Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

​113 аж ахуйн нэгжид эрчим хүч хэмнэх үүрэг өглөө

​113 аж ахуйн нэгжид эрчим хүч хэмнэх үүрэг өглөө
Нийтэлсэн 2016 оны 12 сарын 26
Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүч хэрэглэгчдийн үйл ажиллагаа, хэрэглээний төвшинг нягтлан, үнэлгээ хийж, 113 аж ахуйн нэгжийг үүрэг хүлээсэн аж ахуйн нэгжээр тогтоожээ. Дээрх 113 аж ахуйн нэгжийн 71 нь цахилгааны, 29 нь дулааны үүрэг хүлээсэн хэрэглэгч юм байна. Цахилгааны эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн 71 аж ахуйн нэгж нь Монгол Улсын нийт цахилгаан эрчим хүчний 46.1 хувийг, дулааны үүрэг хүлээсэн 29 аж ахуйн нэгжийн 263 мян.Гкал/ жил дулаан хэрэглэж, эрчим хүчний төлбөрт дунджаар 411 тэрбум төгрөгийг төлдөг байна. Эрчим хүчний салбар дотоод хэрэглээний цахилгааны зарцуулалт өндөр, дамжуулалт түгээлтийн явцад эрчим хүчний алдагдал өндөр байгаа учраас энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг 28 аж ахуйн нэгжид эрчим хүчний алдагдлыг бууруулж, хэмнэж ажиллах үүргийг Эрчим хүчний зохицуулах хорооноос өглөө.
Өнөөдөр эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн 113 аж ахуйн нэгж, хэрэглэгчдийн төлөөлөл болох Улаанбаатар төмөр зам, Монголын Үндэсний олон нитийн радио телевиз, Петро Чайна Дачин Тамсаг, Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Энержи ресурс, Номин Холдинг, Скайтел, Мобиком зэрэг компаниудын удирдлагыг хүлээн авч уулзаж санал солилцлоо. 
-Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Эрчим хүч хэмнэх үүрэг хүлээж ажиллана гэдэг ямар нэг дарамт шахалт биш. Харин та бүхэн өөрөө өөрийнхөө зардлыг бууруулах, эдийн засгийн үр ашиг олох гарц, байгаль орчинд ээлтэй байх үүргээ биелүүлэх нэг боломж гэж ойлгон, үйл ажиллагаандаа эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж ажиллахыг хүсье” гэлээ.
Эрчим хүчний үүрэг хүлээж ажиллах 113 аж ахуйн нэгж эрчим хүчний хэрэглээ, барилгын дулаан алдагдлыг 15 хувиар бууруулахад жилд 120 орчим тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн тооцоог хийсэн байна.
-Эрчим хүчний хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал: Эрчим хүч хэмнэх, үр ашигтай зарцуулах үүрэг хүлээсэн хэрэглэгчдийг албан ёсоор зарлаж байна. Хууль эрх зүйн хүрээнд батлагдсан журмын дагуу эрчим хүчний өндөр хэрэглээтэй аж ахуйн нэгжүүд эрчим хүчийг заавал хэмнэх ёстой гэсэн үүргийг хүлээлгэж байна. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд таван сая кВт цагаас дээш, аж үйлдвэр, үйлчилгээний салбар гурван сая кВт цагаас дээш, үйлчилгээний болон төсөвт байгууллагууд хоёр сая кВт цагаас дээш цахилгааны хэрэглэгчид бүгд цахилгаан хэмнэх үүрэг хүлээж байна. Аж үйлдвэрийн урдаа барьдаг томоохон аж ахуйн нэгжүүд бүгд багтаж байгаа.
Эрчим хүчээ хэмнэнэ гэдгийн цаана урсгал зардлаа хэмнэх асуудал яригдаж байгаа юм. Мөн томоохон аж ахуйн нэгжүүд эдийн засаг нийгмийн хариуцлагаа давхар ухамсарлаж, хүлэмжийн хий, агуурын бохирдлыг бууруулахад хувь нэмэн оруулна. Олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж байна гэж ойлгох хэрэгтэй" гэлээ.                                             
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн