Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

Ц.Доржсүрэн: Шээсээрээ амаа зайлж, жин тавих нь нян бактери үржих, буглаа хүндрэх эрсдэлтэй

Ц.Доржсүрэн: Шээсээрээ амаа зайлж, жин тавих нь нян бактери үржих, буглаа хүндрэх эрсдэлтэй
Нийтэлсэн 2022 оны 7 сарын 27
Нэгдүгээр эмнэлгийн Чих, хамар, хоолой судлал, мэс заслын тасгийн Их эмч, Анагаах ухааны магистр Ц.Доржсүрэнтэй сүүлийн үеийн хоолойн өвчлөлд зонхилж буй эмгэгийн талаар ярилцлаа.
-Сүүлийн үеийн чих, хамар, хоолойн тасагт тэр дундаа хоолойн өвчлөлд ямар төрлийн эмгэг зонхилж байна вэ?
-Ковидын хаврын давлагаанаас хойш эмнэлгийн ачаалал огцом нэмэгдэж байна. Ялангуяа чих, хамар, хоолойн асуудалтай хүмүүс ихээр ирэх боллоо. Цаашид ч ихсэх төлөвтэй байна. Сүүлийн үед хоолойн буглаа өвчин огцом нэмэгдэж, орон нутгаас хүнд, маш хүнд ангиллын өвчтөнүүд ирж байна.
-Иргэд буглаа үүсээд байгаагаа хэрхэн мэдэв вэ?
-Амны хөндийгөөс эвгүй үнэр үнэртэх, залгиур хоолойдоо маш их идээт бактери агуулаад олон сар хугацаагаар явчихсан хэрэг. Энэ байдал эцэстээ ойролцоох биеийн эрхтнүүдэд задарч байгаа хэрэг.
-Танай эмнэлэгт хүндэрсэн хүмүүс их ирж байна гэсэн. Тэгвэл буглаа хүндэрч байгааг хэрхэн таньж мэдэх вэ?
-Аман дотор хавдах, эрүү, хүзүү хавдах зэрэг шинжээр илэрнэ. Ингэсэн тохиолдолд битгий жин тавиарай. Амаа элдэв зүйлээр  зайлах бүр ч хэрэггүй. Хавдсан байна гэдэг нь нян бактери нь идэвхтэй байна гэсэн үг. Тиймээс халуун, хүйтэн жин тавих зэрэг нь идэвхжлийг нь өдөөнө. Ингэснээр хүндрэх гол нөхцөл болж байгаа юм.
Эрүү, шүд, хүзүү рүү хавдах шинж илэрвэл буглаа нь зөөлөн эдийн завсраас урссан гэсэн үг. Хүзүүгээр дамжсаар хүзүүний арын зай, урд талын зай, цээжний хөндий, голтын хөдий зэргээр идээ тархаж байна. Бүх биед тархсанаар үжил болон хүндэрч байна. Залгиур хоолойд байсан бактери бүх биед идээ тархах хүртэл хүндрээд байна гэсэн үг.
undefined
-Хоолойд буглаа юунаас болж үүсээд байна вэ?
-Хамгийн гол үндсэн шалтгаан нь хоолой өвдөх асуудал юм. Хоолой өвдөж байна гэдэг бол залгиурын гүйлсэн булчирхай үрэвссэн байна гэсэн. Энэ булчирхай ойрхон, ойрхон зайтай хоолойгоо өвтгөснөөс болж үйл ажиллагаагаа алддаг. Үйл ажиллагаагаа нэгэнт алдсан бол авахуулах ёстой. Учир нь, гаднаас ирж байгаа нян бактерийг хамгаалж чадахгүй нөхцөл нь бүрддэг гэсэн үг. Тийм учраас бид хоолойн мах авах мэс заслыг хийдэг. Зарим хүн хоолойн махаа авахуулах нь буруу гэх ойлголттой байдаг. Хоолойн мах авахуулах заалттай хүн, заалтгүй хүн гэж байдаг. Буглаа зэргийн эрсдэл үүсэх юм бол мэргэжлийн эмч оношилно. Гэвч хүмүүс цахим зөвлөгөө, ам дамжсан яриандаа итгээд хоолойн мах авахуулах нь муу гээд явснаас болж хүндэрч  байна.
-Сүүлийн үед буглаа ихэссэн гэж байсан. Ямар шалтгаан нөхцөлөөс болж ихсэхэд хүрэв?
-Буглааг үүсгэгч нь бактерийн халдвар. Бидний нүдэнд харагдахгүй бүх талбайд бактери бий. Хүмүүсийн дархлаа унасан уу, цаг агаар эрчимжсэн үү гэдэг нь тодорхойгүй боловч буглаагаар хүндэрсэн хүмүүс их ирж байна. Хоолойд нь бугласан идээ хүзүү, цээж рүү орж бүх биеэр нь тархаж хүндрээд байна. 
 Энэ долоо хоногт хүндэрсэн хоёр тохиолдол дараалж орж ирлээ. Энэ бол өндөр үзүүлэлт. Ирж байгаа хүмүүс асуумжид нийтлэг нэг зүйл хариулсан байсан. Хоолой нь олон жил өвдсөн бөгөөд өвдөхөөрөө жин тавих, давстай ус, шээсээрээ зайлж, эм ууж аргацаадаг гэсэн байсан. Өвдөлт намдаах эм уухаар өвдөлтөө мэдрэхгүй болж байгаа болохоос биш өвчин нь алга болохгүй.
Мөн үзэж байгаа хүмүүс бүгд хөдөө орон нутгийнх. Алслагдсан байдал зэргээс шалтгаалан гэрийн нөхцөлд арга хэмжээ их авч байна. Ингэхдээ шээсээрээ хоолойн дээрээ жин тавих, шээсээрээ хоолойгоо зайлах, давстай уусмалаар амаа зайлах зэрэг арга аваад байна. Энэ нь амны хөндий дэх идэвхтэй байгаа нян бактерийг эрчимжүүлнэ, хүндрэх хүчин зүйл ч болж мэднэ.
-Иргэдэд хоолойн эрүүл мэнддээ хэрхэн анхаарч байх тухайд зөвлөгөө өгөхгүй юү?
-Хоолой нь ойр ойрхон өвддөг бол чих, хамар, хоолойн эмчид үзүүлж байх хэрэгтэй. Түүнчлэн ямар нэг өвчний анхдагч шинж тэмдэг илэрсэн л бол хүндрэх нөхцөл олголгүйгээр эмчид хандах хэрэгтэй. Дээрх хавдах, амнаас эвгүй үнэр үнэртэх зэрэг шинж илэрвэл гэрийн нөхцөлд оролдож ямар нэгэн эмчийн зааваргүй үйлдэл хийлгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандаж байхыг зөвлөмөөр байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн