Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Үндэсний баатрыг 3D графикаар амилуулсан "Жангар" хүүхэлдэйн кино энэ баасан гаригт нээлтээ хийнэ

Үндэсний баатрыг 3D графикаар амилуулсан "Жангар" хүүхэлдэйн кино энэ баасан гаригт нээлтээ хийнэ
Нийтэлсэн 2016 оны 9 сарын 27

“Жангар", "Гэсэр", "Монголын нууц товчоо" Монголын уран зохиолын гурван оргил хэмээн нэрлэгддэг. Зуун зууны турш ардын аман уламжлалаар өнөөг хүртэл уламжлагдан ирсэн "Жангар”-ын туулийг дэлхийн олон орны эрдэмтэн судалж, олон хэлний судалгааны ултай бүтээлүүд хэвлэгдсэн байдаг. “Жангар” туулийг судлаачид өнгөрсөн, одоо, ирээдүй үеийг хүүрнэсэн, гурван цагийг хамарсан зөн билгийн шинжтэй тууль гэж үздэг. Туульд алдар ноён богд Жангар арван хоёр арслан баатартайгаа, Ар Бумбын орноо хамгаалан, Хар хинис, Шар гүргүү зэрэг мангасыг дарж, дархан цолоо мандуулж буй түүхийг өгүүлдэг.
570 гаруй жилийн түүхтэй “Жангар” тууль нь Монголын угсаатны зүй, зан заншил, аж ахуй, ёс суртахуун, түүх, хэл уран зохиол, дуун аяз, хүмүүний нийгэмшил, улс төрийн бодлого зэрэг бүхий л салбарыг багтаан тусгаж чадсан мөнхийн сод бүтээл юм. Баруун Монгол, Ойрад-Халимагаас гаралтай алдарт энэ туулийг олон орны эрдэмтэн сонирхон судалдгаас гадна орос, герман хэлнээ орчуулагдан түгжээ. Мөн Хятад, Монгол, Оросын ойрад угсаатны дотор аман уламжлал, амьд уламжлал өргөн хадгалагдсаар ирсэн. Алдарт найрагч А.С.Пушкиний анхаарлыг татаж, дэлхий эрдэмтдийн нууцыг нь тайлахыг хүсдэг бүтээлийн нэгд тооцогддог “Жангар” туулийг кино болгох хүсэлтэй уран бүтээлчид олон байдаг.

Монголын эртний утга зохиолын гурван оргилын нэг “Жангар” туулиас сэдэвлэн бүтээсэн 104 ангит “Жангар” 3D хүүхэлдэйн кино энэ сарын 30-ны баасан гаригт бүх кино театруудад нээлтээ хийхээр болжээ. 

Энэхүү хүүхэлдэйн кино нь эх нутаг, улс үндэстнээ хамгаалж, нөхөрлөлийн чин шударга зан чанар, Монголын эрэлхэг баатрын ариун үйлсийг харуулaх үндэсний баатрыг 3D графикаар амилуулсан анхны дэлгэцийн бүтээл болж буйгаараа онцлог юм. Туульдаа бол Жангарыг гурван настайгаас нь эхлээд 20 нас хүртэлх үеийг өгүүлдэг. Харин хүүхэлдэйн кинонд Жангарыг зургаан настай байгаагаар үйл явдлыг эхлүүлдэг бөгөөд киноны 104 анги зургаан настай үеийнх нь үйл явлуудыг өгүүлснээр дуусах юм. “Жангар” хүүхэлдэйн киног бүтээх санааг “Jangar international” ХХК-ийн захирал Х.Далай анх гаргасан бөгөөд хүүхэлдэйн киноны зохиолыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Сүхзориг бичсэн байна. Яруу найрагч Г.Сүхзориг зохиолыг бичихдээ Монгол, Шинжаан, Халимаг “Жангар”-ын нийтлэг шинжийг тусгаж бичсэн байна.
Нээлтийн талаар “Жангар” төслийн багийнхнаас тодруулахад
“Киноны эхний есөн ангийг багцлан бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино болгосныг энэ баасан гаригт кино театруудад нээж, үзэгчдэд толилуулна. “Жангар”-ыг кино театрын дэлгэцнээс буусны дараа IPTV-үүдэд тавьж, ирэх оны есдүгээр сараас эхлэн 104 ангиараа Монголын телевизүүдээр гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хүүхэлдэйн киноноос гадна дууны цомог, цуврал нэвтрүүлэг, тайзны жүжиг, видео тоглоом, туулийг сэргээх аян зэрэг Жангар туулийг сэргээх төсөл болон хэрэгжиж байгаа. Хүүхэлдэйн киног нээсний дараа тун удахгүй "Жангар" цуврал зурагт ном буюу комиксыг танилцуулна ” гэсэн юм.
Тус анимейшн нь "Жангар" төслийн хүрээнд бүтээгдэж байгаа бөгөөд найруулагч Х.Далайгийн "Алтанцээж" компани, Монгол Улсын "FSM media group", "Chimdee's music" компаниуд тус бүтээл дээр хамтран ажиллаж байгаа аж. Эдгээр гурван компанитай Япон, БНХАУ, ОХУ, БНСУ-ын студи, компаниуд мөн хамтран ажилладаг байна. Хүүхэлдэйн киног 100 гаруй хүнтэй баг тусгай студид зураг авалт хийж, компьютер графикийн аргаар бүтээжээ. Гэхдээ хүүхэлдэйн киноны гол баатруудын яриа болон тулааны хэсгийг илүү бодитой болгохын тулд мэргэжлийн жүжигчдийг тоглуулж, хуулбарласан гэнэ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн