Open iToim app
Таны сонорт | 38 мин уншина

Өнөөдрийг “Мандухай”-н хөгжмөөр бол “тамгаа алддаг” хэсэгтэй зүйрлэнэ

Өнөөдрийг “Мандухай”-н хөгжмөөр бол “тамгаа алддаг” хэсэгтэй зүйрлэнэ
Нийтэлсэн 2015 оны 10 сарын 28

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Нацагийн ЖАНЦАННОРОВТОЙ ярилцлаа. Түүнийг хөгжмийн зохиолчоос гадна сэтгэгч, соён гэгээрүүлэгч, үндэсний үзэл, өв соёлыг тээгч гэдэгтэй олон хүн санал нийлэх бөгөөд бидний яриа хөгжмөөс өөр сэдвээр өрнөлөө.

-Өнөөдрийн тухай ярилцахын тулд асуултаа ялимгүй холоос эхэлье. Ардчиллаас өмнө та ямар алба хашиж байсан бэ?
-Би 1981-1985 онд МАХН-ын Төв хорооны, нөгөө хүмүүс айлгадаг Үзэл суртлын хэлтэст Урлагийн асуудал эрхэлсэн ажилтан байсан. 1983 оноос Хөгжмийн зохиолчдын холбооны даргаар сонгогдсон. Тэгээд Хөгжмийн зохиолчдын холбооныхоо даргын ажлыг дагнаж хийе гээд 1985 онд Төв хорооноос чөлөө авсан. Намын төв хорооны гишүүнээс гадна Сайдын зөвлөлийн гишүүн гэж явсан л даа. Тэгсэн Ш.Гунгаадорж гуайн Засгийн газар байгуулагдсан. Соёлын сайд байсан Сумъяа гуай л “чамайг сайд болгоно, ажлаа чамд өгнөө” л гэсэн. Би бол өөрөө сайд болъё гэсэн юм байхгүй. Нэг өдөр л надаас, Балжинням хаана явна гэж байна.Шарын голд зураг авч яваа л гэлээ. Кино найруулагч, миний найз Балжиннямыг хэлж байгаа юм. Бид “Мандухай сэцэн хатан”-ыг дуусгачихсан, “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ыг хийх гээд Шарын голд явсан юм. Олж ирэх хэрэгтэй байна гэсэн, оройдоо ирсэн. Тэгээд л маргааш нь Балжиннямыг Соёлын сайд болгосон.
-Таныг болгоно гэсэн яав…?
-Тэр үед сайд нарыг Ардын Их Хурлаас томилдог байсан юм. Сумъяа гуай хэлэхдээ, чиний асуудлыг АИХ-д оруулсан чинь энэ Засгийн газар чинь Өвөрхангайнхан болох гээд байна гэж яриа гарсаан л гэсэн.
-Өвөрхангайгаас тийм олон сайд томилсон юм уу?
-Нээрээ л олон болчихсон байж л дээ. Арав гаруй сайд нар дотор чинь Гадаад харилцааны сайдаар Ц.Гомбосүрэн, Хөдөө аж ахуйн сайдаар Ц.Өөлд, Боловсролын сайдаар Н.Уртнасан, Үндэсний хөгжлийн сайдаар хүн судлалын Батсуурь томилогдсон,өөр нэг сайд байсан санагдаж байна. Хэрвээ Засгийн газрыг байгуулахдаа нутаг, нутгийн тэнцвэрийг хангадаг бол нээрээ л манай Өвөрхангайгаас олон сайд томилогдсон, би сайд болох боломжгүй байж л дээ. Тэгээд би Балжиннямынхаа орлогч сайд боллоо. Тэр үед чинь сайд болохыг сайхан амьдрах боломж гэж хардаггүй, сайн ажиллах үүрэг гэж ойлгодог байв. Тэгж яваад намар аравдугаар сард Ш.Гунгаадорж гуайн Засгийн газрыг сольж, Соёлын яамыг татан буулгасан. Тэгээд л чөлөөт уран бүтээлч болсон доо.
-Та ардчиллаас өмнө, тухайн үеийнхээ нийгмийг яаж харж байсан бэ, хаана хүрнэ гэдгээ мэдэж байсан уу?
-Би тэр үед том сэхээтэн байгаагүй, байх ч бололцоогүй. 1979 онд сургууль төгсч ирсэн. Харин би төрийн ажилд эрт орсон залуу сэхээтэн бол мөн . Том сэхээтнүүдтэй эрт харилцсан залуу сэхээтэн бол би мөн.
Би хөгжмийн зохиолч, хөгжим судлаач хүн шүү дээ. Тийм учраас нийгмийг тийм их өргөн харна гэж байхгүй. Гэхдээ соёлынхоо салбарт хоёр зүйл ажигласан. Нэгд, төгсөж ирээд театрт юм үзэж байхдаа ерөөсөө үндэсний урлаггүй болчихож байгааг анзаарсан. Үндэсний урлаггүй гэдэг нь Сэвжид гуайн бүжиг, Намсрайжав гуайн хөгжим сайн, муу байсан тухай биш юм. Тэд нар бол гайхамшигтай. Одоо өнөөдөр ярихад инээдтэй. Тэр үед морин хуур гэхэд Ардын дуу бүжгийн чуулгын найрал хөгжимд хааяа нэг суудаг, Норовбанзад гуай зэрэг уртын дуучдыг дуулахаар ард нь эгшиглэх төдий. Уртын дуу гэхэд концертын эхэнд хагас дутуу ганц нэг бадаг л дуулдаг. Хөөмий, биелгээ энэ тэр бол тайзан дээр бүр байхгүй. Ерөөл магтаал ч таг. Ардын гэж байгаа зарим бүжгийг хараад бүжигчинд нь орос хувцас өмсгөчихвөл орос маягийн бүжиг юм биш үү гэж харахаар. Хөгжим гэхэд хийц нь монгол аятай ч юмшиг, тэгсэн хэр нь цаанаас нь орос үнэр гараад байдаг. Хоёрт, соёл урлагийн ерөнхий философи гаргалгаа нь монгол хүний уламжлалт ертөнцийг ухаардаг, ухаанаараа тайлдаг гаргалгаатай их хол зөрсөн нь анзаарагдсан. Энэ бүгд бол болохоо больчихож гэсэн сэрэл өгч, монгол гэдэг язгуур чанар алга болчихож байгаа юм биш үү л гэсэн хар төрүүлж эхэлсэн. Нэгэнт сэрэл өгч байгаа юм бол тэр рүүгээ тэмцэж орох ёстой л доо.
-Тэгээд тэмцэж эхэлсэн үү, яаж тэмцэх үү?
-Тэмцдэг арга нь хуучнаараа, дарга нартаа л зөв ойлгуулъя гэсэн. Түүнээс биш, би улстөрч биш учраас гудамжинд гарч өлсөөд, жагсах ойлголт байхгүй. Дарга, сайд нартаа ажигласнаа л хэллээ. Тэр дагуу язгуур урлагийн улсын анхны үзлэг хийлээ. Аймаг болгонд ийм үзлэг явуулсан. Үр дүнд нь уран бүтээлчид сэрээд эхэлсэн. Тэгж явтал хойно, Орост Горбачёвын өөрчлөн байгуулалт өрнөсөн. Бид ч тэрийг олзуурхан авч “Мандухай сэцэн хатан”-г хийж, “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ыг барьж авсан. Хэрвээ Орост өөрчлөн байгуулалт өрнөөгүй бол, энд Мандухай Цэцэн хатан киног хийж чадахгүй байв. Тэр үед Монголын түүхэн ганц кино нь “Цогт тайж” л байсан. Эх орны дайны үед, том гүрэнтэй хамт дэлхийн дайны эсрэг явж байна гэдэг утгаар оросуудын хүчээр “Цогт Тайж”-ийг хийсэн. Өөр түүхэн кино хийгээгүй, хийлгээ ч үгүй. Түүхэн кино бол үндэсний хэмжээний ухамсрын асуудал. Чи жаахан улс төрийн талаас нь асуулаа гэж ойлголоо, зөв үү.
-Тэмцлийг...?
- Хэрвээ тэр талаас нь гэвэл, би 1989 оны тавдугаар сарын 17-нд Монголын хөгжмийн зохиолчдын тавдугаар их хуралд “Цаг үе, хөгжмийн уран бүтээл” нэртэй илтгэл тавьсан. Илтгэлдээ би “бид хүрэх газраа товлох хэрэгтэй байна. Хүрэх цэгээ миний хувьд Үндэсний соёлоо сэргээж өөрсдөө эзэмшихгүй бол болохгүй байна ”, “Алдарт Магсар хурцын Дугаржав, түүний үеийн хөгжимчдийн шинэчлэлийг өөрсөдтэй нь хамт таслан зогсоосныг манай шинэ хөгжмийн түүхэнд тохиосон онцгой хохирол, нөхөж баршгүй гай гамшиг гэж үзэх ёстой. Нэг хүнийг тахин шүтэх явдал газар авч, хууль ёсыг ноцтой завхруулсан 1930, 1940 оны хэрэг явдалтай шууд холбоотой” гэх зэргээр ярьсан л даа. Тэр илтгэлдээ, 1989 оны тавдугаарби хувьдаа анх удаа “ардчилал” гэдэг үгийг хэлж, хэрэглэж, “ардчиллын салхийг хэрхэн оруулах уу, ухраах уу” гэдгийг нийгэм рүү тавьж байлаа. Энэ илтгэл одоо ном, товхимолд бий л дээ.
-Тэгвэл өнөөдрийн нийгэм маань хаашаа явж байгааг та мэдэж байна уу, бид зөв зүгтээ явж чадаж байна уу, таныхаар..?
-Бид өнөөдөр чөдөртэй морь лугаа дороо дэвхцэж байна . Ердөө урагшлахгүй байна, сэтгэлгээний хувьд шүү. Би байшин барилга, өргөн хэрэглээний барааны тоо хэмжээг яриагүй байна. Сэтгэлгээний хувьд чөдөртэй морь лугаа дороо дэвхцэж байна. Хэн ирж бидний чөдрийг авахыг хүлээж байна. Өөрсдөө чөдрөө авч чадахгүй байна.
-Заавал “хүн” авч өгөх ёстой юм уу?
-Заавал л хүнээр авахуулах юм шиг байна.
-Нөгөө, ЗХУ-ын харьяанд байсан гэдэг шиг үү. Тэр “хүн” гэдэг нь дотоодод байна уу, гадаадад байна уу?
-Бараг л гаднын хүнээр энэ чөдрөө тайлуулах гээд байх шиг байна. Тийм л мэдрэмж надад төрөөд байна.
-Таны энэ мэдрэмж хэзээнийх вэ. Хоёулаа ярилцаж байгаа цаг үеийн мэдрэмж мөн үү?
-Яг одоогийнх бол арай биш ээ. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээс хойш л тийм мэдрэмж төрж эхэлсэн. Бид өөрсдөө чадахгүй юм биш үү гэж бодогддог болсон. Аль нэгэн нам нь гаднын гар хөл болж байна гэж би хэлэхгүй. Тийм нам ч байхгүй гэж бодож байна. Улс орноо авч явж байгаа бид нарын царай нь хүн зохицуулж өгөх хэмжээнд очоод байна. Өөрөөр хэлбэл, шүүгчгүй бөмбөг тоглоод эхэллээ. Шүгэл ч үгүй, шүүгч ч үгүй бөмбөг тоглож байна. Тэнд яалт ч үгүй шүгэлчийн хэрэг гараад байна. Шүгэлч бол тоглоомд оролцдоггүй, хардаг, дүгнэдэг хүн. Юу болж байгааг харж, оноо өгч, торгодог, баг болгодог. Монголчууд бид нэг зүйлийг бодох хэрэгтэй болоод байна. “Монгол Улс том төртэй байсан, дэлхийд төр байгуулахыг зааж сургасан. Дэлхийн бол биднээс суралцах ёстой” гэж ярьдаг, бичдэг. Тийм хэмжээний овоолж оцойсон түүхэн баримтууд ч бидэнд бий. Гэхдээ яг хэдий хугацаанд, ямар үед яг жинхэнэ ёсоороо өөрсдөө төрөө барьж байсан юм бэ, тэр үедээ чадаж байсан юм уу, үгүй юм уу гэдэг асуудлыг бодож үзэх хэрэгтэй.
-Харин тийм. Цаг хугацаагаар нь урагш хөөвөл оросууд, тэрний өмнө нэг хэсэг автономит, тэгээд манж нар гээд л, яг монголчууд биднийөөрсдөө төрөө бариад тогтвортой хөгжсөн, томорсон он жилүүд нь Монголын төрийн түүхийн нийт цаг хугацаатай харьцуулахад цөөхөн л санагдаад байгаа юм.
-Хоёулаа түүх сөхөж яръя л даа. Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан. Чингис хааны үеийг бол ярилтгүй, хүчирхэг явсан, Их Монгол Улс өөрөө дэлхийн дайтай явсан үе. 1227 онд Өгөөдэй хаан төр барьсан. Өгөөдэй хааны үеэс эхлэн монгол төрийн бутралын үеийн суурь тавигдсан гэж би хардаг. Ариг бөх, Хубилай хоёр зэрэг гарч ирээд нэг жилийн дотор хоёр улс байгуулсан.Нэг нь Цагаан хэрмийн цаана Монгол Улсыг байгуулж, түүнийгээ Юань улс гэж нэрлэсэн. Нөгөө нь, Хархоринд улсаа зарлаж, хүч нь хүрэлгүй Ариг бөх унасан. Ингээд Монгол Улс их Юань улсын хаягдсан хязгаар улс болсон. Монгол үндэстэн тэр том улсыг толгойлсон. Цагаан хэрмийн цаана монгол үндэстэн төрийг толгойлж, бодлогыг нь явуулж, энд Монголын газар нутаг, Монгол орон том гүрний хаягдмал хязгаар болж хувирсан. Хархоринд юун одон орон, их сургууль бүгд сураггүй. Бээжинд, Юань гүрэндээ л болно. Тэгэхээр Хубилайн гавьяа их том. Манайхан 800 жилийг нь тэмдэглэх ёстой. Монголын төр ингэж суларсаар яваад Батмөнх даян хааны үед дахин нэг том нэгдэл рүү явсан ч үндсэндээ чадаагүй. Түвд, хятадууд, оросууд гаднаас шүгэл үлээж байсан. Ингэж Лигдэн хаан, Өндөр гэгээн, Галданбошигт хаан, Богд хааны үед ч гаднын шүгэлийн дор явсаар 1915 онд автономит төртэй болсон. Богдын засаглалын үед 27-53 насны 12 сэхээтэн сайд ёс бусаар үхсэн. Жам ёсоор бус. Ханддорж Чин ван, Сайн ноён, Гончигсүрэн гээд л. Дахиад л гаднаас, эсвэл дотроосоо бие биеэ хусаж л байсан. Ингээд С.Данзан, Д.Сүхбаатар нар гарч ирсэн. 1921 онд ардын хувьсгал ялсан. Гэвч гаднын нөгөө том нөлөө арилаагүй. Бид 1990 он хүртэл жаргалтай явсан, өөрсдөө төрөө бариагүй. Оросуудаар чигээ заалгаж ирсэн. Яг өөрсдөө төрөө барьсан гэхэд зовлонтой л доо. Өөрсдөө төр бариагүй гэхээр Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан нар төр бариагүй ш дээ гэж байгаатай агаар нэг болох байх. Ингэж хэлэх нь бас харьцангуй ойлголт л доо. Ямар ч байсан жинхэнэ шүгэлдэгчид нь хойно, Оросын шүглийн дор явсан. 1990 онд ЗХУ задарч, шүгэл байхгүй болсон байсан. Ингээд Улс төрийн товчоог унагаж авч жинхэнэ улсаа байгуулж эхэлсэн. Ийм байдалтай 25 жил явж байна. Шүгэлгүй, өөрсдөө шүгэлдээд л явж байна. Өөрсдөө шүгэлдээд ирэхээр хэнийх нь шүгэл сонсогдоод байгаа юм, хэнийх нь шүглээр явах ёстой юм, хэнийх нь чанга дуугарч, хэнийх нь сулраад байгаа нь мэдэгдэхгүй юм. Тийм учраас бүр том, илүү чанга дуутай шүгэл хүлээгээд байгаа юм уу, мэдэхгүй. Ийм л болчхоод байна. Шүгэлтэй хүн замбараагүй олон боллоо. Үүнийг л би чөдөртэй морь шиг болчихлоо гээд байгаа юм. Маш хорлонтой үе шиг санагдаад байгаа юм. Картын барааны үеэс ч хорлонтой. Тэр үед чинь “чи үүнээс ихийг идэж болохгүй, үүнээс өөрийг идэж болохгүй” гэдэг зарчим байсан. Одоо бол “чи юу ч идэж болно, хэчнээнийг ч идэж болно” гэж байгаа хэр нь надад мөнгө байхгүй. Их хорлонтой. Ийм үед чинь ажил байхгүй, мөнгө байхгүй, юу ч байхгүй учраас хулгай хиймээр, дээрэмдмээр.., за тэр нь ч юу юм бэ, ер нь л их хорлонтой. Ийм л болоод байна.
-Хамгийн ихээр хорлогдож байгаа нь монголчууд бид өөрсдөө биз дээ?
-Монголчуудын дийлэнх, бүр хэтэрхий олон нь хохирч, хорлогдоод явна л даа. Шүгэлтэй 200 гаруй хүн л байдаг юм гэсэн. Би ямар тоолж үзсэн биш. Энэ тоог хэн гаргаж, яаж баталсныг би мэдэхгүй. Тэр 200-д нь би л лав орохгүй. Өөр л нөхөд байх шиг байгаа юм. Хаанаас яаж тогтоодог юм, төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгээр нь тогтоодог юм уу, мэдэхгүй. АТГ-ын мэдээ юм уу, Ашигт малтмалын газарт бүртгэлтэй орд эзэмшигчдийн нэрс юм уу, бас мэдэхгүй.
-Та бол өнгөрсөн 25 жилд бид төрөө барьж чадсангүй гэж байна. Гаднаас том шүгэл үлээгээд чадуулсангүй юу, эсвэл дотроо хэтэрхий олон шүгэлтэй болчихоод байна уу?
-Хоёр талтай. Гаднаас ч байна, дотроос ч байна. Гаднаас гэдгийг нь ерөнхийдөө би гадарлана. Үүнийг мэдээллийн хэрэгслээр яриад байдаг зүйл биш. Аливаа үндэстэн дотор нуух ч юм бий, нуухгүй ч юм бий. Бүх хүнд сонсох ч юм бий, сонсохгүй ч юм бий. Хүнд чинь бүх хүнд харуулдаг ч эрхтэн бий, харуулдаггүй ч эрхтэн байдаг биз дээ. Үндэстэнд ч мөн ялгаагүй. Манайд гол нь ардчилал, эсвэл хүний эрх гэдэг зүйлийг хэтрүүлж, нугалж ойлгосноос болж Ерөнхийлөгчийн мэдэж байгаа бүхнийг “би мэдэх ёстой” гэх шаардлага тавих болж. Хэрвээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улсаа Орос, Хятадад дагаар оруулах нь гэж сэжиглэж байгаа хүн бол Үндэсний аюулгүй байдлын бүтэц рүү хандаж, уулзах хэрэгтэй. Эсвэл тэдний гарт хүрэх захиа бичих хэрэгтэй. Үүнийгээ тайлбарлаж өг, надад ийм хардлага байна гэдгээ илэрхийлэх хэрэгтэй. Түүнээс биш, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “чи яах гэж энэ үгийг хэлсэн юм бэ” гэдгийг асуугаад орилоод байгаа нь өрөөсгөл зүйл, заримдаа шүгэл болж хувираад байгаа юм.
-Гэхдээ тэгж хэлдэг хүмүүст юу ярьж байгаа нь бус, өөрийгөө дөвийлгөж, тодрох нь л чухал байдаг юм биш үү?
-Тийм тал ч бий шүү, олон хүнд байна. Одоо бид нүүдлийн сэтгэлгээний өвөрмөц талыг шинжлэх ухааны үүднээс нь ойлгомоор байгаа юм. Монголчууд биднийг эртнээс нааш л эвтэй найртай ард түмэн гэж ярьдаг. Гэтэл яг өнөөдрийн амьдарч байгаа орчин, арга нь бидний ухаарч байгаа суурин иргэншлийн эвтэй найртай амьдралтай нийцэхгүй байна. Ерөөсөө уламжлал нь тохирохгүй байгаа. Танайх нэг жалганд таван хошуу малтай. Нөгөө жалганд нь манайх бас малтай. Бие биеэсээ ямар ч хамааралгүй амьдардаг. Чи бид хоёр хурдан морь уядаг байгаад яг наадмын өглөө танай морь доголж байвал би дотроо баярлах шинжтэй. Миний морь түрүүлэх боломжтой боллоо гэж. Өрсөлдөөнийг ийм сонин өнцгөөс хардаг. Би л, манайхан болж л байвал, бусдын хотонд чоно орно уу, байна уу надад огт хамаагүй гэж боддог . Энэ сэтгэлгээ маань төр удирдах төвшинд хүртэл бий болоод байх шиг харагдаад байгаа юм. Чингис хаан кино дээр Жамуха, Тэмүжин хоёр мал, малынхаа бэлчээрийг бодъё гээд салдаг ш дээ. Тэр уламжлал, сэтгэлгээ өнөөдрийн орчин цагтай таарч байгаа эсэхийг эргэцүүлж нэг бодмоор.
-Их далайд нэг завинд явахад бэлтгэгдээгүй байна гэж үү?
-Яг тийм.Өөр, өөрийн гэсэн нэг муу үлээсэн гүзээтэй. Тэр гүзээгээ л хайрлана, живэхгүй гэж тэрийгээ л тэвэрнэ. Гэтэл гаднын том шүгэл үүнийг нь далимдуулаад шүгэлдээд байна. Монгол Улсын тусгаар тогтнолыг цэрэг оруулж ирээд, эсвэл гаднын хэдэн нөхөр давхиж ирээд “за Ц.Элбэгдорж оо тамгаа өг” гэхгүй ш дээ. Орчин үед технологиор дамжсан эдийн засгийн хөгжил ярьж байна. Эдийн засаг economy гэдэг үгийн цаад утга санаа бол хэмнэх, хямгадах тухай л юм. Хэмнэсэн цагт л хөгжлийн асуудлыг ярьж болно гэсэн логик гарна. Хэрэглэсэн цагт биш, хямгадаж хэмнэсэн цагт л хөгжлийн тухай ярина. Тэгэхээр хямгадах зүйл өнөөдөр байна уу, үгүй юү. Улс гүрэн гэж ярих гэж байгаа бол чиний халаасанд байгаа нэг төгрөг ч, миний халаасанд байгаа нэг доллар ч Монгол Улсын өмч . Засгийн газрын, төрийн гэхээс илүү Монгол Улсын үнэт баялаг, өмч. Монгол Улсын иргэнбүрийн эзэмшиж байгаа бүх хөрөнгө бол Монгол Улсын өмч. Харин захиран зарцуулах нь тухайн байгууллага, хувь хүн, Засгийн газрын асуудал. Япон, Германд хувь хүн гадагшаа мөнгө гаргахдаа төрийн ямар нэгэн санкцад байдаг юм байна гэж хардаг. Хэдийг захиран зарцуулах эрх нь чамд байгаа ч, Монгол Улсын өмч учраас улс ямар нэг хэмжээгээр дурандаж байх ёстой юм байна. Монгол Улсын өмчийг аль нэгэн гаднын банкны дансанд аваачаад хийчихдэг, эсвэл гаднын хэн нэгэн хүнд өгөөд явуулчихдаг байж болохгүй. Одоо манайд бүх зүйл замбараагаа алдчихаар төр ийм болж хувираад, гаднаас шүгэл үлээчих гээд байна.
-Сэтгэлгээний хувьд суурин соёл иргэншилд шилжихэд сүүлийн 25 жил хангалттай хугацаа биш байв уу, таныхаар ?
-25 жил хүний насны хувьд том тоо. Харин нэг үндэстний түүхийн хувьд бол бөөсний чинээ ч хугацаа биш. Гэхдээ миний хувьд хангалттай гээд яармаар байна. Боломж байна гэж харахыг хүсмээр байна. Хуучин лоозон, сүржигнэсэн, социализмын үед олгосон сэтгэлгээ бидэнд айхтар саад болж байна. Бүгд ядуу байж байгаад тэгш гараан дээрээс гарсан, дэлхийн хүмүүсийн сайн сайхан амьдарч байгааг хараад гэнэт бахардсан. Хүн ийм баян, хувьдаа байшин, машинтай байж болдог юм байна гэдгийг мэдсэн. Би УИХ-ын гишүүн байжяагаад хоёрхон өрөө байранд, хоёрдугаар давхарт байдаг юм бэ. Гэтэл АНУ-ын Сенатынхан яагаад ийм том орд харштай, эдлэн газартай байна вэ гэдэгт л санаа зовоод, бухимдаад явна. Гэтэл сэтгэлгээний тал дээр социализмын үлдээсэн балаг нь замбараагүй их. Энэ 25 жилд багтахгүй их байна. Баабар 50,60-аад оныхон байх аа, тэд дуусч байж л дараагийн хөгжил руу орно гэж хэлсэн. Баабарынх оргүй санаа биш шүү. Гэхдээ хоёр талтай. 50, 60-аад онынхныг бүгдийг нь “үгүй” хийчихэд урагшаа явъя гэвэл тэдэнгүйгээр бас урагшаа явахгүй шүү. Яах вэ ертөнцийн жамаараа дууссан хойно нь урагшлах байх. Яагаад гэвэл сэтгэлгээ чинь материаллаг зүйлээсээ удаан шилждэг зүйл. Хурдан явчихмаар юм шиг хэр нь материаллаг зүйлээс удаан явж байна.
-Улстөрд зарим хүн тасралтгүй 25 жил, хамгийн доод тал нь 10 жил явж байгаа хүмүүс байна. Энэ хүмүүсийн цэнэг дуусч, нөөц нь шавхагдсан гэж үзээд хүнээ солиод үзвэл яах бол?
-Наадахыг чинь яг зөв гэж үзэхгүй байна. Бүх хүн шинэ, залуу болчихвол бүх зүйл хурдан явчихгүй. Тодорхой хүн, 15-25 жил болсон хувь хүний хувьд байж болох асуудал. Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Р.Гончигдорж гэж хувь хүмүүсийг явуулах уу гэдэг асуудал байж болно. Түүнээс биш, 10-аас дээш жил явсан УИХ-ын гишүүдийг дахиж УИХ-д оруулахгүй гэсэн нэгдсэн ойлголт хэрхэвч байж болохгүй. Тодорхой хүнээр ярьж, түүний цэнэг дууссан гэж ярьж болно. Гэтэл 10, түүнээс олон жил УИХ-ын гишүүн байсан хүний цэнэг улам ч сайжирсан байж мэднэ.
-Манайх боловсон хүчний хувьд төрийн ийм хар хайрцаг, бодлогогүй болоод байгаа юм биш үү. Заримдаа мөнгөтэй нь, булхайцаж чадсан нь УИХ-д сонгогдож, наймаалцаж чадсан нь сайд болдог тал бий?
