Хүний амьдралын хэвшил өөрчлөгдсөнөөс шөнө ажиллах, нойр дутуу явах, нойр хулжих үе байдгаас гадна сүүлийн үед унтахын өмнө гар утасаа оролдох нь түгээмэл болсон билээ. Иймд амьдралын буруу зуршил нойргүйдэлд хэрхэн нөлөөлдөг, нойргүйдэлд хүргэх гол нөхцөл болоод түүнээс хэрхэн сэргийлж болох талаар СЭМҮТ-ийн сэтгэл заслын багийн ахлагч Д.Одончимэгтэй ярилцлаа.
-Нойргүйдэл гэж яг юу болох талаар тайлбарлахгүй юу?
-Нойр нь хүний амьдралын чухал хэрэгцээний нэг юм. Хүн хоногт дунджаар 7-8 цаг унтаж амрахад бие сэтгэлийн таашаал авч өдөр тутмын ажлаа хийх эрч хүчийг олж авдаг. Хувь хүний нас, онцлогоос хамааран нойрсох хугацаа харилцан адилгүй байж болно. Тухайн хүний сэтгэл санааны байдал, бие эрхтний өвчин, орчны нөлөө зэрэг олон хүчин зүйлийн улмаас хүний нойр өөрчлөгдөхөд хүрдэг. Нойрны өөрчлөлт нь эмнэлзүйн олон хэлбэрээр илэрдэг, хүн амын дунд хамгийн түгээмэл тохиолддог эмгэг юм. Нойргүйдэл буюу нойрны хямрал нь хүний унтаж, амрах хэрэгцээ хангагдахгүй, цөөн цагаар унтах, эсвэл унтаад байгаа мөртлөө амарсан мэдрэмж төрөхгүй байх зэрэг олон янзаар илэрдэг. Нойр өөрчлөгдөхөд хүргэх бодитой өвчин үгүй ч сэтгэл санааны тааламжгүй байдлын улмаас нойр хямрахыг органик бус нойрны эмгэг гэж байгаа юм.
-Тухайлбал, нойргүйдлийн эмгэг нь ямар шинж тэмдгээр илэрдэг юм бэ?
-Нойрны хямралын хэд хэдэн эмнэлзүйн хэлбэр байдаг. Үүнд, органик бус нойргүйдэл, нойр хэт хүрэх, унтах болон сэрүүн байх хэмнэл алдагдах, зүүдэн явдалт, шөнийн айдас, хар дарж зүүдлэх, органик бус нойрны бусад эмгэгүүд орно.
Органик бус нойргүйдлийн эмгэгийн үед нойр хулжих, шөнө олон дахин сэрэх, унтсан боловч нойр ханаагүй мэдрэмж төрөхөөс гадна өглөө эрт сэрнэ. Харин нойр хэт хүрэх эмгэгийн үед нойроо дийлэхгүй унтах, өглөө сэрсний дараа нойр бүрэн сэрэхгүй болох, шөнийн цагт хангалттай унтсан боловч үе үе тэсвэрлэшгүй их нойр хүрнэ.
Унтах болон сэрүүн байх хэмнэл алдагдах эмгэгийн үед өдрийн цагаар нойр хүрэх, шөнө оройн цагаар нойр хүрэхгүй болж, нойр солигдоно. Нойр хулжснаас болж өдөр тутмын хэвийн ажиллах чадвар алдагдана. Харин зүүдэн явдалт эмгэгийн үед унтаж байснаа гэнэт босч явах, явах үедээ ямар нэг үйлдэл хийх, гэхдээ шөнө босч явснаа огт мэдэхгүй байна. Мөн шөнийн айдаст эмгэгийн үед шөнө нойрон дунд хүчтэй дуу чимээ сонсож, хүчтэй айдас төрнө. Айдсын улмаас орилж, хашгирна. Босч суух, хүчтэй айдас төрүүлсэн зүйлийн заримыг санана. Хар дарж зүүдлэх эмгэгийн үед нойрон дундаа аймшигтай, айдас түгшүүртэй зүүд зүүдэлнэ. Зүүд маш тод байх учир зүүдээ санана. Сэрснийхээ дараа айж сандарна.
-Нойрны хямрал нь хүний нойрны хэрэгцээ хангагдахгүйгээс үүсдэг гэж хэлсэн. Тэгэхээр нойроо ханасан эсэхийг яаж мэдэх вэ?
-Физиологийн нойроо ханасан эсэхийг юугаар үнэлж болох вэ гэхээр унтаад сэрсний дараа тухайн хүнд дахиад унтмаар санагдвал нойрны хэрэгцээ бүрэн хангагдаагүй байна гэсэн үг. Амарсан мэдрэмж байгаа эсэхийг мэдэх, ажиглах хэрэгтэй. Амарсан мэдрэмж төрөхгүй байх шинж нь хааяа нэг илрэхийг нойрны хямрал гэж ойлгож болохгүй. Унтах тав тухыг бүрдүүлсэн ч нөхцөл байдал хэвээр байвал, дээрх шинж тэмдэгүүд тогтвортой илэрч буйгаар мэдэх боломжтой.
-Нойрны хямралд хүргэх гол шалтгаан нь юу байна вэ?
-Нойрны хямрал нь тухайн өөртөө унтаж, амрах нөхцөлийг хэр бүрдүүлж байгаагаас их хамаарна. Зарим хүмүүс өдөржингөө юм идэхгүй хоосон явж байгаад орой хэт их идэх эсвэл цай, кофе уугаад унтах нь нойр сэргэх нөхцөл болж байдаг. Иймд нойр хэвийн байхад амьдралын хэв маяг маш чухал гэсэг үг. Мөн бухимдал болон биеийн өвчний үед нойрны өөрчлөлт элбэг тохиолдоно. Тухайлбал, бие махбодын хүчин зүйлс буюу зүрх судас, үе мөчний өвчнүүд шалтгаалж болно. Харин сэтгэлзүйн хувьд уурлаж бухимдах, айдас төрөх, сэтгэл гутрах, сэтгэл түгших, уй гашуу тохиолдох нь нойр хямрахад хүргэдэг. Үүнээс гадна коффейн агуулсан цай, кофе уух, хар тамхи татах, архи уух, ажлын хэв маяг өөрчлөгдөх /шөнийн ээлжийн ажил/ буюу амьдралын хэвшлээс шалтгаалдаг. Мөн хүрээлэн буй орчны хэт их дуу чимээ, агаарын температураас шалтгаалан нойр хямарч болдог.
-Зарим хүмүүс янз бүрийн нөхцөл байдлаас нойр дутуу явах нь байдаг. Тэгэхээр нойр дутуу байх нь хүний эрүүл мэнд, сэтгэцэд хэрхэн нөлөөлдөг юм бэ?
-Хангалттай амарч чадахгүй бол амьдралын өдөр тутам гаргадаг амжилт бүтээл буурна. Учир нь хүний тархи өдөр нь ажиллаад шөнө амарч, маргааш нь ажиллах эрч хүчээ авах ёстой. Шөнө нь тархи амарч чадахгүй бол сэтгэл хөдлөлөө зохицуулахад асуудал үүсч, бие махбодод сульдалын шинж мэдрэгдэнэ. Тухайлбал, чих шуугих, нүд бүрэлзэх, анхаарал төвлөрөхгүй байх, уурлаж бухимдан сэтгэлийн хөдөлгөөн сөрөг болж, ачаалал даахаа болино. Энэ нь нойрны хямралын шалтгаантай сэтгэл хөдлөлийн өөрчлөлт илэрч байгаа гэсэн үг.
Харин удаан хугацаагаар нойр дутуу явбал архаг ядаргаанд орно. Архаг ядаргаа гэдэг нь мэдрэл сульдалын шинж юм. Тархи амарч чадахгүйгээс сульдаж ядрах, ажлын ачаалал даах чадвар буурах, анхаарал төвлөрөл буурах, гэрэл дуу чимээнд дургүй болох гэх мэт шинж тэмдгүүд гарч ирж байгаа гэсэн үг. Үүнээс гадна ялгүй зүйлд уурлаж уцаарлах, аливаа зүйлд хандах идэвх сонирхол буурна.
-Унтахын өмнө гар утас, таблет ширтэх нь нойрны хямралд нөлөөлөх үү?
-Тухайн үед нойр хүрэхгүй байгаа юм шиг хэрнээ унтах цагтаа унтаагүй бол маргааш нь ажлын бүтээмж муудаж, тайван биш болно. Үүнээс гадна сошиал орчноос авч байгаа мэдээлэл нь хүний сэтгэл хөдлөлд шууд нөлөөлдөг мэдээллийг хараад зүгээр нэг өнгөрдөггүй, бухимдал эсвэл санаа зовнил ч юм уу, сэтгэл хөдлөлийн талаас таагүй мэдрэмжүүд бий болдог. Мөн тархинд маш их ачаалал өгч, бие сульдах, үүнтэй холбоотойгоор ямар нэг зовуур илэрч болох юм. Тухайлбал, чих шуугих, толгой өвдөх, анхаарал төвлөрөл суларч болно.
-Тэгвэл унтахдаа дуу сонсох нь адилхан нөлөө үзүүлэх үү?
-Унтахдаа дуу сонсох нь тийм ч оновчтой арга биш. Хүний тархи нам гүм орчинд амарч байдаг. Хэрвээ дуу сонсмоор байвал унтахаас өмнө тухайн хүнийг тайвшруулдаг, таатай мэдрэмж төрүүлдэг ая сонсож болох юм.
-Өдөр унтахад тархи хэр амардаг вэ?
-Өдөр унтах нь амралт болж чадна. Гэхдээ өдөр унтвал бага цагаар унтах хэрэгтэй. Учир нь өдөр олон цагаар унтвал шөнө нь унтаж чадахгүй.
-Зарим хүмүүс нойр хүрэхгүй байна гээд харшлын эм уудаг. Энэ ер нь зөв үү?
-Харшлын эм нь нойрны эм биш байхад гадуур түгээмэл хэрэглэдэг. Үндсэн эмчилгээний зөв тусламж болж чадахгүй. Эмийг дураараа эсвэл мэргэжлийн бус хүний хэлснээр уух нь олон сөрөг үр дагавартай. Тухайлбал, зарим тайвшруулах бүлгийн нойрны эмийг замбараагүй хэрэглэх нь дасал үүсгэх сөрөг үр дагавартай. Эмчийн заавраар л эмчилгээ хийлгэх нь чухал.
-Нойргүйдлээс хэрхэн сэргийлэх вэ?
-Тодорхой нэг цагт унтах, нэг цагт босч байх, орой болгон биеийн булчингаа суллах дасгал хийж сурах, урд шөнө нь муу унтсан ч гэсэн унтдаг цагтаа унтаж хэвших, унтахад тааламжтай орчныг бүрдүүлэх, унтахын өмнө тааламжгүй мэдээлэл сонсохгүй, аймшгийн кино үзэхгүй байх хэрэгтэй. Мөн унтахын өмнө архи, кофе хэрэглэхгүй байх, унтахын өмнө биеийн тамирын хүнд дасгал хийхгүй байх, амралтын өдрүүдэд хэт их унтахгүй байх, аль болох нойрсуулах, тайвшруулах эм хэрэглэхгүй байх, орондоо орж унтахаар хэвтээд 20 минутын дотор унтахгүй бол босч, нойр хүрэх хүртэл хийх дуртай зүйлээ хийж болно. Гэхдээ нойр сэргээх биш, тухайн зүйлээсээ тайвшрал авах зүйлд илүү анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.
Амьдралын зөв дадал зуршлыг бий болгох хэрэгтэй. Ажил амралтаа сайн зохицуулж сурах, өөртөө амралт гаргаж сурах хэрэгтэй. Мөн хөдөлгөөн их чухал. Стрессээ даван туулах өөрийн гэсэн аргуудыг эзэмших, үүнийг даван туулах аргыг эзэмших хэрэгтэй. Стресс тайлах өөрт тохирох аргыг эзэмших нь чухал. Хэн нэгэнтээ ярилцаад сэтгэл нь онгойдог бол ярилцах, боломжгүй бол стресс тайлахад хэрэглэдэг дасгалуудыг хийх, тэмдэглэл бичиж болно. Ингээд өөрийн гэсэн арга хэмжээг аваад ч болохгүй бол мэргэжлийн эмчид хандаарай.
-Нойрны хямралыг эмчлэх үр дүнтэй эмчилгээ нь юу вэ?
-Манай практикт нойрны хямралыг эмчлэхэд сэтгэл засал эмчилгээ их чухал. Гэхдээ нойрны хямралыг эмчлэхэд эхлээд нойргүйдэлд хүргэж буй шалтгааныг тодорхойлох хэрэгтэй. Ингээд нойргүйдэлд хүргэж буй шалтгааны эсрэг арга хэмжээ тухайлбал, биеийн өвдөлт зовиуртай байгаа бол биеийн эмгэгийг эмчлэх, стрессийн шалтгаантай бол сэтгэлзүйн зөвлөгөө, сэтгэл засал эмчилгээ хэрэгтэй. Тайвшруулах амьсгалын дасгал хийхээс гадна, тоо тоолох дасгал хийж болно.