Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр төв цэвэрлэх байгууламжид ажиллажээ. Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу төв цэвэрлэх байгууламжаас гарах үнэрийг дарах, хур лагийг устгах, байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөх, засвар үйлчилгээний ажлууд хийгдэж байгаа аж. Үүний үр дүнд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш агаарт дэгдэх бохирын үнэр 30-60 хүртэл хувиар буурсан гэсэн мэдээллийг өгч байгаа юм.
Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноос хойш 50 гаруй жилд хуримтлагдаад байгаа 250 мянган метр куб хур лагийг биологийн аргаар үнэргүйжүүлж, хусч нуруулдаж, бактериар хоргүйжүүлж, бордоо болгон хувиргах ажил хийж байгаа юм байна.
Япон эрдэмтдийн гаргаж авсан бактерийг Япон Монголын компаниуд хамтран үржүүлж, агаарт дэгдэх үнэр, орчинд тархах халдварыг устгах ажлыг гүйцэтгэж байна. Хуучин хуримтлагдсан болон шинээр үүсч байгаа лагийг хоргүйжүүлж, үнэргүйжүүлэн бордоо болгосноор нийтийн эзэмшлийн зүлэг ногоог бордох гэх мэт хүнсний ногоо тариалахаас бусад зориулалтаар ашиглаж болно гэв.
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэлтийн хувийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр тунгаагуур, био цөөрөм барьж байна. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний төвшин дээшилж, Туул голд нийлүүлэгдэх усны чанар сайжирна. Хур бороо ихтэй байгаан улмаас хоногт цугларах бохир усны хэмжээ 200 мянган тонн давах болсон байна. Бохир усны цээвэршүүлэлт 75-85 хувьтай байгаа аж.
Төв цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, хур лагийг бордоо болгох, шинээр хуримтлагдаж байгаа шингэн лагийг тухай бүрт үнэргүйжүүлж халдваргүйжүүлэх ажлыг энэ ондоо багтаан дуусгах юм. Харин шинээр цэвэрлэх байгууламж барих ажлыг БНХАУ-тай хамтран хийж байна. Барилга барих компанийг сонгон шалгаруулах бэлтгэл ажил хийгдэж байгаа аж.
Ус сувгийн удирдах газрын албаны дарга Ц.Болд : Манайх дунджаар 160 мянган метр куб ус хүлээж авдаг. Ойрын үед бороо хур ихтэй байгаа учраас сүүлийн гурав хоногт 205-207 мянган метр куб ус ирж байна. Энэ бол маш их хэмжээний ус. Ер нь сүүлийн 2-3 жилийн хугацаанд төв цэвэрлэх байгууламж 75 хүртэлх хувийг цэвэрлэж байгаа.
Ш.Ганчимэг "Эко тайхи"компанийн гүйцэтгэх захирал: Хоккайдогийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар гаргаж авсан бактери байгаа. Үүнийг Японы нэлээд олон газар туршсан. Тухайлбал, бактерийг Фүкүшимагийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн нөлөөгөөр үүссэн хөрсний бохирдлыг арилгахад ашиглахад цацраг идэвхт бодисыг багасгасан туршилтыг хийсэн. Манайх Эко энерги систем компанитай хамтран ажиллаж байна. Эхлээд бактериа маш өндөр технологийн дагуу үржүүлж байгаа. Бактери модон материал дээр сайн үрждэг учир бид үртсэн дээр үржүүлж байгаа. Лаг нь эргээд бордоо болно. Бордоо нь цаашдаа ойн нөхөн сэргээлт эсвэл уул уурхайн нөхөн сэргээлтэд бүрэн ашиглах боломжтой байж болох талаар судалж байгаа.
Төв цэвэрлэх байгууламжид өдөр тутамд гарч байгаа түүхий лаг 60ппм-ийн хэмжигдэхүүнтэй байсан бол манай үртэстэй бактерийг хольсноор 4ппм болж буурсан байх жишээтэй. Харин энгийн хүн 12 ппм-ээс доош байхыг мэдэрдэггүй. Тэгэхээр цэвэрлэг байгууламжийн лагийн үнэрийг эрс багасгаж байгаа юм.