-Хар хайрцаг гэдэг бол Ерөнхийлөгчийн өрөөнд байдаг цоожтой шүүгээ биш л дээ. Үндэстэн ямар улс байх хүсэлдээ урагшаа тэмүүлэх, түүндээ хүрэхийн тулд ямар, ямар шат дамжлагыг давах вэ гэдгийг тодорхойлсон хөдөлшгүй гуйвшгүй бодлоготой, үүнийхээ төлөө ганхашгүй байх тэр утсыг хар хайрцагны бодлого гээд байгаа юм. Ерөнхийлөгч бол хар хайрцагны манаач. Төрийн боловсон хүчний бодлого манайд үгүйлэгдэж байгаа. Хамгийн айдастай байгаа зүйл бол энэ. Түүнээс биш, үхрийн мах 1000 төгрөгөөр нэмэгдэж, буурахад санаа зовохгүй байна. Эрх зүйн хүрээнд бидэнд дутуу бодсон зүйл байна. Ерөнхийлөгч байсан, одоо байгаа Ерөнхийлөгч гомдож уурлахгүй байх. Ерөнхийлөгчийн зөвлөхүүд гээд байгаа. Тэднийг нэг Ерөнхийлөгч гарч ирээд бүгдийг халаад өөрийнхөө намын зүтгэлтнүүдийг авчихдаг. Бүгд ялгаагүй. Ингээд тэнд төрийн бодлого тасарч байгаа юм. Ерөнхийлөгч солигдож, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд солигдож, Ерөнхий сайд нь жилд нэг удаа, УИХ-ын дарга дээд тал нь дөрвөн жил болоод солигдож байхад яаж дамнасан, тасардаггүйутас явуулах юм бэ. Миний бодлоор ҮАБЗ гэж хүчтэй байгууллага байх ёстой. Зөвлөлийн дарга нь Ерөнхийлөгч тэгээд УИХ-ын дарга, Ерөнхий сайд багтдаг. Гэтэл зарим гишүүн нь нэг жил ч хүрэхгүй солигдох юм. Энэ нь өөрөө төрийн бодлого, тэрхүү утас хэврэг байх нөхцөл болж байна. Энэ л хамгийн аюултай. Тиймээс ҮАЗБ-д Зөвлөхүүдийн танхим гэж байх ёстой гэж үздэг хүн, би. Тэр нь 50-иас дээш насны шилмэл есөн хүн л байх ёстой санагддаг. Улсаас цалинждаг, хангамж авдаг, хэзээ ч албан тушаал нь буурдаггүй, ямар ч сонгуулиар солигддоггүй тийм хүмүүс байх ёстой. Монгол Улсын төлөө өөрийн бие толгойгоо үнэнчээр зориулах тангарагтай, алтан бөгж зүүхгүй, тийм хэрэг ч байхгүй, тэдний нэрийг олон түмэнд зарлах ч хэрэг байхгүй. Албан тушаал нь ах дүү, амраг саданд нь уламжлагдаж очихгүй. Бас тэд өөрийнхөө мах, яс, цусны бус гурван хүнийг бэлтгэнэ. Ингээд өөрийгөө орлох хүнийг дэс дараалан бичиж сейфэндээ хийнэ. Нэг өдөр өөрийг нь алга болоход түүний бичсэн хүнийг дэс дарааллаар орыг нь залгамжлуулна. Чингис хааны есөн өрлөг дотор мах цусны тасархай нэг ч хүн байгаагүй. Тийм хэмжээний есөн хүнээр ҮАБЗ-ын Зөвлөхүүдийн танхимыг бий болгох хэрэгтэй. Тэр бол Алтан Улсаас өнөөдрийн БНХАУ-ыг хүртэлх, Киевийн Оросоос өнөөдрийн ОХУ хүртэлх бүх үндэстэн хоорондын харилцааг алган дээр байгаа юм шиг хардаг мэддэг, өргөн мэдлэгтэй хүмүүс байх ёстой. Тэд Ерөнхийлөгчийн өмнөөс зарлиг гаргахгүй. Харин тэр нөхдийн үг ҮАБЗ-ийн гурван гишүүнд сонсогддог л байх ёстой. Тэгэхгүй бол ийм хурдан баг солигдож байгаа нөхцөлд үл тасрах учиртай монгол төрийн ган утас байхгүй юм шиг л аймшигтай байна. Би тэгж хараад байгаа.
-Хар хайрцагны бодлого гэж байдаг бол, тэнд Монгол Улс хаашаа, яаж явах ёстойг заасан газрын зураг байх ёстой биз дээ. Тэрийг хэн ч өөрчлөх эрхгүй.
-Хүний тархи бол насаар тоологддог эд биш . Бие нь хөгширчихсөн юм чинь тархи нь хөгширчихлөө гэж үзэж болохгүй. Тархи бол гар, хөлөөс өөр эрхтэн. Чадалтай, мэдлэгтэй, улсынхаа төлөө сэтгэлтэй хүмүүсийн тархийг л ашиглах хэрэгтэй. Хэрвээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хүчтэй болгохгүй бол би л хувьдаа айдастай байсаар байгаад үхнэ. Нэг зүйлийг зориуд хэлэх ёстой гэж бодож байна. Намайг юм ярихаар “Жанцанноров оо чи хөгжмөө л зохио. Чамд ямар хамаа байна аа” гэдгийг хан аялгаар дуудаж, намайг доромжилсон байх юм. Та нарын тэр сайтын сэтгэгдэл энэ тэрд тэгж бичсэн байдаг юм гэнэ. Бодоход, нээрээ ч тийм юм шиг. Хөгжмөө л зохиовол барав. Гэхдээ хөгжмийг нийгмийн ямар нэгэн дохио, түгшээгүйгээр зохиогоодбайж болдоггүй. Хөгжмийн зохиолч хүн бол нийгэмдээ яг анализатор шиг ханддаг. Юу нь болж байна вэ, юу нь болохгүй байна вэ гэдгийг яг зааглаж чадахгүй ч өөрийнхөөрөө заагладаг юм. Миний хувьд төр, батлан хамгаалах, эдийн засаг, тагнуулын алба болохгүй байна, хөдөө аж ахуй болж байна гэдэг өөрийн дүгнэлттэй байж хөгжимдөө гар хүрдэг юм. Түүнээс бус, архи уучихаад л, ая зохионо гээд хөгжмөө балбаад байна гэж байхгүй. Нийгмийн бүх зүйл над дээр хуримтлагдаж байж надаас хөгжим гарч байгаа юм бол, би нийгмийн талаар өөрийн гэсэн үзэл бодолтой байх ёстой. Түүнийгээ би илэрхийлэх ёстой. Буруу илэрхийлж байна уу, зөв илэрхийлж байна уу гэдэг бол шүүгчдийн асуудал. Би өөрийнхөөрөө л илэрхийлнэ. Нийгмээ, хүний амьдрал хүсэл тэмүүлэл юу руу яваад, хаана зогсоод байна вэ гэдгийг мэдрэхгүйгээр хөгжим бичих тухай ойлголт байхгүй учраас надад иймэрхүү баримжаа байгаад байдаг юм.
-Төрөө барьж чадахгүй байна гэж ярилаа. Тэгвэл чадаж байгаагийн хэмжүүр нь энгийн хүнд, тухайлбал та бид хоёрт яаж мэдрэгдэх вэ?
-Их харьцангуй ойлголт. Төр гээч зүйл хаа хүргэх гэж байгаагаа надад хэлээд надаар хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй. Төрийн хүрэх гээд байгаа зүйл миний санаанд нийлэх ёстой. Ингэхээр төр бид хоёр нэг зүгт явна. Нэг зүгт явахаар төрийн болохгүй байгаа нь надад, миний болохгүй байгаа зүйл төрд мэдрэгдэнэ. Р.Чойномд төрийн явж байгаа зам болохгүй байна гэж мэдрэгдсэн. Харин Ц.Гайтав бол төр бид хоёрын зам нийлж байна гэсэн. Төр өөрийнхөө бодлогыг боловсруулаач, яах гээд байгаагаа хэлээч гэдэг нь энэ байхгүй юу. Гадаадын хөрөнгө оруулагчид ч гэсэн хууль эрх зүйн орчноо тогтвортой байлгаач гээд байгаа шүү дээ. Явах зам нь тодорхой болоод, түүнийг нь би хүлээн зөвшөөрч л байвал төрийг барьж чадаж байна гэж үзэж болно.
-Төрийн бодлого нь зөв. Харин төрийн нэрээр ажиллаж байгаа хүмүүс нь болохгүй байж болох уу?
-Байж болно. Өнөөдөр тийм зүйл нь илүү ажиглагдаж байна. Эд одоо чадах юм уу, мэдэхгүй. Улс төрийн намын тухай хууль, Намын санхүүжилтийн тухай хууль, Сонгуулийн тухай хуулиа аятайхан баталбал нэг алхам урагшаа явна.
-Миний цалин өнөөдөр амьдралд минь хүрэлцэхгүй байгааг төр болохгүй байна гэж ойлгож болох уу. Өнөөдөр амьдрал тааруу байгаа нь төрийн муугийнх гэсэн бодолтой хүн маш олон. Энэ зөв хандлага уу?
-Өнгөц талаасаа зөв хандлага. Гүн талаасаа бол буруу гэж бодож байна.
-Яагаад буруу гэж. Сонгуулиар биднээс санал авч гарч ирчихээд сонгогчдоо сайхан амьдруулж чадахгүй хүмүүс төрийг удирдаж байна л гэх байх даа?
