Open iToim app
Эрх зүй | 7 мин уншина

​Өршөөлийн хууль Авлигын эсрэг конвенцтой ингэж зөрчилджээ

​Өршөөлийн хууль Авлигын эсрэг конвенцтой ингэж зөрчилджээ
Нийтэлсэн 2015 оны 1 сарын 17
Манай улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод 2005 онд нэгдэж, Авлигын эсрэг хуулийг 2006 онд шинэчлэн баталсан. Түүнчлэн Авлигатай тэмцэх бие даасан байгууллагыг 2007 онд байгуулжээ. АТГ нь авлигын шинжтэй 10 төрлийн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн шалгалт явуулж прокурор, шүүхэд шилжүүлдэг. Гэтэл энэ сарын 11-нд УИХ-ын баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар АТГ-ын энэхүү 10 төрлийн гэмт хэрэгт шалгуулж байгаа бүх хүн өршөөлд хамрагдахаар болов. Ер нь л авлигын хэргээр шүүхээс ял авсан, авлигын хэрэгт шалгуулж байгаа, прокурор шүүхийн шатанд яваа бүх гэмт хэргүүд өршөөгдлөө. Ингэснээр манай улс Сингапураас ч илүү авлигагүй улс боллоо.
УИХ Үндсэн хуулиас давсан зүйл заалттай хууль батлах эрхгүй. Бас нэгдэж орсон олон улсын гэрээ дүрмээс хэтэрсэн, илүү үйлчлэлтэй хууль батлах эрхгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын баталсан Өршөөлийн хууль Авлигын эсрэг олон улсын гэрээг зөрчсөн үү.  
Авлигын эсрэг конвенцийн удиртгал хэсэгт “Энэхүү конвенцид оролцогч улсууд нь:
-авлигын улмаас нийгмийн тогтвортой болон аюулгүй байдалд үүсч буй бэрхшээл, аюул занал нь ардчилсан тогтолцоо, үнэт зүйлс, түүнчлэн ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулж байгаад сэтгэл зовниж,
-авлига нь бусад гэмт хэрэг, тухайлбал зохион байгуулалттай гэмт хэрэг, мөнгө угаах зэрэг эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой байдагт мөн сэтгэл зовниж,
-авлигын хэрэг нь тухайн улсын улс төрийн тогтвортой байдал, тогтвортой хөгжилд заналхийлж байдагт цаашид сэтгэл зовниж,
-авлигаар эд баялгийг хувьдаа хууль бусаар олж авах нь ардчилсан тогтолцоо, үндэсний эдийн засаг, хууль дээдлэх ёсонд нэн хохиролтой гэдэгт итгэж ... дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов” гэсэн байна.
Энэ конвенцод нэгдсэн улсууд авлигын гэмт хэргийг улс орны эсрэг гэмт хэрэг гэж үзэн эдийн засаг болоод нийгмийн амьдралд хор хөнөөл учруулахуйц гэмт хэргийг хуулийн хүрээнд хариуцлагаа хүлээлгэхээ амласан байна. Авлигын эсрэг олон улсын конвенцод авлигачдаа бөөнөөр нь өршөөж болно гэсэн заалт алга. Харин улс орныхоо эсрэг гэмт хэрэг гэж үзэн хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэжээ.
Авлигын хэргээр өршөөгдөх магадлалтай хэсэгт дуулгах таатай мэдээ ч энэ конвенцод байна.  
Авлигын эсрэг конвенцийн яллах, шүүхийн шийдвэр гаргах, шийтгэл ногдуулах 30 дугаар зүйлийн 10-т “Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэрэгт яллагдаж буй этгээдийг нийгэмд дахин нэгдэн орохыг дэмжинэ” гэж заасан байгаа юм. Конвенцийн 31, 55 дугаар зүйлд “Оролцогч улс бүр гэмт хэрэгт шийтгэгдсэн этгээдийг хугацаанаас нь өмнө суллах буюу тэнсэн суллах боломжийг авч үзэхдээ тухайн гэмт хэргийн ноцтой байдлыг харгалзан үзнэ” гэсэн байгаа юм. Тэгэхдээ ганц шалгууртай. Конвенцийн баримт бичигт бүх тохиолдолд заавал дагаж, мөрдөх ёстой нэг заалт байгаа нь хохирлыг нөхөн төлүүлсэн байх тухай заалт юм. Авлигын эсрэг конвенцийн Хохирлыг нөхөн төлөх 35 дугаар зүйл болон V бүлэг дэх хөрөнгө буцааж олгох арга хэмжээнд дурдсанаар гэмт хэрэгтний олсон орлогыг мөнгөн дүнгээр эсвэл тухайн орлогын үнийн дүнтэй тохирох эд хөрөнгийг адилтган нөхөн барагдуулсан байх ёстой” гэж заасан байна. Хохирлоо урьдчилан төлсөн авлигачдыг өршөөж болохыг Конвенцоор хүлээн зөвшөөрчээ. Өөрөөр хэлбэл, Авлигын эсрэг конвенцоор бол авлигыг улс орны эсрэг гэмт хэрэг гэж үздэг. Харин Өршөөлийн хуулиар улс төрийн зорилгоор хэлмэгдсэн гэж өршөөв. Бараг л баатар болох шинжтэй. Авлигын эсрэг конвенцоор улс орон, эдийн засагт үзүүлсэн хохирлоо заавал барагдуулсны дараа өршөөлийн тухай ярьдаг байна. Гэтэл УИХ-ын баталсан Өөршөөлийн хуулиар хохиролтой нь хамт өршөөсөн, “өршөөгдсөн хойноо цувуулаад төлж болно” гэх аятай заалт оруулжээ.
Авлигын өршөөл огт байдаггүй ч юм биш. Ийм хуулийг гаргахдаа АНУ болон Канад, Герман, ОХУ нь гэмт хэрэгтнүүдийг өршөөх хороо, зөвлөл байгуулж тэд нар нь гэмт хэрэгтнүүдтэй уулзаж, ярилцаж байнгын судалгаа явуулж, нийгэм, эдийн засагт учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэмт хэрэгтэн өөрөө засарсан, гэм буруугаа ойлгож байгаа зэргийг удтал судалсны эцэст өршөөл үзүүлэх саналаа илэрхийлдэг байна.

Өршөөлийн хуультай холбоотой зарим орны жишээг хүргэе.

Жишээ 1. Өмнөд Солонгос
Өнгөрсөн амралтын өдрөөр буюу 2015 оны наймдугаар сарын 15-ны өдөр Өмнөд Солонгост Японы клончлолоос ангижирсан, дэлхийн II дайн төгсгөл ирсний 70 жилийн ой тохиолоо. Энэ өдрийг Өмнөд Солонгос улс Тусгаар тогтнолын өдөр болгон тэмдэглэдэг. Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе наймдугаар сарын 12-ны өдөр нэгэн том шийдвэр гаргасан нь 6527 ялтанд тусгай өршөөл үзүүлсэн явдал юм. Тэрээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хоригдох жилийнхээ гуравны хоёрыг гүйцээсэн 6527 ялтан, тэр дундаа бизнес эрхлэгч, төрийн ажилтнуудыг өршөөлдөө багтаасан байна.
Гэвч Солонгосын ард иргэд 2013 онд улс төрийн болон эдийн засгийн гэмт хэрэгтнүүдийг өршөөхгүй хэмээн хэлж байсан амлалтаасаа буцсанд түүнд дургүйцэж байгаа юм. Учир нь, Ерөнхийлөгчийн тусгай өршөөлөөр Өмнөд Солонгосын гуравдахь том корпорац “SK”-ийн захирал Че Тэ Воны хэргийг хэрэгсэхгүй болгож, суллаж байгаа юм. Өдгөө 54 настай тэрээр хөрөнгө шамшигдуулсан хэргээр дөрвөн жилийн хорих ял эдэлж байсан юм.
Эдийн засгийн хэмжээгээр дэлхийд 14-т бичигддэг Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлийн 40 орчим хувийг дөрвөн том корпорац бүрдүүлдэгийн нэг нь Че Тэ Воны “SK” корпорац юм.
Харин Ерөнхийлөгч Пак Гын Хе энэ тухай “улсынхаа эдийн засгийг сэргээхэд хүч нэмэгдүүлэх зорилгоор тусгай өршөөл үзүүлэхээр шийдвэрлэлээ” хэмээн хэлсэн байна. Солонгосын “Korea Gallop” байгууллагын 1003 хүний дунд хийсэн судалгаагаар санал асуулгад оролцогчдын 54 хувь нь авлигачдад өршөөл үзүүлэхийг дэмжихгүй гэсэн бол 33 хувь нь улсын эдийн засагт тустай тул суллах нь зөв гэж үзжээ.
Жишээ 2. Хятад
Хятад улс бол өршөөлд маш хатуу ханддаг улсуудын нэг. Түүнчлэн авлигатай хийх тэмцэлд үлгэр жишээ орны нэг болж байгаа гэж болно. Хятад улс 2012 оны арваннэгдүгээр сард Коммунист намын XVIII их хурлаар авлигатай тэмцэх кампанит ажлыг эхлүүлсэн. Үүнээс хойш энэ оны зургадугаар сарыг хүртэл тус улс 38.7 тэрбум юань буюу 6.2 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирлыг барагдуулж мөнгө болон эд барааг хуулийн байгууллагад шилжүүлжээ. Үүнээс 20.1 тэрбум юань нь авлигын мөнгө байсан бөгөөд энэхүү хохирлыг нөхөн барагдуулж улсын санд тушаасан байна. Түүнчлэн өнгөрсөн онд л гэхэд авлигатай тэмцэх кампанит ажлын хүрээнд 930 албан тушаалтныг баривчилж, зохих шийтгэлийг нь ногдуулжээ. Тэдний 70 нь сайн дураар хэргээ хүлээсэн нь кампанит ажил үр дүнд хүрч байгаагийн илрэл хэмээн үзэх хэсэг байна.
Тус улсын авлигатай тэмцэх кампанит ажил төрийн албан тушаалтнуудын гэмт хэрэгтнүүдийг шийтгэхээс эхэлж байгаа нь нийгэмд цочрол өгч байгаа гэж болно. Түүнчлэн тус улс гадаад руу зугтсан авлигачдыг барьж ирэх “үнэгний ав” ажиллагааг эхлүүлээд байгаа юм. Энэ ажлын хүрээнд гадаад руу урссан хэдэн тэрбум ам.долларыг буцаан авчирсан юм. Өөрөөр хэлбэл, энэ он гарснаас хойш л гэхэд эх орноосоо зугтсан эдийн засгийн 312 гэмт хэрэгтнийг АНУ, Канад, Австрали, Бельги зэрэг дэлхийн 57 орноос баривчлан авчирч хохирлыг нь нөхөн төлүүлж, зохих шийтгэлийг нь оноогоод байгаа аж. БНХАУ-д гэмт хэргээ өөрөө хүлээн зөвшөөрвөл ялыг бага зэрэг хөнгөлөх өршөөл үзүүлдэг байна. Харин эдийн засгийн гэмт хэрэгтэнд энэ өршөөл хамаардаггүй байна. Учир нь, авлига, мөнгө шамшигдуулсан зэрэг эдийн засгийн гэмт хэрэг бол улс орны эсрэг гэмт хэрэг хэмээн үзэн өршөөлд хамрагдуулдаггүй байна. БНХАУ-ын “Интерпол”-оор эрэн сурвалжилж байгаа эдийн засгийн 100 гэмт хэрэгтэн буюу авлигачдын 60 хувь нь гадаад руу дүрвэсэн байдаг тул ийм ажиллагааг эхлүүлж байжээ.

Жишээ 3. Тайланд
Тайланд улс бол Өршөөлийн хуулийн улмаас төрийн эргэлт хийсэн бидний мэдэх хамгийн сүүлийн үеийн жишээ. Тайландын анхны эмэгтэй Ерөнхий сайд Инглак Чинават Өршөөлийн хуулийг дэмжих хүртлээ улс төрд тун одтой явж байв. Түүнийг өөрчлөлт шинэчлэлийн хатан хаан ч гэж байв. Гэвч тэрээр Өршөөлийн хуулиас болж суудлаасаа огцорч, эх орноосоо дүрвэхэд хүрсэн юм. Учир нь, өршөөлийн хуульд улс төр, эдийн засгийн гэмт хэрэгтнүүд, тэр дунд цөллөгт явсан иргэдийг ч өршөөлд хамруулах заалт оруулсныг тэрээр дэмжиж, дур мэдэн баталсан явдал юм. Түүний ах Ерөнхий сайд асан Таксин Чинаватад 2008 онд эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр хоёр жилийн ял оноосноос хойш тэрээр эх орноосоо дүрвэн “цөллөгт” амьдарч байгаа юм. Хэдий эх орондоо буцаж ирэх эрхгүй болсон ч түүний нэр нөлөө Тайландын улс төрийн амьдралд хэвээр байгаагаас гадна тус улсыг алсаас удирддаг хэмээн үздэг.
Инглак Чинават ийнхүү ахыгаа эргүүлэн авчрахад зориулсан Өршөөлийн тухай хуулийг баталсан даруйд Тайландын улс төрийн зарим хүчин хүчтэй эсэргүүцэж, огцрохыг шаардаж эхэлсэн. Үүгээр үл барам Тайландын зарим хотод иргэдийн эсэргүүцэл хүчээ авч мөргөлдөөн үүсч, Инглак эх орноосоо дүрвэхэд хүрсэн байдаг. 2014 оны тавдугаар сарын 17-нд Инглак Чинаватыг эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр албан тушаалаас нь буулгаж, засгийн эрхийг цэргийнхэн авсан билээ. Үүнээс тав хоногийн дараа Инглак Чинаватыг Засгийн газрын сайд, улстөрчидтэй хамт баривчилсан бөгөөд одоогоор түүнийг авлига, улсад их хэмжээний хохирол амсуулсан хэргээр шүүж байгаа юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн