Open iToim app
Спорт | 4 мин уншина

Сурвалжлага: Модон барилдааны спортыг сонирхох залуус ихэсжээ

Сурвалжлага: Модон барилдааны спортыг сонирхох залуус ихэсжээ
Нийтэлсэн 2022 оны 10 сарын 12
Баянгол дүүргийн Биеийн тамир спортын хороонд модон барилдааны Азийн аваргын сорил тэмцээн өчигдөр эхэллээ. Шалгарсан тамирчид арваннэгдүгээр сард Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болох Азийн аваргын тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Уг сорил тэмцээнд 53 багийн 170 орчим тамирчин Монгол Улсын өнцөг булан бүрээс оролцохоор иржээ.
Эл тэмцээн нь хоёр тамирчны дунд мод таталцаж, барилдах хэлбэрээр явагддаг бөгөөд хоёр үетэйгээр олон улсын дүрмийн дагуу зохиогдлоо. Тэгвэл энэхүү спортыг Монголд анхлан нэвтрүүлж, хөгжүүлж буй “Монголын Модон барилдаан холбоо”-ны ерөнхийлөгч Э.Мөнхсүрэнгээс дараах мэдээллийг авлаа.
undefined
-“Монголын Модон барилдааны холбоо” буюу Мас Рестлингийн холбоо хэзээ байгуулагдав. Энэ спорт Монголд хэр өргөн дэлгэр болж байна вэ?
-Монголын Мас рестлингийн холбоо Дэлхийн Мас рестлингийн холбоонд нэгдээд есөн жил болж байна. 10 жилийн ойгоороо Азийн аваргын тэмцээн болон Дэлхийн цомын цувралын тэмцээнийг Монголдоо зохиохоор болсон. Жилээс жилд модон барилдаанаар хичээллэх залуусын тоо нэмэгдэж байна.
Тэмцээн үзэхээр 200 гаруй хүн иржээ. Энэ бол манай спортыг сонирхох, шохоорхох хүмүүс улам нэмэгдэж байгааг илтгэх  илэрхийлэл гэж бодож байна.
-Албан ёсны холбоо болоод есөн жил болсон гэлээ. Энэ хугацаанд холбооны тамирчид тив, дэлхийн тэмцээнүүдэд ямар амжилт гаргаж байсан бэ?
-Дэлхийн Мас-Рестлингийн хүчтэй өрсөлдөгчдийн тоонд Монголын тамирчид ордог болсон. Дэлхийн аваргын насанд хүрэгчдийн долоон медаль, Азийн өсвөрийн их наадмаас найман медаль, олон улсын зэрэглэлтэй тэмцээнүүдээс 10 гаруй медаль хүртсэн амжилтыг өнгөрсөн хугацаанд үзүүлсэн.
-Холбоонд хэчнээн тамирчин бүртгэлтэй байдаг вэ. Мөн холбооны цаашдын зорилгоо хуваалцахгүй юу?
-45 байгууллагын 200 гаруй тамирчид манай холбооны гишүүнээр явдаг. Жилээс жилд цар хүрээгээ тэлж байгаа, өсөх ирээдүйтэй спорт мөн. Азийн аваргын тэмцээнээс өмнө бид цол зэрэгт орно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ энэ ондоо багтаахаар шалавлаж байгаа.
Бид тэмцээнээ илүү өргөн цар хүрээтэй болгохын тулд нээлттэй явуулдаг. Мөн манай холбооны тамирчин болоход нээлттэй.
undefined
Модон барилдааны спортоор хичээллэх, сонирхох хүний тоо жилээс жилд нэмэгдэх болсон талаарх холбооны ерөнхийлөгч онцолсон бол тус спортын дэлхийн аварга болон дэлхийн цомын хүрэл медальт тамирчин З.Сарантуяа ийн ярилаа. Тэрээр “Би пауэрлифтингийн гурван төрлөөр хичээллэдэг байсан учраас Мас-Рестлингийн спортод бярдаад барчихна гэдэг бодолтой байв. Таван сарын өмнө сонирхож, тэмцээнд орохдоо тийм биш гэдгийг ойлгосон. Тиймээс техник, мэхээ сайжруулснаар зургадугаар сард Якутад болсон Дэлхийн аваргын тэмцээнд орж, хүрэл медаль хүртсэн. Мөн есдүгээр сард ОХУ-ы улсад болсон тэмцээнд гуравдугаар байрт шалгарлаа. Миний хувьд хоёр тийш явах, гэдийх зэрэг мэхийг түлхүү хэрэглэдэг. Цаашид 2024 оны дэлхийн аваргын тэмцээнд алтан медаль авахыг зорьж байгаа. Мас-Рестлингээр спортын сууриа тавивал аль ч спортод хувирахдаа суурьтай байх болно. Учир нь модон барилдааны туслах дасгалуудад үндэсний бөх, чөлөөтийн гол дасгалууд багтдаг.
Одоогоор би Говь-Алтай аймагтаа Мас-Рестлингийн холбоо байгуулж, тамирчдыг бэлтгэж байгаа. Өнөөдөр болж байгаа тэмцээнд өмнөх тэмцээнүүдээс илүү олон хүн ирсэн байна. Энэ бол модон барилдааны спорт Монголд өргөжиж байгааг харуулж байна” гэв.
Модон барилдааны спортод монгол тамирчдын нийтлэг гаргадаг алдаа нь зарим техникийг буруу хийдгээс гадна шүүгчийн дохиог сонсохгүй түрүүлж эхлээд байдаг талтай гэнэ. Харин алхалтын буюу хоёр тийш хязгаарлагч модонд түшиглэн алхах, эсрэг тамирчнаа тэнцвэргүйдүүлэх техникийг голлон эзэмшсэн байдаг талаар Мас-Рестлингийн шүүгч С.Тэлмэн онцоллоо. Түүнчлэн энэ жилийн сорил тэмцээнийг өмнөх жилүүдээс харьцангуй олон тамирчинтай оролцож байгаа бөгөөд Сэлэнгэ, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор зэргээс 20 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр ирснийг цохон дурдсан юм.
Уг спортын дүрэм нь мод буюу палкыг гадна талаас барьж байгаа тамирчин 90 градус эргүүлбэл тэнцсэн буюу ямар нэгэн оноонд тооцохгүй. Гэхдээ эргүүлсэн тамирчинд сануулга өгөх бөгөөд хоёр удаа ийм алдаа гаргавал нэг оноо алдсанд тооцно. Мөн дунд талын зааглаас модонд палк болон хөлдөө хөшиж болохгүй. Эсрэг тамирчны толгой, мөр, өвдөг голын болон хоёр хажуугийн хязгаарлагч модонд хүрвэл оноо алддаг. Ийн хүч үзэхдээ маш их энерги зарцуулдаг тул тухайн тамирчин бэртэх, зориулалтын палк болон хязгаарлагч мод хугарах тохиолдол ч байдаг аж.
Энэ талаар Мас-Рестлингийн дэлхийн хүрэл медальт тамирчин Т.Адьяатөмөр ийн зөвлөлөө. Тэрээр “Хүнд жингийн буюу бид нарын дунд маш их хүч зарцуулсан өрсөлдөөнтэй тэмцээн болдог учраас хөлийн судас хагарах, нуруу татах, нүдэнд цус хурах, гуяны булчин зангирах эрсдэл байдаг. Энэ спортоор хичээллэх тамирчид хар бяраар бус техник, хараагаа сайн ажиллуулах хэрэгтэй. Модоо эргүүлэх, эсрэг тамирчныхаа тэнцвэрийг алдуулах, гэнэдүүлэх, угзрах гээд янз бүрийн мэх ашиглаж болно. Ингэхийн тулд нүдээ тас аниад хар бяраараа зулгаах бус ажиглаж байгаад тэр мэхнүүдээсээ аль тохиромжтойг нь ашиглах нь зүйтэй.
Мөн энэ спортыг сонирхож буй залууст хандан бэлтгэл хийж эхлэхийн өмнө болон дараа сунгалтын дасгалыг заавал хийх хэрэгтэй. Бэлтгэл хийгээд агшсан булчинг сунгахгүй бол дараагийн удаа зангирал үүснэ. Сунгаж байж булчингийн томролт зангирлаас сэргийлдэг” гэлээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн