Open iToim app
Хөндөх сэдэв | 2 мин уншина

Б.Жаргалсайхан: Нүүрсний хэрэгт гишүүдийн бүрэн эрх түдгэлзүүлэх нөхцөл үүсээгүй

Б.Жаргалсайхан: Нүүрсний хэрэгт гишүүдийн бүрэн эрх түдгэлзүүлэх нөхцөл үүсээгүй
Нийтэлсэн 2022 оны 12 сарын 21
Нүүрсний хулгайн хэргийн талаар Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.  
-Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн захирал Н.Удаанжаргалыг шалгаж байгаа юу? 
-Шалгаж байгаа. Н.Удаанжаргалтай холбоотой хүнийг шалгаж байна. Нүүрсний хэрэгт нийт 53 хүнийг яллагдагчаар татаж, 17 хэрэг шалгагдаж байна. 22 хэрэг хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж байна. 
-Чалкогийн нүүрсний гэрээ шалгагдаж байгаа юу? 
-22 хэрэгт нотлох баримт цуглуулж байна. Тиймээс үүнд шалгагдаад гараад ирвэл эрүүгийн журмаар шалгаад гэм буруугийн асуудал яригдана. 
-УИХ-ын гишүүд шалгагдаж байгаа юу? 
-Прокурор нэр зарлаагүй. 
-Прокурор зөвшөөрөөгүй байхад нэр зарласан юм уу? 
-Жагсаал нэр зарлахыг шаардсан. Гэм буруу нь бүрэн тогтоогдоогүй хүмүүсийн асуудалд прокурор мэдээлэл өгөхгүй. Харин АТГ энэ хүмүүсийг зөвхөн шалгаж байгаа гэж л зарласан гэж ойлгосон.  
-Прокурорын зөвшөөрөлгүй байхад АТГ нэр зарлахгүй шүү дээ? 
-Зөвшөөрөл өгөх асуудлыг би шийдэхгүй, хянаж байгаа прокурор нь шийддэг. Ямар ч хэрэг байсан бай хянаж буй прокурор шийддэг юм. 
-БНХАУ-аас нэр ирсэн үү? 
-Ямар ч нэр ирээгүй. БНХАУ-аас хоёр эрх зүйн туслалцаа хүссэн. 2019 оны есдүгээр сарын 6-нд, 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр хүсэлт илгээсэн. Эхний хүсэлтийн хариу ирсэн. Хилийн зарим бүртгэл дээр өөрчлөлт орсон учир мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Харин нөгөөх нь ирээгүй байна.  
-УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдах уу? 
-Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр шийдвэрлэнэ. Тухайлбал, УИХ-ын тухай хуулиар зайлшгүй саатуулах, цагдан хорих, үзлэг нэгжлэг хийх шаардлага үүссэн үед гишүүн түдгэлзүүлэх асуудлыг оруулна. Ингэхдээ мөрдөх байгууллагын саналыг үндэслэнэ. Одоогоор ийм байдал үүсээгүй байна. 
-Хөгжлийн банкны хэрэгт шүүх рүү шилжих гээд боогдсон 87 хэрэг байгаа гэсэн. Үүнд гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудал бий юу? 
-Гишүүний эрхийг түдгэлзүүлж нэг, түдгэлзүүлэхгүй нэг шийддэг. 87 хэргийн зургаа нь байгууллага, үлдсэн нь албан тушаалтнууд. Үүнд улс төрд нөлөө бүхий таван хүн байна. 
-Ерөнхийлөгч асан Х.Баттулга гадаад явсан. Тэр хүн гадаадад байж болох юм уу?
-Прокурор мөрдөн шалгадаггүй, хянадаг. Гадаадад байх эсэх асуудлыг шалгаж буй мөрдөгч шийднэ. 
Үнэний талд
itoim-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн