Open iToim app
Эксперт | 5 мин уншина

​Ч.Өнөрбаяр: Хүсвэл иргэд ч Ерөнхийлөгчийн хоригийн төсөл санаачилж болно

​Ч.Өнөрбаяр: Хүсвэл иргэд ч Ерөнхийлөгчийн хоригийн төсөл санаачилж болно
Нийтэлсэн 2017 оны 1 сарын 24
“Эксперт” буландаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаярыг урьж ярилцлаа.Бидний яриа Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг тойрч өрнөлөө.
-Төр, засгийн шийдвэрийг өөрчлүүлэх, тэднээр хүсэл зорилгодоо нийцсэн шийдвэр гаргуулахын тулд иргэд нэгдэж жагсаал, цуглаан зохион байгуулдаг, өлсгөлөн, суулт хийдэг явдал байгаа. Нөгөө талдаа газар нутаг, онгон байгалиа хамгаалахын тулд хүч хавсарч тэмцээд хэрэгтэн болсон тохиолдол ч бий. Ерөөсөө өөрсдийнх нь сонгосон УИХ, ИТХ шийдвэр гаргахдаа иргэдийн саналыг авахгүй, оролцоог нь дэмжихгүй байгаагаас иргэд ийн бухимдаж байна. Энэ нөхцөлд Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан нь цаг үеэ оллоо. Хуулийг баталснаар иргэд хууль тогтоолын төсөл санаачлан боловсруулах эрхтэй болж, энэ эрхийг нь УИХ, ИТХ дэмжиж ажиллах юм байна. Зөв үү?
-Тийм ээ, бид иргэний улс төрийн эрх гэдгийг сонгуульд санал өгөх, намд элсэх, жагсаал цуглаан хийх төдийхнөөр ойлгоод байна. Гэтэл иргэд санал санаачилга гаргаадтөрийн үйл хэрэгт оролцох Үндсэн хуулиар баталгаажсан эрхтэй. Өөрөөр хэлбэл, ард түмэн шууд болон төлөөлөгчийн байгууллагаараа дамжуулан оролцох эрхтэй гэсэн үг. Гэтэл үүнийг тусгайлан зохицуулсан хууль өнөөдөр Монголд алга байна. Иймээс иргэдийг улс төрийн үйл явцад оролцуулах замаар парламентыг буюу төлөөллийн ардчиллыг илүү хариуцлагатай болгох нь чухал байна.
-Иргэд санаачилга гаргаад сонгосон УИХ-ын гишүүндээ хууль, тогтоолын төсөл өргөн барихаар парламент түүнийг нь хэлэлцдэггүй явдал байна. Засаг барьж байгаа олонхи нь цөөнхийнхөө, эсвэл бие даагчийнхаа өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцдэггүй явдлаас болж маргаан их гардаг. Энэ байдлыг хуулиар яаж зохицуулах вэ?
-Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулиар гурван асуудлыг зохицуулна. Эхнийх нь, тодорхой асуудлыг УИХ, ИТХ-ын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах санаачилга гаргах эрх. Жишээ нь, өргөн барьсан чухал хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж өгдөггүй, дардаг гашуун туршлага байна. Хуулийн төслийг хэлэлцэхгүй удаад байвал иргэд санаачилга өрнүүлж УИХ-ын даргад хандан парламентаар хэлэлцэх асуудлын дарааллыг хүртэл өөрчлүүлэх боломжтой. Үүний тулд хэлэлцүүлэх санаачилгаа эхлээд УИХ-ын Тамгын газарт бүртгүүлнэ. Ингээд сонгуулийн эрх бүхий 20 мянган иргэний гарын үсгийг гурван сарын дотор цуглуулж УИХ-д өргөн мэдүүлснээр эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм. Энэ процесс аймаг, дүүрэг, нийслэлийн ИТХ-д ч бас хамаатай. Тодорхой асуудлыг орон нутгийн төвшинд иргэдийн санаачилгаар ИТХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах эрхтй. Хоёрдугаарт, хууль тогтоомжийн төслийг хууль санаачлагчид уламжлах эрхийг зохицуулна. Үндсэн хуульд зааснаар хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгч өргөн барих эрхтэй. Тэгэхээр иргэд боловсруулсан хуулийн төслөө хууль санаачлагчид уламжлах бөгөөд төслийг дэмжиж сонгуулийн насны 5000 иргэн гарын үсгээ зурсан байх ёстой. Иргэдийн боловсруулсан хуулийн төслийг хүлээж авсан хууль санаачлагч түүнийгээ дарж болохгүй. Хүлээж авсан бол УИХ-д өргөн мэдүүлнэ, эсвэл өргөн барихаас татгалзсан шалтгаанаа нийтэд тайлбарлана. Энд мэдээж Хууль зүйн яамы мэргэжлийн оролцоо, хяналт байна. Гурав дахь нь, иргэд 80 мянган хүний гарын үсэг зурж нэгдэн, хуулийн тодорхой шаардлагыг хангасан бол ард нийтийн санал асуулга явуулах эрхтэй болно.
-Жишээ нь, Ерөнхийлөгчийн хоригийн төслийг иргэд санаачилж болох уу?
-Энэ хуулийн төслөөр иргэд хуульд хориг тавиулахаар санал санаачилга гаргаж болно. Хоригийг хүлээн авсан тохиолдолд УИХ холбогдох нэмэлт өөрчлөлтийг хуульд оруулдаг журамтай. Гэхдээ энд цаг хугацааны асуудлууд бий. Жишээ нь маш бага хугацаанд 5000 хүний гарын үсэг цуглуулах хэрэгтэй болох байх.
-Тэгвэл татварыг бууруулах, нэг сайдыг огцруулах асуудлаар санаачилга гаргаад УИХ-аар хэлэлцүүлж болох уу?
-Иргэдийн санаачлах асуудал хязгаартай. Хэдийгээр иргэд санал санаачилга гаргасан ч бай Үндсэн хуульд байгаа “Хүн бүр өмчлөх эрхтэй” гэсэн заалтыг хасч болохгүй. 20 мянган хүн нийлээд ялтан Доржийг уучилъя гэж болохгүй. Бүгдээрээ татваргүй амьдаръя гэж болохгүй. Тухайлбал, иргэд Монгол Улсын батлан хамгаалах бодлого, тусгаар тогтнол, татварын бодлого, уучлал, өршөөл үзүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг өөрчлөх санал санаачлага гаргаад явах эрхгүй. Үндсэн хуулийн үндсэн бүтцийг өөрчлөх, хүний эрх эрх чөлөөг дордуулах, УИХ, Ерөнхийлөгч, захиргааны байгууллагын албан тушаалтныг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг санаачилж болохгүй. Эдгээрээс бусад асуудлаар нээлттэй.
-УИХ-аар баталсан хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санаачилгыг гишүүд өөрсдөө биш иргэд доороос нь шахаад явбал илүү үр дүнтэй юу?
-Иргэд төрийн үйл ажиллагаанд шууд оролцож байгаагийн илрэл болно. 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 39 гишүүн ирэхээр чуулганы ирц бүрддэг болсон. 39 гишүүний олонх гэхээр 20 хүн хууль батлах боломжтой болсон. 20 хүний баталсан хуулийг улс даяар мөрдөнө гэхээр Монгол Улсын хувь заяаг 20 хүн шийдэж байгаагаас өөрцгүй. Ийм бага хувиар батлагдсан хуулийг эргэж хараач ээ гэж иргэд санал санаачилга гаргаж болно. Яагаад гэвэл 20 хүнд янз бүрийн шалтгаанаар нөлөө үзүүлэх амархан. Өндөр хувиар хууль батлах эсэхээ УИХ шийддэг болно. Энэ нь эргээд гурав хоногийн настай хууль гарлаа, Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй хууль гарлаа,Үндсэн хуульд нийцэхгүй хууль гарлаа зэрэг шүүмжлэлтэй асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болно гэж харж байгаа.
-2005 оноос хойш төрийн шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог бага багаар нэмж л байна. Тухайлбал, Төсвийн тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай болон Захиргааны ерөнхий хууль зэргийг дуудаж болж байна. Энэ хуулиудын хажуугаар, Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийг тусад нь батлуулах ямар шаардлага байгаа юм бэ?
-Төрийн байгууллага, нутгийн удирдах байгууллагаас шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоог хэрхэн хангаж байгаа талаар 2016 онд үндэсний хэмжээний судалгаа явуулсан байдаг. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудаас иргэдэд янз бүрийн хэлбэрээр мэдээлдэг 68 хууль байна. Иргэдтэйгээ зөвлөдөг 25, иргэдээ идэвхтэй оролцуулдаг 44, иргэд хяналт тавих бололцоотой 28, бусад 24 хууль байгаа юм. Энэ хуулиудад иргэний улс төрийн эрхийг ингэж тусгасан боловч хуулиудад цогцоор нь иргэн яаж улс төрийн эрхээ хэрэгжүүлэхийг заасан зохицуулалт алга. Тэр орон зайг нөхөж Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийг Ерөнхийлөгчийн зүгээс санаачилсан болно. Энэ нь Төсвийн тухай, Хууль тогтоомжийн тухай, Нийтийн сонсголын тухай, Захиргааны ерөнхий хуультай уялдаад явах юм. Гэвч иргэдийн оролцоог хангах тал дээр Монгол Улсад байгаа 105 хуулиас давхардсан тоогоор 79 хууль нь хэрэгждэг боловч 26 нь огт хэрэгждэггүй бөгөөд үнэлэх нь цаг хугацааны хувьд боломжгүй байдаг. Хувиар нь тооцвол 75.2 хувь нь хэрэгждэг, 34.8 хувь нь огт хэрэгждэггүй.
-Хууль хэрэгжихгүй байгаа шалтгаан нь юу вэ?
-Хууль тогтоомжид заасан иргэний оролцооны механизмууд нь хангалтгүй. Харилцан адилгүй, нэгдмэл бус, тунхагийн шинжтэй. Иргэдийн оролцоог хэрхэн хангах арга замыг тодорхой заагаагүй. Санал аваагүйн үр дагавар ойлгомжгүй. Иргэдээс авсан саналыг шийдвэр гаргахдаа хэрхэн тусгах талаар зохицуулалтгүй. Санал авсан тухайн асуудал, шийдвэрийн талаар иргэдэд эргэж мэдээлэх талаар зохицуулалтгүй. Оролцоог хангахтай холбоотой зардлыг шийдвэрлээгүй учраас гэж хэлэх байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн