Мэргэжлийн хяналтын байгууллагаас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Гар ариутгал, халдваргүйтгэлийн бодис үйлдвэрлэж байгаа аж ахуй нэгжүүдэд шалгалт хийжээ. Шалгалтад зургаан дүүргийн 18 аж ахуй нэгж хамрагдсанаас 14 нь тусгай зөвшөөрлөө ЭМЯ-аас аваагүй байсан байна.
МХЕГ-ын Дэд дарга Г.Сугарбат “Гар ариутгал, халдваргүйтгэлийн бодисын найрлагад 96 хувийн хүнсний спиртийг ашиглах ёстой. Гэтэл “Нахиа Импекс”, “Монос” компаниудын гар халдваргүйжүүлэх бодист техникийн спирт хийсэн зөрчил илэрсэн. Эдгээр байгууллагад хууль тогтоомжийн дагуу гар ариутгалын бодис хийх үйл ажиллагааг зогсоож, ЭМЯ-аас гаргасан стандартын дагуу хүнсний спирт ашиглаж, стандартыг хангуулах шаардлага хүргүүлсэн” гэдгийг хэллээ.
Техникийн спирт нь метилийн спирт юм. Голдуу ахуйн хэрэглээний цэвэрлэгээнд хэрэглэдэг, химийн хортой бодис. Хэрэглэсэн тохиолдолд хүн биед хордлогын шинж илэрч, бөөрний ажиллагаанд хүндрэл учруулдаг. Мөн амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг зогсоон, үхэлд хүргэх эрсдэлтэй.