М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөллөөМ.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөллөө
Нийтэлсэн 2019 оны 1 сарын 29
УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх тухай УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ. Эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдав. Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын даргыг чөлөөлөхийг дэмжээгүй. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүнээс 43 нь М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөхийг дэмжлээ. Ингэснээр М.Энхболд УИХ-ын даргаас чөлөөлөгдлөө.
УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, үг хэлснийг хүргэе.
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Т.Аюурсайхан намайг эрүүгийн хэрэгт гүтгэх гээд захиалга өгсөн гэсэн зүйл ярьсан. Таныг хэн хүнтгэх гэж захиалга өгсөн бэ. Энэ маш ноцтой ауудал. М.Энхболд захиалга өгсөн юм уу. М.Энхболд даргаа Оюутолгой, Эрдэнэт гээд бүх зүйлийн ард та байгаад байгаа юм уу. Та яаж МАНАН бүлэглэлийн толгойлогч болтлоо дэвшсэн юм бэ. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжээд явж байсан хүмүүс чинь 40-үүлээ эсрэг санал өгөөд яагаад таныг огцор гээд байгаа юм бэ. Үнэнээр огцрох нөхцөл байгаа бол та яагаад огцрох өргөдлөө өгөхгүй байгаа юм бэ?
Т.Аюурсайхан: Манай гэрт төрөөхөмж суурилуулсан, машин машинаар нотлох баримтыг шатаасан
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
-УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Дан ганц УИХ-ын даргыг огцруулах асуудлыг бид тавиагүй. Сүүлийн 20 гаруй жил бүрэлдэн тогтсон тогтолцоог нураах сонирхолтой орд газруудыг эзэмшдэг бүхэл бүтэн схемийг бий болгосон байгаа юм. Урдаа явж байгаа нөхдийг харлуулж гүтгэж байна. Хуулийн байгууллагад шургуулсан гар хөлөөрөө дамжуулж заавал нэг хэрэг ол гэдэг үүрэг өгсөн. Үүнд хариуцлагатайгаар хариулъя. Миний гэрт хүртэл төхөөрөмж суурилуулсан. Энэ асуудал шийдэгдсэний дараа бид комисс байгуулна. Гүйцэтгэх ажиллагааг улстөрчдийн захиалгаар хийдэг. Машин машинаар нь нотлох баримтуудыг шатаасан асуудал ч байна. Энэ бүхнийг ил болгоно. Үүний дараа маш том хариуцлага бий болно. Улстөрчид бие биенийхээ барьцаанд ордог байдлыг өөрчилнө.
-УИХ-ын гишүүн М.Энхболд: Тавантолгойн орд газрыг ашиглах талаар тухайн үеийн УИХ, Засгийн газар тодорхой шийдвэрүүд гаргаж байсан. Энэ төслийг УИХ-д танилцуулахгүй ажил хэрэг болгох гэж байсныг таслан зогсоосон хүн нь би. Тухайн үеийн УИХ-ын дарга дээр орж энэ талаар ярьж, Засгийн газраас энэ төслийг буцаан татаж байсан. Харин энэ Засгийн газрын үнэт цаас гаргах саналыг дэмжиж, асуудлыг шийдвэрлэж байсан. Оюутолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг 2007 онд боловсруулж өргөн барьж байсан. Харамсалтай нь тухайн үеийн УИХ хэлэлцээгүй.
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Тусгай төхөөрөмж тавьсан, ямар ч хамаагүй аргаар эрүүгийн хэрэг үүсгэсэн, машин машин нотлох баримт устгасан гэж байна. Хэн үүнийг хийсэн бэ гэдгийг хэлчих?
-УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: УИХ-аас байгуулах тусгай комиссын шалгалтын үр дүнд ил болгоно. Өнөөдөр энэ асуудлыг дэлгэхэд арай эрт байна. Би амьдрал ахуйгаа хүч хөдөлмөрөөрөө босгосон. Тиймээс ч зоригтой явж байгаа. Би хэнийг ч гүтгэхгүй.
С.Эрдэнэ: Ц.Нямдорж та МАНАН-гийн гол төлөөлөгч шүү
-УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Цаашдаа олонх болсон нам нь хүч түрээд хуульд өөрчлөлт оруулах замаар албан тушаалаас нь огцруулдаг болох уу. Төрийн өндөр албан тушаалтнуудыг огцруулаад байх юм уу. 60 тэрбумын сүлжээ, МАНАН гэж яриад байх юм. Энэ нотлогдсон уу. Хүрэлсүх Ерөнхий сайдын амнаас ч олон удаа гарлаа. 60 тэрбумын схем үнэн бол энэ танхимд сууж байгаа МАН-ын гишүүд бүгд 60 тэрбумын бүтээгдэхүүн. Та нар бүгд огцрооч. Төрийн эрхийг хууль бусаар авсан бүлэглэл энд сууж байгаа ш дээ. Дээр нь Ерөнхий сайдаар удирдуулж ЖДҮХС-аас тэрбум тэрбумаар нь та нар хулгайлсан. Яаж ийм байж шударга ёс ярьж чадаж байна аа. 60 тэрбумаар та өнөөдрийн 65 гишүүнээ гаргаж ирсэн байх. 65 гишүүн бүгд тантай тохирч, дэвшүүлсэн хүмүүс мөн үү. Эсвэл танаас гадуур өөрсдөө дэвшээд гараад ирсэн хүмүүс юм уу. Тухайн үед нэр дэвшигчдээ ямар замаар тодруулсан юм бэ. Хэрвээ 60 тэрбум нь үнэн бол Хууль зүйн сайд Ц.Нямдорж та огцрооч ээ. Та бол МАНАН-гийн гол төлөөлөгч.
-УИХ-ын гишүүн М.Энхболд: Энэ танхимд Ерөнхий прокурор 60 тэрбум хэрэг биш яриа байсан гэдгийг хэлсэн. Үүнийг хууль хяналтын байгууллага нэг бус удаа шалгасан. Одоо ч шалгаж байгаа. Би УИХ-ын танхимд 60 тэрбум гэж яригдаад байгаа асуудлаар нээлттэй ярилцлага хийх санал тавьсан. Энэ танхимд сууж байгаа 64 хүн миний гарын үсгээр нэр дэвшиж энэ танхимд орж ирсэн хүмүүс. Ямар нэгэн мөнгө төгрөг авалгүйгээр хүмүүсээ нэр дэвшүүлсэн юм шүү.
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ямар ч хамаагүй эрүүгийн хэрэг үүсгэх тушаал өгсөн, машин машин нотлох баримт шатаасан гэдэг бол маш ноцтой. Хуулийн байгууллагыг өөрчилье гэдэг зөв. Гэхдээ 23 ЖДҮ-чин гараад хэцүү байна. 60 тэрбумтай тэмцэх гэж байгаа бол та тав тэмцэх хэрэгтэй байна. МАН-ын дансыг шалгуулах хүсэлт өгсөн. Миний хүч хүрэхгүй байна.
-УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: М.Энхболд огцорлоо гээд бүх зүйл сайхан болчихгүй. Нэг хүнд бүх хариуцлагаа хүлээлгэж ард нь өөрсдөө энхийн цагаан тагтаа шиг үлдэнэ гэж байхгүй шүү. Шударга үнэний дүрд тоглож боллоо. Одоо Засгийн газар ажлаа хийгээч ээ. Гадуур болж бүтэж байгаа юм алга. Манай Ерөнхий сайд гуравхан л асуудал ярьдаг хүн. Энэ гурван ажил нь гурвуулаа эхлээгүй. Энэ Засгийн газарт хийсэн, хэрэгжүүлсэн нэг ч ажил байхгүй. Дотроо талцаж хуваагдаад улс төр хийгээд явж байхын оронд УИХ тараад, ээлжит бус сонгууль явуулъя гэдэг саналыг АН тавиад 20-иод хонож байна.
Ж.Мөнхбат: Дараагийн УИХ-ын даргыг МАНАН дотор яваагүй хүнийг сонгох хэрэгтэй шүү
-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Эрх барьж байгаа МАН ард түмнийхээ өмнө амласан амлалтаа яах вэ. 2016 оны сонгуулиар өгсөн амлалтаа биелүүлэх цаг болсон. 60 тэрбумын гэдэг асуудлыг ярьж, ярьж л М.Энхболдыг УИХ-ын даргаас нь огцруулж байна. Энэ схемийг ярьсан, танилцуулсан гэсэн олон хүн байгаа вэ. Хэрвээ энэ үнэн бол МАН энэ схемээр төр барьж байна гэсэн үг. Энд сууж байгаа бүх хүн 60 тэрбумын хам хэрэгтэн болно. Тиймээс цаашдаа үг, яриагаа сайн бодох хэрэгтэй шүү. Дараагийн УИХ-ын даргад МАНАН дотор яваагүй хүнийг сонгох хэрэгтэй шүү. Үнэхээр МАНАН-тай тэмцье гээд байгаа бол дараагийн УИХ-ын даргыг МАНАН дунд байгаагүй хүнийг томилох ёстой шүү.
-УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Нэг хүнтэй хариуцлага тооцно гэхээсээ илүү парламентын төлөвшлийг хэрхэн авч явах вэ гэдэг дээр сургамж болох байх. Парламент бол мэтгэлцээний талбар. Нийгэм эдийн засгийн хөгжлийн асуудлаар ярих ёстой байтал сүүлийн хоёр сар УИХ-ын даргыг огцруулах асуудлыг л ярилаа. УИХ-ын даргыг л огцруулчихвал маргаашаас ард түмний амьдрал сайхан болчихно гэж ярьж байгаадаа хариуцлагатай хандах ёстой шүү. УИХ-ын гишүүн парламентын танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэдгийг би шүүмжилдэг. Ард түмэн гишүүдийн үгийг харж байгаа. Тиймээс өөрөө үг үйлдлийг зөрүүгүй байх хэрэгтэй. Парламент хариуцлагагүй байвал бүх төвшний байгууллагын хариуцлагад нөлөөлнө.
-УИХ-ын гишүүн С.Жавхлан: УИХ анх удаа Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэрэгжүүлж байна. Гэхдээ энэ нийгмийн сайн сайхны төлөө байсан уу, үгүй юү гэдгийг цаг хугацаа харуулна. Яасан ховхорч болдоггүй суудал вэ. Сандал суудлын төлөө УИХ нь бүтэн гурван сар ярилаа. Нэг нэвтрүүлэгчийг огцруулах гэж яасан их юм болдын бэ. Дахиад нэг нэвтрүүлэгч гаргаж ирээд яаж ажиллах вэ. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнийг үнэн дуудаж байна гэж хэлмээр байна.
-УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Монгол Улс буруу замаараа явж байна гэдгийг бүгд мэдэж байгаа байх. Миний хувийн итгэл үнэмшил бол буруу явж байгаа замыг өөрчилж зөв зам руу нь оруулах юмсан. Хууль шүүхийн байгууллагууд хуульд захирагдаж ажилладаг болгох юмсан гэж зүтгэж яваа. Би хэлсэн үг, мэдэгдсэн мэдэгдлээ нэлээд баталгаажуулж байж хэлдэг.
-УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Цаашдаа ард иргэдээ ажлын байртай болгоход ямар бодлого гаргах гээд байгаа юм бэ. ЖДҮХС-гийн зээлийг яамаар дамжуулдаг болсондоо би ард иргэдээсээ уучлал гуйж байна. Уг нь бүгд тэгш эрхтэйгээр бүгд гурван хувийн хүүтэй татвар авдаг болог гэж энэ шийдвэрийг гаргасан юм. Харамсалтай нь дундаас нь албан тушаалтнууд нь авчихна гэж санасангүй.
Ц.Мөнх-Оргил: Монголын улстөрчид нохой зантай болжээ
-УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Улстөрчдөд айхтар муу зуршил байна. Муугаар хэлбэл нохой зан байна. Нийгмэд шийдэх ёстой асуудал байхад үүнийхээ бүх бурууг нэг хүн дээр үрүүлдэг. Энэ зан манай намынханд амь бөх байна. М.Энхболдод алдаа дутагдал байгаа байх. Гэхдээ нэг хүнийг огцруулснаар бидний бүх асуудал шийдэгдэнэ гэдэг худлаа шүү. МАНАН гээд яриад байх юм. Улс төрийн намууд үгсээд, хуйвалдаад яваад байгаатай тэмцэх хэрэгтэй. Харин улс төрийн намууд ойлголцож ажилладаг явдал байгаа шүү. Үүнийг үгүй хийчих вий дээ. УИХ-ын даргын байр суурийн асуудал байна. Манай Үндсэн хуульд энэ хүнийг дэд Ерөнхийлөгчийн хэмжээнд эрх мэдэл өгчихсөн. Тиймээс Үндсэн хуульдаа өөрчлөлт хийж чаддаггүй юмаа гэхэд ганц нэг хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байна.