Open iToim app
Спорт | 7 мин уншина

Б.Буджаргал: Би улсынхаа нэрийг гаргаж байгаагаараа үргэлж бахархдаг, харин улс маань намайг тоодоггүй

Б.Буджаргал: Би улсынхаа нэрийг гаргаж байгаагаараа үргэлж бахархдаг, харин улс маань намайг тоодоггүй
Нийтэлсэн 2020 оны 9 сарын 28
Тайландын Чиангмай хотод зохион байгуулагдсан 12 цагийн гүйлтийн тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлсэн Б.Буджаргалтай ярилцлаа. Тэрээр өмнө хэт холын зайн буюу зургаа болон арван өдрийн гүйлтийн тэмцээнд дөрвөн удаа түрүүлж, Дэлхийн аварга болж байсан юм.
-Сайн байна уу. Тайланд улсад болсон 12 цагийн гүйлтийн тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе. Та гүйлтээр хичээллээд хэдэн жил болж байгаа вэ?
-Би олон өдрийн гүйлтийн тамирчин хүн. Олон өдрийн гүйлтээр хичээллээд арав гаруй жил болж байна. Ер нь бол гүйлтийн спортоор хичээллээд 10 гаруй жил болж байгаа. Өмнөговь аймагт арван жилийн хүүхэд байхдаа л гүйдэг байсан. Түүнээс хойш гүйлтээ ахиулсаар 2008 оноос хойш олон удаагийн гүйлтээр хичээллэж эхэлсэн. Хамгийн анх 2008 онд Улаанбаатараас Бээжин хүртэл 1500 км газар нэг сар гүйж байсан. Тэр цагаас хойш олон өдрийн гүйлтээр хичээллэх болсон. 2014 онд Нью Йоркт хамгийн анхныхаа тэмцээнд орж байсан. Тэгээд үүнээс хойш нийт 10 тэмцээнд оролцож, таван удаа дэлхийн аварга болж байсан.
-12 цагийн турш тасралтгүй гүйнэ гэдэг маш их тэвчээр, хатуужил шаардана шүү дээ. Тухайн тэмцээний үеэр ямар хүндрэл бэрхшээл тулгарч байсан вэ?
-12 цагийн гүйлтийн өдөр усан бороотой байсан учир гүйхэд хэцүү байсан. Үүнээс гадна өгсүүр, уруу замтай байсан нь илүү хүндрэлтэй байсан. 12 цагийн гүйлт нь миний гүйдэг зай биш, би 1000 км зайд гүйдэг. 1000 км зайд олон хоног ямар ч амралтгүй гүйдэг хүний хувьд 125 км зайд 12 цагийн хугацаанд гүйх нь өөр байдаг учир төрлөөс хамаараад хүндрэлтэй байсан. Хүмүүс гүйдэг л бол ойр, хол хамаагүй гэдэг гэж буруу ойлгодог. Жишээ нь 100 метрт гүйдэг Усэйн Болт марафонд гүйж чадахгүй. Харин марафонд гүйдэг хүн 100 метрийн гүйлдэт оролцон Усэйн Болттой уралдаж чадахгүй шүү дээ. Тийм учраас төрөл болон бэлтгэл сургуулилтаас хамаараад амжилттай оролцох эсэх нь их шалтгаална. Тэгэхээр миний хувьд 12 цагийн гүйлтэд аварга болох үндэслэл байхгүй байсан ч өөрийгөө шахаж, хурдаа нэмж гүйсэн. Хоёрт орсон хүнээс 20 км-ын өмнө байранд орсон. Тус тэмцээнд маш олон орны 400 гаруй тамирчин оролцсон.
-Гүйлтийн маш өлөн төрөл байдаг. Яагаад холын зайн гүйлтээр хичээллэх болсон вэ?
-Олон өдрийн гүйлтээр хичээллэх нь миний бие организм, сэтгэл санаанд маш их таарч байсан. Тийм болохоор өөрийн эрхгүй олон өдрийн гүйлтээр хичээллэх болсон. Анх 800, 1500 метрт гүйдэг тамирчин хүүхэд байсан. Сүүлдээ марафонд 42 км зайд гүйдэг болоод, дараа нь 24 цагийн гүйлтэд гүйдэг болсон. Ингээд гүйлтийн зайгаа ахиулсаар байгаад зургаа болон арван өдөр тасралтгүй гүйдэг болж, амжилтаа ахиулсаар байна. Цаашдаа дэлхийн хамгийн олон өдрийн гүйлт болох 5000 метрийн гүйлтийн тэмцээнд оролцох сонирхолтой байгаа.
-Энэ спортын хамгийн сайхан нь юу. Танд ямар мэдрэмжийг өгдөг вэ?
-Олон өдрийн гүйлтээр гүйж байхад маш олон төрлийн мэдрэмжүүдийг авдаг. Олон өдөр тасралтгүй гүйх нь өөрөө нэг төрлийн бясалгал. Олон хоног гүйгээд ирэхэд сэтгэл санаа болон биед маш сайн төвлөрөл явагдсан байдаг учир энэ нь нэг төрлийн бясалгал болдог. Шинжлэх ухааны үүднээс тайлбарлахад гүйхэд хүний бие дэх цусны эргэлт сайжирч, тархинд очих цусан хангамж сайжраад ирэхээр бодох, сэтгэх чадвар сайн болдог. Мөн гүйж байх явцад аз жаргалын гормонууд маш их ялгаруулж тайвшралыг авчирдаг. Гүйх үед хүний бие маш их эрчим хүч ялгаруулдаг. Тэрхүү эрчим хүч нь байгалийн эрчим хүчтэйгээ нэгдэж тухайн хүнийг бясалгал хийх төвшинд оруулдаг. Арав хоногийн гүйлт байлаа гэж бодоход тав дахь хоногоос эхлэн энэ мэдрэмжүүдийг авдаг. Анх надад тийм зүйл тохиолдоход би маш их гайхаж бясалгал хийдэг мэргэжлийн багш нараас асуухад маш өндөр төвшинд очсон бясалгал гэж хэлсэн.
-Та өмнө нь 6-10 хоногийн гүйлтийн тэмцээнд дөрвөн удаа түрүүлж, дэлхийн аварга болж байсан. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Хамгийн анх 2014 онд зургаа хоногийн гүйлтэд гүйж байсан. Анх оролцож байсан учраас туршлагагүй, Монгол Улсын хамгийн анхны оролцогч болон ганцаараа Нью-Йорк руу явж байлаа. Ганцаараа явсан учраас хажууд тусалж дэмжих хүн байхгүй, хэлийг нь мэдэхгүй гэх мэт бэрхшээлүүд их байсан. Тэгэхдээ ямар ч байсан тэмцээндээ амжилттай оролцож 485 км гүйж тавдугаар байр эзэлж байсан. Түүнээс хойш жил бүр олон өдрийн гүйлтийн тэмцээнүүдэд оролцож амжилтаа ахиулж ирсэн. Ингээд 2017 онд гурван жилийн дараа  аварга болсон. Тухай үед гүйж байхдаа өөртөө “чамд II дугаар байр гэж байхгүй I дүгээр байр л гэж байгаа. Хэрвээ чи I дүгээр байранд орж чадахгүй бол үх” гэсэн хатуу үгийг өөрийнхөө тархинд кодолсон. Ингээд зүтгэсээр байгаад түрүүлж аварга болсон. Хоёр дахь удаагийн гүйлтэд зургаа хоногт 687 км гүйж аварга болж байсан. Тэр үед маш их ядарсан, ядаргаанаас үүдээд хөл дээр хатиг гарсан байсан учраас маш их зовж байж л аварга болж байсан. Түүнээс хойш өөрчлөлт шинэчлэлт хийж, хооллолт дээрээ анхаарах хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ойлгуулсан. Ингээд хооллолт дээрээ өөрчлөлт оруулж махнаас гарсан. Ер нь судлаад үзэхэд холын зайн гүйлтээр хичээллэж байгаа хүмүүс мах хэрэглэдэггүй. Миний хувьд сүүлийн хоёр жил мах хэрэглээгүй. Мах идэхгүй байхаар бие маш хөнгөрдөг учир гүйхэд таатай байдаг. Махнаас гадна гурил, будаа иддэггүй зөвхөн түүхий жимс, ногоогоор хооллодог. Ингэж хооллох нь амжилтаа ахиулахад маш том тусалж байгаа. 2019 оны арванхоёрдугаар сард Хятад улсад зохион байгуулсан тэмцээнд оролцсон. Тус тэмцээнээр зургаа хоногт 834 км гүйж, хувийн рекордоо шинэчилж, Ази тивийн анхны рекорд тогтоосон байгаа.
Анх зургаа хоногт 485 гүйж байсан бол одоо зургаа хоногт 834 км гүйж байна. Арван хоногийн гүйлтийн тэмцээнд хамгийн анх 2015 онд Нью-Йорк хотод очиж оролцоход 790 км гүйж байсан. Харин одоо арав хоногт 1304 км гүйж байгаа нь амжилт маш сайн ахиж байгааг харуулж байгаа. Жил 100 км-аар амжилтаа ахиулж байгаа учир дэлхийн рекорд маш ойрхон байгаа гэж харж байгаа.
-Маш олон цаг, өдрийн хугацаанд гүйхэд шантрах зүйлс их гарч байсан байх. Тэр бүгдийг хэрхэн даван туулдаг вэ?
-Гүйхэд маш олон төрлийн мэдрэмж өгдөг. Эхний өдөр бол маш хурдан өгнө, хоёр дахь өдрөөс эхлэн ядарч, зовж эхэлдэг. Бүр замаасаа гарч бууж өгье, дахиж хэзээ ч гүйхгүй гэх мэт бодлууд бодогддог. Тэгэхдээ нэгэнт чадна гээд эхлүүлсэн юм чинь бууж өгч болохгүй гэж өөрийгөө хурцалж, урам өгч, өөртөө хүч өгөх зүйлсийг бодож тэмцээнээ дуусгадаг. Ер нь бол энэ спортод сэтгэлийн хаттай хүн л илүү сайн гүйдэг. Биеийн бэлтгэл гэхээс илүү сэтгэл санааны бэлтгэл сайн байх хэрэгтэй. Туранхай байсан ч, булчинтай байсан ч адилхан ядардаг хамгийн гол нь сэтгэлийн тэсвэр хатуужлаараа цаашаа гүйдэг. Энэ нь бусад спортоос ялгарах гол онцлог юм.
Ядарч туйлдсан үедээ заримдаа монгол дуугаа сонсохоор цаанаасаа шинэ хөлтэй болсон юм шиг санагддаг. Тэгэхээр хүн бол сэтгэлийн амьтан.
undefined
-Та 38 настай гэсэн. Холын цайн гүйлтээр хичээллэхэд нас ер нь нөлөөлж байна уу. Цаашдаа хэдэн нас хүртлээ энэ спортоор хичээллэнэ гэж боддог вэ?
-Олон өдрийн гүйлтийн спортоор 30-60 насны хүмүүс хичээллэдэг. Дэлхийн рекорд тогтоодог хүмүүс нь 40-45 настай байдаг. Яагаад гэвэл хүн 35-45  нас хүрээд их тэсвэр хатуужил сууж, өөрийн бодолдоо үнэнч байх чадвар суусан байдаг. Тэгэхээр миний хувьд дөнгөж эхэлж байна. Залуучууд яагаад энэ спортоор хичээллэж амжилт гаргаж чадахгүй байгаа вэ гэхээр залуучууд тэвчээр муутай, сэтгэлийн тэсвэр хат маш муу байдаг. Би 35 насандаа тэмцээнд оролцож хамгийн залуу аварга болж байсан. Одоо надад 20 жил энэ тэмцээнд түрүүлэх болж байна. Би бол энэ спортын залуу тамирчин.
-Гүйлтээр хичээллээд олон улсын тэмцээн уралдаанд оролцож амьдрах хэцүү байх. Санхүүгээ хэрхэн зохицуулдаг вэ?
-Тэмцээн уралдаанд оролцоход зардал их гардаг. Нэг тэмцээнд оролцоход багадаа 20 орчим сая төгрөг шаардагддаг. Ер нь хувийн эмч, дасгалжуулагчтай, мэргэжлийн сэтгэл зүйчтэй орно гэвэл 40 саяас наашгүй. Хувийн сэтгэл зүйч, эмчтэй явбал арай бага зовно. Өнгөрсөн тэмцээнүүдэд нийт 200 гаруй сая төгрөгийн зардал гаргасан байгаа. Энэ нь зөвхөн тэмцээнд оролцох үеийн зардал, харин бэлтгэл сургуулилалтын зардлаа оруулбал 500 сая хүрнэ. Миний хувьд гүйлтийнхээ хажуугаар ажил хийдэггүй учир хүмүүсээс хандив гуйж, тэдгээр хүмүүсийн дэмжлэгээр л тэмцээн уралдаанууддаа орж байна. Намайг дэмжиж тусалдаг бүх хүмүүстээ баярласан гэдгээ хэлмээр байна.
-Таны хувьд олон улсын тэмцээнүүдэд орж улсынхаа нэрийг дуудуулж Монгол Улсын сурталчилж яваа хүн шүү дээ. Таныг улсаас урамшуулдаг уу?
-Миний хувьд улс, орныхоо нэрийг дэлхийд гаргах нь маш чухал үүрэг гэж боддог. Тэмцээнд түрүүлээд улсынхаа нэрийг гаргах хамгийн сайхан, бас их баярлана. Харин улс маань намайг тоодоггүй. Засгийн газар, төрийн байгууллагаас нэг ч удаа дэмжлэг үзүүлж байгаагүй. Миний хувьд тэмцээнд оролцоод амжилт гаргаад ирлээ, дараагийн амжилтаа гаргана тусламж өгөхийг гуйж, ханддаг. Гэвч дандаа төсөв мөнгө байхгүй, зөвхөн олимпын тамирчдаа дэмждэг гэх хариулт өгдөг. Тэгэхээр манай улс олимпд ордоггүй энэ төрлийн спортыг дэмждэггүй нь их харамсалтай санагддаг.
-Таны хамгийн том зорилго бол геннисийн дээд амжилтад бүртгүүлэх гэсэн. Ингэхийн тулд цаашдаа ямар ямар тэмцээнүүдэд оролцож амжилтаа хэрхэн хариулах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Миний төлөвлөж байгаагаар арваннэгдүгээр сарын 16-нд Флорида мужид болох зургаан хоногийн гүйлтийн тэмцээнд оролцоно. Мөн арванхоёрдугаар сарын 28-нд Аризонад болох арав хоногийн гүйлтийн тэмцээнд оролцоно. Он гаргаад Нью-Йорк хотод болох 52 хоног буюу 5000 км-ын дэлхийн хамгийн холын зайн гүйлтийн тэмцээнд оролцоно. Оролцсон тэмцээн бүрдээ түрүүлж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоох зорилготойгоор оролцоно.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн