Uranus: Солонгосын зах зээлд өөрийн уран бүтээлээрээ өрсөлдөх болноUranus: Солонгосын зах зээлд өөрийн уран бүтээлээрээ өрсөлдөх болно
Нийтэлсэн 2020 оны 12 сарын 17
2019 оны БНСУ-ын “Signhere” тэмцээний шилдэг оролцогчдын нэг, залуу уран бүтээлч Uranus буюу Ө.Уянгатай ярилцлаа.
-Тайзны нэр нь Uranus гэдэг шүү дээ. Яагаад энэ нэрийг сонгох болсон бэ?
-Миний жинхэнэ нэрийг Уянга гэдэг. Уран бүтээлчийн нэрээ Uranus гэх болсон нь миний хоббитой холбоотой юм. Учир нь багадаа би одон гаригт нэлээн сонирхолтой хүүхэд байсан. Тухайн үед Uranus буюу Тэнгэрийн ван хэмээх хамгийн бага судлагдсан, учир битүүлэг гариг байдгийг олж мэдсэн бөгөөд энэ нэрийг Монголоор шууд уншихад ч бас Уран ус гээд их гоё утгатай санагдсан учраас сонгосон.
-Багаасаа дуулах сонирхолтой байсан уу. Анх хэдэн оноос уран бүтээлээ гаргаж эхэлсэн бэ?
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
-Багаасаа дуулж, бүжиглэх сонирхолтой хүүхэд байсан. Өмнөд Солонгост байхдаа ч ангиа төлөөлж сургуулийн наадмаар дуулж бүжиглэдэг байлаа. Гуравдугаар ангидаа Өмнөд Солонгосын “Yongma” бага сургуулийн захирлаас авьяаслаг сурагч гэсэн өргөмжлөл авч байсан юм. Энэ нь миний анхны урлагийн шагнал бөгөөд Монголд ирээд мөн урлагийн үзлэг зэрэгт идэвхтэй оролцдог байлаа. Анхны уран бүтээлээ 2018 онд гаргасан бөгөөд
“Let me be”
гэдэг нэртэй Рөтөөтэй хамтарч гаргасан дуу юм.
-Өмнөд Солонгост очоод хэдэн жил болж байна. Солонгосын аль сургуульд ямар мэргэжлээр суралцаж байгаа вэ?
-Анх таван настайдаа аавыгаа даган Монголоос Өмнөд Солонгост ээж дээрээ ирж байсан. Тэгээд таван жил амьдарсны дараа буцаад Монгол руугаа явсан юм. Арван жилээ Монголын Их Засаг их сургуулийн лицейд төгссөн. Төгссөний дараахан Солонгос руу буцаж Korea University-д Эдийн засагч мэргэжлээр бакалавраа төгссөн юм. Одоо Kookmin university-д Соёл урлагийн чиглэлээр мастерын зэрэгт суралцаж байна. Анх бакалаврын мэргэжлээ сонгоход их хэцүү байсан. Өөрийн мөрөөдлөө даган зориглоод урлагийн сургуулийг сонгож чадаагүй. Хүмүүсийн “Урлагаар яаж хоолоо олж идэх юм бэ, тэр чинь залуу насны л ажил” гэсэн ярианд эмзэглэн хүссэн сургуулиа сонгож чадаагүй байх. Тэгээд өөрийнхөө хамгийн сайн хичээлтэйгээ ойртуулаад (математик, нийгэм) эдийн засагч гэх мэргэжлээ сонгосон юм. Одоо бодоход тухайн үедээ би өөртөө нэлээн итгэлгүй байжээ. Харин хоёрдогч мэргэжлээ сонгохдоо бол маш сайн бодож сонгосон. Энэ мэргэжил маш олон талын хичээл сонсож, урлаг соёлын бизнес, уран бүтээлийн шүүмж, филисофи гэх мэт олон салбар луу орж болдог юм. Миний хувьд уран бүтээлээ улам хөгжүүлэн, мэргэжлийн төвшинд илүү гүн мэдрэмж, агууламжтай болгохын тулд филисофийн хичээлийг түлхүү сонгож байгаа.
-Монголдоо ирээд хамгийн түрүүнд хиймээр байгаа зүйлс байгаа юу?
-Монголдоо очиод хамгийн түрүүнд аавыгаа тэврэх болно. Аав, ээж хоёулантай нь дотно байдаг. Намайг 12 настай байхад ээж Испани улс руу ажлын шугамаар явсан юм. Тэрнээс хойш аавтайгаа сургуулиа төгстөл хоёулаа амьдарсан. Аав маань Монголд байдаг болохоор очхоороо хамгийн түрүүнд аавыгаа тэвэрнэ дээ.
-“Butterflies” дуу нь охидуудад эрч хүч өгсөн, нэлээд цоглог дуу байсан. Хэн, хэн хамтарч энэхүү дуу бүтээхэд хувь нэмрээ оруулсан бэ?
-Анх Man on the moon продюсер иймэрхүү утгатай дуу хиймээр байна хэмээн санал тавьсан юм. Үүний дагуу би дуун дээрээ ажилласан байгаа. Дууныхаа үгийг янз янзаар л бичдэг. Ихэвчлэн хөгжмөө сонсож байгаад тухайн үед мэдрэгдсэн мэдрэмж, бодогдсон бодлоороо бичих нь элбэг байдаг юм. Мөн клипэнд оролцсон охидуудад би өөрөө санал тавин оруулсан юм. Бүгдээрээ л саналыг эелдгээр хүлээн авч дуунд маань орсонд би маш их баярлаж байгаа.
-Өмнөд Солонгосын “Signhere” хэмээх шоунд оролцсон байсан шүү дээ. Энэхүү тэмцээний талаар хуваалцаж болох уу?
-Солонгост “Signhere” шалгаруулалт нь 2019 оны долдугаар сарын дундуур эхэлсэн юм. Нийт 3000 гаруй оролцогчид бүртгүүлснээс шилдэг 42-т шалгарч шоуны үндсэн тайзан дээр дуулж байсан. Анх орохдоо тийм ч том найдвар тавин, бэлдээгүй байсан ч амжилттай оролцон эдгээр шилдэг оролцогчдын нэг болсондоо баяртай байдаг. Мөн энэ тэмцээнд орсноороо өөртөө нэлээд туршлагыг хуримтлуулснаас гадна Солонгосын олон уран бүтээлчидтэй холбоотой байдаг болсон юм. Тэмцээний шүүгчдийн зүгээс “Одоохондоо болоогүй ч гэлээ ирээдүйд дахин уулзах буй уран бүтээлч байна” гэж хэлсэн үг тод үлдсэн.
-Тэмцээний үеийн хамгийн мартагддаггүй дурсамжаа хуваалцана уу. Таны хувьд Солонгосын урлагийн зах зээлд өрсөлдөх бодол байгаа юу?
-Дуугаа дуулсны дараахан хүлээлгийн өрөөнд оролцогчдын хамт сууж байтал Sogumm хэмээх шоуны шилдэг оролцогчдын нэг над дээр ирээд “Дараагийн шатанд ороогүйд нь би их гайхлаа, чамтай заавал хамтран ажиллахыг хүсэж байна аа” гээд дугаарыг минь авсан юм. Тухайн үед бага зэрэг сэтгэлээр унаад бодлогошроод сууж байхад ирсэн нь гоё санагдсан. Миний хувьд энд уран бүтээлээ хийж буй үндсэн зорилго минь Солонгосын зах зээлд өрсөлдөхийн тулд юм.
-Солонгос хэлийг хэр хурдан сурсан бэ. Туршлагаасаа хуваалцаач мөн суралцаж буй хүүхдүүдэд зөвлөгөө өгнө үү?
-Багадаа нэг мэдэхэд л сурчихсан байсан юм. Солонгос хэл сурч буй хүүхдүүдэд зөвлөхөд аль болох өөрийн дуртай зүйлээрээ дамжуулан сурвал хурдан сурах болов уу гэж бодож байна. Жишээ нь кино, дуу, нэвтрүүлэг гэх мэт өөрийн сонирхдог зүйлээр Солонгос хэлийг сурах нь үр дүнтэй байх.
-Одоогоор юун дээр хамгийн их сууж төвлөрч байна. Мөн цаашдын зорилгоосоо хуваалцана уу?
-Одоогоор дуунууд дээрээ төвлөрч байгаа. Ер нь байнга л дуун дээрээ илүү сайн ажиллаж, сэтгэл хөдөлгөсөн уран бүтээл гаргах гэж төвлөрч байдаг. Цаашдын минь зорилго болон мөрөөдөл минь илүү сайн дуу гаргаж, мундаг уран бүтээлчдийн нэг болохыг зорьдог. Мөн миний уран бүтээлийг үргэлж сонсон, дэмжиж байдаг сонсогчиддоо маш их баярлаж явдгаа илэрхийлмээр байна.