Open iToim app
Улс төр | 2 мин уншина

С.Чинзориг: Тэтгэврийн зээл 100 тэрбумаар гараагүй. Нэг сарын дотор тэтгэврийн зээл 17 тэрбумаар буурсан

С.Чинзориг: Тэтгэврийн зээл 100 тэрбумаар гараагүй.  Нэг сарын дотор тэтгэврийн зээл 17 тэрбумаар буурсан
Нийтэлсэн 2020 оны 1 сарын 9
Арванхоёрдугаар сард 100 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл олгосон байна гэдэг мэдээллийг өчигдөр байнгын хорооны хуралдаан дээр нэр бүхий гишүүд хэлсэн. Хэрвээ энэ үнэ бол ҮАБЗ-ийн мэдээлэл алдагдаж, мэдээлэлд ойр хүмүүст бусдад давуу байдал олгосон болно. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодрууллаа. 
-Арваннэг, арванхоёрдугаар сард 100 тэрбумын тэтгэврийн зээл олгогдсон байна гэдэг мэдээллийг Их хурлын гишүүд өглөө. Энэ саруудад зээлийн хэмжээ нэмэгдсэн үү?
-ҮАБЗ-ийн зөвлөмж бол нууц зөвлөмж. Засгийн газрын гишүүд арванхоёрдугаар сарын 30-нд мэдсэн. ҮАБЗ-өөс ийм зөвлөмж гаргасан гэдгийг Засгийн газрын хаалттай хуралдаанаар нэг удаа ярьсан. Нууц зөвлөмжийн мэдээлэл гараад түүнээс болоод арваннэг, арванхоёрдугаар сард иргэд олноор тэтгэврийн зээл авсан асуудал байхгүй гэж бодож байна. Арваннэгдүгээр сарын 31-ний байдлаар 775 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл байна гэсэн мэдээ байна. Арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар зээлийн хэмжээ өсөх биш буурсан. Нэг сарын дотор тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдэл 17 тэрбум төгрөгөөр буурсан. Тэгэхээр нууц алдагдаад, мэдээлэлд ойр байгаа хүмүүс бусдад давуу байдал олгоод, их хэмжээний зээл авсан асуудал гарахгүй болов уу. Ер нь жилд дунджаар 45-60 тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээл өгдөг гэсэн судалгаа байдаг. Энэ хэмжээндээ л байгаа гэж бодож байна.
-Зургаан сая төгрөг хүртэлх зээлийг төрөөс тэглэнэ гэж байна. Зургаан саяас дээш зээл авсан хэдэн хүн байна вэ.
-Нийт тэтгэврийн зээл авсан иргэдийн 90.6 хувь нь зургаан саяас доош төгрөгийн зээлтэй байна. Тиймээс нийт иргэддээ тэгш хандъя гэвэл энэ санал зөв гэж бодож байгаа. Зургаан сая төгрөгөөс дээш зээл авсан иргэд 22 орчим мянган хүн байгаа.
-Хамгийн их нь хэдэн төгрөгийн зээл авсан байдаг вэ?
-10 саяас дээш тэтгэврийн зээлтэй иргэд 5000 байгаа юм билээ. Харин 30 сая төгрөгийн зээлтэй нэг хүн байна гэсэн судалгаа бий.
-Зургаан сая төгрөг хүртэлх зээлийг тэглэвэл 776 тэрбум гэдэг багасах уу?
-Бага зэрэг буурна. 50 гаруй тэрбум төгрөгөөр багасна гэсэн үг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн