МАН-ын Хяналтын хороо өчигдөр хуралдаж намын гишүүн Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргажээ. Өнөөдөр Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намаас хассан талаараа МАН-ын Хяналтын хорооноос мэдээлэл хийхээр болсон байна.
МАН-ын дүрэмд гишүүнийг намаас хөөх бус намын гишүүнчлэлээс хасна гэж заасан бөгөөд намын гишүүнчлэлээс хасагдсан хүнд намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй юм байна. С.Мөнхчулууныг намын бодлого, шийдвэрийг эсэргүүцэж, хотын даргад заалнаас нэрээ дэвшүүлж, хотын дарга болох гэж оролдсон гэсэн үндэслэлээр намаас хасах шийдвэр гаргасан бол Ц.Сандуйг "60 тэрбум"-ын хэрэгтэй холбогдуулан намаас хасах шийдвэр гаргажээ.
Дашрамд дурдахад, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар болон НИТХ-ын дарга С.Амарсайхан нар Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчиж, намын бодлогын эсрэг заалнаас нэрээ дэвшүүлж байсан билээ. Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн намын хорооны даргад С.Батболдын нэрийг дэвшүүлэх шийдвэр гаргасан ч Д.Сумъяабазар сайд заалнаас нэрээ дэвшүүлж, нийслэлийн намын хорооны дарга болж байсан бол НИТХ-ын даргад Д.Баярсайханы нэрийг дэвшүүлсэн ч С.Амарсайхан заалнаас нэрээ дэвшүүлж ялалт байгуулж байсан билээ.