Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

1072 хувьцааг худалдах процесс банкаар биш, зөвхөн Хөрөнгийн биржээр дамжих ёстой

1072 хувьцааг худалдах процесс банкаар биш, зөвхөн Хөрөнгийн биржээр дамжих ёстой
Нийтэлсэн 2016 оны 6 сарын 15
Монголын үнэт цаас арилжаа эрхлэгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хуягтай ярилцлаа.
-Иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг Хөрөнгийн биржээр биш арилжааны банкаар дамжуулах гэж байгаа нь хэр оновчтой вэ? 
-"Эрдэнэс-Тавантолгой" компаниас иргэн бүрт 1072 ширхэг хувьцааг олгосон. Үнэт цаасны тухай хуульд хувьцаа хоёр дахь зах зээл буюу үнэт цаасны зах зээлд арилжаална гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хувьцааг худалдах, худалдан авах процесс хөрөнгийн зах зээлээр явагдах ёстой. Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн бирж арилжаалах бүтээгдэхүүнгүй, нэлээд уналтад ороод байгаа. Гэтэл Хөрөнгийн биржээ хөгжлүүлэх бодлого явуулах ёстой байтал Засгийн газар өнөөдөр эсрэг үйлдэл хйиж байна. Аливаа нэг компанийн хувьцааг худалдан авахдаа ирээдүйд үйл ажиллагаа өргөжүүлж, ашигтай ажиллана гэдэг үүднээс худалдан авдаг.  Харин Засгийн газрын гаргасан иргэдийн хувьцааг арилжааны банкуудаар худалдан авах гэж байгаа нь сонгуультай холбоотой шийдвэр болсон. Өнөөдөр бэлэн мөнгөтэй газар нь банк. Тиймээс Засгийн газар хууль зөрчиж Хөрөнгийн биржийн бүтээгдэхүүнийг арилжааны банкуудад өгчихлөө.
-Арилжааны банкаар дамжуулан иргэдийн хувьцааг худалдан авах нь ямар эрсдэлтэй вэ?
-Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ арилжааны банкнаас хараат болсон энэ үед хөрөнгийн зах зээлийг унагаах үйл ажиллагааг эхлүүлж байна. Энэ маш буруу үйл ажиллагаа. Нөгөө талд Эрдэнэс-Тавантолгойн иргэн бүрт эзэмшүүлсэн хувьцааг Үнэт цаасны төвлөрсөн халгаламжийн төв өөрийнхөө нэр дээр данс нээлгэж бүртгүүлэх ёстой. Гэтэл Эрдэнэс-Тавантолгой компани өнөөдрийн байдлаар хувьцаагаа бүртгүүлээгүй байгаа. Дээр нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх ёстой. Бас бүртгэлгүй байгаа. Тэгэхээр хувьцаа мөн үү, биш үү гэдгийг тодорхойлоход ч хэцүү болж байна. Иргэдийн саналыг авах гэсэн сонгуулийн шоу, бэлэн мөнгө тараах луйвар боллоо. Үүнийх нь хариуд Хөрөнгийн бирж уналтад орлоо. 
-Анх 2009 онд иргэн бүрт 1072 хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гарахад иргэдийн хувьцааг заавал Хөрөнгийн биржээр дамжуулахаар хуульчилсан уу?
-УИХ, Засгийн газрын гаргасан тогтоолоор Эрдэнэс-Тавантолгойн хувьцааг зөвхөн Засгийн газар худалдах, худалдан авах эрхтэй байна гэж заасан. Гэхдээ энэ зохицуулалт Үнэт цаасны тухай хууль болон Компанийн тухай хуульд байдаггүй. Уг нь Хөрөнгийн зах зээлийг зохицуулах байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан дүрэм журмын дагуу явуулах ёстой байтал хуулиас гадуур Засгийн газар өөрөө тусай тогтоол гаргаж шийдэж байна
-Компани ашигтай ажиллаж чадахгүй байгаа нөхцөлд хувьцааг арилжих боломжтой гэж үү. Эдийн засгийн тооцоо хийж үзсэн үү?
-Хувьцаа арилжихын тулд хамгийн нэгдүгээрт Эрдэнэс-Тавантолгой компанийн санхүүгийн тайлан ил тод , хөрөнгө оруулагч иргэн бүр тухайн компани хэчнээн төгрөгийн ашигтай алдагдалтай байгаа нь ил тод байх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар хувьцаа эзэмшигч иргэн бүрт тэр эрхээ эдэлж чадахгүй байна. Иргэн бүр Тавантолгойн хувьцаа эзэмшигч гэж ярьж байгаа ч үнэн хэрэгтээ эрх нь нээгдээгүй байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн