Монголын өргөн нэвтрүүлгийн долоон телевиз хамтран хатуу хөл хорионы хугацаанд "Карантин-14" нэвтрүүлгийг 10 өдрийн турш өдөр бүр 12.00-18.00 цагт хүргэлээ. Өнөөдөр сүүлийн дугаараа олон нийтэд хүргэсэн бөгөөд аж ахуйн нэгж байгууллагууд сайн дураараа хамтран хатуу хөл хорионы хугацаанд гэртээ байгаа иргэдийг үзэх юмтай байлгах үүднээс хамтран ажиллаж энэхүү нэвтрүүлгийг хүргэснийг онцлох нь зүйтэй юм. Өнөөдрийн дугаарт УИХ-ын гишүүн Н.Учрал цахимаар холбогдон оролцсон нь олон үзэгчийн сэтгэлийг хөдөлгөсөн юм. Н.Учрал гишүүн хүндээр өвдөж, гадаадад эмчлүүлж байгаад саяхан эх орондоо ирсэн билээ. Ингээд Н.Учрал гишүүний "Карантин-14" нэвтрүүлгээр ард түмэндээ хандан хэлсэн мэндчилгээг уншигч танд хүргэж байна.
Тэрээр "Элэг нэгт монгол ахан дүүсийнхээ энэ өдрийн амар амгалан айлтгаж мэндчилж байна. Миний хувьд маш их баяртай байна. Монгол эх орондоо өглөөний нарыг монгол ахан дүүстэйгээ үзэж, амьдрах сайхныг мэдэрч, одоо ингээд та бүхэнд мэндчилгээ дэвшүүлээд суух мөч тохиож байгаад сэтгэл өндөр байна. Миний хувьд өнгөрсөн саруудад маш хүнд өрдүүд өнгөрсөн. Энэ хугацаанд би хүн гэдэг амьтан бол амьдралын сайхныг амьдарч байхдаа мэддэггүй мөртлөө амьдралд хайртай, дээр нь өвчин зовлонгоос өөр зүйлд хүн сөхөрдөггүй юм байна гэдгийг их ойлгосон. Тиймээс хүн бүр бие биедээ хайраа түгээж, нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, бусдаас хайрыг мэдрэхийн жаргал, бусдад хайр түгээхийн жаргалыг мэдэрч, амьдралын сайхныг ойлгож, алхам цаг мөч тутамдаа амьдрах сайхан юмаа гэдгийг мэдрэх бол хамгийн том аз жаргал.
Өнөөдөр дэлхийн нийтэд аюулын харанга дэгдээгээд байгаа КОВИД-19 цар тахлыг бид хамтын хүч, эв нэгдлээр, бие биедээ хайраа түгээх тэр сайхан мэдрэмжээр даван туулна гэж ойлгодог. Иргэд маань "Цар тахлын үед хөл хориог олон хоногоор сунгалаа, төрийн албан хаагчид ийм шахалт үзүүлээд байна, намайг гудамжинд явуулахгүй шалгаад байна" гэдэг байдлаар жижиг зүйлд битгий бухимдаарай. Үнэндээ энэ бол том асуудал биш. Хамгийн гол нь хүн амьд явна гэдэг хамгийн том аз жаргал шүү. Эдийн засаг хямарч байна гэж иргэд маань бухимддаг. Гэхдээ эцэст нь ямар ч мөнгө төгрөг, эрх мэдлээр худалдаж авч чадахгүй зүйл бол эрүүл мэнд шүү гэдгийг хэлэхийг хүсч байна.