Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

Баганхангай дүүргийн Гал түймэр унтраах анги шинэ байртай боллоо

Баганхангай дүүргийн Гал түймэр унтраах анги шинэ байртай боллоо
Нийтэлсэн 2018 оны 11 сарын 16
Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар анги шинэ байртай болж, өнөөдөр хүлээн нээлтээ хийлээ.
Баганхангай дүүргийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар анги нь Төв аймгийн Баян, Баянцагаан, Сэргэлэн сумдын нутаг дэвсгэрт гарсан гамшиг осол, аюулт үзэгдлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажилладаг юм байна. Тус ангийн хувьд өөрсдийн гэсэн зориулалтын байргүй, автомашины зогсоолд ажилчид цуг байрладаг байсан хүндхэн нөхцөл байдалтай байсан бол ийнхүү шинэ байртай боллоо.
Энэ талаар Баганхангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Цогбадрах “Бид өмнө нь гражийн зориулалттай барилгад 29 жил байсан. Өнөөдөр гал унтраах зориулалтын барилгатай болж байгаад их баяртай байна. Ингэснээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ сайжирна, ажиллах нөхцөл бололцоо нэмэгдэж, сургалт сурталчилгаа явуулах, иргэдэд үзүүлэх гамшиг ослын нөлөөлөл илт сайжирна. Өмнө нь бид автомашины зогсоолын орчинд машины тос, угаартай нөхцөлд ажилладаг байсан. Шинэ байранд ажилчдын амрах байр, чөлөөт цагаа өнгөрүүлэх байр гээд стандартад нийцсэн шинэ барилгатай болж байна” гэв.
Тус барилгыг улсын төсвийн хөрөнгөөр 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьжээ. Гал унтраах зориулалт бүхий дөрвөн автомашины зогсоолтой, ажилчдын өрөө, бялдаржуулах танхим бүхий 1399 м/кв хоёр давхар иж бүрэн цогцолбор юм байна.
Багахангай дүүрэг он гарсаар нийт 17 удаагийн гамшиг ослын дуудлагаар ажиллаж, 12 хүний амь насыг аварч, байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн 13.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг гамшгаас авран хамгаалжээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн