Open iToim app
Зочин | 8 мин уншина

Ж.Баясах: Ши Жиньпин шиг хүн төрд удаан байх нь Монголд л хэрэгтэй

Ж.Баясах: Ши Жиньпин шиг хүн төрд удаан байх нь Монголд л хэрэгтэй
Нийтэлсэн 2022 оны 10 сарын 26
Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Ж.Баясахтай ярилцлаа. Бидний яриа Хятадын Коммунист намын XX Их хурлын эргэн тойронд өрнөв.
-Хятадын Коммунист нам /ХКН/-ын ХХ Их хурал болж өндөрлөлөө. БНХАУ-ын цаашдын хөгжлийн зураг, удирдагчид тодорлоо гэж харж байна. Таны хувьд энэ хурлаас юу ажиглав гэдгээс яриагаа эхэлье?
-Коммунист намын Их хурал бол Хятадын хувьд маш чухал хурал юм. Өөрөөр хэлбэл, 2012 онд БНХАУ-ын даргаар сонгогдсон Ши Жиньпинийг дахиж сонгох асуудал яригдаж, үүнийг шийдлээ. Ши Жиньпин нь Мао Зедуны дараа гурав дахь удаагаа Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов. Хоёр дахь албан тушаал буюу БНХАУ-ын даргаар улиран сонгогдлоо. Дараагийн таван жил Хятадыг удирдах эрхээ баталгаажууллаа. Мөн Ши Жиньпин Зэвсэгт хүчний ерөнхий компандлагч боллоо. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүнээр Ши Жиньпинээс гадна зургаан хүнийг сонголоо. Дөрөв нь шинээр гарч ирсэн, хоёр нь улиран сонгогдсон. Насны хувьд авч үзвэл хамгийн хөгшин нь Ши Жиньпин, 69 настай. Бусад нь 60-67 настай байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайдаар Ли Цян гэдэг хүн ажиллах нь тодорхой болж байна. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын даргыг Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн чуулганаар шийднэ. Удахгүй дарга нь тодорхой болно.
-Хятадын Коммунист намын ХХ Их хурал юугаараа онцгой болсон гэж та дүгнэж байна вэ?
-БНХАУ-ын түүхэнд, 1949 оноос хойш нэг хүн гурав дахь удаагаа Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон нь онцгой байлаа. Ши Жиньпин нь Мао Зедуны дараах Хятадын том удирдагч гэдгийг хүлээн зөвшөөрлөө. БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой 2049 онд болно. Үүнээс өмнө Хятад орон нийт ард түмнээ дундаж давхрагад шилжүүлнэ гэдгээ амласан. Өнөөдөр БНХАУ-ын 400 сая иргэн 10 мянган ам.долларын орлоготой, дундаж амьдралтай байна. Хоёр жилийн өмнө БНХАУ социализмаа байгуулчихлаа гэж зарласан. Хятадын хүн амын 50 хувь нь дундаж амьдралтай болсон гэж зарласан. Ирэх 2035 он гэхэд үлдсэн хүн амаа дундаж давхаргатай болгоно гэж байна. Өөрөөр хэлбэл, тэрбум 400 сая хүн амынхаа тэрбумыг нь дундаж амьдралын хэмжээнд хүргэнэ гэсэн том зорилт тавьж байна. Ингэснээрээ БНХАУ дэлхийд номер нэг улс болно гэдгээ дахин зарлаж байна гэсэн үг.
ОХУ-д Путины удирдлаган дор байгаа "Нэгдсэн Орос" гэдэг нам л төрийг барьж байна. Хятадад бол 1921 онд байгуулсан Хятадын Коммунист нам нь босоо удирдлагаар төрөө барьж байна. Социализм байгуулчихлаа гэдгээ зарласан улс ганцхан БНХАУ л боллоо. Энэ бол том амжилт л даа. Хятад авторитари дэглэмтэй улс. Хятадын энэ туршлагыг Оросууд хүртэл ашиглаж, Үндсэн хуульдаа өөрчлөлт хийх замаар Путиныг гаргасан. Орос эсрэгээрээ хатуу бодлого явуулж байна. Ойрхи Дорнодод, Сирид цэргээ орууллаа, Украинаас болж байлдааны тусгай ажиллагаа буюу үндсэндээ дайн хийж байна.  Энэ дайн нь Орос-Украины дайн биш, НАТО бөгөөд Оросын дайн болж хувирлаа. Европын холбоо нь өөрөө НАТО-тай адилхан элдвийн хориг тавьж байгаагаас ийм байдалд хүрлээ. Хятад бол эрс, айхтар хурц бодлого явуулахгүй байгаа. Хятад Оросоос ялгаатай нь зөөлөн бодлого явуулдаг. “Та нарыг тэгвэл бид ингэнэ шүү” гэж сүрдүүлэхгүй. Зөөлөн дугарч байгаад алгуурхан юмаа хийдэг ард түмэн. Сая ХКН-ын ХХ Их хурлын үеэр Ши Жиньпин бүтэн найман цаг илтгэл тавихдаа Орос-Украины дайны талаар нэг ч үг хэлээгүй. Үүний цаана нөгөө зөөлөн бодлого нь явж л байгаа юм. Зарим барууны хэвлэл Орос-Украины талаар юу ч хэлээгүй нь өөрөө дайныг дэмжиж байна гэж тайлбарласан байна лээ. Тийм байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ юу ч хэлээгүй нь үнэн юм.
-Гэхдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэлхийн дахинд тайван байдлыг чухалчилж, даян дэлхийн бүх улс орнуудтай дипломат харьцааг өндөр түвшинд хүргэнэ гэсэн утга илэрхийлж байсан шүү дээ?
-ХХ Их хурал дээрээ дэлхийд олон туйлыг бий болгоно гэж мэдэгдсэн. Гэхдээ яг хэнтэй гэдгээ яриагүй. Үүний цаана нэг улсаар удирдуулахгүй гэдэг санаа яваа юм. Тодруулбал, АНУ-ын замаар явахгүй гэдгээ мэдэгдэж байгаа хэрэг. Америк, Өмнөд Европынхон Хятадаас айж байна. Нөгөө хамгийн хямд ажиллах хүчинтэй, хамгийн хямд юм хийдэг байсан ард түмэн чинь өнөөдөр саран дээр гарчихлаа. Сарны нөгөө талд нээлт хийсэн гэж мэдэгдсэн. Гэхдээ түүнийгээ тодорхой хэлэхгүй байгаа. Энэ нөгөө л түрүүлж дуугардаггүй зарчимтай нь холбоотой.
Ши Жиньпин Хятадын Коммунист намын Их хурал дээр улс орныхоо хөгжлийг ахиулна, бүгд буюу дэлхий нийтээр эв найртай амьдаръя гэж ярьсан. Мөн Тайванийг бид ямар ч байсан нэгтгэж авна. Гэхдээ үүнийг цэргийн хүчээр хийхийг урьтал болгохгүй гэж ярьсан. Өөрөөр хэлбэл, зөөлөн аргаараа иднэ л гэсэн үг. Хятадын Күнзийн философи нь  “Чулууг чулуу идэхгүй, чулууг ус иддэг” гэдэг санаа агуулдаг. Хятад энэ философиороо явдаг, бодлого нь хэдэн мянган жил үргэлжилж ирсэн. Үүнийг “ямх”-ын бодлого буюу бага багаар бодлогоо тогтвортой ахиулж явуулахыг хэлж байгаа юм. Энэ бодлого зөв байгаа учраас дэлхийн нэг номерын улс болох нь. Судлаачийн хувьд харахад, Хятадын бодлого далайцтай мундаг явж байна.
Түүнчлэн, “Нэг бүс-Нэг зам” бодлогоо үргэлжлүүлнэ гэж байгаа. Гэтэл НАТО, Европын холбоо, АНУ-ыг дагасан хэд энэ бодлогыг эсэргүүцэж, Номхон далай, Энэтхэгийн далайн бүс нутгийг хөгжүүлнэ гэж яриад байгаа. Өөрөөр хэлбэл, Хятадын Бүс ба замын эсрэг хүчтэй зогсоно гэдгээ илэрхийлж байгаа юм.
-Ши Жиньпин БНХАУ-ын даргаар улиран сонгогдсоноор Хятад улс цаашдаа “Тэг ковид” бодлогоо үргэлжлүүлэх нь, энэ нь манайд хүнд тусна гэж зарим хүн ярьж байна. Ер нь Ши Жиньпиний бодлого Монгол Улсад яаж нөлөөлөх бол?
-Цар тахлын хамгийн хэцүү, хүнд үеийг Хятад улс өөрөө үүрч байна. Үүнийгээ давна гэдгээ бас зарласан. Цар тахалтай холбоотой эсэргүүцэл дотоод улс төрд нь ч бий. Гэхдээ Ши Жиньпин шиг нэр хүндтэй удирдагч одоогоор БНХАУ-д алга. Энэ хүн байгаад байвал бидэнд ашигтай гэж би харж байна. Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүнээр сонгогдсон зургаан хүн, Ши Жиньпинийг оролцуулбал бүгд Хан үндэстэн. Хан гэдэг нь Хятад үндэстэн гэсэн үг. Өөр үндэстэнг гаргасангүй. Ши Жиньпиний эцэг нь Шэньсигаас гаралтай. Шэньсичууд манай дээд өвөг, монголчуудтай их ойр байсан, Хүннү гаралтай ч гэж ярьдаг. Тэгэхээр ийм хүн төрд удах юм бол манайд л хэрэгтэй.
Ши Жиньпин Монгол Улсад 2014 онд айлчлахдаа УИХ-ын чуулганд үг хэлж, Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгээс уншиж байсан. Тэр үед манай хэнээтэй нөхдүүд “Манай Монголыг Миний нутаг” гэлээ гээд шүүмжилж байсан. Дараа нь 2015 онд битүүний урд өдөр Хянганы нуруун дээрээс Монголын зүг дурандаад суусан гэдэг. Цаана нь өвөг дээдсийнх нь юм байж магадгүй л юм. Тэр талаасаа Монгол Улсыг илүү дотно хардаг байх гэж би боддог.

Ерөнхийлөгч онцгой үед БНХАУ-д айлчлах нь

-Манай хоёр хөршийн удирдагч нар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах замаар хэмжээлшгүй эрх мэдлээ хэрэгжүүлэх нөхцөлөө бүрдүүлчихлээ гэж ярьж байна. Та юу гэж харж байна вэ?
-Гол ялгаа нь Хятадууд хэзээ ч Путинтай адилхан бодлого явуулахгүй. Орос хатуу, Хятад зөөлөн бодлого явуулдаг. Оросууд шиг айхтар, айхтар мэдэгдэл ч хийхгүй. Манай Оросын ард түмэн 2023 он гараад гадаад бодлогынхоо үзэл баримтлалыг өөрчилье гэж байна. Тэгэхгүй бол Оросыг дэлхий нийтээрээ хавчиж байна. Украинд оруулсан мөнгөө ОХУ-ын гадаадад байршуулсан мөнгийг царцааж, тэрнээс нь суутгана гэж яриад байна. Гэхдээ олон улсын харилцаанд арай ч ийм дээрэм, тонуул болохгүй байх. Нэг туйлт Америк орон тоглоод дууслаа. Гэхдээ энэ үе нь дуусч байна. Дундын сонгуулиар Жой Байдан гарч ирэхгүй юм шиг байна. Ингэхээр нэг туйлт Америк гэдэг их гүрэн байхгүй болно. Олон туйлтаас Орос, Хятад, Энэтхэг, Бразил гарч ирнэ. Америкийг дагаад шинэ зүйлүүд гарч ирсэн. Гавьяагаар нь олон монгол залуус гадагшаа явж боловсрол эзэмшлээ. Гэхдээ даяарчлал дуусч байна.
