Нийслэлийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, хүнсий бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж, гарсан зөрчилд хариуцлага тооцсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Шалгалтад ерөнхий боловсролын 120 сургуулийн дэргэдэх цайны газруудыг хамруулсан байна. Уг сургуулиудын 64.3 хувь нь зориулалтын цайнын газартай, 35 хувь нь зориулалтын бус, өрөө тасалгааг өөрчлөн засварласан хоол үйлдвэрлэлийн газартай, 6.6 хувь нь цайны газаргүй байсан аж.
Харин “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд тавигдах шаардлага 76.3 хувийн хэрэгжилттэй гэж үзжээ.
Шалгалтаар дотоод орчин, гал тогоо болон сургуулийн орчимд хоол үйлчилгээнд хориглосон хүнсний бүтээгдэхүүн буюу хиамтай кимбаб, хиамтай ороомог, чихэр, шоколадыг 23, 29-р сургууль, 39, 50-р сургууль, 72, 37-р сургууль, Хан-Уул дүүргийн 26, 32, 34, 41, 59, 114, 118-р сургууль, Сүхбаатар дүүргийн Найрамдал сургууль, МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль, хөгжим бүжгийн коллеж, МУИС-ийн байгаль эх лицей сургууль, Өсвөрийн зохион бүтээгдийн ахлах сургууль, ШУТИС-ийн Шинжлэх ухааны технологийн ахлах сургууль болон АШУҮИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль худалдаалж байжээ.
Шалгалтад хамрагдсан сургуулиудын 35.4 хувь нь хүүхэд үдийн цайгаар авбал зохих үндсэн шимт бодисыг тооцохгүй өгч байсан зөрчил илэрсэн байна. Нийтдээ эрүүл ахуй, хүнсний чанартай холбоотой 847 зөрчил илрүүлж, 56.7 хувийг арилгуулж, 44 байгууллагад албан шаардлага хүргүүлжээ. Харин “Шинэ эхлэл” сургуулийн цайны газар буюу “Банни” компани эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэж үзэж, түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авчээ.
Зарим сургуулийн сурагчид үдийн цайгаа өөрсдийн аяга тавганд ууж, аягаа гэртээ цэвэрлэж байгаа нь анги тамхимын цэвэрлэгээ хангалтгүй буюу эрүүл ахуйн шаардлага хангаагүйгээс дам бохирдол үүсэх нөхцөл бүрдэж байгаа аж.