Open iToim app
Анализ | 19 мин уншина

Үндсэн хуульд халдах бусармаг оролдлогууд цагаандаа гарлаа

Үндсэн хуульд халдах бусармаг оролдлогууд  цагаандаа гарлаа
Нийтэлсэн 2016 оны 1 сарын 13
Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаатай ярилцлаа.
-Юуны өмнө, Үндсэн хуулийн өдрийн баярын мэнд хүргэе. Сүүлийн үед Үндсэн хуулийн Цэц нэлээд барцадтай байх шиг байна. Энд үнэхээр эрхзүйн маргаан яваад байна уу, эсвэл улстөржилт яваад байна уу?
-Баярлалаа, Үндсэн хууль иргэдийг хамгаалдаг. Ингэж хамгаалахдаа Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, ерөнхий шүүгч, ерөнхий прокурорыг хянадаг. Тэгэхээр хянуулж байгаа хүн яаж дуртай, таатай байх билээ. Уг нь эрх зүй нь дээр, улс төр доор нь байвал нийгэм тогтвортой, системтэй, зөв хөгжих боломжтой. Гэхдээ хуулийг зөв баталсан тохиолдолд. Харин эрхзүйн дээр улс төр гарчихвал нийгэмд замбараагүй байдал, завхрал үүснэ. Ний нуугүй хэлэхэд, өнөөдөр нийгэмд завхрал үүсчихсэн, нөхцөл байдал нь гүнзгийрч байна. Ийм байдал дэлхийн хэмжээнд ч, Монголд ч байна. Эдийн засгийн нөхцөл байдал ч нөлөөлж байгаа байх. Монголд гаднынхны оролцоо, гар хөл нэмэгдэж, тэдний эрх ашгийн төлөө ажилладаг хэсэг ч бий болж. Бас бизнесийн эрүүл бус орчинтой боллоо. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн докторын хэлснээр Монголд өнөөдөр олигархи бүлэглэлүүд нөлөөтэй болж, нийгмийг жолоодож байна. Энэ л хамгийн аюултай. Үүний дэргэд намаараа талцах бол аюул багатай. Наанаа, ард түмний нүдэн дээр нам, эвсэл гэж талцдаг ч, цаагуураа тохиролцоод л хуйвалдаад явж байгаа. Олигархи бүлэглэлийн тогтолцоо нийгмийг удирдах, төр засгийн шийдвэрт хүчтэй нөлөөлөх болсон нь хамгийн аюултай. Төрийн дээр гарсан нам, тэр намыг удирдаж байгаа хүмүүс, тэднийг чиглүүлж байгаа олигархийн бүлэглэл гэж байна.
Зөөлнөөр хэлэхэд, хүссэн шийдвэрээ гаргуулахын тулд бизнесийнхэн удирдлагаар нь дамжуулж намд, засгийн эрх барьж байгаа намаар дамжуулж төр, засгийн шийдвэрт дураараа нөлөөлж чадаж байна.
Энд би бизнесийнхнийг бүгдийг хамруулахгүй. Бизнесийнхнийг муу хүмүүс гэхгүй. Бизнесийнхэн бол энэ улсыг, эдийн засгийг нь авч яваа хүмүүс. Гэхдээ бизнесийнхэн хүссэнээ авахын тулд улс төрд хэт хутгалдаж, улстөрчид нь өөрсдөө дээшээ гарахын тулд бизнесийнхнийг ашигладаг бусармаг тогтолцоо бий боллоо. Энэ утгаараа ажиллахад Цэцэд өнөөдөр янз бүрийн саад ирж байна. Урьд өмнө арай ч ийм байгаагүй. Энэ саад өдөр ирэх тусам нэмэгдээд л байгаа. Цэцийн шийдвэрт нөлөөлөхийг оролдох, Цэцэд өөрсдийн төлөөний хүнээ оруулах, тэр нь Цэцийн ажлыг бужигнуулах, саатуулах зэргээр өмнө нь энэ бүтцэд байгаагүй бусармаг үйлдлүүд илт, ил цагаандаа гарах боллоо.
-Цэцийн дээр хөх тэнгэр л бий гэх ойлголт байхгүй болж, Цэцийн дээр өөр хүчин гарчих гээд байгаа хэрэг үү?
-Цэцийн дээр хөх тэнгэр л бий гэдэг бол Германы хуульчийн Монголд ирээд Үндсэн хуулийн Цэцэд зориулж найрсгаар хэлсэн үг. Танай Үндсэн хуулийн Цэцийн дээр Монголын хөх тэнгэрээс өөр зүйл байхгүй юм байна гэж. Тэрийг нь Цэцийн анхны дарга Совд гуай нийтэд хандаж “Цэцийн дээр хөх тэнгэр л байна” гэж хэлсэн. Энэ бол нийтэд их тарсан үг л дээ.
-Уг нь Цэцийн дээр Үндсэн хууль нь байдаггүй юм уу?
- Цэц бол Үндсэн хуулийн дээр биш, доор ч биш, Үндсэн хуулийнхаа дотор оршдог. Цэцийн дээр хөх тэнгэр л байна гэдэг бол иргэдэд бус, зөвхөн парламентад, улстөрчдөд зориулж хэлсэн үг. Улстөрчид, УИХ бол өөрийгөө бүхний дээр тавьж, өөрсдийгөө Монголын ард түмний эцэг мэт бодож бүхнийг шийдэх гэж зүтгэдэг. Парламент бол бид шийднэ, бид байгуулна, бид устгана гэдэг. Хэрвээ эрхзүйт төртэй юм бол хэний ч бүх үйлдэл Үндсэн хуулийн хүрээнд явах ёстой, тэрийг нь хянадаг дээд байгууллага нь Цэц шүү л гэсэн санаа. Анагаахаар яривал мэс заслын эмч нар хүнийг буруу оношлоод хагалгаа хийнэ гэж зүтгэвэл тэрийг нь хянадаг, буруу хагалгаа хийснийг нь тогтоодог шүүх эмнэлэг гэж байдаг юм шүү, тэр нь Цэц л гэж байгаа юм. Гэтэл өнөөдөр өөрийнхөө, өөрсдийнхөө үйлдлийг хянуулах дургүй, алдааг нь хэлж өгч, зассаны төлөө дургүйцлээ төрийн нэрээр илэрхийлдэг л боллоо.
-УИХ, Цэц хоёрын хэн нь том, хэн нь илүү эрх мэдэлтэйгээ харах гэж байгаа мэт л маргаан яваад байх юм?
-УИХ, Цэц хоёрын хэн нь ч том биш. Хоёр зуугаад жилийн өмнө бий болж, олон улс орны туршлагаар баталгаажсан онолоор засаг бол нэгдмэл байх ёстой. Гэхдээ дотроо хөдөлмөрийн хуваарийн дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хуваагдаж, тус тусдаа ажлаа хийнэ, ингэж хийхдээ бие биедээ харилцан хяналттай, тэнцвэртэй эрх мэдэлтэй байна гэж үзсэн. Хэрвээ энэ бүгд байхгүй бол засаг нь ард түмнийхээ, хүний эрхийн эсрэг болчихоод байна гэж үзсэн. Тэр дагуу манайд ч хууль тогтоох эрх мэдэл нь УИХ-д, гүйцэтгэх эрх мэдэл нь Засгийн газар ба Ерөнхийлөгчид, шүүх эрх мэдэл нь Дээд шүүх болон Цэц, бүх шатны шүүхэд байдаг. Хэрвээ эд нар нэгдчихвэл, нэг хайрцагт багтчихвал хүний эрхийн эсрэг их том хүч, хуйвалдаан болно. Иймд хүний эрхийг хангахын тулд төрийн эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлдэггүй, энэ гурван засаглал харилцан хяналттай, тэнцвэртэй эрх мэдэлтэй байдаг.
-Гэхдээ Цэц өнөөдөр эрх мэдлийнхээ тэнцвэрийг хэтрүүлж, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэлтэйгээ шөргөөцөлдөөд байгаа юм биш үү?
-Цэц өнөөдөр УИХ, Засгийн газартай шөргөөцөлдөөд байгаа юм ерөөсөө байхгүй. УИХ, Засгийн газар болохгүй байна, гаргасан шийдвэр нь миний амьдралд сөргөөр нөлөөлж байна гэж иргэд Цэцэд хандаж байгаа. Энд нь үнэхээр Үндсэн хуулийн зөрчил байгаа эсэхийг л Цэц хянаж байгаа. Ингэхдээ нэг талд нь тухайн шийдвэрийг гаргасан УИХ, Засгийн газар эсвэл Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулж, нөгөө талд нь иргэдийг оролцуулан шүүхийн журмаар авч үздэг. Түүнээс бус, Цэц бол маргааны нэг тал байдаггүй. Хоёр талын шүүхийн журмаар болж байгаа мэтгэлцээний хайныг Цэц хагалж, хамгийн гол нь Үндсэн хуулийн талд шийдвэр гаргаж байгаа.
-Таныхаар Цэц бол шүүх үү?
-Шүүх, шүүх байлгүй яах вэ.
-Тэгвэл шүүхийн шийдвэрийг УИХ хууль батлах замаар засч болох уу?
-Үндсэн хуулийн шүүх 1930-аад онд бий болсон, Австрид. Дайн, энэ тэр гээд Австрийн Үндсэн хуулийн шүүхийн хяналт нэг их сайн яваагүй. Дэлхийн хоёрдугаар дайны дараа дэлхийд анхны сонгодог Үндсэн хуулийн шүүхийг Герман байгуулсан. Фашизмтай тэмцэх, фашизм бол хүний эрхийн гол дайсан учраас дахиж сэргээхгүйн тулд Үндсэн хуулийн шүүхийг байгуулсан. 1990-ээд оны үед Төв Европын орнууд, Зүүн Өмнөд Ази, дэлхийн олон оронд Үндсэн хуулийн шүүхийг байгуулсан. Энэ нь фашизмаас гадна коммунизмаас хүний эрхийг хамгаалахын тулд Үндсэн хуулийн шүүхийг олноор байгуулсан. Цэц бол Үндсэн хуулийн манаач гэдэг нь хэлбэрийн тал. Үндсэн хуулийн шүүхийн гол ажил бол хүний эрхийг хамгаалах. Нэг талаар дээрэмчин тонуулчдаас иргэдээ хамгаалахын тулд Засгийн газар, парламент байдаг бол, парламент, Засгийн газраас хүний эрхийг хамгаалахын тулд Үндсэн хуулийн шүүх ажилладаг. Дэлхийд Үндсэн хуулийн шүүхийн гурван загвар байдаг. Эхнийх нь Дээд шүүх нь өөрөө Үндсэн хуулийн хяналт тавьдаг. Хоёр дахь нь Үндсэн хуулийн зөвлөл гэж голдуу зөвлөмж гаргадаг Францын загвар байна. Гурав дахь нь Үндсэн хуулийн шүүх. Энэ нь манай Цэц. Цэц бол Үндсэн хуулийн шүүх болохын дээр Үндсэн хуулийн зөвлөл шиг Францын загвараар эхлээд дүгнэлт гаргадаг, алдаагаа засах боломж олгодог, дараа нь шүүхийн зарчмаар ажиллаж эцсийн шийдвэр гаргадаг.
-Миний асуулт бол хэвийн явж байсан ипотекийн буюу найман хувийн зээлийг Цэц шийдвэр гаргаад зогсоочихлоо гээд байна. Тэгвэл тэр Цэцийн шийдвэрийг УИХ дахиж хууль баталж засах гээд байна л даа. Шүүхийн шийдвэрийг ингэж хуулиар засч болдог уу?
-Цэцийн шийдвэрийг хуулиар засна гэж байхгүй. Цэцийн шийдвэр Үндсэн хуульд зааснаар эцсийн шийдвэр. Үүнийг мэдэхгүй, Үндсэн хуулиа уншаагүй, “Цэц буруу шийдвэр гаргасан учир УИХ засна” гэж ярьдаг зарим хүн хууль тогтоож байна. Хэрвээ засахаар бол Үндсэн хуульд нийцүүлж гарсан Цэцийн шийдвэрийн үзэл санааг хөндөхгүйгээр хууль тогтоох ёстой. Түүнээс бус, өмнө нь ийм байсан гээд Үндсэн хуулийн зөрчилтэй өмнөх заалтынхаа хэлбэр, үг үсэг, найруулгыг жаахан өөрчлөөд ахин хуульчилбал Цэц дахиад л хүчингүй болгоно. Ахиад хэн нэгэн иргэн хандахад, агуулга нь Үндсэн хууль, Үндсэн хуулийн үзэл санааг зөрчсөн бол дахиад л хүчингүй болгоно.
-Цэц үнэхээр найман хувийн зээлийг зогсоох хэмжээний шийдвэр гаргасан юм уу?
-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр найман хувийн зээлтэй ерөөсөө падгүй. Хэсэг бүлэг хүн, эрх баригч намынхан л худлаа ярьж ард түмний толгойг эргүүлж байгаа юм. Ипотек гэдэг бол эртний Грек Ромд үүссэн 200-гаад жилийн настай ойлголт, эх газрын Германы тогтолцоо. Наполеоны Иргэний хуульд ипотекийн тухай их тодорхой заасан байдаг. Америкууд саяхан 100 хүрэхгүй жилийн өмнө моргейж гэж зүйлийг бий болгосон. Энэ бол ипотекоос өөр ойлголт. Манайхны яриад байгаа моргейж гэж юм байхгүй, тийм үг ч гэж байхгүй. Үүнийгээ мэдэхгүй, ойлгохгүй байж л "моргейж” гэж яриад байгаа. Жишээ нь, манайхан Европын соёлыг дагаж халуун хүйтнийг цельсийн хэмээр хэмждэг. Ус хөлдөхөөс буцлах хоорондохь температур. Тэрийг Америкт фаренгейтээр хэмждэг. Цельсийн 18 хэм бол фаренгейтийн 0 градус. Энэ хоёр хэмжүүрийг зэрэг хэрэглэдэг улс нэг ч байхгүй. Түүнтэй адил моргейж гэж Монголд байхгүй. Моргейж бол ипотектой төстэй боловч зарчим нь өөр.
Ипотек манайд 1992 оноос хойш бий болсон ойлголт. Ипотек бол социализмд байдаггүй. Газрыг, орон сууцыг барьцаанд өгдөггүй, бүгд улсынх байсан. 1992 оны Үндсэн хуулиар нийтийн хувийн өмчийг хүлээн зөвшөөрснөөс хойш ипотекийн асуудал гарч ирсэн. Энэ ойлголтыг Иргэний хуульд тусгаж, дараа нь хэд хэдэн удаа хуулийн болон ойлголтын тодотгол хийсэн. Үүнээс гадна Цэцийн шийдвэрийн дагуу иргэний хуульдаа өөрчлөлт ч оруулж байсан. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай гэж тусгай хууль бий. Өнгөрсөн жил Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль гэж баталсан. Энэ бүгдээс аваад үзэхээр үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа гэдэг бол хуулийн этгээд, иргэд хэрэглэдэг барьцаа. Зөвхөн банк л хэрэглэдэг барьцаа биш шүү дээ. Жишээ нь, чи бид хоёр хоорондоо ч ашиглаж болно. Зөвхөн банкинд ашигладаг барьцааны тухай ойлголт байхгүй. Өнөөдөр арилжааны 16 банк байна уу, тэд бүгдээрээ хувийн компани гэсэн үг. Бүгдээрээ ардаа эзэнтэй хувийн өмч, хуулийн этгээд. Хэрвээ банк хуулийн этгээд мөн юм бол, үл хөдлөх хөрөнгийн барьцааг хуулийн этгээд хэрэглэдэг нь үнэн юм бол тэр нь иргэд ч байх эрхтэй гэдэг Үндсэн хуулийн үзэл санааг л Цэц тодотгож шийдвэрээ гаргасан. Энэ нь найман хувийн зээлийг зогсоох ямар ч үндэслэл болохгүй. Магадгүй, банкууд санхүүгийн хувьд хүндэрчихээд энэ зээлийг түр ч болов зогсоох шалтаг хайж байсан байх.
-Тэгээд банкууд яагаад Цэц рүү дайраад байна вэ?
-Банкууд бол иргэдийн анхаарлыг өөр тийш хандуулах, буруугаа бусдад нялзаах л ажил хийж байна. Яагаад гэвэл, өнөөдөр найман хувийн зээл олгох Засгийн газрын тогтоол, Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал хүчинтэй хэвээр байгаа. Гэтэл Монголын банкуудын холбоонд багтдаг арилжааны арваад банкны захирлууд үгсэн хуйвалдаад л найман хувийн зээлийг зогсоочихож байна. Тэгтэл энэ зээлийг зогсоох тухай төр, засгийн ямар ч шийдвэр байхгүй, харин ч хэрэгжүүлэх ёстой Засгийн газрын тогтоол, Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал хүчинтэй хэвээр үйлчилж байгаа. Эндээс том банк нь жижиг банкуудаа сүрдүүлдэг, барилгын компаниуд банкныхаа барьцаанд байдаг шиг Засгийн газар, эрх баригч нам нь банкууд, тэдний эздийн барьцаанд байна. Төр, засгийн хүчинтэй шийдвэрийг банкны эзэд тоохгүй байна шүү дээ. Ер нь бол найман хувийн зээлийн байрыг хөрөнгөлөг хэсгийнхэн авахгүй. Нэн ядуучууд нь авахгүй. Голдуу дундаж давхаргынхан авна. Тэд найман хувийн зээлээр байрандаа орлоо, сар бүрийн орлогынхоо ихэнх хэсгийг байрны зээлдээ өгнө. Тэр айл идэж уух, өмсч зүүх хэрэгтэй. Гэтэл тэгж илүүчлэх нь санасан хэмжээнд алга. Тэгэхээр, дундчууд нь зээлдээ барьцаалагдаж, нэг өдрийн идэж уухаасаа илүүчилж худалдан авалт хийхгүй болчихоор Монголын эдийн засаг аяндаа эргэлтгүй болж байна.
-Та тодорхой хэлэхгүй юу. Цэц яг ямар заалтыг хүчингүй болгож, ямар шийдвэр гаргачихсан юм бэ?
-Жишээ нь, чи байр авах гээд банкнаас 80 сая төгрөгийн зээл авлаа. Байрны ордероо зээл өгсөн банкныхаа барьцаанд үлдэнэ. Дараа нь чи надад байраа зарах боллоо. Хоёулаа улсын бүртгэлийн газар очно. Тэнд чиний байрны ордер банкны зээлийн барьцаанд байгааг хэлээд өгнө. Банкны зээлийн барьцаанд байгаа байрыг хэн ч худалдаж авахгүй. Тэгээд чи байраа зарж чадахгүй. Гэтэл чи хүүхдээ сургуульд явуулах гээд зээл хэрэгтэй болж банкинд хандлаа. Гэтэл байрны зээлтэй учраас банк чамд сургалтын зээл өгөхгүй гэдэг. Өөрөөр хэлбэл, чи найман хувийн зээлийн байрны төлбөрөө төлж дуустал банкнаас хүссэнээрээ зээл авах, үл хөдлөх хөрөнгөө худалдах эрхгүй. Тэгвэл чи банкнаас сургалтын зээл авч болно. Ингэхийн тулд банктайгаа тохиролцоод зээлээ авна. Хэрвээ чи гадаадад урт хугацаагаар явах бол банкны зээлтэй гээд байраа эзэнгүй үлдээх үү, эсвэл гадаадаас сар бүр төлбөрийг нь төлөх үү. Үүний оронд зээл авсан банктайгаа тохироод үлдэгдэл зээлээ худалдаж авч байгаа хүнд шилжүүлж болно гэдэг эрхийг л Цэц нээж өгсөн. Анх авсан 80 сая төгрөгөө төлж дуустлаа энэ зээлийнхээ барьцаанд орсон хүний эрхийг л нээж өгсөн. Өөрөөр хэлбэл, зээлийн байраа банктайгаа тохироод үлдэгдэл зээлтэй нь бусдад худалдаж болно. Хэрвээ чи 80 саяын зээлийнхээ 20 саяыг төлсөн бол үлдэгдэл 60 саяа өөр банкинд шилжүүлж болно, банктайгаа гэрээгээр тохироод байраа зээлтэй нь хамт бусдад зарж болно. Их олон арга бий. Бүх юмыг нэг талаас нь бодох хэрэггүй. Наполеоны Иргэний хуульд хуулийн ипотек, шүүхийн ипотек, гэрээний ипотек гээд янз бүрийн ойлголт бий. Хүний эрхийг, харилцагчийнх нь эдлэх ёстой эрхийг нээж өгч байгаад банкныхан юунд нь дургүйцээд байгааг би ойлгохгүй байгаа.
-Зээлийн барьцаанд байгаа байрыг бусдад шилжүүлэхэд банк өөрөө эрсдэлтэй байдалд орох гээд байгаа юм биш үү?
-Юу гэсэн үг вэ. Банкны үйл ажиллагаа эрхлэх нь бизнес мөн үү
-Мөн.
-Тэгвэл эрсдэлгүй бизнес гэж байдаг юм уу. Хэрвээ банкны эрсдэл ярьж байгаа бол яагаад хүнээ, хүний эрхийг ярихгүй байгаа юм бэ. Хүний эрх, эрх чөлөөнөөс үнэтэй бизнесийн эрсдэл гэж байдаг юм уу. Хэн нэгэн банкны эзний бизнесийг эрсдэлгүй явуулахын тулд хэдэн зуугаараа хэдхэн сая төгрөгийн барьцаанд хүний болон санхүүгийн эрх чөлөөгөө 20-30 жилээр боомилох нь ардчилал, чөлөөт нийгэм биш. Үүнийг мэдэх нэг нь мэдэж л байгаа, хуулийн нарийн ойлголтоо мэдэхгүй нь ч байгаа л байх. Гэхдээ л угаасаа хүндэрчихсэн, зээлийн эх үүсвэргүй болчихсон банкууд үгсэн хуйвалдаад л Засгийн газар, Монголбанкны удирдлагын хүчинтэй шийдвэрийн эсрэг зогсч байна шүү дээ. Манайхан хуйвалдаж үнээ нэмлээ гээд л бензинийн компаниудын эсрэг бөөн л юм болдог биз дээ. Тэгвэл Банкуудын холбооны шийдвэрээр ипотекийн зээлийг зогсооно гэдэг бол бензинийн үнийг хуйвалдаж нэмэхтэй л адилхан хуйвалдаан.
-Хамгийн гол нь төв банк өөрөө арилжааны банкуудынхаа талд орж, тэдний зөв гэж үзээд байгаа. Энэ нь нэг талаар банкуудын хуйвалдаан биш ч юм шиг, үнэхээр Цэцээс болсон ч юм шиг харагдуулаад байна л даа?
-Яах вэ, хуйвалдаан бол аль ч бизнест байдаг. Гэхдээ банк бол хуйвалдаж болдоггүй бизнес. Тийм ч учраас “улстөрчдөд, хуйвалдаанд үгүй гэж хэлж чаддаг төв банкийг жинхэнэ төв банк гэнэ” гэж нэг мундаг эдийн засагч хэлсэн байдаг юм. Монголбанк өнөөдөр тэгж хэлж чадахгүй байна. Монголын ипотекийн корпорац гэж байгуулаад төв банк, Төрийн банк хоёр өөрөө дунд нь хувь эзэмшээд тууж явах жишээтэй. Харилцагчийн мөнгөнд хяналт тавих ёстой төв банк нь хувийнхантайгаа нийлчихсэн харилцагчдын мөнгийг буцааж хүүлэх бизнест хутгалдаад явж байна. Энэ бол буруу.
-Барьцаалбар гэж нэг ойлголтыг Цэц хүчингүй болгочихсон юм биш үү?
-Барьцаалбар гэж тухайн байр зээлийн барьцаанд байгаа миний өмч гэдгийг нотолж байгаа үнэт цаас. Түүнээс бус, тухайн байр бол зээл өгсөн банкны зуун хувийн өмч биш. Тэр хүний үл хөдлөх өмч нь банкны барьцаанд байгааг барьцаалбар нотолж байгаа юм. Хүн үл хөдлөх хөрөнгөө зарах, бусдад шилжүүлэх болбол хамгийн түрүүнд барьцаалбарынхаа учрыг олох ёстой. Банктайгаа гэрээгээр тохироод зарж болно, зээлээ шилжүүлж болно.

-Цэцийнхэн Тагнуулын ерөнхий газарт хандсан нь ямар учиртай юм бэ
-Найман хувийн зээлтэй огт холбоогүй асуудлыг хүчээр холбоод, иргэдийг хүчирхийлэлд дуудаад байна. Жишээ нь, фэйсбүүкээр “Цэцийн гишүүдийн утсыг тавиад, та нар Цэцэд хандаарай. Цэц та нарын найман хувийн зээлийг зогсоолоо” гээд л. Бас Цэцийнхний эдэлж хэрэглэж байгааг хар гээд ээмэг бөгжийг нь харуулдаад л. Зохион байгуулалттай ингэхээр янз бүрийн хариу үйлдэл ирж байна л даа. Ална шулна, та нар Монголоос зайл гээд л. Үүнийгээ гэрлийн шон болгон дээр наагаад, дор нь “Шинэ хөдөлгөөн” гэж бичсэн байгаа юм. Судлаад үзэхээр ийм нэртэй хөдөлгөөн Улсын бүртгэлийн газарт байхгүй. Тийм учраас иргэдийг өөрийнх нь эрхийг хамгаалдаг Цэц рүү турхирч байгаа эздийг хуулийн хүрээнд тогтоолгохоор манай Тамгын газрынхан тагнуулын байгууллагад хандсан байна лээ. Нэг ёсондоо ард түмнийг төрийн байгууллагын, ялангуяа Үндсэн хуульт төрийн Үндсэн хуулийн шүүхийнх нь эсрэг турхирч байна. Үүнийг зохион байгуулалттайгаар цөөн тооны нэр бүхий улстөрчид хийж байгаа. Тэд бол дийлэнх нь банкинд хувьцаатай, өөрөө барилын компанитай, эсвэл банкнаас барилгын компанидаа зээл авчихсан, хоорондоо сүлбэлдчихсэн хүмүүс л голдуу байгаа.
-Яагаад заавал тагнуулд хандсан юм бол, цагдаад хандаж болоогүй юу?
-Тамгын газраасаа асуусан л даа. Яг л миний санасан шиг тодорхой хариулж байна лээ. Цагдаа бол нийгмийн хэв журмыг хангадаг, зохицуулдаг бүтэц. Гэнэтхэн л жагсч цуглаад л, замын хөдөлгөөн хаагаад эхэлбэл цагдаа зохицуулах үүрэгтэй. Харин тагнуул бол төрийн эсрэг гэмт хэрэг, тийм шинжтэй үйлдлийг ажиглаж, хяналтдаа байлгах үүрэгтэй.
-За, одоо өөр зүйл асууя. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийг өөрчлөхөөр УИХ хэлэлцэх гэж байна. Тэнд Цэцийн гишүүдийн одоо хязгааргүй байгаа насны дээд хязгаарыг 65 гэж тогтоож байх шиг байна. Энэ нь эрхзүйн хувьд заавал байх ёстой зохицуулалт уу, эсвэл одоо байгаа Цэцийн гишүүдийг хуулийн өөрчлөлтөөр Цэцээс гаргах гэсэн санаа юу?
-Өөрөө их зөв харсан байна. Маш товчхон хэлэхэд Цэцийн одоо байгаа гишүүдийг явуулж, өөрсдийнхөө төлөөний хүнийг Цэцэд оруулах л гэсэн улстөр. Өнөөдөр Үндсэн хуулийн шүүхэд хаана ч дандаа онолын мэдлэгтэй, амьдралын туршлагтаай ахмадууд байдаг.
-Дэлхийн жишигт Үндсэн хуулийн шүүхийн шүүгчийн насны дээд хязгаар хэд байдаг вэ?
-Ихэнх улс оронд Үндсэн хуулийн шүүхийн гишүүдийн насны дээд хязгаар 70 байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн хавар Цэцийн болон Цэцийн процессын хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Тэнд Цэцийн гишүүдийн насны дээд хязгаарыг дал гэж оруулсан. Миний сонссоноор шинэчилсэн найруулгын хэлбэрээр оруулсан энэ төслөө Ерөнхийлөгч буцааж татаад нэмэлт өөрчлөлтийн хэлбэрээр дахин өргөн барихаар судалж байгаа юм билээ. Харин Цэцийн процессын хуулийн төслийг нь УИХ хэлэлцэх эсэхээ шийдчихсэн, одоо хэлэлцэх асуудлын жагсаалтын 13-д байж байгаа. Гэтэл энэ бүгдийг орхиод гэнэт шинэ төсөл оруулж ирсэн. Ингэснээр Ерөнхийлөгчийн хууль санаачлах болон УИХ-ын хууль тогтоох эрхэнд халдаад, нэг гишүүн их л дураараа авирлаж байгаа даа.
-Хэн бэ, Х.Тэмүүжин гишүүн үү?
-Тийм, цаана нь ямар шалтгаан байгааг би мэдэхгүй. Ерөнхийлөгч шүүхийн шинэчлэлийн хүрээнд шүүхтэй холбоотой зургаан хуулийг батлуулахад Дээд шүүхийн зэрэг туршлагатай олон хуульч ажилласан. Гэтэл ажлын яг төгсгөлд тэр үеийн Хуульзүйн сайд Х.Тэмүүжин оролцож олон зүйл хавчуулсан. Шүүхийн хууль Германы чиглэлийн хууль. Гэтэл америк загварын баахан юм оруулчихдаг. Тэр нь амьдралд нийцэхгүй байгаа. Шүүгчид, иргэд, өмгөөлөгчид бүгд мэдэж байна. Тийм учраас иргэд Цэцэд өргөдөл бичдэг, орж ирээд энэ хүн унадаг. Энэ хүн унах биш л дээ. Тухайн заалт Үндсэн хууль зөрчсөн болохыг Цэц тогтоогоод байгаа юм. Тэгэхээр л миний батлуулсан, хавчуулсан заалтыг хүчингүй болголоо гэж өширхдөг юм уу, мэдэхгүй. Бидэнд хувийн өш хонзон гэж баймааргүй л юм.
-Х.Тэмүүжин гишүүн та хоёр багш шавь биш үү?
-Тэр нь чухал биш ээ. Уг нь бол нэг талд нь бид Цэцийн гишүүний ажлаа хийгээд, Х.Тэмүүжин болохоор УИХ-ын гишүүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлаа хйигээд л маргаанд орж ирж байгаа. Би тэр хүнийг магистраа хамгаалахад нь сууж л байлаа, иргэний нийгмийн байгууллагад явж байхад нь хурал, сургалт хийх өрөө гаргаж өгөөд л явж байлаа. Тэр яах вэ, Амарсанаа гэж хүнтэй шөргөөцөлдөөгүй байх л даа. Нийгэм замбараагүй байна. Арай л дэндүү замбараагүй байна. Үндсэн хуульд халдах нь хэвийн, өдөр тутмын боллоо.
-Тэдний нэг нь энэ Цэцийн хуулийн төсөл үү
-Тэгж үзэж бас болно л доо. Тухайлбал, Үндсэн хуульд Цэцийн гишүүний бүрэн эрх зургаан жил байгаа. Гэтэл одоо хэлэлцэх гэж байгаа Цэцийн хуулийн төсөлд 60 нас гэж оруулсан байгаа юм. Жаран нас бол хөдөлмөрийн гэрээний зохицуулалт. Бид хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй. Тэрийг мэдэнгүүтээ 60-аа болъё, 65 нас болгоё гэсэн байгаа юм. Насны энэ хязгаараараар Цэцээс ганц хоёрхон хүн хасагдаж, олонхи нь үлдэж харагдаад байгаа учраас Цэцийн гишүүнийг зургаан жил болсон бол ахиж нэг удаа л сунгах зохицуулалт оруулж ирэх жишээтэй. Ингэснээр 12 жил болчихсон Цэцийн гишүүд хууль гарсан учраас автоматаар чөлөөлөгдөх нь л дээ. Энэ бол Үндсэн хуулийг дур мэдэн ердийн хуулиар засварлах гэсэн оролдлого. Хоёрдугаарт УИХ нэгэнт зургаан жилээр томилчихоод байхад шинэ хууль гарсан гэдгээр хуулийг буцаан хэрэглэх гэсэн бүдүүлэг үйлдэл. Улстөрийн зорилгоор санаатай хийж байгаа л сэдэл, түүнээс бус, үүнийг хуулийн ангийн захын оюутан ойлгоно.
-Цэцийг бас Засгийн газрын талд хэт орлоо гэж шүүмжлээд байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн нь сайдыг огрцуулах санал гаргах эрхийг Цэц Үндсэн хуулийн зөрчил гэж үзсэн. Үүнийг С.Баярцогтыг огцруулах О.Баасанхүү гишүүний гаргасан саналтай холбоотойгоор тайлбарладаг хүмүүс бий.
- Цэц Засгийн газрын талд орно гэж байхгүй. Өнөөдөр Засгийн газар нь УИХ-ын гишүүдээсээ бүрдэж цус нь холилдчихсон шүү дээ. С.Баярцогт сайдыг огцруулах саналын тухайд цаг хугацааны хувьд л давхцал болсон. Хаана хаанаа асуудал нь явсаар тэгж таарсан. УИХ-ын ээлжит чуулган эхэлсэн, Цэцийнхэн амраад ажилдаа орж жигдэрч байсан үе таарсан. 1992 оноос хойш Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг 23 удаа УИХ-ын гишүүн гаргаж байсан байгаа юм. Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн бол хууль санаачлах эрхтэй, тэрийг нь УИХ заавал авч хэлэлцэх үүрэгтэй. Гэтэл Засгийн газрын гишүүнийг огцруулах нэг гишүүний үйлдэл бол зөвхөн санал. Тэрхүү саналаа УИХ-ын хууль мэтээр тооцож УИХ-ын дурын нэг гишүүн дургүй хүргэсэн дурын сайдаа огцруулдаг болсон. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил.УИХ-ын гишүүний зүгээс Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргаж болно. Гэхдээ тэр саналаа Үндсэн хуулийн дагуу гаргах ёстой. Үндсэн хуулийн заалтыг баримтална гэсэн үг. Үндсэн хуулийг эх барьсан гавьяат хуульч Б.Чимид багшийн энэ талаар хэлсэн үг бий. “Парламент өөрөө санаачилж Засгийн газрын гишүүдийг нэг нэгээр нь түүж огцруулах нь танхимын зарчмаас гажууд хандлага юм. Зүй нь ямар сайдаа яасны учир огцруулахаа Ерөнхий сайд өөрөө мэдэж, үндэслэлээ боловсруулж парламентад оруулах ёстой. Өөрөөр хэлбэл, яаж томилсон тэгж огцруулна. Ерөнхий сайдын огцруулахаар оруулсан сайдыг огцруулах үндэслэлгүй байна гэж парламент үзвэл УИХ эргээд Ерөнхий сайдтай хариуцлага тооцох үндэслэл гарч ирж болно” гэж хэлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн бол Засгийн газрын гишүүнийг огцруулах саналаа Ерөнхий сайдад уламжилна, Ерөнхий сайд үүнийг нь Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд огцруулъя гэж үзвэл “тэр гишүүний санаачилгаар энэ сайдаа огцруулах саналтай байна” гэж УИХ-д өргөн барина. Нөгөө хувилбар нь “би огцруулахгүй” гэж хэлэх бүрэн эрх нь Ерөнхий сайдад бий. Хэрвээ илт хууль зөрчсөн юм уу, хэд хэдэн сайдаа өмөөрөөд байвал Ерөнхий сайдыг өөрийг нь оцгруулах санал УИХ-аас гарч ирж болно. Товчхондоо бол сайдыг огцруулах санал Ерөнхий сайдаар дамжих ёстой гэсэн санаа. Томилохдоо Ерөнхий сайд мэдэж байдаг, огцруулахдаа ямарч эрх мэдэлгүй байж таарахгүй.
-Ийм шийдвэр гаргуулахын тулд Засгийн газар Цэцийг машинаар авлигадлаа гэж зарим гишүүн хэлсэн. Тийм холбоос энд байна уу, бас л цаг хугацааны давхцал уу?
-Унаа тэрэг өглөө гээд байгаа юм. Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнуудын ангиллаар Цэцийн дарга бол Ерөнхий сайдын дараа дөрөвт эрэмбэлэгддэг. Гэтэл өнөөдөр зуугаад сумын дарга, бараг бүх агентлагийн дарга жип машин унаж байна. Ийм байхад Цэцийн дарга заавал яагаад Приус унаад явж байх ёстой юм бэ. Энэ чинь Ж.Амарснаа гэж хувь хүний асуудал биш шүү дээ. Монгол Улсын нүүр царай, гаднаас өндөр дээд хэмжээний зочид ирж байна. Тийм учраас Цэцэд ганц жип машин авъя гэж миний өмнөх дарга нар асуудал тавиад найман жилийн өмнөөс хөөцөлдөж явсан юм билээ. Энэ нь явсаар явсаар сая шийдэгдэж таарсан. Засийн газрын авто баазаас дарааллын дагуу Өргөдлийн байнгын хорооны датрга О.Баасанхүү гишүүний дараа Цэцийн ажлын хэрэгцээнд нэг жип машин өгсөн. Түүнээс бус, Амарсанаа гэж хувь хүнд нь өгөөгүй. Нөгөө талаас Засгийн газрын үүрэг бол Цэцийн ажиллах нөхцөл бололцоог хангах үүрэгтэй юм.
-Сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай ихэд ярих боллоо. Ажлын хэсгийн төсөл ч гарсан, та тэрийг үзсэн үү?
-Урд хөл нь бүдрэхэд хойд хөлөө ташуурдана гэдэг шиг л юм болж байна. Үндсэн хуулийг байнга шинжилж судалж байх ёстой. Үндсэн хууль гар хүрч болдооггүй эд биш, өөрчилж сайжруулж байх ёстой. Энэ ажлаа хийхгүй цуглуулж цуглууж байгаад “өөрчлөх ёстой, ёсгүй” гэж маргах бол утгагүй асуудал. Үндсэн хуулийг өөрчилж болох ч тогтвортой уян хатан байлгах ёстой. Одоо яваад байгаа төлийг би үзсэн. Тэр бол Монголын ард түмний язгуур эрхийг хааж боосон, Монголын ардчилалд халдсан, утга учир багатай төсөл байна лээ. Цаад санаа нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасагаж, Ерөнхий сайдын нэрээр засгийн газрын эрхийг барьж байгаа намуудын дарга нарын эрх мэдлийг нэмэх гэсэн л үзэл бодол байна лээ. Улстөрчдийн хувийн атгаг үзэл, олигархуудын тулгалт юм уу гэхээс биш, Үндсэн хуулийн төлөө санаа зосвсон шийдэл биш байна лээ. Ер нь өнөөдөр Үндсэн хуулиас болоод Улаанбаатарын утаа дийлдэхээ болиод байгаа юм биш шүү дээ. Үндсэн хуулиас болооод хүйтрээд, цас ороод байгаа юм биш. Бүгдийг, бүх бурууг Үндсэн хууль руу чихэж булхайгаа нуух хэрэггүй.
-Цэцийн гишүүдийн хоцрогдсон, тэтгэврийн хөгшид, улстөрчдийн морг гээд янз бүрээр хэлж байгаа. Та үүний эсрэг, Цэцийн гишүүдийнхээ чадвар, туршлагад хэр итгэдэг вэ?
-За яах вэ, Цэцийн гишүүдийг УИХ өөрсдөө гар өргөж томилчихоод ажил хийхээр араас нулимаад байх хэрэгүй л юм. Тэтгэврийн өвгөд, үхдэл, морг гэж зарим гишүүн хэлдэг. Тэгж яривал залуугаараа зөнөчихсөн хүн алийг тэр гэх юм бэ. Залуугаараа буруу сэтгээд бүгдийг нэг өнцгөөр хараад яваад байж болохгүй. Солонгын долоон өнгийн цаана ч түмэн өнгө байж болно. Үндсэн хууль бол ард түмний, цаг үеийн бүтээл. Энэ бүтээлийг хамгаалж байгаа Цэцийн гишүүд бол ухайн цаг үе, нийгэмд амьдарч байгаа нэг хэсгийн л төлөөлөл. Тэд УИХ-ын 76-гаас тэнэг, эсвэл илүү содон хүмүүс биш. Тэдний л өрөөсөн дугуйнууд, адилхан өвддөг, хоол иддэг, адилхан л нас нь нэмэгддэж хөгширдөг. УИХ-ын гишүүн байсан олон хүн дараа нь Цэц дээр ирээд л ажилладаг, одоо ч байгаа. Өнөөдөр биднийг хөгшнөөр нь дуудаж байгаа хүмүүс магадгүй маргааш өөрөө ч гэсэн Цэцэд очоод л сууна. Тэрийг боддог амьдарлын ухаантай, эрхзүйн соёлтой байх хэрэгтэй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн