Open iToim app
Боловсрол | 7 мин уншина

Э.Амина: Эцэг, эхчүүд хүүхдийнхээ 0-3 болон өсвөр насанд хамгийн их анхаарал хандуул. Учир нь...

Э.Амина: Эцэг, эхчүүд хүүхдийнхээ 0-3 болон өсвөр насанд хамгийн их анхаарал хандуул. Учир нь...
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2022 оны 1 сарын 5
Өсвөр насны хүүхдэд  гэр бүл болон бусад хүчин зүйлсээс хамааран  сэтгэлзүйд нь нөлөөлдөг асуудлуудын талаар  Сэтгэл судлаач Э.Аминатай ярилцлаа.
-Гэр бүл салах эсвэл эхнэр нөхөр хоёрын аль нэг нь нас барах үед хүүхдийн сэтгэлзүйд ямар өөрчлөлт гардаг вэ?
-Сүүлийн үед  нийгэмд түгээмэл гарч байгаа сэтгэл зүйн асуудал бол гэр бүл салалтаас улбаатай байна. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн аюулгүй байдал алдагдаж, хоорондын харилцаан дээр үүссэн зөрчлөөс болж залуу гэр бүлд тохиолдох нь элбэг байна. Бид судалгаа хийхэд “КОВИД-19” гарснаас хойш гэр бүл  цуцлуулах тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад ихэссэн гэж гарсан. Энэ нь маш олон зүйлээс шалтгаалж байгаа. Жишээлбэл, нийгмийн уур амьсгал, нөлөөлөл нь хамтдаа  гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөж, зүтгэж байгаа залуу гэр бүлд нэлээд том асуудал болж байна. Ялангуяа санхүүгийн дарамт.  Энэ нь хөл хорионоос үүдэж ажил,орлоггүй болсонтой холбоотой.  
 Гэр бүлүүдийг харж байхад 25-30 насны залуу хосууд салах магадлал их байна. Эдгээр гэр бүлийн салалтын шалтгаан нь  хүүхэд гаргаж, сургуулиа төгсөж, ажил хийх гээд бүх зүйлийг шинээр мэдэрч байдагтай холбоотой. Мөн хадам аав, ээж өөрийнхөө эцэг эх болон  өөрийнхөө нийгмийн байр сууринд анхаарал хандуулах шаардлагууд гарч, олон зүйлд сэтгэл санаагаа хуваарилах болоход залуучууд амархан бууж өгч салах шийдвэрийг гаргадаг.  Салалтын  ард байх хамгийн том хохирогч бол хүүхэд.
Хүүхдийн хувьд эцэг, эхээсээ авах сэтгэл зүйн үндсэн хэрэгцээ гэж байдаг. Эдгээр хэрэгцээ нь хүүхдийн 0-3 насанд төлөвшиж бий болдог.  Энэ насанд ээж, аавтайгаа хамт өссөн хүүхэд өөртөө итгэлтэй болж, мөн хүмүүст итгэх итгэлийн мэдрэмж хамгийн өндөр суудаг. Учир нь хүүхэд аавтайгаа байх үедээ энэ хүн намайг хамгаална,  аюулгүй  байдлыг хангана гэх мэт мэдрэмжийг авч байх ёстой атал салах үед хүүхэд бүхий л нөхцөл байдлыг ихээхэн  түгшүүртэйгээр хүлээн авч байдаг. Охидуудын хувьд аавтайгаа хамт өсөөгүй тохиолдолд эсрэг хүйстний харилцаан дээр асуудал үүсч, эрэгтэй хүн итгэл даадаггүй гэсэн ойлголт тархинд нь сууж байдаг. Магадгүй ээж нь нөхрийгөө үзэн ядах өнгө аястай байвал тухайн хүүхэд насанд хүрээд ээжийгээ зовоохгүйн тулд сайн хүнтэй суух ёстой эсвэл эрэгтэй хүнд итгэх ёсгүй юм байна гэх ойлголтыг тээж хэтэрхий төгс хүнийг хайх эсвэл суусан хүнээ голдог болчихдог.
Хөвгүүдийн хувьд  ээж нь орхиж явсан, нас барсан тохиолдолд эмэгтэй хүнд итгэх  итгэлгүй болж, эмэгтэй хүний сэтгэл санаагаар тоглох, гомдоох гэх мэт харилцааны доголдлууд бий болдог. Хүний харилцааны хамгийн суурь мэдрэмж  нь хүнд итгэх итгэл байдаг. Энэ нь нөгөө талаараа хүнийг хэр их хайрлаж чадаж байна вэ гэдгийг харуулдаг. Харин энэхүү итгэх итгэл, хайрлах мэдрэмжийг  0-3 насандаа хүүхэд олж авдаг. Гэвч үүнийг бүрэн авч чадаагүй хүүхэд насанд хүрэх үедээ хүнтэй харилцах харилцаа нь дээрээ доголдол гаргах гээд байдаг сул талтай.  Тэрнээс эмээ, өвөө найз нөхөд гэх мэт бусад хүмүүс  хангалттай хайрлаж, анхаарч байгаа тохиолдолд сэтгэлзүйн хувьд тогтвортой өсөх боломжтой.
 Тэрнээс эмээ, өвөө найз нөхөд гэх мэт бусад улсууд хангалттай хайрлаж, анхаарч байгаа тохиолдолд сэтгэлзүйн хувьд тогтвортой өсөх боломжтой.
-Эцэг эхийн хайраар дутаж өссөн хүүхэд өөртөө итгэх итгэл сул байдаг гэсэн. Тэгвэл ажлын байр нь дээр гараад өөрийгөө илэрхийлэх , багаар ажиллах чадамж багатай болох магадлал хэр вэ. Ер нь энэ тал дээр хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?
-Монгол хүний сэтгэлзүйн байдал Ази болон Европын  бусад орнуудаас бага зэрэг ялгаатай тал нь аливаа зүйлд тайван ханддаг хэдий ч ямарваа нэг асуудал тулгарвал хэн нэгэнтэй хуваалцаж чаддаггүй, зөвхөн өөрөө шийдэх ёстой гэж ойлгодог, оролддог. Энгийнээр хэлбэл, мэдрэмжээ хуваалцах тал дээр бүрэг гэсэн үг. Өөрт нь таагүй байвал хэн нэгэнд хэлж байх нь чухал.  Харин энэхүү мэдрэмжээ хуваалцах, бусадтай ярилцах чадварыг бага насандаа хүүхэд олж авдаг. Хүүхдийг бага насанд нь аливаа зүйлийг хийхэд нь ямархуу байв, чадсан уу, чадаагүй юу, чадаагүй бол юу нь дээр алдав, алдсан бол санаа зоволтгүй  дахиад оролдоод үз гэж урамшуулж, дотоод хүнтэй нь ярилцах нь зүйтэй. Ингэснээр өөрт нь ямар нэг асуудал гарч  бүтэлгүйтэх үед энэ нь хэвийн үзэгдэл гэж тухайн хүүхэд ойлгож, хүлээж авах байдал нь уян хатан болдог. Ингэж ойлгуулаагүйгээс  болоод насанд хүрсний дараа хамгийн их айдаг айдас нь  чадахгүй байх вий гэх  айдас болж нэг бүтэлгүйтсэн тохиолдолд эргэж хөл дээрээ босох ,хэвийн амьдралдаа ороход тун хүндрэлтэй болдог.
-Хойд эцэг, эх хүүхдийг илүү зоддог, хүчирхийлдэг, сэтгэл санааны дарамтыг бий болгодог гэх явган яриа байдаг. Тэгвэл хүүхдэд хойд эцэг, эхтэй болох гэж буйг хэрхэн ойлгуулж , сэтгэл санааг нь бэлдэх хэрэгтэй вэ?
-Эцэг, эхчүүд анхнаас нь хойд, эцэг эхтэй болох гэж байгаа юм чинь  миний хүүхдийг хайрлахгүй байх вий гэж айсандаа богино хугацаанд  ойртуулж , дотносуулах гэж хүүхдэд  тухайн хүнийг ааваа, ээжээ гэж дууд хэмээн тулгах нь хүүхдийн дотор зөрчилдөөнийг бий болгодог.  Хүүхэд автоматаар миний аав биш, ээж маань нас барчихсан , би яагаад энэ хүнийг ааваа эсвэл ээжээ гэж дуудах ёстой гэж хэмээн  хүлээн зөвшөөрөх дургүй ,зөрчилддөг  учраас хүүхэд өөртөө хаалтыг бий болгодог. Тиймээс алгуурханаар тухайн хүүхдийн санаанд нийцэх, итгэх итгэлийг нь олж авах хүртлээ энэ хүнийг хэн гэж дуудмаар байгааг нь өөрөөс нь асуух хэрэгтэй. Мөн шулуухнаар хамтдаа амьдрах гэж байгаа аав эсвэл ээж нь болох гэж байгааг хэлэхээс  өмнө чанартай бөгөөд үр бүтээлтэй цагийг өнгөрөөх хэрэгтэй.  Хамт хооллож, зугаалж, тоглож илүү их хүүхэдтэй найзлуулах тал дээр анхаарч харилцааг сайжруулбал  удалгүй хүүхдэд  тэр хүнтэй хамт байхад эвтэйхэн , аюулгүй, дотно мэдрэмж төрж эхэлдэг. Энэ үед тухайн хүүхдэд хамт амьдрахаар болсон гэдгийг хэлбэл нааштайгаар хүлээж авах боломжтой. Төрсөн болон хойд ээж, аав хэн нь ч байсан  хэн нь илүү харилцаа сайтай, цагийг үр дүнтэй өнгөрүүлж чадаж байна тэр хүнтэйгээ хүүхэд  гэр бүл болж  түүнийг хүлээн зөвшөөрдөг.
-Өсвөр насны  хүүхэд, хойд эцэг, эхтэй  болоод гэрт нь зөрчилдөөн үүссэн тохиололд  гэртээ байх нь бага болж, муу зуршилтай болох хандлагатай байдаг. Үүнээс хэрхэн сэргийлж болох вэ?
-Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, суурь хэрэгцэээ нь үе тэнгийнхний  харилцаа нь дээр байдаг. Жишээлбэл найзууд дундаа хэр нэр хүндтэй, найзуудтайгаа хэр сайн найзлаж чадаж байна, эсрэг хүйстэн нь өөрт нь хэр  талтай байна гэх зэрэг дээр илүү анхаарах төлөвтэй байдаг. Гэтэл найзуудтайгаа их цагийг өнгөрөөх хүсэлтэй, гадуур явж аливаа зүйлийг насанд хүрсэн хүн шиг туршиж үзэхийг хүсдэг  нь эцэг, эх , ойр дотны хүмүүсд муу замаар орж байгаа мэт санагддаг. Архи ууж, тамхи татаж үздэг. Энэ үед аав,ээжийн зүгээс хүүхэддээ юу хэрэгтэй ,юу хүсэж байгааг нь асууж шалгаахаас илүүтэй ажиглах нь зүйтэй.   Хүүхэд   тань гунигтай , ганцаардсан , сургууль дээр нь асуудал гарсан эсэхийг  чимээгүй ажиглаад  өсвөр насны охид,  хөвгүүдийн нэгэндээ  гоё харагдах гэж хичээж буй үсний засалт, нүүр будалт,  хувцаслалт зэрэгт зөвлөж туслах нь эцэг, эхдээ талархах шалтгаан болж  хүүхэд өөрийг нь ойлгож байгааг мэдэрдэг.  Гэтэл тэгэхгүйгээр хийж буй үйлдэл,гаргаж байгаа алдаа дээр нь яагаад гадуур их явж , хичээлээ хийлгүй нүүрээ будаж байгаа юм гэж зэмлэхэд хүүхэд миний мэдрэмжийг ойлгодоггүй,  миний орон зай байхгүй энэ гэрт багтах арга алга гээд илүү тухтай  найз нөхөдтэйгөө байж гэрээсээ дайжиж эхэлдэг. Энэ үед эцэг эхчүүд ямар бэрхшээл байгааг тодруулахад хүүхэд асуудлыг гэрээсээ хайж  хойд эцэг, эх рүүгээ асуудлыг  чихдэг. Ийм байдал үүсвэл тухайн хүүхдийг хүүхэд гэх талаас нь бус нас биед хүрч байгааг хүлээн зөвшөөр ч  аав, ээжүүд шалгааж, хүслийг нь няцаах биш бид хүүхэддээ туслах үүрэгтэй гэдгээ сайн ойлгуулж тайлбарлах нь хамгийн чухал.
-Тантай холбогдож зөвлөгөө авч байгаа өсвөр насныханд  ямар түгээмэл шинж илэрч байна вэ?
-Одоохондоо ихэвчлэн цахимаар сургалт явуулж, зөвөлгөө өгч байна. Ихэвчлэн инстаграммааар өсвөр насныхан зөвөлгөө авдаг. Тэдгээр хүүхдүүдээс хамгийн түгээмэл анзаарагдаж байгаа шинж тэмдэг нь  ганцаардмал байдал.  Өөрийг нь хэн ч ойлгохгүй, мэдрэхгүй, хүлээж авахгүй байх юм шиг мэдрэмжийг хүн  авчихвал анги хамт олон ,найз нөхөд, ээж, аав нь хайрлаж ,халамжлаж байсан ч ганцаардмал мэдрэмж нь байсаар байдаг. Энэхүү мэдрэмжээсээ болоод хүүхэд ганцаардмал байдлаа орлуулж эхэлдэг. Жишээлбэл ПС тоглоом , ямар нэг мөрийтэй тоглоом тоглодог эсвэл  мансууруулах бодисыг хэрэглэж үздэг. Мансууруулах бодис хэрэглэж байгаа нь тухайн хүүхдийн ганцаардлыг хуурах гэсэн оролдлого. Үеийн найзууд нь бүгд хэрэглэж байгаа учраас тэдгээрийн нэг болж хамтдаа байхын тулд хэрэглэж эхлэх тохиолдол бий. Өөр нэгэн ганцаардлын шалтгаан нь тухайн хүүхдийг хэн ч ойлгохгүй , хайртай болон шохоорхсон хүн нь шархлуулсны дараах үеийн  стресс өсвөр насныханд маш гүнзгий байдлаар асуудал үүсгэдэг.  Бүх асуудал өсвөр насныханд хүнд , хэцүү байдаг шалтгаан нь тухайн насанд гормоны өөрчлөлт явагддагтай холбоотой. Бие физиологийн хувьд хямралтай , хөөрөлтэй , сааталтай энэ үед  авч буй мэдрэмжүүд,  сэтгэл санааны асуудлууд нь хоёр дахин хүнд санагддаг. Сэтгэл санааны хүнд үеийг биеэрээ мэдрэхийн тулд  зарим хүүхдүүд гараа зүсэж, судасаа ханаж үздэг. Энэ нь тухайн хүүхэд сэтгэлийн хэцүүг  биеээрээ мэдэрч  тайлж байна гэсэн үг.  Үүнийг даамжруулж удаан явбал сэтгэлийн эмгэг рүү шилждэг. Эмгэг рүү орсон тохиолдол нийгмийн дунд биеэ зөв авч явахаа больж, өөрийгөө онцгой эсвэл хэнд ч хэрэггүй мэтээр  бодож  мэдрэмжүүдийг бодит байдлаас  өөрөөр  хүлээн авч өөрийн төсөөллийн ертөнцөд амьдрах , хүнийг хардаж, хийсвэр бодолдоо автах зэрэг олон шинж тэмдэг илрэнэ. Энэ үед сэтгэцийн эмч дээр очиж эмчлүүлэх шаардлагатай  сэтгэлзүйчид засах боломжгүй.
-Ярилцсанд баярлалаа.
Ярилцсан: Л.Гантөгс
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн