Нийслэлийн боловсролын газар болон Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг цахим хэлбэрээр зохион байгуулахтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх бүх хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болжээ. Мөн өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3-5 насны хүүхдийн бүртгэлийг баталгаажуулах юм байна.
Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга “Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн болон бус өмчийн 617 цэцэрлэг, сургуулийн өмнөх насны 114225 хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа юм.
Цахим бүртгэлийг долдугаар сарын 25-ны өдрөөс эхэлж, наймдугаар сарын 23-ны өдөр дуусна. Шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг дараах зааврын дагуу бүртгэнэ. Тухайлбал,
2016 оны нэгдүгээр сарын 01-ээс 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр төрсөн хоёр настай хүүхэд бүтгүүлнэ.
2013-2015 онд төрсөн 3-5 настай хүүхдийг бүртүүлэхдээ хамран сургах тойргийн цэцэрлэг нь шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд бүртгүүлэх боломжтой.
Бүртгүүлэхдээ tsetserleg.ulaanbaatar.mn системд нэвтрэн орж, хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор гарч ирэх нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрэх товчийг дарна.
Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин сууж байгаа хаягийн мэдээлэл, хамран суух тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.
Хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна.
Таны гар утсанд бүртгэлийн таван оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “ амжилттай баталгаажлаа” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ” гэв.
Харин цахим элсэлтийг наймдугаар сарын 24-ны 09:00 цагт нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулах юм байна. Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс дээр санамсаргүй түүврийн аргаар цахим элсэлтийн үйл ажиллагааг иргэд, эцэг, эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулахаар болжээ.
Өмнөх хичээлийн жилд төрийн өмчит цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг дараах зааврын дагуу баталгаажуулна. Ингэхдээ tsetserleg.ulaanbaatar.mn систем рүү орж, хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор гарч ирэх нэг удаагийн нууц түлхүүр, үгийг бичиж, нэвтрэх товч дарснаар “Таны хүүхэд ....... цэцэрлэгт бүртгэлтэй байна. Баталгаажуулна уу” гэсэн мэдээлэл гарч ирэх ба үүний дараа эцэг эх, асран хамгаалагч нь холбогдох гар утасны дугаараа оруулснаар бүртгэл баталгаажих болно.
Мөн бүртгэлийн дугаар авах товчийг дарснаар таны гар утсанд таван оронтой дугаар ирнэ. Тус дугаарыг системд оруулcнаар бүртгэл баталгаажих болно.
Бүртгэлийн дугаараа баталгаажуулаад 2018 оны наймдугаар сарын 27-29-ний өдрүүдэд харьяа цэцэрлэг дээрээ очиж гэрээгээ сунгуулна.
Хамгийн сүүлд нь “Цахим Элсэлт”–ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын бүртгүүлсэн гар утсанд мессэжээр мэдэгдэх юм байна. Мөн tsetserleg.ulaanbaatar.mn системийн Шалгах цэс рүү орж, хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг оруулж, цэцэрлэгтээ элссэн эсэхийг шалгах боломжтой.
Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд долдугаар сарын 25-аас зөвхөн ажлын өдрүүдэд тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, наймдугаар сарын 13-наас хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм байна. Тусгай сувиллын, байгууллагын дэргэдэх, 24 цагийн цэцэрлэгт элсэж байгаа болон зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг цахимаар бус уламжлалт аргаар бүртгэхээр болжээ.