Сургуулийн амралт эхэлж, шинэ жилийн баяр болж буй энэ үед хүүхдүүдээ ханиад томуунаас хэрхэн урьдчилан сэргийлэх, томуугийн үед авах арга хэмжээний талаар мэргэжлий эмч нар зөвлөлөө.
-Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, хүүхэд, өсвөр үеийн ерөнхий зохицуулагч Б.Ренчинханд: Агаарт байгаа 200 вирусийг А, В, С гэсэн гурван хүрээгээр ангилдаг. Тэгвэл энэ жил А, В хүрээний ханиад хамт илрэх болсон байна. А хүрээ гэдэг нь өндөр халуурах, ханиалгах, нус гоожих, бөөлжих гэх мэт шинж тэмдэгтэй. Харин В хүрээ нь эдгээр шинж тэмдгүүд маш хүнд байдлаар илрэхийг хэлдэг. Жишээлбэл, 39-40 хэм халуурч, хэт халуурснаас болоод татах, бөөлжих, шингэн алдах гэсэн онцлогтой илэрч байна. Мөн хүүхэд нэг сараас илүү хугацаагаар ханиалгаад байдаг. Гэтэл манай эцэг, эхчүүд ханиалгах зовуурыг тоолгүй орхиж, халуун нь буурчихсан л бол сургууль, цэцэрлэгт нь явуулснаар хүүхдийн ханиад хүндэрч боронхит, хатгаа болох эхлэлийг тавьчихдаг. Эцэг, эхчүүд эмчид хандахгүйгээр таамгаар эмчилгээ хийх нь хүүхдийн ханиад хүндрэх, цаг хугацаа алдах, ямар нэг эмэнд дасал болдог. Энэ нь нэг уусан эмийг цаг хугацаа, хэмжээний хувьд тогтворгүй өгөх нь тухайн эмэнд ханиад нь дарагдахгүй болгочихдог. Хүүхдээ ойр ойрхон өвчлөөд байнаа гэж хэлээд байдаг нь ханиад томууг дутуу эмчилснээс болдог. Мөн бага насны хүүхдийн бөөрний үйл ажиллагаа бүрэн хөгжөөгүй байдаг учир дураараа эм авах нь харшил өгөх, хүндрэл үүсэх, арьс дээр тууралт гарах гэх мэт сөрөг үр дүнг авчирна. Харшламтгай хүүхдэд сиропон эм өгч болохгүй. Насанд хүрэгчид дунд бактери, вирус тээгчид их байдаг. Жишээ нь, амнаас нь эвгүй үнэр гардаг, хоолой нь байн, байн өвддөг хүн хоолойны артацын шинжилгээ өгөх хэрэгтэй. Үгүй бол яадаж хоолойгоо сул давсны уусмал, сода, жамц давсны уусмал, харшил өгдөггүй бол царвангийн уусмал, оотой усаар хоолойгоо зайлах хэрэгтэй юм. Мөн хүүхдэд халуун аарц, чацарганыг унтахын өмнө уулгах нь ханиалгах хүндрэлийг нэмэгдүүлдэг.
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ: Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гооцих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг. Энэ үед эмнэлэгт яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг ягштал баримтлан хэвтрийн дэглэм сахих хэрэгтэй. Халуун аарц, чацарганы шүүс, сармистай хар шөл зэрэг шингэн зүйл түлхүү хэрэглэх, амны хаалт зүүх, гараа сайтар угаах, хүүхдийн тоглоом аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах, олон нийтийн газар явахгүй, дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлс хийх ёстой. Сургуулийн хүүхдүүдийн амралт эхэллээ. Улирлын томуугийн үед ханиад хүрэхгүй байхын тулд тусгаарлах нь хамгийн сайн арга. Нэг ёсондоо сургуулийн ээлжийн амралт эхэлж байгаа нь улсаас бодлогоор ханиад томуугийн дэгдэлтийг багасгах гэж тэр юм. Сургуульд мянга мянган хүүхдүүд байхад агаар дуслын халдвар авах эрсдэлтэй. Халдвартай хүнээс л халдвар халдана гэхээс биш вирусийг хүн тээдэггүй юм. Амралтын үеэр хүүхдээ олон нийтийн газар явуулахгүй, хоол хүнсийг нь сайн өгч, дулаан хувцаслуулж, витаминжуулсан эм, шингэн зүйл сайн уулгах хэрэгтэй. Шингэн зүйл гэхээр эцэг, эхчүүд янз янзын чихэртэй шүүс өгөөд байдаг.Түүний оронд ус сайн уулгах хэрэгтэй бөгөөд хүүхдийн цусны эргэлтийг сайжруулж, дархлааг нь сэргээж өгдөг юм. Хоол өгөхдөө илчлэг сайтай буюу жимс, ногоо, мах өгөх хэрэгтэй.