Орос НАТО-гийн дайн энэ өвлийг даваад ирэх зуны эхээр дуусах магадлал байна.
-Одоо БНХАУ-ын гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллаж байгаа Ли Көцян зэрэг нөлөө бүхий улстөрчдийг ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүнд багтаасангүй. Мөн БНХАУ-ын дарга асан Ху Жинтаог хүчээр хурлаас гаргалаа зэрэг мэдээлэл гарсан. Үнэхээр эдгээр улстөрчдийг явуулсан уу?
-Ши Жиньпин өөрөөс нь хүчтэй болж мэдэх Шанхайн бүлэглэлийг аажмаар байхгүй болгож байна. Коммунист намын дотор нутгархах үзэгдэл бол бий. Хурлын төгсгөлд Ху Жинтао даргыг хурлаас гаргасан нь тав дахь удирдагчаа зургаа дахь болгохыг Ши Жиньпин өөрөө гаргаж ирсэн. Тиймээс залгамж халаатай гэдгийг харуулах үүднээс хурлаас гаргасан. Мөн Зэсвэгт хүчний командлагч болсон шүү дээ.
-ХКН-ын Их хурал өндөрлөж, дараагийн удирдлагууд тодорсон энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчлах гэж байна. Энэ нь түүхэн, бас сонин тохиолдол болох байх. Айлчлалаас та юу харж байна вэ?
-Орос, Хятад, Монгол Улсын төрийн тэргүүн нарын уулзалт саяхан Ташкентад болсон. Ирэх сарын 27, 28-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлах гэж байна. Өөрөөр хэлбэл, Ташкентын уулзалтын дараах хоёр дахь том уулзалт болох нь. Мөн Ши Жиньпин БНХАУ-ын даргаар дахин сонгогдсоных нь дараа очиж байгаа төрийн анхны хүн болж байгаа нь чухал юм.
Мэдээж айлчлалаар эрдэс баялгаа гаргах асуудлаа ярих байх. Хоёр жил хилээ хаангуут нь эрдэс баялгаа гаргаж чадахгүй баларлаа шүү дээ. Монголын төмөр зам, Голомттой хамтраад Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд төмөр замын гарц нээлээ. Энэ төмөр зам ашиглалтад орсноор экспорт 4-5 дахин нэмэгдэнэ гэж байна. 2023 оноос Монгол Улс уранаа гаргаж авах юм байна. Монголын хувьд уранаа зарах гол зах зээл Хятад. Монгол Улс уран экспортлогч дөрөв дэх улс болох гээд байна. Уран бол сансрын түлш, цөмийн зэвсэг, эрчим хүч гээд бүх зүйлд л ашиглана. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөлд Хятадууд хөрөнгө оруулах гээд байгаагийн цаана баруун талаараа байгалийн хийн хоолойн нэг шугам явуулах гэж байгаатай холбоотой байх. Тэр шугамаа баталгаатай болгохын тулд эрчим хүчний эх үүсвэрийг бий болгохыг дэмжиж байна гэж харсан.
Ер нь Энэтхэгийн оруулсан хөрөнгөөр өөрсдөө түлшээ гаргаад авчихдаг, Ховдод Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барьж, Багануур болон ТЭЦ-3-ийг шинэчилчихвэл Монгол Улс эдийн засгийн хувьд биеэ даасан улс болох юм. Өөрөөр хэлбэл, гаднаас эрчим хүчний хамааралгүй, өөрсдөө түлшээ үйлдвэрлэдэг болчихвол юм өөрчлөгдөнө. Уг нь Хятад хөгжиж л байвал бид бөөрөнд нь хөгжих юм шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн