Open iToim app
Зочин | 5 мин уншина

Б.Мягмарсүрэн: Махыг чанаж идэхээс илүүтэй, чанасан шөлийг хэрэглэх нь илүү ашиг шимтэй

Б.Мягмарсүрэн: Махыг чанаж идэхээс илүүтэй, чанасан шөлийг хэрэглэх нь илүү ашиг шимтэй
Нийтэлсэн 2020 оны 3 сарын 19
Монгол малын маханд агуулагдах ашиг шим тэжээлийн талаар ШУТИС,  Үйлдвэр технологийн сургуулийн техникийн ухааны доктор, дэд профессор  Б.Мягмарсүрэнтэй ярилцлаа.
-Монгол малын махыг хамгийн сайн шим тэжээлтэй гэж ярьдаг. Тэгэхээр малын маханд агуулагддаг шим тэжээлүүдийн талаар бидэнд дэлгэрэнгүй ярьж өгнө үү?
-Бэлчээрийн монгол малын мах хүнс тэжээлийн үнэт чанараараа маш үнэтэйд тооцогддог. Түүний бүрэлдэхүүнд нэлээд хэмжээний ус, хүний биед зайлшгүй хэрэгтэй төгс болон төгс бус уураг, ханасан, ханаагүй өөх тос, макро, микро эрдэс бодисууд, маш олон амин дэмүүд болон нүүрс ус агуулагддаг юм. Маханд агуулагдах төгс уургийн хэмжээ нь бусад түүхий эд, бүтээгдэхүүнийхээс харьцангуй их хэмжээтэй байдаг. Энэ уураг нь эхийн сүү, тахианы өндөг, маханд л байдаг, хүний дархлааг маш сайн дэмждэг учраас заавал идэж байх хэрэгтэй. Гэхдээ хэрэгтэй, тустай гэхээр хэт их хэмжээгээр хэрэглэ гэсэн үг бас биш юм.  Монгол хүний хоногт хэрэглэвэл зохих махны хэрэглээний жишиг хэмжээг 180-200 грамм байна гэж тогтоосон байгаа. Энэ хэмжээндээ хэрэглээд байвал хүний дархлаа хэвийн хэмжээндээ байх учиртай.
-Өөр улсын хонь, ямааны махнаас манай улсын малын махыг илүү шим тэжээлтэй гэж ярьдаг. Энэ үнэн үү, үнэн бол яагаад?
-Энэ бол үнэн. Учир нь гадаадын улс орнууд хүн амынхаа хэрэгцээг хангахын тулд малаа эрчимжсэн аргаар өсгөдөг. Харин монгол мал бол бэлчээрийнх. Энэ хоёрын хооронд маш их зөрүү бий. Тухайлбал, манайхаас бусад улс оронд малыг богино хугацаанд бордож тэжээгээд өсөлтийг нь хурдасгах, тэжээл ашиглалтаа сайжруулахын тулд янз бүрийн даавар, антибиотик нэмж эрчимжүүлсэн аргаар өсгөдөг бол монгол мал өөрийн зөнгөөр, бэлчээрээсээ төрөл бүрийн шим тэжээлтэй өвс ургамлыг олж идэн эко махыг бий болгож байдаг юм. Энэ талаар олон арван эрдэмтэд судалгаа хийсэн байдаг.
-Хонь, ямаа, үхэр, адууны мах тус тусдаа өөр өөрийн ашиг шим тэжээлтэй байдаг шүү дээ. Тэгэхээр ямар малын махыг ямар үед идвэл илүү тохиромжтой байдаг вэ?
-Төрөл бүрийн мал, амьтны махны бүтэц, химийн найрлага ерөнхийдөө адил боловч төрөл, нас хүйс, орчин, үүлдэр, бэлчээрийн нутгийн онцлогоосоо хамаараад бүрэлдэхүүн хэсгүүдийн тоон хэмжээ нь харилцан адилгүй байдаг юм. Бэлчээрийн монгол мал нь 845 зүйлийн эмийн, 1000 гаруй зүйл тэжээлийн, 173 зүйл хүнсний, 64 зүйл техникийн, 195 зүйл төрөл бүрийн ач холбогдол бүхий ургамлуудыг өөрсдөө олж, сонгон иддэг учраас  л мах нь бусад эрчимжсэн аргаар өсгөсөн малын махтай харьцуулшгүй.
Малын махны хэрэглээний талаар бид баялаг уламжлалтай. Жишээлбэл, адуу, гахайн маханд ханаагүй тосны хүчлийн хэмжээ нь их байхад бусдад нь харьцангуй бага байх жишээтэй. Иймд газар зүйн онцлог, цаг агаарын байдлаас хамаараад монголчууд хонь, адууны махыг өвөлд, ямааны махыг хаварт, үхрийн махыг жилийн дөрвөн улиралд хэрэглэсээр ирсэн түүхтэй. Монгол малын махны чанар өөр хоорондоо ялгаатай байдаг нь тэдгээрийн бэлчээрээс олж идэж байгаа өвс ургамал болгон өөрийн гэсэн биологийн идэвхт бодисуудыг агуулж байдагтай нь холбоотой.
-Адууны махыг бусад махтай харьцуулбал хамгийн сайн гэдэг. Яагаад?
-Адууны мах өөрөө халуун чанартай. Үүнийг түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн хэмжээтэй тухайлбал, ханаагүй тосны хүчлийн агууламжаар тайлбарлаж болно. Хамгийн бага температурт хайлж байгаа өөх тосыг ханаагүй тос гэж үздэг юм.
-Малын махнаас гадна гахай, тахианы махыг их хэрэглэдэг. Тэгвэл  тэдгээрийн ашиг шим тэжээлийн талаар хэлж өгнө үү?
-Гахай, тахианы мах нь мөн ялгаагүй л хүнсний үнэт түүхий эд.  Гахай, тахиаг эрчимжүүлсэн фермүүдэд өсгөн үржүүлдэг. Гахай, тахианы махны химийн бүрэлдэхүүн нь адилхан боловч  хүнс тэжээлийн үнэт чанар нь дээр дурдсанчлан бүрэлдэхүүн хэсгүүдийн тоон хэмжээнээс хамаарч бага зэргийн ялгаатай байдаг. Гахайн мах бол хамгийн шингэц сайтай маханд тооцогддог. Учир нь түүний өөх нь 28 градуст хайлдаг, мөн гахайн хуйх, тахианы арьсанд холбогч эдийн уураг-коллаген их байдаг, чанахад амархан задарч пептид хэлбэр рүү шилждэг, хүний биед амархан шингэдэг, эрүүл мэндэд маш их ач тустай .
-Махыг хүмүүс янз бүрээр чанаж боловсруулж иддэг. Хамгийн зөв боловсруулалт ямар арга вэ?
-Бид өөрсдийгөө хамгийн их мах иддэг гэж үздэг. Гэтэл боловсруулсан аргаасаа хамаарч бага ч иддэг байх магадлалтай. Мах боловсруулах олон арга байдаг дотроос хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга нь чанах юм. Чанахад махны төрөл, жижиглэлтийн хэмжээ маш чухал. Ерөнхийдөө 80 градусын температурт чанаж байгаа махны гүний температур 68-72 градус болсон тохиолдолд болсон гэж үзээд хэрэглэх боломжтой болдог.  
-Хэт удаан чанах үед маханд агуулагддаг шим тэжээлүүд алдагдах боломжтой юу?
-Зөв технологиор, зөв боловсруулж хэрэглэхгүй бол дээр дурдсан биологийн идэвхт  шимт бодисуудын шинж чанар нь боловсруулж байгаа арга, температур, хугацаанаас хамаарч өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл биологийн идэвхт бодисууд задралд орсон байна. Ийм махыг хэрэглэхэд хоногт хэрэглэх зарим биологийн идэвхт бодисуудын хэмжээ хангагдахгүй байх магадлал бий.   
-Газарзүйн бүсээс хамаараад малын махны амт өөр өөр байдаг. Жишээ нь баруун аймгийн малын мах зүүн аймгийн махнаас амт чанарын хувьд илүү байдаг. Энэ нь юунаас шалтгаалж байна гэж та бодож байна вэ?
-Малын махны амт чанар нь хоорондоо ялгаатай байдаг нь мах бүрэлдэн бий болж байгаа орчин нөхцөл, бэлчээр тэжээл, малчдын арга барилтай холбоотой байдаг гэж эрдэмтэд судалсан байдаг. Монгол Улс нийтдээ 112 сая га бэлчээр нутагтай. Ийм бэлчээр нутагт маш олон төрлийн ургамлын аймаг байдаг  бөгөөд эдгээр нь бүс нутаг бүрт харилцан адилгүй хэмжээтэй байдагтай холбоотой.
-Хавар борц их иддэг шүү дээ. Борцны ашиг тусын талаар дурдвал...?
-Махыг удаан хугацаагаар хадгалах уламжлалт арга бол борцлох юм. Энэ нь  махны чийгийг ууршуулж, түүний шимт тэжээлт чанарыг  нь хэвээр хадгалан аль ч улиралд хэрэглэх боломжтой болгож байгаа юм.  Махны бүрэлдэхүүн хэсгийн 70-75 хувь нь ус байдаг бөгөөд намар орой сэрүүний улиралд ихэвчлэн аль болох өөх багатай үхрийн махаар борц хийдэг. Өөх ихтэй бол махны хүнс тэжээлийн үнэт чанарыг бууруулдаг. 
-Яг энэ үед хүмүүс дархлаа дэмжихээр махаа маш ихээр хэрэглэж байна. Их хэмжээгээр идвэл хүний биед сөрөг нөлөө үзүүлэх үү?
-Хүмүүсийн амьдарч буй орчин, цаг агаар, эрхэлж буй ажил хөдөлмөр зэрэг олон хүчин зүйлээс хамаарч махны хэрэглээ харилцан адилгүй байдаг. Ер нь бол төгс уургийн хэрэгцээг хангах гол эх үүсвэр бидний хувьд мах юм. Махны 20 гаруй хувь нь уураг учраас өдөр тутамд махаа хэрэглэж байх нь хамгийн зөв. Махыг идсэнээр хүний биеийн дархлаа дэмжигдэнэ. Гэхдээ бүхэл мах чанаад идэхээс илүүтэй, мах  чанасан шөлийг хэрэглэх нь хүний биед шингэц сайтай, илүү ач тустай. Учир нь махны бүрэлдэхүүнд байдаг уусдаг биологийн идэвхт бодисууд шөлөнд шилжсэн байдаг. Өөх, махыг их хэмжээгээр идээд, бага энерги зарцуулбал эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Иймээс хүн бүр заавал ихээр идэх  биш, өөрийн хэмжээ болон амьдралын хэв маяг, ажил хөдөлмөртэйгөө уялдуулан хоногт хэрэглэвэл зохих жишиг хэмжээгээрээ хэрэглэх нь зөв.
-Ярилцсанд баярлалаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн