Open iToim app
Ерөнхийлөгч | 3 мин уншина

А.Гансүх: ҮАБЗ-ийн гурван ажилтан ОХУ явсан нь үнэн. Яах гэж явсныг нь хэлэх боломжгүй

А.Гансүх: ҮАБЗ-ийн гурван ажилтан ОХУ явсан нь үнэн. Яах гэж явсныг нь хэлэх боломжгүй
Нийтэлсэн 2021 оны 3 сарын 9
Үндэсний аюулгүй байдлын Нарийн бичгийн дарга А.Гансүх цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл өглөө. Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийн гурван ажилтан Цагаан сарын амралтын өдрүүдээр хил давж, ОХУ-аас 20 сая ам.доллар ачиж ирсэн гэх мэдээллийг "Өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлагч нэгдэл" өнөөдөр дэлгэсэн юм.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр 401-р хаалттай хорих ангид ажиллах үеэрээ ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх эрүүдэн шүүхтэй холбоотой асуудалд холбогдсон байж болзошгүй гэх мэдээлэл хийсэн. Тэгвэл эдгээр асуудалд ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх тайлбар өгөв. 
Тэрээр "Өнөөдрийн зарим сонин, сошиал орчинд ҮАБЗ-ийн албан хаагчид 20 сая ам.доллар оруулж ирсэн мэтээр хуурамч, гүтгэлгийн чанартай мэдээлэл тараалаа. Маш хариуцлагатайгаар хэлье, энэ бол гүтгэлэг бөгөөд хуурамч мэдээлэл. Яагаад ийм мэдээлэл тарааж байгааг мэдэхгүй байна. Бодвол улс төрийн зорилготой байх гэж таамаглаж байна. ҮАБЗ-ийн Ажлын алба бол төрийн тусгай чиг үүргийн байгууллага. Манай албан хаагчид төрийн албаны тангараг өргөхөөс гадна цэргийн тангараг өргөсөн тусгай албан хаагчид байдаг. Энэ албан хаагчид хуулийн дагуу ҮАБ-ыг хамгаалах, Монгол Улсын язгуур эрх  ашгийг хамгаалах үүргээ чин шударгаар, хуулийн хүрээнд нэр төртэй биелүүлж байгаа. Манай албан хаагчид ОХУ-д томилолтоор ажилласан нь үнэн. Агаарын хил хаалттай байгаа учраас машинаар явсан. ҮАБ-ын ажиллагаа далд хэлбэрээр явагддаг. Ямар нэгэн пиар, сурталчилгаа хийдэггүй. Ажлын албаны албан хаагчид албаны тусгай үүрэг биелүүлэхээр ОХУ-ын Улаан-Үдэ хүртэл машинаар яваад буцаад ирсэн. Энэ албан хаагчид хуулийн дагуу УОК-оос бүх төрлийн зөвшөөрлийг нь бичгээр авсан. Ирээд карантинд орсон. Явсан бүх машин гааль, мэргэжлийн хяналтын байгууллагад шалгагдсан. Энэ машинд ямар нэгэн хууль бус мөнгө байгаагүй, байх ч боломжгүй. 
Өнөөдөр үүссэн улс төрийн нөхцөл байдал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хуучин Ерөнхий сайд нарын хооронд үүсээд байгаа улс төрийн зөрчилдөөнтэй нөхцөл байдлын үед ҮАБЗ ийм хууль бус үйл ажиллагаа хийхгүй. Ер нь хийдэг ч үгүй гэдгийг дахин хэлье. Өнөөдөр хил, гааль, ЦЕГ, ТЕГ бүгд Засгийн газрын эрх хэмжээний хүрээнд байгаа байгууллагууд. Энэ байгууллагуудыг даваад их хэмжээний мөнгө оруулж ирэх боломж байхгүй. Ийм тэнэг үйл ажиллагаа ч хийхгүй. Үүнийг хэн хийдэг вэ гэвэл эрх мэдэлтнүүд хийдэг. Миний дурдсан байгууллагуудыг удирдаж байгаа эрх мэдэлтнүүд, улс төрийн хүчин хийдэг. Өнөөдөр улстөржөөгүй үлдсэн ганцхан байгууллага нь ҮАБЗ-ийн Ажлын алба байсан. Тиймээс цаашдаа энэ байгууллагын үйл ажиллагааг битгийн улстөржүүлээч ээ гэж улстөрчдөөс хүсмээр байна" гэлээ.
-Таныг шүүхэд нөлөөлсөн, эрүүдэн шүүх ажиллагаанд оролцсон байж болзошгүй гэх мэдээллийг өчигдөр Ерөнхий сайд хийсэн. Энд ямар тайлбар өгөх вэ?
-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэг заалт орсон байсан. Хэрвээ шүүхийн шүүгч нар хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйл ажиллагаа явуулбал ҮАБЗ-өөр зөвлөмж гарсан тохиолдолд эрхийг түдгэлзүүлэх боломжтой хуулийн заалт байсан. Гэхдээ энэ заалт одоо хүчингүй болсон. Үүнээс өөрөөр ҮАБЗ шүүгчдэд нөлөөлөх боломжгүй байсан. Бидний зүгээс ч шүүгч, шүүхэд нөлөөлөх боломжгүй. 
-Та өмгөөлөгч Б.Баасанцогт гэдэг хүнтэй ямар холбоотой вэ, таних уу?
-Би Баасанцогттой танил. Намайг Зам тээврийн сайд байхад МИАТ-т өмгөөлөгчөөр ажилладаг байсан хүн. Одоо холбоогүй байгаа. 
-ҮАБЗ-ийн албан тушаалтнууд ямар зорилготой хил давж, ОХУ-д очсон юм бэ?
-Хэвлэлд бичсэн гурван ажилтан бол ҮАБЗ-ийн Ажлын албаны ажилчид мөн. Харин ямар ажлаар явсныг нь хэлэх боломжгүй. Энэ бол хамгийн наанадаж манай албаны нууц, цаашлаад төрийн нууцад хамаардаг учраас олон нийтэд мэдээлэхгүй. Нууцын зэрэглэлтэй учраас задалж чадахгүй. Хамгийн гол нь хуулийн дагуу явсан ажил гэдгийг хэлж чадна. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн