11.40 цагт эхэлсэн МАН-ын бага хурал 01.00 цаг хүртэл үргэлжилсэн ч дорвитой үр дүнд хүрч чадсангүй.
20.20 цагт Бага хурал завсарлаад Удирдах зөвлөл хуралдаж Их хурлын даргыг өөрийн хүсэлтээр ажлаа өгөхийг шаардсан боловч М.Энхболд дарга ажлаа өгөхгүй гэсэн хатуу байр суурин дээр зогссон байна. Тиймээс Бага хурлаас УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр ажлаа өгөх ёстой гэсэн тогтоолыг баталжээ. Уг тогтоолыг Бага хурлын гишүүдийн 90 гаруй хувь нь дэмжсэн гэсэн мэдээлэл байгаа юм.
Гэхдээ УИХ-ын даргыг намын Бага хурлын шийдвэрээр чөлөөлөх ямар ч хууль, хуулийн заалт байхгүй. Нэг үгээр хэлбэл, МАН-ын Бага хурал Үндсэн хууль зөрчсөн, хууль бус тогтоол, улс төрийн шийдвэр гаргасан гэсэн үг.
МАН-ын Бага хурал завсарлалаа. Бага хурлын 40 гаруй гишүүн үг хэлж дуусаад ээлжит завсарлага болж байна. Харин завсарлагааны дундуур намын Удирдах зөвлөл хуралдахаар болж хурал эхэлжээ. Удирдах зөвлөлийн хурал дууссаны дараа Бага хурлаа үргэлжлүүлэх аж. Одоо Бага хурлаар хэлэлцэх гурван асуудал үлдээд байна.
МАН-ын III Бага хурал түр 80 хувийн ирцтэй, хаалттай хэвээр үргэлжилж байна. Яг одоо Бага хурлын гишүүд санал хэлж байгаа юм байна.
МАН-ын Бага хурлын гишүүн Батсүмбэрэл: Сүүлийн үед зарим Их хурлын гишүүд нам руугаа дайрдаг намаа гүтгэдэг асуудал байна. Үүнийгээ зогсоогоосой гэж хүсч байна. Тэр тусмаа Ж.Мөнхбат намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан хүн бусдыг зодоон цохион хийсэн гэж гүтгэхгүй байхыг хүсч байна. Жагсаал цуглаан хүртэл хийж нам руу давшилж байна. Нэгэн цагт намынхаа хамт олныг удирдаж явсан хүн байж намынхаа хамт олныг гүжирдэж гүтгэдэг, харлуулдаг, нам руу чиглүүлж жагсаал зохион байгуулдаг асуудлаа зогсоо. М.Энхболд даргад хандаж хэлэхэд хэсэг хүмүүсийн хатгалгаар заавал ингэж суудалтайгаа зууралдаад байх юм уу, олон л албан тушаал өгч үзсэн, авч үзсэн хүн шүү дээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд даргад тусалж хамт олон дотроо асуудлаа шийдвэрлэж чадах сүүлийн цаг хугацаа өнөөдрийн энэ хурал байж магадгүй гэж бодож байна. Биднээс хамааралгүйгээс маргаашнаас эхлээд нийгмийн асуудал болж хувирах магадлалтай байгаа. Сүүлийн 27 жилийн туршид хуримтлагдаж хөшигний ард байсан асуудлыг ард түмэн мэддэг болсон. Шинэ жил болоод мартана гэж ярьж байгаа. Ямар нэг баяр ёслол болоод мартана гэж байхгүй болсон. Өнөөдөр бид энэ өөрчлөлттэй холбоотой асуудалд хариулт өгч чадахгүй бол нийгэм өөрөө хариулт өгнө. М.Энхболд даргыг би хүндэлдэг. Гэхдээ нэг зүйлтэй нь эвлэрч чаддаггүй. Зарим нэг зүйлийг худлаа яриад байдаг. Х.Баттулга гэдэг хүнтэй холбоотой сошиалын штаб энэ тэр гээд нэлээд юм ярьж байгаа. Энэ хүнийг үнэндээ та л өөрөө Т.Бадамжунайг Сингапураас авчирч, ял авах гэж байхад нь өршөөгөөд өөрөө захиалж дэвшүүлсэн шүү дээ. Энэ үнэн шүү дээ М.Энхболд дарга аа. Үүнийг чинь л МАНАН гэж яриад байгаа юм шүү дээ. Үнэн болсон зүйл гэвэл энэ. Тэгээд одоо үүнийг хэнд нялзаах гээд байгаа юм бэ. Баатар гэж хүнтэй холбогдсон энэ тэр гээд яриад байдаг. Голомтын Баясгалан гэдэг хүнтэй та өөрөө захиалга өгөөд л нэвтрүүлэг хийлгэсэн. Одоо тэгээд үүнийг ингэж яриад хэрэггүй. Дахиад л нөгөө МАНАН гэдэг чинь энэ. Ц.Элбэгдоржийн гар хөл болсон намд шургачихсан байсан зүйлийн чинь эсрэг тэмцээд барахгүй явж байгаа нь үнэн шүү дээ. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлыг шийдье гээд явж үзсэн. Ц.Нямдорж гуай хэлэх байх. Хууль хяналтын байгууллага дээр очоод л таг гацдаг. Тийм болохоор бид сонгууль болохоор л ийм асуудлыг шийднэ гэж яриад хэрэггүй. Энэ бүх хувьчлалууд нэг хүн дээр очиж гацаад байгаа нь үнэн. Өнөөдөр бага хурал шийдвэрээ гаргах ёстой. Өөр хаана шийдвэр гаргах юм. Бага хурал нь их хурлын төв субъект. Цагаа сунгаад шөнөжингөө ярьж хэрэлдээд ч хамаагүй шийдэлд хүрэх ёстой. Хууль хяналтын байгууллагатай холбоотой нь үнэн. Х.Энхжаргал дарга хэрвээ миний асуудлаар оролдох юм бол гурав байсан асуудлыг гуч болгоно шүү гэж хэлж байсан. Зунжингаа бид асуудал дундуур явлаа. Энэ нь тийм сайхан зүйл биш. Үүнийг би харин намынхаа ирээдүйн төлөө хийж байгаа зүйл гэж залуу хүний хувьд бодож байгаа. НАМЗХ-ны хурлыг зохион байгуулсан хүн та өөрөө. Тухайн үеийн үйл явдалд оролдцож явсан залуучуудаасаа би уучлал хүсье. Тэр үед эхлээд би буруу ойлгочихсон явсан. Тэр үед Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн зөвлөх хүрч ирээд бид нартай уулзаад бидний зарим нөхдүүдтэй уулзаад явж байхад би ойлгодоггүй байсан. Үүнийг чинь л МАНАН гээд байгаа юм. АН МАН хамтарч Засгийн газар байгуулах тухай яриад байгаа юм биш. Намаас төрөөс парламентаас хууль хяналтын байгууллагаас дээгүүр байгаа эрх мэдлээр Оюутолгой Тавантолгой Эрдэнэт гээд энэ хэдхэн зүйлийг аваад хязгааргүй эрх мэдэлтэйгээр цаашаа явах Сингапур Мексикийн хар тамхины сүлжээ шиг систем хийж байгаа зүйлийг харсан учраас бид арга буюу үүний төлөө тэмцэж байгаа юм. Тиймээс өнөөдөр бага хурал дотроо шийдэхгүй бол нийгмийн асуудал болж хувирна.
МАН-ын Бага хурал түр завсарлаад, эргэн хуралдаж эхэллээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх улс төрийн илтгэлийнхээ үеэр УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах санал оруулсан. Үүнтэй холбогдуулан, Бага хурлын төлөөлөгчид үг хэлж буй юм. Бага хурлыг Шадар сайд Ө.Энхтүвшин даргалж байгаа бөгөөд 40 орчим хүн үг хэлэхээр бүртгүүлсэн байна. Бага хурлын гишүүдийг үг хэлж дууссаны дараа УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулах юм байна. Бага хурлын гишүүдийн ирц 70 хувь гаруй байна.
15.30 цаг: МАН-ын Бага хурал түр завсарлалаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх улс төрийн нөхцөл байдлын талаар илтгэл тавьсан. Намын даргын илтгэлийн дараа Бага хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж байгаад түр завсарлажээ.
14.40 цаг: М.Энхболд үг хэллээ
МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Бага хуралд УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрээр "60 тэрбумын асуудлыг нийтдээ дөрвөн удаа шалгаж, хүний нэр төрд халдсан, батлагдаагүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосны дараа би намын даргын ажлаа хүлээлгэн өгсөн. 2016 оны зургадугаар сарын эхээр энэ яриа гарч эхэлсэн. Тэгсэн ч би энэ намд 65 суудал авчирсан. Орон нутгийн сонгуулийн үеэр бас энэ яриа гарсан. Гэхдээ бид 21 аймгаас 20 аймагт 330 сумаас 200 гаруй сум, нийслэлийн зургаан дүүрэгт ялалт байгуулсан. Өнөөдрөөс хойших бүх үйл явдлуудыг хэрэв нам сонгуульд ялалт байгуулахгүй бол 60 тэрбумаас боллоо гэх үнэлэлт дүгнэлтийг одооноос өгч байгаад харамсч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 60 тэрбумыг цэгцэлнэ гэж ялалт байгуулсан. Манай намын нөхөд ч 60 тэрбумын асуудлыг ярьж байна. МАН-аас 60 тэрбумыг салгах хууль зүйн үндэстэй байсан. Харамсалтай нь, бид хатигаа өөрсдөө авч нүүрэндээ наасан. Одоо энэ зааланд сууж байгаа хүмүүс 60 тэрбумын схемийг хэрэглээд ямар албан тушаалд томилогдсон юм бэ. Тэрийгээ ярих хэрэгтэй. Би бол нэг ч хүнийг 60 тэрбум гэж яригдаж байгаа схемээр мөнгө авч, албан тушаалд томилогдсон гэж яваагүй гэдгээ өмнө нь хэлсэн, одоо ч хэлье. Одоо үүнийгээ ил тод ярих цаг болсон. МАН-ын байрыг шатаагаад явж байсан Батзандантай нийлж МАНАН байгуулаад явж байгаа хүмүүс та нар шүү.
Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагагүй оролцлоо гээд намын даргад нэр дэвшилгүй дараагийн хүнд нь тамгыг нь шилжүүлж явсан. Би өөрийн амрыг хараад, хэл амнаас хол байя гэж бодоод УИХ-ын даргын албыг өгөхөд болохгүй зүйл байхгүй. Гэхдээ өнөөдөр цаг нь биш гэж бодож байгаа. Парламентад үүсээд байгаа нөхцөл Монгол Улс парламентын засаглалтай байх уу, үгүй юү, манай намын дотоодод үүсээд байгаа асуудал, зохион байгуулалттай гэж хэлж болохоор ЖДҮ-ийн асуудал үүссэн энэ цаг үед хүндрэлээс зугтааж байгаа мэтээр өргөдлөө өгөөд явахыг би буруу гэж бодож байна. Харин өнөөдрийн энэ нөхцөл байдал хуулийн дагуу, ёс журмын дагуу асуудал шийдэгдэж, төр засаг үйл ажиллагаагаа хэвийн явуулах үед өөр. Өнөөдөр ҮАБЗ дээр зарим нэг асуудал дээр би ганцаардаж байгаа. Үүнийг ч гэсэн бодох ёстой асуудал гэж би боддог" хэмээлээ.
13.20 цаг: МАН-ын дарга У.Хүрэлсүх Бага хурлыг нээж үг хэллээ
МАН-ын Бага хурал хаалттай горимоор үргэлжилж байна. Хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх илтгэл тавиж, дөнгөж сая дуусчээ.
Тэрээр “Ардын нам ардын нам байх ёстой, олигархуудынх биш. Ард түмэн юу юунаас илүү шударга ёсыг хүсч байна. Нам дотроо хариуцлага ярих зайлшгүй шаардлага байна. Хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс намын толгойд гарч хууль бус зүйл хийж байна. МАНАН бий болсон байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Өнгө мөнгөнд автсан, газрын хэвлийн баялгаар баяжсан хүмүүс намд байна. Ийм байж болохгүй. Энэ миний хүслээс гадна ард түмний маань хүсэл. Манай нам хуурамч эв нэгдэлтэй байна, энэ бол хойч ирээдүйд хортой. Үүнийг таслан зогсооно. 2016 онд мордохын хазгай болсон. Намын дарга Ерөнхий сайд болох байсан, болоогүй. Дараа нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан.
М.Энхболд дарга "60 тэрбум"-ын хэрэгт холбогдсон. Төрийн албыг зарж борлуулахаар завдсан. Зарсан үгүйг нь мэдэхгүй, гэвч завдсан нь үнэн. Би нөхдөө бодож болно, зүрх сэтгэлд нөхрөө гэсэн зүйл байна. Гэвч би шударга зөвийн төлөө, улсынхаа төлөө, төрийнхөө төлөө байхаас аргагүй. Гурван хүнийг хариуцлагаа хүлээ гэсний төлөө Засгийн газрыг огцруулах гэсэн. 27 хүн бүгд муу хүмүүс биш ээ, шалтгаан байсан, өөрсдөө ч хэлсэн. Гэвч намын даргынхаа байгуулсан Засгийн газрыг огцруулах гээд явдаг нь зөв үү. Энэ бол амин хувиа бодсон арчаагүй үйлдэл. Д.Хаянхярваа дарга бүлгээ хоёр хуваасан, сая дахиад хуваалаа. Монгол төр гацаанд орчихоод байна. М.Энхболд хийж бүтээсэн юмтай, гэхдээ би өнөөдөр зарчим ярьж байна. Энэ зарчмыг одоо ярихгүй бол хэзээ ч ярихгүй. Ахмадууд, гишүүд маань шударга ёс сахилга хариуцлагыг нэхэж байна. Хуулийн байгууллага хуулийн байгууллага биш болсон, улс төрийн зорилготой хүн хэлмэгдүүлдэг болсон. Энэ янзаараа бол 1937 оны до яам шиг болно. Хүмүүс айдаг болсон. сүүлийн 10 жил үгээ хэлж чадахаа больсон. Ерөнхий сайдаар сонгогдоод одоо энэ хонгилыг яс махаараа мэдэрч байна. Хэн дуртай нь манай намыг худалдаж авахыг хүсдэг болж. Хувийн компани манай намын томилгоог оффистоо суугаад зурж байна. Дарга нар нь ажилчдаа удирдаж чадахаа больсон, газрын дарга нар нь сайдынхаа үгэнд ордоггүй, яагаад гэвэл төрийн бодлогыг биш компанийн бодлогыг хийж байна. Боловсон хүчний бодлого алдагдсан. Ийм байдлаар цаашдаа явах уу засаж залруулах уу. Эмээл хазаарын бүтэн дээр ярьж, хариуцлага тооцож цаашаа явах уу эсвэл 30 гэр бүл монголын бүх баялгийг хувааж идээд дуусах уу” гэжээ.
11.40 цаг: МАН-ын Бага хурал эхэллээ
МАН-ын Бага хурал 11.40 цагт 66.7 хувийн ирцтэй эхэлжээ. Бага хурал 369 гишүүнтэй юм. Хурлыг Шадар сайд Ө.Энхтүвшин удирдан явуулж байгаа аж.
Өнөөдрийн Бага хурлаар Удирдах зөвлөлд орон гарсан гишүүдийн оронд шинэ гишүүдийг томилохоос гадна Засгийн газрыг огцруулахыг уриалсан таван гишүүнд хариуцлага тооцож Удирдах зөвлөл болон Бага хурлын гишүүнээс хасах асуудлыг хөндөх юм байна. Бага хуралдаа оролцохоор ирсэн Бага хурлын гишүүдийн байр суурийг хүргэе.
Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр: ЖДҮХС-аас зээл авсан нь авлига, албан тушаалын гэмт хэрэг. Улс төрд нөлөө бүхий этгээд үйлдвэл хүнд гэмт хэрэгт тооцдог. Найм хүртэлх жилийн ял шийтгэдэг хуулийн заалттай. Хэн ч хуулийн өмнө адил тэгш байх хэрэгтэй. Өөрөө шалгагдаад ирэхээрээ шударга бусын хонгил яриад байж хэрэггүй. Хуулийн өмнө өөрсдөө очиж, шалгуулах хэрэгтэй. Шударга л байх хэрэгтэй.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Бага хурлаар ямар асуудал хэлэлцэхийг хараахан мэдээгүй байна. Засгийн газар тусгай сангуудыг шалгаж байна. Зарим сангуудыг татан буулгах шаардлагатай гэж үзэж байгаа. Одоогоор шалгалтын ажил үргэлжилж байна.