-Сайхан амьдралын хэмжүүр, үнэлэмжийг яаж тогтоож байгаа юм бэ гэдэг хамгийн чухал. Сайхан амьдрал гэж бүгдээрээ хаустай байхыг хэлж байгаа юм уу, гурилтай хоолоо огт идэхгүй байх тухай ярьж байгаа юм уу, бүгд нисдэг тэрэгтэй Улаанбаатар дээгүүрээ нисэхийг хэлж байгаа юм уу. Цалингаараа юу авбал хүний сэтгэл ханах юм бэ. Төр барьж байгаа хүмүүсийн дутагдал нь яг юу бодоод, юу хийгээд байгаагаа иргэдийнхээ ой ухаанд суулгаж өгч чадахгүй байгаатай холбоотой. Ардчиллыг байгуулна, та нар эрх чөлөөтэй, татварын хууль гаргана, роялти авна ч гэх шиг. Яг яах гэж байгаа нь тодорхой биш. Малын хөлийн татвар авна гэж байгаа ч, малчинд ямар хэрэгтэй, төрд ямар хэрэгтэй нь мэдэгдэхгүй. Өөрөөр хэлбэл, хаашаа явж, юу хийх гэж байгаа бодлогоо иргэндээ ойлгуулж чадахгүй юм бол иргэд яаж энэ нийгмийг чинь байгуулах юм бэ. Иргэд байгуулна, нөгөө хэд нь жолоодно биз дээ. Социализмд бол өдөр, шөнөгүй хаашаа явахыг нь зааж өгдөг байлаа. Бүүр цээжлүүлдэг байсан. Харин одоо Үндсэн хуулиа мэддэг Монголын иргэдийг жагсаагаад үз. Зарим хүн, Монгол Улсын төр барих үндсэн эрх ард түмэнд бий гэх юм. Тэгээд одоо бид яах юм бэ, “ард түмэн засгаа удирдана, та Тамгаа өг” гэж Ерөнхийлөгчөөс шаардах юм уу, хаашаа юм. Тэгээд өгвөл тэр тамгыг ард түмний яг хэн нь барих юм. Хоорондоо хуруудах уу, дэмбээдэх үү, барилдах уу, буудалцах уу. Ард түмэн төрийн эрхийг барина гэдэг нь ерөөсөө тунхаглал, мөн чанар нь тэнд байгаа юм. Яаж барих вэ гэдгийг нам байгуулаад, намаар дамжаад, УИХ байгуулаад, Ерөнхийлөгч сонгох гээд бид өчнөөн юм хийчихсэн. Тэрийгээ төлөөллийн ардчилал гэж байгаа. Үүнийгээ зөв, буруу хийсэн тухай ярина уу гэхээс биш, гудамжинд гараад тамгаа булаацалдана гэсэн үг биш. Их сонин, Ерөнхийлөгчийн сүүлийн сонгуулиар би Ц.Элбэгдоржид санал өгөөгүй. Тэр хүн сонгогчдын 50 гаруй хувиар ялаад гараад ирсэн, УИХ Ерөнхийлөгчөөр батламжилчихсан. Би санал өгөөгүй ч, одоо манай улсын төрийн тэргүүн, миний Ерөнхийлөгч. Би санал өгсөн үү, өгөөгүй юу, огт хамаагүй. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч намайг уриад тахилгад хамт явлаа л даа. Яваад ирсэн орой л, над руу нэг хүн утасдаж “чи тэр муу хүзүүгүй амьтантай юу гэж Алтайн тахилгад яваад байгаа юм бэ” гэж загналаа. Нэлээд боловсролтой, мэдлэгтэй хүн тэгж хэлсэн шүү. Би хэллээ. За, би Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт яваад ирлээ л гэлээ. Өөр юу хэлэх юм бэ. Монгол Улсын төрийн тэргүүн ямар тайзан дээр бүжиглэдэг бүжигчин юм уу. Түүний хүзүү урт, богино, хэдэн нугаламтай байх нь надад, ер нь хэнд хамаатай юм бэ. Тэгэхээр сайн засаглалтай болъё, энэ тогтолцоогоороо явъя гэвэл сайн иргэдтэй, боловсролтой сонгогчидтой л болох ёстой. Төрд ажиллаж байгаа хүн Монгол Улсынхаа төлөө зүтгэж, сайхан улс байгуулъя гэж байгаа бол сайн иргэний л тухай бод. Түүнээс бус, дараагийн Засгийн газрыг сайжруулах гээд хэрэггүй. Дараагийн засгийг сайжруулдаг нь иргэд. Ард түмний 50 гаруй хувиар олонхын санал аваад, нэгэнт Монгол Улсын төрийн тэргүүн болчихсон хүн муу юм хийж болно, мулгуу тэнэг ч байж болно. Тогтолцоо, дүрмээ л барих хэрэгтэй. Гэхдээ яг ч тэнэг хүн нийт сонгогчдын 50 гаруй хувийн саналыг авч Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй шүү. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарим үг, үйлдэл миний сэтгэлд таардаггүй . Миний сэтгэлд таарахгүй, нийцэхгүй байна гээд Ц.Элбэгдорж ерөөсөө муу хүн гэсэн дүгнэлт гаргаж болохгүй шүү дээ. Төрийн тэргүүний болохгүй байгаа зүйлийг өөрт нь, өөрийнх нь аппаратынханд хэлэх хэрэгтэй. Би бол Ерөнхийлөгчтэй уулзахаараа болохгүй байгаа зүйлийг нь хэлчихдэг. Тэр маш сайн хүлээж авдаг.
-Та өмнөх гурван Ерөнхийлөгчид бас тэгж хэлдэг байсан уу?
-Хэлдэг байсан. Бүгдэд нь л хэлж байсан. Н.Энхбаяр тийм ч сайн хүлээж авдаггүй байсан. П.Очирбат, Н.Багабанди гуай нар ямар ч асуудалгүй миний хэлсэн үгийг хүлээж авдаг байсан шүү. Хэрвээ үндэстэн, төр, иргэд болж тоглоод Ерөнхийлөгч сонгочихсон бол түүнийхээ хүзүүний нугалмыг тоолоод суугаад байх хэрэггүй л байхгүй юу. Харин сонгуульт хугацаанд нь дэмжээд өгөх ёстой. Болохгүй бол хуульд заасан ярьдаг шугамаар нь ярих хэрэгтэй. Надад нэг санаа байдаг юм. Хэрвээ болдогсон бол, эд чадахгүй, чадахыг ч хүсэхгүй л дээ. Яг одоогийн нөхцөлд мэргэжлийн квоттой Их хурал баймаар байгаа юм. Нутаг, нутгийн төлөөлөл гэхээсээ илүү мэргэжлийн төлөөллүүд олон баймаар байгаа юм. Заавал Баян-Өлгий аймгийн хүн Баян-Өлгийн депутат болох албагүй. Миний ойлгож байгаагаар төрийг эдийн засаг нь явуулдаг гэсэн баримжаа байгаад байна уу, үгүй юү. Доошлуулаад хэлбэл төрийг худалдаа наймаа, сайн панзчин ч явуулж чадна гэсэн ойлголт яваад байна. Энэ үндсээрээ буруу. Эдийн засаг, мөнгө төгрөг мэдээж чухал. Гэхдээ мөнгө төгрөгийг олдог, зарлагаддаг толгой илүү чухал.
-Нэг ёсондоо улс төр нь эдийн засгаа хөтөлж явна гэсэн үг үү?
-Эдийн засаг нь улс төрөө хөтлөх гээд байвал салан бутрахын л шинж . Өнөөдөр тийм л байна. Миний бодлоор энэ хэдэн том бизнесменүүд яам, агентлагийн үүдээр л явдаг болж. Уг нь Төрийн ордноор бизнесмэнүүд яваад байх шаардлагагүй юм.
-Ер нь мөнгөгүйгээс л болж төр болохоо байлаа, “хоёр толгой” хөдлөхгүй байгаа болохоор эдийн засаг хямарлаа гэж өнөөдөр тайлбарлаад байгаа?
-Үгүй, тэгээд яагаа вэ. “Хоёр толгой”-г хөдөлгөдөг толгой байх ёстой биз дээ. Тийм толгой нь байхгүй учраас “хоёр толгой” чинь хөдлөхгүй байна. Тэрийг хөдөлгөдөг толгой нь зөвхөн мөнгө биш, улс төр биз дээ. Ингэвэл их, бага ахын уурыг хүргэхгүйгээр Тавантолгойг хөдөлгөж болох юм, ингэвэл гурав дахь ч, дөрөв дэх ч хөршийн ийм сонирхол таарах юм байна гэдгээ бодож олоод эцэст нь тийм хэмжээний ашиг олно гэж тооцоолох толгой хэрэгтэй. Түүнээс бус, нүүрснийхээ үнийг нэмж, хасаад чичрээд байж болохгүй. Тоо бодож чичрэх бол хоёр, гуравдугаар асуудал.
-Ер нь хөгжил гэдгийг та юу гэж ойлгож байна вэ. Тухайлбал, бид ухаалаг утас барьж байна, өндөр сайхан шилэн байшингууд байна. Энэ бүхэн хөгжил мөн үү?
-Хөгжлийн дээд цэг бол биш шүү. Миний бодлоор Монголын Улсынхөгжлийн дээд цэг бол үндэсний ухамсартай, сэтгэлгээ нь нийгэмтэйгээ зохицсон, ариун цэвэрч, эрдэм номтой, гадна дотнын хэлтэй, технологитой 18 дугаар зууны Монгол Улс баймаар байна. 18 дугаар зууны шүү. Ядаж ш дээ. Одоо бол хөгжлийг уралдаан гэж ойлгож хөгжлөө тодорхойлж байгаа нь харамсалтай. Өрсөлдөөн, уралдаан гэж харж байгаа нь хөгжлийг улам бүдгэрүүлж байгаа юм. Биеийн амрыг, юу ч хийхгүй байх орон зай, цаг хугацааг бий болгосноо хөгжил гэж томьёолж байна. Хөгжлийн зөв хэмжүүр нь энэ биш. Энэ бол цөмөөрөө нэгмөсөн юм уу, эсвэл цувран балрах хандлага руу явж байгаа хэрэг. Бодитойгоор бол дэлхий ертөнц, агаар хоёртойгоо л харилцах ёстой. Гэтэл агаараа огт тоохгүй юм. Загасыг амьд явуулж байгаа нь ус гэдэг шиг хүнийг амьд явуулж байгаа ганц зүйл бол агаар шүү дээ. Газар, мөнгө л гээд зүтгээд байх юм. Энэ буруу. Агаар, байгаль дэлхийтэйгээ хэдий чинээ зохицож чадаж байгаа нь энэ дэлхий дээр удаан, жаргалтай амьдарна. Хөгжлийг юу хэрэглэж байгаагаар нь биш, ард түмэн нь сэтгэл хангалуун байгаагаар хэмжих ёстой. Дэлхий ертөнцийн төгс зохицол руу хандах ёстой. Хэрвээ зохицохгүй бол сэтгэл хангалуун байна гэж байхгүй.
-Хүн бүр унах унаатай, байртай, мөнгөтэй, бусдын адилтансаг хэрэглээтэй байвал сэтгэл хангалуун амьдрал мөн үү?
-Манай хамаатны 100 настай хөгшин ярьсан юм. “Би тэр хот гэдэг газарт чинь очсон. Хүүхдүүд машины түгжээнд орлоо гэж их уурлаж бухимдах юм. Энэ чинь баянаасаа болж байгаа юм шүү дээ . Ядуу байсан бол машин унаж түгжрээнд орж уурлахгүй шүү дээ” гэж ярьсан. Би анх удаа тийм үг сонслоо. Тэгэхээр хүн баяжчихаад, хэрэглээ нь хэтэрчхээд бухимдалд орж байгаа юм. Чи бод доо. 1950-иад онд манай Дуурийнхан ямар аз жаргалтай байв аа. Өглөө 06:00 цагт явганаар Үндэсний радио дээр алхаж очоод Төрийн дууллаа дуулна. Орой 23:00 хаалтдаа бүгд очиж Төрийн дууллаа дуулчихаад харьдаг байсан. 360 хоногийн турш найрал дуучид тэгж л ирж, очдог байсан. Түүндээ маш их аз жаргалтай. Одоо Дуурийн дуучдыг тэгээд үз гэвэл аз жаргал биш болно. Тэгэхээр аз жаргал гэдэг зүйлийг юугаар хэмжих вэ гэдгээс их зүйл шалтгаална. Хүний тодорхой хэрэглээ, хэрэгцээ хангалуун байх зүйлийг үзэл сурталжуулах ёстой . Хүн гэдэг амьтныг чинь үзэл сурталч болгохгүй бол явдаггүй юм . Үзэл суртал гэхээр хянах, хасах, боох, хаах тухай биш юм. Энэ бол коммунист үзэл суртал. Ерөөсөө Монголын төрийн үзэл суртал гэж байх ёстой. Тэр нь монгол төрдөө таарсан байх ёстой. Монгол хүн би хэдэн буудал явган явах ёстой, зарим өдөр машин барихгүй байх ёстой зэргээр өөртөө үзэл суртлыг бий болгох хэрэгтэй. Шашинтай, шинжлэх ухаан, төрийн бодлоготойгоо нийцсэн үзэл суртлыг бий болгох хэрэгтэй. Тэр байтугай, УИХ-ын гишүүдийн хэлж болохгүй үгсийн хэлхээг бий болгох ёстой. Олон нийтийн газар өмсдөггүй хувцас, зүүдэггүй цаг гэж байх ёстой. Өөрөө 10 мянган долларын цаг зүүчхээд долоон буудалд очоод Должин эмээгээс амьдрал ямар байна вэ гэж асуугаад зогсож болохгүй. Тэгж доромжилж болохгүй. Төр барих хүнд ёс зүйн зарчим, хэм хэмжээ гэж байх ёстой.
-Бүгд нэг загварт орох албагүй л дээ. Гэхдээ монголчууд бид яаж нэг үзэл санаатай, нэг дүрэмтэй болох ёстой юм бэ. Хоёулаа бол лав тэр 200 хүний нэг нь биш. Тэр 200 хүн өөрсдөө сайхан амьдарч байгаа болохоор Монголын төр болж байна, бид төрийг барьж чадаж байна гэж бодоод байна уу. Өөрсдөө сайхан амьдарч байгаа болохоор улс орон хөгжиж байна гэж харж байна. Гэтэл зарим хүн өөрөө санасандаа хүртэл сайхан амьдарч чадахгүй байгаа болохоор л төр болохгүй байна, Монгол Улс хөгжихгүй байна гэж бухимдаад байна уу?
-Манай Балхжавын нэг дуу байдаг ш дээ. “Талын монгол айл нь тайван амгалан” гэж. Тэр дуунд нь л хөгжлийн, хангалуун байхын дээд хязгаарыг олоод хэлчихсэн байгаа юм. Монгол хүний энх тайванч үзэл санаа, сайн сайхан амьдралын дээд хязгаарыг ярьчихсан байгаа юм. Хөгжлийн тухай ойлголт бол ердөө л энэ. Би хувьдаа тэр 200 хүнийг бүгдээрээ “би л ганцаараа баяжчих юмсан, би болж байвал яах вэ” гэсэн үзэлтэй гэж бодохгүй байна. Тэрнээс биш, Монгол Улсыг худалдаад ч болов би ганцаараа баяжчих юмсан гэсэн бодолтой хүн байхгүй болов уу л гэж бодож байна. Нөгөө талаас, хоёулаа энд эд мөнгө, эдийн засгийн талаас нь баян тарганы тухай ярьж байна. Гэтэл мөнгөгүй ч, тэднээс илүү сэтгэлээрээ баян, жаргалтай амьдралтай, төр засаг болохгүй байна гэж бухимддаг ч, байгаа амьдралдаа сэтгэл хангалуун явдаг хүмүүс олон бий. Баян байх хэмжүүр, байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байх шалгуур бол хэн нэгнийг нойргүй хонуулдаггүй, алдчих вий, баригдчих вий гэж бусдаас нуугдаж явуулдаггүй л байхгүй юу.Өөрийн юм эзэндээ жаргал авчирдаг болохоос, айдас,зовлон авчирдаггүй. Тэгэхээр зарим хүн хэрвээ зам, арга нь шударга бус л бол зовлон, айдсын төлөө нэр нүүрээ баран муу хэлүүлэн, хэлүүлэн тэгж зүтгэх хэрэггүй. Харин шударга, эрүүл бизнесийн өрсөлдөөн бол өөр хэрэг л дээ.
-Та бид хоёрын ярианд ч цухалзах гээд байна. Баян хүнийг үзэн ядах сэтгэлгээ манайд бас их байна аа. Энэ буруу шүү?
-Тэр бол монголчуудын бас нэгэн алдаа. Өөрөөсөө чадвар, чадал, чинээ муутай хүмүүст үл тоомсорлож ханддаг, тэгсэн хэр нь шалгарсан, содон хүмүүст бол таатай ханддаг монголчуудын энэ зан нэлээд хэдэн үе дамжсан юм биш үү. Тарвагачин, муу гуяа ганзагалсан амьтан гээд монгол хэлц ч зөндөө байна. Муу хэлж байгаа юм биш, энэ занг би өвөрмонголчуудаас их ажигладаг юм. Өвөрмонголчууд дажгүй сайхан амьдарч байна. Тэр хүмүүс муухан амьдарч байгаа хан үндэстнийг дорд үзэх, цайны газарт ороход үйлчлүүлэгчтэй харьцаж байгаа зэргийг ньхарахад энэ зан нь их ажиглагддаг. Үүнийг хараад монгол хүмүүст нийтдээ л нэг ийм зан байна гэж би хувьдаа хардаг юм.
-Арай өөрөөр асууя. Мөнгөтэй ч юм уу, өөрөөс нь дээгүүр яваа хүмүүст атаархдаг нь юуных вэ. Энэ нь монголчуудын генд байна уу?
-“Гарьд Магнай” киноны Равсал Панзын хэлдэг нэг алдартай үг байдаг даа. “Тааж мэддэг таван хаан биш, тамшаалж мэддэг тарлан бух биш” гэдэг шиг би сайн мэдэхгүй юм. Өөрийнхөө бодлыг хэлнэ гэхээр дахиад л нөгөө юмаа ярих гээд байна. Би ер нь бодож, бодож нэг юмнаас өөр юм ярьж мэддэггүй хүн юм байна л даа. Тэр нь юу гэхээр, тодорхой улсын иргэн хүн тодорхой хязгаартай, тодорхой орон зайтай, орь хүслэнтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, баян хүн, ядуу хүн гэдгийн талаар иргэд жигд ойлгосон, нийтээр ухаардаг ухааралтай байх ёстой. Нийгмийн л асуудал юм хойно, өөрөөсөө илүү яваа хүнд дотроо сайн санаж явдаггүй нь аль ч үндэстэнд байх л асуудал. Хүн гэдэг бол “би” гэх хувь хүнээ хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх тэмцэл юм шүү дээ. Аливаа зүйлд ухаалаг хязгаар хэрэгтэй гэж Сталин хэлсэн байдаг. Эд юманд ч, эрдэм номд ч, таашаалд ч, архинд ч, амраг сэтгэлд ч, аж ахуйд ч ухаалаг хязгаар хэрэгтэй. Харин ухаалаг хязгаар гэдэг зүйлийг ухаардаг иргэдийг төлөвшүүлж чадахгүй байгаа учраас л бие биеэ үзэн ядах үзэл бий болж байна гэж би хувьдаа үздэг. Бие биеэ үзэн ядах өөр нэг хандлага байна. Өөрийг нь шударга бусаар хөрөнгөжиж, хөлжөөд байгааг мэдээд байгаа учраас тухайн хүнтэй бусдыг харьцуулж жишээд байж болно. Тийм жишээг мэддэг учраас нийтээр нь тэгж харж байж болно. Тэгэхээр төр бол иргэдээ баян байлгахын тулд шударгаар баяжихыг дэмжих, тийм орчныг бий болгох ёстой. Тэгж чадахгүй бол баяжсан хэсгээ үзэн ядсаар л байх болно.
-Төр эсрэгээрээ, шударга бусаар баяжсанаа өршөөх гээд байвал яах вэ. Одоо хэрүүл болоод байгаа Өршөөлийн хуульд “шударга бусаар хөрөнгөжихийг өршөөх” заалт байгаа?
-Шударга бусаар баяжсанаа өршөөнө гэдэг чинь нийгмийг тэр чигээр нь шууд ялзруулж байгаа юм . Энэ чинь нийгэм рүүгээ зүгээр л мөнгөн ус цацчихаад, хүмүүсийг босч ирэхгүй болтол хордуулчихаж байгаатай адил. Бидний явж байгаа зам руу мөнгөн ус цацчихаж байна. Гэтэл бид тэр замаар нь явахаасаа өмнө шүгэлчийг дуудчих гээд байгаа юм л даа. Мөнгөн ус цацаад байвал шүгэлч өөрсдөө ирнэ. Уг нь шүгэлчгүйгээр, өөрсдөө явчихаж болохоор замд шүгэлч дуудахаас аргагүй байдал руу төрийнхөн нь өөрсдөө түлхээд байна л даа.
-Манайхан бэлэнчлэх их дуртай. Тэгэхээр та бидний явах ёстой замын жорыг юу гэж хэлэх вэ. Мөнгө шүтэж явбал тэр газартаа хурдан хүрэх юм уу, боловсролыг шүтэж явах ёстой юм уу, нэг даргын цүнхийг баривал хурдан хүрэх юм уу.
-Жор хэлэх хэцүү. Би түрүүн XVIII зууны үеийн Монголыг технологижуулчихвал л хөгжлийн манлайд хүрэх боломжтой гэж ярьсан. Түүнтэй адил хөгжлийн жор бол амгалан тайван аж төрөх. Аж төрөх гэдэг чинь бусдыгаа ажиж, төрнө гэсэн үг. Энэ ертөнцөд унаж байгаа агаар, устай төгс зохицолдсон нөхцөлд л амар, амгалан аж төрөх боломжтой гэж боддог. Онгоцоор явна уу, мориор явна уу, явган явна уу гэдэг нь амар, амгалан аж төрөхтэй огтхон ч хамаагүй. Төвдөд Лхас руу хурдны зам тавьсан байна. Би сая яваад ирлээ. Тэр хурдны замын хажуугаар мөргөлчид явган явж, өгссөөр л байна. Гайхуулах өмчтэй бид Лексус 570 гэдэг машинаараа, тэдний хажуугаар 100-200 км/ц хурдтай явж өнгөрч байгаа юм. Гэтэл тэр мөргөлчид биднийг хүн гэж тоохгүй юм. Дээшээ явган явж, өгсөж байгаа хэр нь тэдний царай зүс нь үнэхээр аз жаргалтай. Аз жаргалтай хүн гэж тэднийг л хэлэх байх. Гэтэл би машин дотроо багтарч үхэх шахам явж байгаа юм. Тэдний дэргэд явж, явж би аз жаргалгүй хүн болж хувирчихаж байгаа юм. Тэгэхээр аз жаргалтай, амар амгалан амьдрал гэдгийн хэмжүүрийн цэг нь энэ орчлонтой эв зүйгээ ололцож, төгс зохицох л явдал юм. Гэтэл амгалан тайван амьдарна гээд машин, техникээсээ татгалзаад, батлан хамгаалахаа буулгаад, цэрэг армиа тарааж, хөдөө мал дээрээ гаръя гэхээр гаднаас биднийг хусчих гээд байна. Африк хусуулчихсан, одоо Ойрхи Дорнод хусуулж байна. Энэ том том сорилтуудыг хүн төрөлхтөн хэрхэн давахаас л шалтгаалж, нөгөө жор чинь мэдэгдэнэ. Үүний зэрэгцээ өрсөлдөөнд яаж тэсч үлдэхээ бас бодох ёстой. Миний бодлоор монгол хүн өөрийгөө хэн бэ гэдгийг таамгаар биш, орчин цагийн мэдлэгээр мэдэх ёстой. Би ийм газар дээр ойчсон гэдгээ мэдсэнийхээ дараа л тэр хятад, солонгос, францууд чинь надаас нэг их доргүй юм байна шүү гэдгийг ухаарах, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өмдөө чирсэн хужаа гээд байгаа хүн чинь яг л над шиг амьдрах гэж яваа, надаас нэг ч их дор боддог хүн биш юм байна шүү гэдгийг ухаарах хэрэгтэй. Өгзөг дээрх хөх толбоо толинд харчихаад “аа би хөх толботой юм байна, асуудалгүй, тэнгэрийн заяатай хүн юм байна” гэж бодохоосоо өмнө “энэ нөхөр ч надаас нэг их дутахгүй шүү” гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн үг. Таамгаар биш, мэдлэгээр өөрийгөө хэн бэ гэдгийг ухаарах ёстой. Тэгж чадаж байж бусадтайгаа өрсөлдөнө, өөрийнхөөрөө үлдэнэ, урагшилна.
-Өрсөлдөөнд Монголоороо үлдэх, тэсэх ёстойг ойлгож байна. Гэтэл нийгэм, төр нь “монгол толгой”-г үнэлэхгүй, харин мөнгийг, цүнх барихыг илүүд үнэлж байна. Тэгэхээр одоо яах вэ?
-Манай алдарт хөгжмийн зохиолч Шарав надад хэлж байсан юм. Би үнэхээр гутарч байна, тамирчдад эх орноо гадаадад сурталчилсан гээд цалин өгдөг нь сайн хэрэг. Энэ биеэ, залуу насаа эх орныхоо төлөө зарсан тэднийг үнэлэх ёстой. Гэхдээ би, бид эх орноо сурталчлаагүй юм уу, эх орныхоо төлөө, эх нутгаа сайн сайхан байлгахын төлөө энэ биеэ, толгойгоо зараагүй юм уу гэж. Нээрээ л Шаравын “Сэрсэн тал”, “Сэтгэлийн эгшиг” хэчнээн монгол хүнийг ёс суртахууны хувьд аварсан гэж бодож байна вэ. Тэр хүмүүс би “Сэрсэн тал”-ыг сонсоод ийм сайхан болчихлоо, муу зүйл хийгээгүй гэж хэлэхгүй л дээ.Одоо Шаравын симфони, ер нь бидний уран бүтээлийг хэн худалдаж авах юм бэ. Хэн ч худалдаж авахгүй. CD-ийг нь бүгдийг хуулбарлачихсан. Юм сэтгэдэг, боддог хүмүүс нь ямар ч мөнгөгүй, эдийн засгийн баталгаагүй байхад нийгмийн явах зүгийн тухай яриад бараг хэрэггүй. Ер нь, сүүлийн 25 жилд шинжлэх ухаанд халтай засаглал бий болсон. Яах вэ, Засгийн газраас жил болгон шинжлэх ухааны эрдэмтэнд 100 сая төгрөгийн шагнал өгдөг болсон ч, халтай л явсаар байна. Тэр тусмаа нийгмийн шинжлэх ухааны эрдэмтдээ огт тоогоогүй. Эрдэмтдээрээ юү ч хийлгээгүй, улс эрдэмтдээ, ухаантай хүнээ ашиглаж чадаагүй л хэрэг. Толгойтой хүн чинь мөнгөтэй хүнтэй зодоон хийхгүй ш дээ. Холхон л явна.
-Жишээ нь, энэ зун Увсын 90 жилийн ой болж, Увсаас төрсөн улсын аварга цолтой бөхчүүддээ эмээлтэй, хазаартай морь бэлэглэж байна. Тэгсэн Увсаас төрсөн эрдэмтэн, төрийн зүтгэлтэндээ ямар нэгэн чимээ байсангүй. 90 жилийн түүхэнд энэ аймгаас Ю.Цэдэнбал даргаас эхлээд мундаг төрийн зүтгэлтэн, эрдэмтэн олон төрсөн. Өнөөдөр ийм л сэтгэхүй илүү байна?
-Нийгэм аль зүгт явах, нийгмийг аль зүгт авч явахад нийтээрээ бэлтгэгдээгүй байна л гэсэн үг. Сайхан амьдрахад мөнгө хэрэгтэй. Гэхдээ дэлхий дээр мөнгийг юунд яаж зарцуулах тухай үзэл суртал байдаг. Бид ерөөсөө л мөнгийг олох ёстой, түүнийг зарах ёстой гэсэн сэтгэлгээтэй байна. Ярилцлагын эхэнд ярьсан даа, бүх иргэний түрийвчинд байгаа мөнгө бол Монгол Улсын өмч гэж. Түүнийг захиран зарцуулахыг гартаа атгаж байгаа хүн мэддэг боловч, ягюунд зарцуулахыг төрийн бодлогоор зохицуулдаг, хянадаг. Бодлогогүй байгаа учраас Ерөнхийлөгчарга ядсандаа морио унацгаая гэх вэ дээ. Уг нь зах зээлийн нийгэм гэдэг зүйлээ зөв ойлгох юм бол морио унаж байгаад нь мөнгө олгох ёстой. Үхэр тэргээр нүүсэн айлд мөнгө өгнө. Олс хэрэглэдэггүй зөвхөн сур хэрэглэдэг айлд мөнгө өгнө. Нэхий өлгийгөөр хүүхдээ өлгийдсөн эхэд мөнгө өгнө. Мориор хонио хариулж байгаа айлд мөнгө өгнө гэх зэргээр Монголоо авч явах бодлого дор иргэдээ мөнгөжүүлэх ёстой юм. Энэ нь нэг талаар, төр мөнгөө юунд зарцуулахаа мэдэж байгаа хэрэг юм. Жишээ нь, мориор хонио хариулсан айлд жилд сая төгрөг өг. Тэгвэл хажуугийн айл мориор хонио хариулж эхэлнэ. Эмнэг сургасан хүнд өг. Адууны наадам гээд хэдхэн улс эндээ тойрч шоудаад, мөнгө олоод л дуусдаг. Үүнийн оронд эмнэг сургасан хүнд мөнгө өг л дөө. Өөрөөр хэлбэл, нүүдлийн соёлоос уламжилж цаашаа авч явъя гэсэн бүх зүйлээ урамшуул. Хөгжим, дуу хийж, хүмүүсийг баясгаж байгаа бол урамшуул л даа. Их авъя гээгүй, үнэтэй юм шүү гэдгийг л мэдрүүлэх хэрэгтэй. Малчид тэрийг л хүсч байгаа. Ямар ч төрийн бодлогогүй учраас сүргийн бүтэц алдагдлаа. Сүргийн 50 хувь нь ямаа боллоо. Төр өгөхгүй байгаа учраас өөрсдөө мөнгө олох гэж байгаа нь тэр л дээ. Өнгөрсөн 20 жилд ноолуураас нь олсон мөнгөөрөө ямааны алга болгосон бэлчээр, хөрсийг нөхөн сэргээхэд 10 хувьд нь хүрэхгүй . Энэ бол төр бодлогоо гаргаж чадаагүйн л жишээ.
-Одоо уул уурхайг шүтэж яваа. Эдийн засгаа сэргээж, мөнгө л олохын тулд шүү дээ. Ноолуурын мөнгөөр бэлчээрийг сэргээхгүй гэдэг шиг уул уурхайгаас олсон мөнгө маань нэг өдөр нөхөн сэргээлтийнхээ төлбөрийг төлж барахгүй тийм цаг үе ирэх юм биш биз?
-Бид уул уурхайг хэтэрхий шүтэж яваа нь алхам тутамд мэдрэгдэж байна. “Хоёр толгой”-гоо хөдөлгөнө, хүндрэлээс гарна гэж ярихаас гадна уул уурхайг хэтэрхий шүтээд ийм байдалд орсноо ойлгох хэрэгтэй. Өнөөгийн нөхцөлд “хоёр толгой”-г хөдөлгөж эдийн засгаа аврах хэрэгтэй, зөв. Гэхдээ “хоёр толгой” урт хугацаанд монголчуудыг аваад явахгүй гэдгийг ухаарч, уул уурхайгаас бусад салбар руугаа хөрөнгөө зүй зохистой хийх хэрэгтэй. Тэгвэл хүндрэлээс аажимдаа ангижирна. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл жорлонгийн асуудал яриад байна лээ. Уг нь би аль эртнээс энэ асуудлыг ярьж байсан. Японоос ирсэн өндөр настай хүмүүсийг суулгасан автобус Хархорин орохоор явдаг. Машиных нь ард баахан л ус, ундаа ачиж, уугаад яваарай, зам муу шүү гэж захина. Гэтэл шинэ нийслэл хуучин нийслэл хооронд явах замд хүн бие засах газар ганц ширхэг ч байхгүй. Тэгсэн хэр нь маш их хэмжээний ус уу гээд шахаад байдаг. Хөгжил бол Улаанбаатараас Эрдэнэзуу орох замаа бодохоос эхэлнэ. Лүн дээр юу байхын, Элсэн тасархай дээр юу байх юм бэ, хаана нь бие засах газар байгуулах вэ гэдгээ бодох ёстой. Өөрөөр хэлбэл, 480 км явж Хархорин үзэх нь чухал биш, 480 км замд яаж явах вэ, юугаар үйлчлэх вэ гэдгээс эхэлнэ. “Хоёр толгой”-г эргэлтэд оруулахаас гадна ажилд оруулснаараа бусдыгаа яах вэ, яаж хөгжүүлэх вэ гэдэг нь илүү.
-Уран бүтээлч хүн нийгмийн байдлаар өдөөгдөж хөгжим, ая зохиодог гэж ярилаа. Тэгвэл таны зохисон Мандухай цэцэн хатан киноны хөгжим бол алдартай. Өнөөдрийн нийгмийн байдлыг “Мандухай”-н хөгжмөөр илэрхийлбэл ямар хэсэгт нь бид яваад байна вэ?
-Бодож байгаагүй юм байна. “Мандухай”-н хөгжимтэй манай нийгмийн өнөөдрийн байдал холбогдож болно л доо. Бүдүүлгээр дүрсэлбэл “төрийн тамгаа алдчихдаг хэсэг”-тэй төстэй юм уу даа. Хатан Уйгурын сүм яваад ирэхэд тамгаа алдчихсан сууж байдаг нэг хэсэг байдаг даа. Түүнтэй төстэй юм уу. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө надаас улс орны хөгжил ямар төвшинд байна вэ гэж асуусан. Тэгэхэд, би хөггүй ятга шиг л байна гэж хариулж байсан. Үүнээс хойш дөрвөн жил өнгөрч байхад хөг ороогүй, бүр хайрцаг, араг яснууд нь чийг авсан байна.
-Гэхдээ арай чхөг орохоосоо өнгөрсөн гэхгүй биз дээ?
-Дөрвөн жилийн өмнө бол хөглөж болохоор байсан. Одоо бол хавтаснууд нь чийг авсан учраас хөглөхөөсөө өмнө чийг авсан модыг зөв технологиор хатаах хэрэгтэй. Үүний дараа л хөглөнө. Тэгэхдээ бусад улсад буй болоод байгаа хөгжил хэмээн үзээд байгаа зүйлээр бол бид их хол явсан, бас ч амжилтай яваа шүү. Бид социализмын үед таван давхар байшинг хэдэн жилд барьдаг байсан юм бэ. Одоо яаж өөрчлөгдсөн билээ. Харилцаа холбоо гэхэд бусадтай адил л төвшинд хөгжсөн байна. Эд материаллаг талаасаа үсрэнгүй урагшилж байгаа. Монголд дэлхийд үйлдвэрлэсэн бүх машин байна. Хамгийн сүүлийн үеийн утас, компьютер, брэндүүд бүгд байна. Айтхар урагшилж байгаа.
-Ингэж урагшилж явахдаа Монголоо гээж байна уу, үлдээж авч явж чадаж байна уу?
-Бидний очих зүг эд материаллаг зүйлээс айхтар зөрүүтэй. Моод Монголоор дуусдаг гэж яриа худал боллоо. Зарим нь Монголоос эхэлдэг болоод байна. Нэгэнт л өрсөлдөж байгаа учраас барьж байгуулах хэрэглэх нь байсаар л байна. Тэгэхдээ зөвхөн эд л шүтсэн нийгэм байж болохгүй. Эдийн хязгааргүй хэрэглээг бий болгож болохгүй. Харин оюуны чадамж, хүчийг ашиглаж “бид ямаршуу төвшинд хэрэглэх вэ” гэдгээ хүмүүс нь ухамсартайгаар ойлгодог байхад бүх зүйл сайхан болно. Амар амгалан амьдрал гэж юу вэ гэдэг цэгийг олох хэрэгтэй. Олоогүй цагт гаднаас нэг шүгэлч ороод л ирнэ. Бараг бэлэн хүлээгээд зогсч байгаа. Тэгэхээр гэнэн ч гэсэн оролдлогууд хийх хэрэгтэй. Сүүлийн үеийн хүүхдүүд ч гэлтгүй залуус монгол уламжлалаас хоцорч байна. Сүүлдээ гэр гэж юу байдаг талаархи ойлголтгүй болж байна. Тиймээс сургуулиудад монгол гэр тарааж, хөдөлмөрийн хичээл дээр нь гэр бариулахыг сургана л гэнэ. Энэ бол санаа нь сайхан ч их гэнэн.
-Гэнэн гэдэг нь?
-Хэрвээ суурин соёл, сонгодог нүүдэл хоёрыг хорших гэж байгаа улс л юм бол дунд сургууль том бааз л байх ёстой. Хавар, намар хүүхдүүд хөдөө гарч ахуйн амьдралтай танилцаж, гэр нүүлгэдэг, үхэр саадаг, хонь хариулдаг, айраг бүлдэг арга техникт суралцах хэрэгтэй.
-Ингээд ярихаар зарим хүн “хүүхдээ яаж хүмүүжүүлж, ямар хүн болгох нь Жанцанноровт хамаагүй” гэнэ дээ. Ирж яваа нийгэм биш, юун өнгөрсөн зуун руу явуулах гээд байгаа бэ гэвэл яах вэ?
- Монгол хүн дэлхийн хүн байх нь зөв биз дээ?
-Зөв. Онгоцонд АНУ-ын Ерөнхийлөгч Обаматой хамт суугаад бүх дэлхийн юм ярих хэмжээний чадвартай, мэдлэгтэй байх хэрэгтэй. Гэхдээ Обама асууж магадгүй. Танай Төрийн ордны өмнөх Чингис хааны хөшөө их таалагдлаа, харин нэлээн хол зайтай байгаа хоёр хүний хөшөө хэнийх вэ, танайх чинь алтан ургийн хэдэн хаантай билээ, яагаад заавал энэ гурван хүний хөшөөг босгосон юм бэ гэж. Тэгэхэд л хариулж чаддаг л байх ёстой юм. Өгөөдэй, Хубилай хаан гээд нэрлэж чаддаг, манайх алтан ургийн 37 хаантай байсан, Чингис хаан, Өгөөдэй, Хубилай хааныг хөшөөг босгосон нь гурван цагийн билэгдэл юм, эцэг, хүү, ач гэсэн гурван цагийг билэгдэж, төр мөнхөд оршихыг илэрхийлсэн гэж тайлбарлаж чаддаг байх ёстой. Үүнийгээ мэдэхгүй, угаасаа англиар ярьдаг хүнтэй англиар яриад, америкуудын бүтээсэн ipone утсыг Обамад тайлбарлаж өгөөд нэмэргүй. Өөрөөр хэлбэл, монгол гэдгээ мэддэг, монгол хүн гэдгээ авч явж чаддаг, дэлхийн чадварын эзэмшсэн хүн л дэлхийтэй өрсөлдөнө.
-Дэлхийн монгол хүн Монголд хэрэгтэй юм уу, Монголоо мэддэг монгол хүн хэрэгтэй юм уу?
-Монголоо мэддэг монгол хүн бол дэлхийн монгол шүү дээ. Зөвхөн хэрэглэгч биш, монгол үнэр, амтыг шингээсэн давтагдашгүй зүйлийг зохиож чаддаг, тэрийг нь дэлхийн долоон тэрбум хүн худалдаж авах хэмжээний “толгой”-той монгол хүн бол ганц Монголдоо бус, дэлхийд ч хэрэгтэй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн