БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жей Ин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар өнөөдөр утсаар ярьж, Хойд Солонгост хамгийн дээд төвшинд шахалт үзүүлэх талаар харилцан тохиролцжээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн бямба гаригт Хойд Солонгост шинэ хориг тавьснаар ашигт малтмалын экспортоос жилд олдог гурван тэрбум ам.доллар нь нэг тэрбум ам.доллараар буурна гэж үзэж тооцож байгаа юм.
Өнгөрсөн долдугаар сард Хойд Солонгос тив хоорондын баллистик пуужинг хоёр удаа хөөргөж, бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлсэнд НҮБ-ын зүгээс ийнхүү хоригийг чангатгахад нөлөөлж, улмаар НҮБ-ын гишүүн орнуудыг БНАСАУ-аас төмөр, төмрийн хүдэр, хар тугалга, нүүрс болон далайн бүтээгдэхүүнийг импортлохгүй байх шийдвэр гаргасан.
Мөн гадаадад ажил эрхэлж буй Хойд Солонгосын ажилчдын тоог нэмэгдүүлэхгүй байх, Хойд Солонгостой хамтарсан аливаа үйлдвэрлэл явуулахгүй байх, өнөөгийн хамтарсан үйлдвэрүүдэд шинээр хөрөнгө оруулалт хийхийг тус, тус хориглосон.
Доналд Трамп болон Мүн Жей Ин нарын бүтэн цаг гаран үргэлжилсэн утасны ярианд Хойд Солонгосыг хазаарлахын тулд хэрэгжүүлж байгаа бүхий үйл ажиллагаагаа хоёр тал хэвийн үргэлжлүүлэх талаар ярилцаад, тэр дундаа наймдугаар сарын сүүлээр хийхээр төлөвлөсөн цэргийн хамтарсан сургуулилтаа нэн тэргүүнд тавих тухай ярилцсан талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ажлын албаны хэвлэлийн төлөөлөгч Пак Сү Хён мэдээлжээ.
Мөн Мүн Жей Ин Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөртөө цэг тавих ёстой бөгөөд хэлэлцээрийн үүд хаалга одоо ч нээлттэй хэвээр байгаа талаар онцлон тэмдэглэжээ.
Цагаан ордны тусгай мэдэгдэлд, Хойд Солонгос нь АНУ, БНСУ, Япон болон дэлхий дахин дахь ихэнх улс орнуудад шууд утгаар заналхийлэх ноцтой аюул нүүрлүүлж байна гэдэгт хоёр удирдагч санал нэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн твиттер хуудастаа “ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүд Хойд Солонгост тавих хоригийг 100 хувь санал нэгтэйгээр дэмжсэнд туйлын баяртай байна” гэж бичсэн байна.
Харин өнөөдөр Хятадын гаргасан мэдэгдэлд, “Хориг арга хэмжээ байгаа зөв оносонгүй. Хамгийн сайн нөлөөг үзүүлэх хориг нь жирийн ард иргэд болоод гуравдагч оронд сөрөг нөлөө үзүүлэхээс зайлсхийсэн байх ёстой бөгөөд тухайн улсын гадаад ертөнц дэх хууль ёсны худалдаа, бизнесийг гамшгийн хэмжээнд хүргэхээс татгалзаж, хүмүүсийн хэвийн амьдрал, хүнлэг ёс журмыг сахих ёстой” хэмээжээ.
Мөн түүнчлэн Хятад улс үүсээд байгаа мөргөлдөөнийг хурцдуулахгүй байхад тусалж, Вашингтон болон Сөүлийг цэргийн сургуулилтаасаа татгалзаж, THAAD системийн үйл ажиллагааг зогсоохыг урилав.