Оюутолгой компани Чингэлтэй дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоонд шаардлагатай байсан хэвлэх үйлдвэрийн машиныг гардуулан өгч, хамтран ажиллах гэрээ байгууллаа. Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо нь гар урлалын чиглэлээр ес дэх жилдээ үйл ажиллагаа байгаа аж. Энэхүү байгууллага нь Оюутолгой компанийн ханган нийлүүлэгч болох тендерийн процессыг амжилттай давж, зах зээлийн судалгаагаараа шалгарсан тул Оюутолгой компанийн үйл ажиллагаанд ашиглагдах даавуун тор, уут нийлүүлэх гэрээг талууд өнөөдөр байгуулсан юм.
Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо нь одоогоор хөгжлийн бэрхшээлтэй найман ажилтантай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд захиалга ихтэй үедээ нэмэлтээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулдаг байна. Өмнө нь даавуун материал дээр үг, үсэг, лого хэвлэх машингүйгээс бизнесээ өргөжүүлэх боломжгүй, энэ төрлийн бизнес эрхэлдэг байгууллагуудаас хэвлэлийн үйлчилгээг худалдан авдаг байжээ. Бизнесээ өргөжүүлэхэд чухал шаардлагатай байсан хэвлэгч машинийг Оюутолгой компаниас санхүүжүүлж, авч өгснөөр үйл ажиллагаа нь өргөжихөөс гадна ажлын байраа хоёр орон тоогоор нэмжээ.
Оюутолгой компанийн Гадаад харилцааны мэргэжилтэн Ё.Лхамаа:
-Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоонд хоёр үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэхээр болоод байна. Энэхүү холбоо нь оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллага бөгөөд өмнө нь хэвлэх машин байхгүйгээс болж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь сайн зарагдаггүй, цаашаа зах зээлээ тэлэхэд хүндрэлтэй байсан. Өндөр хүчин чадалтай лого хэвлэх машинтай болсноор үйл ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломжтой болсон. Бидний дараагийн нэг том хөрөнгө оруулалт бол Оюутолгой компанид цаашид хэрэглэгдэх даавуун торийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос авахаар ханган нийлүүлэлтийн гэрээлээ. Энэхүү хэвлэх машин нь 10 сая гаруй төгрөгийн санхүүжилтээр ирж байгаа. Энэ удаагийн үйл ажиллагаа нь Оюутолгой компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хандаж буй долоо дэх төсөл юм. 2018 онд Оюутолгой компани Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 25-р тусгай дунд сургуульд лифт болон сургалтын хэрэглэгдэхүүн зэрэг олон цогц зүйлийг шийдэж, тэргэнцэртэй хүүхдүүд багш, эцэг эхээрээ өргүүлж биш хүссэн газраа өөрсдөө явах боломжийг бүрдүүлсэн зэрэг олон үйл ажиллагааг явуулж байна.
Монгол Улсад нийт хөгжлийн бэрхшээлтэй 105 мянга орчим иргэн байгаагаас 20 гаруй хувь нь хөдөлмөр эрхэлдэг аж. Энэ төрлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ажилтай, орлоготой байлгах гол хөшүүрэг болж, цаашлаад ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулахад чухал нөлөөтэй гэдгийг Чингэлтэй дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны удирдлагууд онцолсон юм.