргөтгөлийг барьж бас нэгэн шалтгаан нь Налайхын уурхайд жилд 20 орчим хүн амь насаа алддаг байсан бол уурхайн тоо багассанаар амиа алдсан хүний тоо ч буурсан байна. Мөн дүүргээс 250 гаруй ам, цооногийг Нийслэлийн хөрөнгөөр 50 орчим га-д нөхөн сэргээлт хийж, цэгцэлжээ. Ингэснээр Налайх дүүрэгт одоо эрүүл мэндийн даатгалд хамруулдаг, цөөн бичил уурхайг ажиллуулдаг болсон байна. Дан уурхайгаар дүүргийн эдийн засгийг сайжруулах боломжгүй гэж үзжээ. Тиймдээ ч дүүргээс Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд уурхайчид болон иргэдийг сургалтад хамруулдаг байна. 
 
undefined
Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэр 1500 гаруй ажлын байрыг бий болгоно
Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн шав тавих ёслол өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон. Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор Налайх дүүрэгт л гэхэд 1500 гаруй шууд ажлын байр шинээр бий болж, иргэдийн ажил амьдралд томоохон хувь нэмэр оруулах юм. Шинээр баригдах үйлдвэр жилд 600 мянган тонн тортог бохирдол багатай, стандартад нийцсэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийн есөн дүүргийн айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглэгчдийг бүрэн хангаснаар 2020-2021 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 гаруй хувиар бууруулах боломжтой аж. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг барих ажил эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд арваннэгдүгээр сард ашиглалтад орох юм.
undefined
60 жилийн дараа Налайх дүүрэг авто замаа бүрэн шинэчилжээ
Налайх-Чойрын 20.9 километр зам ашиглалтад ороод удаагүй байх үед Налайх доторх буюу хороог холбосон авто замыг 60 жилийн дараа шинэчлэн засаж, дөрвөн эгнээтэй болгосон байна. Налайх-Чойр чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын Таваншар байшингийн баруун тал хүртэл 4.4 км авто замын бүтээн байгуулалтын ажил хоёр хэсэгт хувааж хийсэн бөгөөд Буян Налайхын уулзвараас гуравдугаар хорооны Төмөр замын таван шар байшин хүртэлх хэсэг зургадугаар сард ашиглалтад орж, зорчих хэсгийг нээсэн бол, долдугаар сарын 10-нд Бөмбөрцөгтэй уулзвараас Буян Налайхын уулзвар хүртэлх 1.2 км хүртэлх замыг ашиглалтад оруулж байна. Нийслэлийн төсвийн 4,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг энэ сард дуусгасан бол одоо бусад ажил болох явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг тохижилтын ажил хийгдэж байгаа юм.
 
undefined
Налайхын барилгын материал үйлдвэрлэл технологийн парк 10 мянга гаруй ажлын байр бий болгоно
Налайхын барилгын материал үйлдвэрлэл технологийн парк байгуулагдсанаар улсын хэмжээнд барилгын материалын үйлдвэрлэл 1.78 дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин нэмэгдэнэ. Мөн зөвхөн ҮТП-ийн хэмжээнд нийт 1500 гаруй ажлын байр шинээр бий болно. Бусад төслүүдтэй уялдан хөгжсөнөөр 10000 гаруй ажлын байр бий болно. Түүнчлэн Барилгын өртөг буурч, хотын төвлөрөл саарахад нөлөө үзүүлэх зэрэг олон давуу талыг бий болгох юм. Тус парк нь одоогийн байдлаар эхний үйлдвэрийг усаар хангах хоёр гүний худгийг барьсан, паркийн 660 мкв-т оффис болон бүтээн байгуулалтад зориулж эхний ээлжийн 630 квт-ын чадал бүхий дэд станцыг ашиглалтад оруулсан байна. Цаашид 2024 он гэхэд 50 үйлдвэрийг ашиглалтад оруулж, 1500 иргэнийг ажлын байраар хангахаар төлөвлөж ажиллаж байгаа аж. Мөн 100 айл орчмын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх, Налайх олон улсын тээвэр ложистикийн паркийн бүтээн байгуулалт зэрэг ажлууд явагдахын тулд цэвэрлэх байгууламжийн ажил хамгийн эхний ээлжинд шийдвэрлэх шаардлагатай байгаа юм байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн