Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Хойд Солонгос стратегийн шинэ пуужингийн туршилтаа амжилттай хийлээ

Хойд Солонгос стратегийн шинэ пуужингийн туршилтаа амжилттай хийлээ
Нийтэлсэн 2021 оны 9 сарын 13
Өмнөд Солонгос улс өнгөрөгч долоо хоногт түүхэндээ анх удаа шумбагч хөлөг онгоцноос “SLBM” баллистик пуужин амжилттай туршиж, стратегийн зэвсэглэлээр Хойд Солонгостой зэрэгцэн ирсэн.  
Тэгвэл Хойд Солонгосын Батлан хамгаалахын шинжлэх ухааны академи өнгөрөгч амралтын өдрүүдэд алсын тусгалтай стратегийн шинэ далавчит пуужинг амжилттай туршсан талаар тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээллээ. Хойд Солонгосын шинэ зэвсэг 1500 километрийн зайд цохилт өгөх чадвартай бөгөөд “KCNA” агентлаг “Энэхүү шинэ зэвсэг нь манай улсын аюулгүй байдлыг баталгаажуулж, Хойд Солонгосын эсрэг дайсагнасан цэргийн маневрыг дарах өөр нэг үр дүнтэй зэвсэг юм” гэж мэдээлсэн юм.  
Харин мэргэжилтнүүдийн хувьд Хойд Солонгосын шинэ далавчит пуужин цөмийн цохилт өгөх хүчин чадалтай байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Хэдий Пёньян далавчит пуужингаар цөмийн цохилт өгөх технологи эзэмшиж байгаа эсэх нь тодорхойгүй ч Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ын энэ оны эхээр цөмийн цохилт өгөх жижиг бөмбөг бүтээх нь тус улсын нэн тэргүүний зорилт гэж мэдэгдэж байв.  
Гэхдээ өмнө нь зөвхөн баллистик пуужинг стратегийн зэвсэглэл гэж тодорхойлдог байсан Хойд Солонгосын төрийн хэвлэл энэ удаад далавчит пуужингийн туршилтыг стратегийн гэж тодотгосон нь мэргэжилтнүүдийг ийнхүү дүгнэлт хийхэд хүргэжээ. Хамгийн сүүлд Пёньян өнгөрөгч гуравдугаар сард ойрын зайн тусгалтай баллистик пуужингийн туршилт явуулсан. Үүнээс өмнө Хойд Солонгос АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байдены тангараг өргөх ёслолоос хэдхэн цагийн дараа далавчит пуужингийн туршилт явуулж байв.
Харин энэ удаагийн туршилт Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Но Кю Дук даваа гаригт Япон улсад айлчилж, АНУ болон Японы төлөөлөгчидтэй Хойд Солонгосын асуудлаар санал солилцохтой зэрэгцэн явагдсан нь ажиглагчдын анхаарлыг татаад байна. Түүнчлэн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И маргааш Өмнөд Солонгост төрийн айлчлал хийж, тус улсын Гадаад хэргийн сайд Чун Эй Юнтай мөн Солонгосын хойгийн асуудлаар хэлэлцэх юм.
Эх сурвалж: Reuters, CNN
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн