Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Н.Одонтунгалаг: Ходоод өвдлөө гээд буцалсан халуун уувал цус алдах эрсдэлтэй

Н.Одонтунгалаг: Ходоод өвдлөө гээд буцалсан халуун уувал цус алдах эрсдэлтэй
Нийтэлсэн 2018 оны 4 сарын 17
Ходоод яагаад өвддөг, тухайн үед ямар арга хэмжээ авах, ходоод өвдөхөөс хэрхэн сэргийлж болох талаар Улсын нэгдүгээр төв эмнэлийн Гастроэнтерологийн эмч Н.Одонтунгалагтай ярилцлаа.
-Ходоод өвдөх гол шалтгаан нь юу  юм бэ. Сүүлийн үед хүмүүс хүүхдэдээ ч янз бүрийн амттан авч өгнө, өөрсдөө ч дуртайгаа идэж, хэрэглэдэг болсон. Тэгэхээр хүний хоол хүнсний хэрэглээнээс ходоодны өвчлөл хамаарч байна уу?
-Ходоодны хурц ба архаг өвчлөлүүд байдаг. Үүнд ходоодны үрэвсэлт өвчин, ходоодны болон 12 хуруу гэдэсний шарх, шархлаат өвчин цаашлаад ходоодны хавдар орно. Эдгээрийг үүсгэж байгаа олон шалтгаан байдгаас голлох нэг шалтгаан нь хоол хүнс юм. Тухайлбал, халдварлагдсан буюу янз бүрийн нян бактериар үүсгэгдсэн, буруу хадгалсан хоол хүнс, тослог, илчлэг ихтэй  хоол хүнс хэрэглэж байгаа нь үүнд нөлөөлж байна. Ялангуяа импортын хүнсний бүтээгдэхүүнд голлож байгаа нь Монгол Улсад хүнсний аюул байдал алдагдсан гэж үзэхээр байгаа юм. Дээрх хүнсний бүтээгдэхүүнүүд нь монгол хэлээр бичигдсэн бүрэн тайлбаргүй, ойлгомжгүй, хадгалах хугацаа, хэрэглэх заавар, хүнсний орц бүхий хаяг, шошгогүй байдгаас зөв хадгалалтын журам алдагдаж, хугацаанд нь хэрэглээгүйгээс нянгаар халдварлагдсан хүнс хэрэглэж дээрх өвчлөлүүд үүсэх шалтгаан болдог.
Ходоодны шарх үүсгэх өөр нэг шалтгаан нь хеликобактерийн халдвар юм. Энэ бактери нь бохирлогдсон хоол хүнс, ахуйн замаар халдварлагддаг ба бохирлогдсон гар, халдвартай хүний алчуур, аяга таваг, бохирлогдсон эд зүйлээр халдвар тархдаг. Хеликобактерийн халдвар нь хүүхэд, залуучуудын дунд 70 орчим хувийн тархалттай байдаг гэсэн тоо судалгаа байдаг. Хеликобактерийн эмчилгээ нь эмчийн заавраар бус эмийн сангийн худалдагч нарын заавраар зөв бус эмчилж байгаа нь нууц биш юм. Ингэж нарийн мэргэжлийн эмчийн тодорхой үечилсэн схемээр зөв эмчлэхгүй, хайнга хяналтгүй ханддагаас ходоодны хавдарт шилжих эрсдэлтэй байдаг. Хорт зуршлын хэрэглээ буюу архи, тамхины, өвчин намдаах эмийн замбараагүй хэрэглээ, стресс дээрх өвчнүүд үүсэх шалтгаан болно.
Мөн хоолны зохисгүй хэрэглээ, таргалалт зэрэг нь улаан хоолой, ходоодны сөөргөөт үрэвсэл үүсгэдэг ба 70 градусаас дээш хэт халуун хоол, цай  хэрэглэж байгаа нь улаан хоолойн үрэвсэлт, шархлаат өвчин цаашлаад монголчуудын хэлдгээр нарийнтах буюу улаан хоолойн хавдар үүсэх үндсэн шалтгаан болдог.
-Хэт халуун цай, хоол идэх нь ходоодонд хэрхэн нөлөөлдөг юм бэ?
-Хэт халуун хоол, цайг хүн амандаа байлгаж чадахгүй учраас улаан хоолой руу шууд орж, улаан хоолойн салст бүрхэвчид халууны буюу химийн гэмтэл, түлэгдлийн улмаас  үрэвсэл, шархлаа, сорвижил нарийсал үүсч болно. Энэ нь цээж хорсох эсвэл халуун юм уухад хөндүүрлэж,  халуу оргиж өвдөх зэрэг шинж тэмдгүүд зовуурь илрэх ба олон удаагийн үрэвсэл, шархлааны улмаас улаан хоолойн салстад аажимдаа эсийн солигдол үүсдэг. Энэ нь хорт хавдрын урьдал өвчин болдог.
-Стресстэй холбоотойгоор ходоод өвддөг. Стресс яагаад ходоодыг өвтгөх нөхцөл болдог юм бол?
-Нойргүйдэл, маш их дарамт, стресс, ажлын хэт ачаалал зэрэг нь  ходоодны салстыг хамгаалах тэнцвэрт байдлыг алдагдуулдаг. Ходоод нь өөрөө хүчлээс хамгаалах тусгай тогтолцоотой. Уг хамгаалах тогтолцооны тэнцвэрт байдал алдагдсаны улмаас ходоодны шарх үүсдэг. Ялангуяа толгойны болон  үе мөчний өвдөлт намдаах эмүүд болох цитромон, индомон, ибупрофен, дикло-денк зэргийг хэт замбараагүй хэрэглээ нь ходоодны хамгаалах салстыг гэмтээж ходоодны шарх, шархлаат өвчинг үүснэ.
Стрессийн шалтгаант  ходоодны өвчлөлийн үед стресс бүхий орчноос тусгаарлах,   тайван орчинд ажиллаж, амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатай.
-Ходоод өвдөж байгаа үед буцалсан халуун болон хүйтэн ус уудаг. Энэ нь зөв үү. Ямар нэг эрсдэл дагуулж болох уу?
-Ходоодны өвдөлт нь үрэвсэл, шарх, шархлаат өвчин, хавдрын аль ч үед өвдөж болно. Ходоодны шарх болон хорт хавдрын улмаас өвдөж байгаа үед буцалсан халуун уувал амь насанд аюултай цус алдах хүндрэл үүсгэнэ. Иймд дур мэдэн өөрсдөө эмчлэхийг хориглоно. Хүйтэн  ус уух нь өвдөлт түр намдаах механик арга хэрэглэж байна гэж ойлгож болох юм.
-Ходоод өвдөж байх үед ямар нэгэн өвчин намдаах эм уух нь байдаг. Ер нь ходоод өвдөж байгаа үед ямар арга хэмжээ авах нь зүйтэй юм бэ?
-Ходоод өвдөхөд хамгийн түрүүнд зөв оношилж, эмчлэхийн тулд ходоод дурандуулах оношилгоо хийлгэх шаардлагатай. Зөв оношилж байж ходоод ямар шалтгаанаар өвдөж байгаа, үрэвсэл, шарх байна уу, хавдар байна уу гэдгээс шалтгаалан зөв эмчлэгдэж, өвчтөн зовуурьгүй болж эдгэрнэ. Мөн хеликобактерийн оношилгоо дээр анхааруулж хэлэхэд  цусны шинжилгээ өгч НР эсрэг бие титрээр   бактерийн хавсарсан антибиотик эмчилгээг дур мэдэн хэрэглэх нь туйлын буруу юм. Ингэснээр эмэнд тэсвэртэй байдал үүсч эмчилгээг улам түвэгтэй болгодог. Хэрэв таны цусанд НР эсрэг бие илэрсэн, танд ходоодны талаас ямар нэг зовуурь илэрч байвал шууд эмчилгээ эхлэхгүй. Заавал оношилгоо хийлгэх шаардлагатай бөгөөд ходоодоо дурандуулж уреазын тест хийлгэх, эсвэл баас болон амьсгалаар НР шинжилгээ өгч тэдгээрт эерэг илэрч байвал эмчилгээ хийгдэнэ гэдгийг анхаарах ёстой.
-Ходоодны өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ. Хувьдаа ямар дэглэм баримтлах ёстой юм бэ?
-Урьдчилан сэргийлэх үзлэгээр жилдээ нэг удаа ходоод дурандуулах оношилгоо хийлгэх шаардлагатай. Стресс ихтэй орчинд ажилладаг, эм тогтмол хэрэглэдэг, хорт дуршилтай, ходоодны талаас ямар нэг зовуурь илэрдэг бол заавал ходоодоо дурандуулж өвчнөө эрт үед нь оношлуулж байх хэрэгтэй.
Зөв хооллолт маш чухал бөгөөд өдөрт 4-5 удаа багавтар хооллох нь таны ходоодыг ачаалалгүй, өвчлөлгүй байлгана.  Завгүй ажлын нөхцөл, ээлжийн ажил зэргээс шалтгаалан гэнэт хэт их идэх, эсвэл хэт өлөн байх зэрэг нь ходоод өвчлүүлэх шалтгаан болно.
-Ярилцсанд баярлалаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн