Open iToim app
Нийгэм | 6 мин уншина

Хүүхдэд тансаг эд, материал биш, зөвхөн тэднийг сонсдог ээж, аав хэрэгтэй

Хүүхдэд тансаг эд, материал биш, зөвхөн тэднийг сонсдог ээж, аав хэрэгтэй
Нийтэлсэн 2019 оны 5 сарын 31
Нэгэн өдөр бусдын адилаар пизза авахаар дэлгүүрт оочерлож байлаа. Тэр үед ахлах, дунд ангийн гэмээр охид урд оочерлож байсан юм. Тэдний яриа сурвалжлагч миний анхаарлыг татав. Охидын нэг нь “танай аав, ээж чатыг чинь шалгаж байна уу” хэмээн асуухад зарим нь “шалгадаггүй шүү дээ” гэв. Харин нэг охин “Манай аав, ээж байнга шалгадаг учраас би чатаа устгах гэж бөөн юм болдог, ёстой ядаргаатай байдаг” хэмээн хариулав. Тэгсэн нөгөө охид “ёоо наадах чинь бол үнэн гамшиг шүү. Яагаад шалгаадаг байна аа, бидний нууц ш дээ” зэргээр элдэв зүйлийг ярилцан хөөрөлдөв. Сүүлийн үед эцэг, эх, хүүхдүүдийн дунд амьд харьцаа байхгүй, асуудлаа ярилцдаггүй, бүгд орой гэртээ ирээд гар утсаа ширтэж, дэлгэцийн хамааралтай болж байна. Эцэг эх нь хүүхдэдээ анхаарч байна гээд гар утсыг нь шалгаад орхидог бол тэдний харилцаа улам хөндийрөх магадлалтайг сэтгэл судлаачид хэлдэг. Тиймээс эцэг эх, хүүхдийн харилцаа яагаад чухал, хүүхдүүд эцэг эхээсээ ямар харилцааг хүсдэг талаар  хөндөж бичихийг зорилоо. 
Хүүхэд бол өөрийн гэсэн орон зайтай, маш том ертөнц
Эцэг, эхчүүд үр хүүхдээ юугаар ч дутаахгүй гэсэндээ ухаалаг утаснаас эхлээд энэ тэрийг авч өгдөг. Ингэхээс ч өөр арга байхгүй. Хүүхдүүдийг үеийн нөхдөөс нь дутаавал ялгаварлан гадуурхахаас эхлээд олон асуудал үүснэ. Хүүхэд дутуугаа нөхөх гэж гэмт хэрэгт холбогдох нь  элбэг байдаг. Хамгийн гол нь эцэг, эхчүүд амьдрахын төлөө ажил, ажил гэж явсаар үр хүүхдээ үл хайхардаг асуудал байгаа юм. Хүүхдүүдээ гаднаас нь харахад эрүүл саруул байвал хоол, хувцас, хичээлийн хэрэглэлийг нь хангаад л болоо. Тэгээд анхаарал тавихаараа гэнэт л “хөөе чи яав, ийв” гээд зандарсан, захирсан аясаар байцаадаг болохыг сэтгэл судлаачид хэлдэг. Ийм байдлаар хүүхдэдээ итгэл төрүүлээгүй байж, “миний хүүхэд учраас би өөрөө мэднэ” гэх ойлголтоор өмчилж, албадсан харилцаатай байхаар хүүхэд асуудлаа нуух нь тодорхой юм шиг. Гэтэл хүүхэд бол өөрийн гэсэн орон зайтай, маш том ертөнц шүү дээ.
Эцэг, эхчүүд хүүхдээ үл хайхарснаас хүүхэд гэмт хэргийн хохирогч болдог
Хүүхдээ үл хайхарснаас хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цагдаагийн байгууллагад нэлээд бүртгэгддэг байгаа юм. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Болормаа хэлэхдээ “Сүүлийн үеийн хүчирхийллийн хамгийн ноцтой хэлбэр нь хүүхдээ үл хайхрах болоод байна. Эцэг, эхчүүд зөвхөн хүүхдийнхээ анхдагч хэрэгцээ буюу хоол, хувцас зэргийг нь бэлдэж өгдөг. Түүний цаана орших амьд харилцааг үүсгэдэггүй. Хүүхдээ тэжээхийн тулд цаг наргүй ажилладаг, завгүй гэдгээрээ л далайлгадаг байх жишээтэй. Эцэг, эхчүүд хүүхдээ үл хайхрах хүчирхийллийг өөрсдөө анзаарахгүйгээр үйлдэж байна. Үүний улмаас хүүхэд ганцаардалд орж байгаа юм. Цаашлаад эцэг, эхтэйгээ ярилцаж зөвлөгөө, зөв ойлголт авахгүйгээс цахим орчноос мэдээлэл авдаг. Ингэхдээ хэн нэгнээс сөрөг мэдээлэл авч, түүнийгээ даган дуурайх, уруу татагдах эсвэл найз нөхдөөсөө зөвлөгөө авдаг байгаа юм. Гэтэл найз нөхөд нь зөв шийдвэр гаргах төвшний хангалтай насанд хүрээгүй учраас ямар ч зөвлөгөөг найздаа өгч болно. Үүнтэй холбоотойгоор хүүхдүүд ганцаардаж, харилцан ярилцах хүн байхгүйгээс болж, цахим орчинд үл таних хүнтэй харьцаж, бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдолд нэлээд бүртгэгдэж байна” гэж ярьсан юм.
Сургуулийн орчинд сэтгэл зүйч ажиллах хэрэгтэй
Ингээд бид эцэг, эхчүүд хүүхдэдээ ямар үед цаг гаргадаг, хэрхэн ярилцдаг талаар ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн зарим сурагчидтай уулзаж ярилцсан юм. Ярилцлага өгсөн сурагчдынхаа сургуулийг тодорхой бичихээс татгалзав. Дийлэнх хүүхдүүд “ээж, аав ажил ихтэй байдаг. Ажлаа тараад ярилцах гэхээр зурагт үзэж, утсаа оролддог. Эсвэл ярилцахдаа шууд буруутгах аястай байдаг” хэмээн ярьж байсан юм.  
Сурагч Э.Бямбадулам: Хүүхдийг байнга шалгаагаад байхаар залхаж эхэлдэг
-Ямар нэг асуудал тулгарахад ээж, аавтайгаа ярилцдаг уу. Ер нь ээж, аавтайгаа хэр ярилцдаг вэ?
-Стресстэй үед аав, ээжтэй ярилцахад хүндрэлтэй байдаг. Тэд ихэвчлэн ажилтай, завгүй байдаг учраас ярилцах бололцоо тэр бүр байдаггүй. Тийм учраас заримдаа найзуудтайгаа ярилцдаг. Зарим найзууд хэлсэн үгийг маань цааш нь тараадаг учраас итгэх аргагүй. Тиймээс зарим үед асуудлаа дотроо хадгалдаг. Гэхдээ асуудлаа дотроо хадгалсаар байгаад эргэн тойрныхоо хүмүүст шалтгаангүйгээр уурлачих гээд байдаг. Сэтгэлээ уудалж ярилцах хүнгүй учраас хааяа өөртөө гомдоно. Заримдаа сэтгэл зүйч үгүйлэгддэг. Сургуулийн орчинд сэтгэл зүйч ажиллах нь чухал юм шиг санагддаг.
-Аав, ээж нар хүүхдүүдтэйгээ ямар байдлаар ярилцаж, цаг гаргаасай гэж хүсдэг вэ?
-Хүүхдийг байнга шалгаагаад байхаар залхаж эхэлдэг. Гол асуудлаа ярихгүй цааш нуудаг. Тийм учраас зөв үед нь захирангуй биш, эвээр асуух хэрэгтэй. Хамтдаа хооллож байх үедээ ч юм уу, аль болох зөв талаас нь асууж баймаар санагддаг. Шууд тулгахаар бид асуудлаа хэлдэггүй. Улам дотогшоо нуудаг. Ер нь албадаж асуухаар буруу зүйл ярьчих юм санагдаад нуугаад үлдэх тохиолдол байдаг. Хүүхдүүд ээж, аавтайгаа дотно орчин бүрдүүлсэн цагт аав, ээж нар ярилцвал зүгээр байдаг.  
Мөн сурагч А.Номуун: Хүүхэд асуугаад ирэх үед нь хойшлуулалгүй ярилцдаг баймаар байна
-Ээж, аав нь та нарт хэр цаг гаргадаг вэ. Та нартай ямар үед ярилцдаг вэ?
-Ярилцах нь ховор. Ихэвчлэн амралтын өдөр л гэр бүлээрээ уулзах боломжтой байдаг. Тэр өдрүүдэд гэрийнхээ хамаг ажлыг хийгээд цаг гаргахгүй байх үе байна. Хамгийн гол нь бүгд зурагтын ард суух үед ярилцах боломжтой болж эхэлдэг. Гэхдээ тэр үед утсаараа оролдоод ярилцах нь өнгөрдөг.
-Дотно асуудлаа хэнтэй ярилцдаг вэ?
-Уг нь асуудлаа ээж, аавдаа ярихыг илүү эрмэлздэг. Найзууд маань ойлгодоггүй. Тэд сонссон ч өөрсдийн бодлоо тулгадаг. Гэтэл ээж, аав ажил ихтэй байдаг учраас бараг уулзалддаггүй. Орой унтахаас өмнө ээжтэйгээ ганц, хоёрхон үг солих гэхээр ээж дараа гээд хойшлуулдаг.
-Ээж, аав нар хүүхдүүдтэйгээ ямар байдлаар ярилцаасай гэж хүсдэг вэ?
-Хүүхэд нь юм асууж, яриад ирэх үед нь л ярилцах нь зүгээр байдаг. Хойшлуулахгүй байх хэрэгтэй.
Хүүхдүүдийн яриаг сонсож байхад эцэг, эхчүүд бид ажил ажил гэсээр хүүхэд гэдэг том ертөнцдөө хангалттай анхаарал тавьж чадахгүй, тэднийхээ сэтгэлийг гэмтээж, сэвтээж байгаагаа өөрсдөө ч анзаардаггүй өнгөрдөг юм шиг санагдаж байсан юм.
Т.Хонгорзул: Хүүхэдтэйгээ ярилцахдаа анхаарлаа хандуулж, ярьж байгаа зүйлийг нь таслахгүй сонс
Үүний дараагаар "Focus on the Family Mongolia" байгууллагын тэргүүн, клиник сэтгэл зүйч Т. Хонгорзултай эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ яаж ярилцах нь зөв зүйтэй байдаг талаар ярилцсан юм. Тэрээр “Хүүхэд аав, ээждээ ямар нэг зүйлийг хэлэх гээд ирэх үед нь анхаарлаа хандуулж, тухайн зүйлийнх нь талаар ярилцах ёстой. Тухайн хүүхдийг сонирхож байна, сонсч байгаа нь хайрлагдаж буй мэдрэмжийг өгч байдаг. Хүүхэд манай аав, ээжийн хувьд ажил нь чухалд тооцогддог гэдэг ойлголтыг авахаараа үл хайхрагдсан мэдрэмжийг авч байдаг. Мөн сүүлийн үед нийгмийн сүлжээ, дэлгэцийн хэт хэрэглээ нь бие биендээ үл хайхрах мэдрэмжийг маш их өгч байгаа. Бие биетэйгээ харилцаж, ойлголцолгүйгээр дэлгэцэд анхаарал хандуулж байгаа нь миний хувьд чи чухал биш. Энэ чухал гэдэг сэдлийг өгч байна гэсэн үг. Тэгэхээр ярилцах хүндээ анхаарлаа хандуулж, ярьж байгаа зүйлийг нь таслахгүй сонсож, ойлгож байгаа гэсэн хариу үйлдлийг харуулах нь маш чухал” болохыг хэлж байсан юм.
Эцэг, эхчүүд бид зурагт үзэж, ухаалаг утсаа хүүхдийнхээ нүдэн дээр маажиж суухдаа тэднийхээ итгэлийг хэмлэж, урмыг нь хугалж байдаг юм байна шүү.
Энэхүү сурвалжлагыг бэлтгэж байх явцад эцэг, эхчүүд хүүхдэдээ үнэтэй гар утас, ганган дэгжин хувцас авч өгч, өндөр төлбөртэй сургуульд сургахаас илүү тэдэнтэй ярилцдаг, тэднийг сонсдог, тэдний хүүхэд насыг нь хүүхдээр нь өнгөрүүлдэг байх нь илүү чухал болохыг дахин дахин хэлмээр санагдаж байсан юм. Иймд эцэг, эхчүүдээ хүүхдийнхээ өмнө зөв тусгал нь болж, зөвхөн хүүхдээ л сонсдог, тэдэнтэй цаг гарган ярилцдаг байхыг уриалмаар байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн