Сан Францискогоос гаралтай технологийн компанийг үүсгэн байгуулагч, механик инженер Курт Вон Бадински Лос Анжелес хотоос өдөр бүр ажилдаа ирж, буцахдаа зургаан цагийг зарцуулдаг байна.
Долоо хоногийн таван өдөр нь тэрээр өглөө 05:00 цагт босч бэлтгэлээ хангаад , 15 минут “Bob Hope Burbank” нисэх онгоцны буудал руу явж, Лос Анжелесаас баруун хойд зүгт 568 киллометрт орших Оакланд руу 90 минут нисч хүрдэг байна. Тэндээсээ Сан Франциско дахь ажлын төв оффис руугаа өөр нэгэн машинаар явдаг ажээ.
Түүний нислэг эхэлсний дараа тэрээр цагаа ашиглан ажлаа хийсээр л байдаг бөгөөд найман хүний суудалтай онгоцон дахь зорчигчидтойгоо санал бодлоо солилцон явдаг байна.
Вон Бадински ийнхүү явсаар ойролцоогоор өглөөний 08:30 цагт ажлын байрандаа ирдэг бөгөөд орой 17:00 цагт анх ирсэн маягаараа буцаж 21 цагаас хойш гэртээ ирдэг аж.
Тэрээр “Surf Air”-ын ойролцоох зогсоолд машинаа тавих төлбөрийг сар бүр хийдэг бөгөөд нислэгийн төлбөртэй нийлээд түүний ажилдаа очих тээвэрт зарцуулдаг нэг удаагийн төлбөр 2300 ам.доллар болдог байна.
Вон Бадински “Би хүмүүст өдөр бүр Сан Франциско руу ажилд явдаг гэж хэлэхэд тэд “Өдөр бүр үү” гэдэг нэг асуултыг заавал гурван удаа асуудаг” гэж BBC –д өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Тэрээр цааш нь ярихдаа “Өдөр бүр ирж очин, нааш цааш явах нь надад хүндрэлтэй санагдах үе байдаг. Лос Анжелест салбар компаниа хэдий нь нээсэн ч Сан Франциско дахь тэр жижигхэн орон зайд би илүү их чадварлаг байж чаддаг. Бүтэн зургаан цагийн урт аялал минь намайг миний хүсч байсан бүхнийг өөртөө бий болгоход тусалдаг юм. Учир нь би энэ хугацаанд компанидаа тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэх арга замыг хайж олж чаддаг” хэмээн өгүүлжээ.
Лос Анжелес болон Сан Францискогийн цаг агаарын нөхцөл байдал тун өөр. Лос Анжелес нарлаг халуун байдаг бол Сан Франциско чийглэг, манангаар дүүрэн. Цаг агаарын энэ нөхцөл байдалд дасан зохицоход түүнээс ихээхэн чармайлт мөн гардаг ажээ.
Энэ мэт олон асуудал түүнд тулгардаг ч өдөр бүрийг ямагт баяртайгаар эхлүүлдэг тухайгаа Вон Бадински онцлон хэлдэг байна.