Хавдарт өвчин судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн төвийн эмч, АУ-ы магистр Т.Хулантай цус өтгөрөл болоод түүнээс хэрхэн сэргийлэх талаар ярилцлаа.
-Ковидын дараа цус өтгөрөл иргэдийн дунд ихээр тохиолдож байна. Үүнийг цус бүлэгнэлттэй андуурч ойлгох тал ажиглагддаг. Тиймээс ярилцлагаа энэ хоёрын эмнэл зүйн оношийн ялгааг тайлбарлахаас эхэлье?
-Хүний цусны эрхтэн тогтолцоо нь цусны дүрст элемент буюу улаан, цагаан, ялтас эсүүд болон сийвэн гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Цус өтгөрөх гэдэг нь цусны дүрст элементүүд нь ихсэж, шингэн хэсэг буюу сийвэн нь багасаж, эдгээрийн харьцаа алдагдаж, цусны зуурамтгай чанар ихсэхийг хэлдэг. Цусны бүлэгнэлт алдагдах, бүлэн үүсэх гэдэг нь цус өтгөрлөөс тусдаа өөр ойлголт бөгөөд цус бүлэгнэлтийн тогтолцоотой холбоотой юм. Цусны бүлэгнэлт алдагдах нь цусны бүлэгнэлтэд оролцдог ялтас эсүүд ихсэх, багасах эсвэл судасны хана хатуурч, уян чанар нь алдагдах, диаметр нь нарийсах зэргээс шалтгаална. Тухайлбал бүлэн үүснэ гэдэг нь ялтас эсүүд ихсэж, судасны хана хатуурсны улмаас түүгээр урсах цусны урсгал саатсанаар эд эрхтэнд жижиг бүлэнгүүд үүсч бөглөх аюултай.
-Хүний биед хэчнээн хэмжээний цус эргэлддэг вэ, цусны гол үүргийн талаар тайлбарлахгүй юу?
-Хүний биеийн жингийн 6-7 хувийг цус эзэлдэг. Насанд хүрсэн эрэгтэй хүнд таван литр, эмэгтэй хүнд дөрвөн литр цус биеэр нь эргэлддэг. Дүрст элемент болон сийвэнгийн харьцааг гематокрит гэж нэрлэдэг. Энэхүү харьцаанаас цус өтгөрлийн шинжийг баримжаалж болно.
Цус гэдэг бол хүний биеэр урсаж байгаа шингэн эрхтэн бөгөөд биемахбодид хүчилтөрөгчийг тээвэрлэж, бүхий л амин чухал эрхтэнүүдийг хүчилтөрөгчөөр хангах үүрэгтэй эрхтэн юм.
-Уншигчдад цус өтгөрөл гэж юу болохыг онолын түвшинд тайлбарлалаа. Тэгвэл одоо юунаас болж цус өтгөрдөг талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Хамгийн түгээмэл шалтгаан бол амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй. Буруу хооллолт буюу байнга өөх тостой хоол хүнс ихээр хэрэглэх, хийжүүлсэн ундаа, түргэн хоол зэргийг хэтрүүлэн хэрэглэдэг. Мөн хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, архи, тамхины хэрэглээ, чихрийн шижин, таргалалт, хорт хавдар, харшил, халдвар, цусны эмгэгүүд, зүрх судасны эмгэгүүд, дархлаа тогтолцооны эмгэгүүд, бодисын солилцооны эмгэгүүд, төмөр ихсэх, жирэмслэлтээс хамгаалах эмийн хэрэглээ гэх мэтчилэн маш олон шалтгааны улмаас цус өтгөрдөг.
-Цус өтгөрөл даамжирвал ямар эрсдэл үүсэж болох вэ?
-Монголчууд “Нас залуу, цус шингэн” гэж ярьдаг. Энэ нь хүний цус шингэн байх тусмаа залуу, эрүүл байдаг гэдгийг хэлээд байгаа юм шүү дээ. Цус өтгөрснөөр эд, эрхтнүүд хүчилтөрөгчийн дутагдалд орно. Ингэснээр бүхий л эд эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдаж эхэлнэ.
Тухайлбал, тархинд хүчилтөрөгч дутагдсанаар аливааг амархан мартдаг, ойлгоц удаашрах, юм тогтоох чадвар муудах, нойрмоглож, нозоорох, толгой өвдөх, амархан ядрах, эрч хүчгүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Зүрх судасны тогтолцоонд хүчилтөрөгч дутагдсанаар амьсгаадах, зүрхээр өвдөх, даралт ихэсгэдэг. Харин бөөрөнд хүчилтөрөгч дутагдсанаар бөөрний аяганцар, тэвшинцрийн үйл ажиллагаа алдагдаж, үрэвсэл үүсэх, цаашилбал бөөрний дутагдалд орох зэрэг эрсдэлүүд үүснэ.
-Үүнээс болоод гэнэт нас барах эрсдэл байдаг гэж ойлгож болох уу?
-Тийм. Цус өтгөрснөө мэдэхгүй явсаар гэнэт амин чухал эрхтнүүдэд цус хомсдол бий болж, үйл ажиллагаа алдагдаж, цаашилбал зүрхний шигдээс, тархинд цус харвах зэрэг эрсдэлүүд үүсэхэд хүргэж болзошгүй.
-Ковидын нөлөөнөөс үүдэн цус өтгөрөл ихэссэн гэж их ярих болсон. Яг ийм процесс хүний биед явагддаг уу?
-Ковидын дараах хүндрэлүүдээс хамгийн элбэг тохиолдож байгаа нь цус өтгөрөлт гэж яригдах болсон. Ялангуяа архаг хууч буюу суурь өвчтэй, бие сул хүмүүс голдуу өртөж, хүндэрч байна. Угийн архаг хууч өвчтэй байсан суурин дээр цус нь өтгөрснөөр илүү хүндрээд байна гэж ажиглагдаж байна.
-Иргэд цус өтгөрлөөс хэрхэн урьдчилан сэргийлж, цусаа шингэн байлгахад анхаарах вэ?
-Хамгийн түрүүнд дээр дурдсан амьдралын буруу хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Цус шингэлэх хэд хэдэн эмчилгээнүүд байдаг. Тухайлбал цус ханах, цус шүүх, эмийн гэх мэтчилэн эмчилгээнүүд бий. Гэвч бид дур мэдэн цус шингэлэх эмчилгээг зөвлөдөггүй. Заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, оношоо тодруулах хэрэгтэй. Хүн болгоны нас хүйс, удамшил, архаг хууч өвчин, өвчний үе шат, биеийн байдал өөр өөр байдаг шүү дээ. Тийм учраас заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлсний дараа ямар эмчилгээ хийх эсэхийг шийднэ.
-Дасгал хөдөлгөөн хийснээр хүний цус шингэрэх үү, ер нь эмийн бус аргаар хэрхэн цусаа шингэлэх боломжтой вэ?
-Тухайлбал чихрийн шижинтэй хүмүүст хоол болон дасгал хөдөлгөөнийг хослуулснаар цусан дахь сахарын түвшинг бууруулж, зохицуулж болдог. Тэгэхээр зөв зохистой хооллоод дасгал хөдөлгөөнөө тогтмол хийснээр цусан дахь сахарыг задалж, хүний биед хэрэгтэй энерги болгон зарцуулдаг. Ингэснээр цус өтгөрлийн нэг шалтгаан болох цусан дахь сахар шатдаг гэсэн үг.
Бага зэргийн цус өтгөрөлтэй хүн зөв амьдралын хэв маягийг амьдралдаа хэвшүүлснээр цусаа шингэн байлгах боломжтой. Харин цус өтгөрөл нь даамжирсан хүмүүс заавал нарийн мэргэжлийн эмчид хандаж, эмчилгээнд хамрагдах шаардлагатай.
Харин дур мэдэн аспирин зэрэг эмийг эмчийн зааваргүйгээр хэтрүүлэн хэрэглэснээр цусны эмгэгтэй хүмүүс цус алдах, ходоодны шархлаатай хүмүүс шарх нь сэдрэх зэрэг эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй.
-Ярилцлагынхаа төгсгөлд иргэд цусны эрүүл мэнддээ хэрхэн анхаарах хэрэгтэй талаар зөвлөгөө өгөхгүй юү?
-Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, шинжилгээнд тогтмол хамрагдаж байгаарай гэж зөвлөе. Ахимаг настай гэлтгүй залуучууд ч байнга эрүүл мэндээ анхаарч үзлэг, шинжилгээнд хамрагдаж байх хэрэгтэй. Улиралд нэг удаа, бүр боломжгүй бол зургаан сард нэг удаа ч юм уу ядаж л цусны дэлгэрэнгүй, биохими, бүлэгнэлтийн шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ зэргийг тогтмол өгч байх хэрэгтэй.
Мөн цусаа байнга шингэн байлгах арга нь тогтмол цусаа хандивлах явдал юм. Эрэгтэй хүн хоёр сар тутамд, эмэгтэй хүн гурван сар тутамд цусаа хандивласнаас цус шингэн байх үндэс болдог. Иймд ард иргэд байнга цусаа хандивлаж бусдын болон өөрийн эрүүл мэндийг хамгаалаарай гэж уриалъя.