Хүүхдийн хүмүүжлийн талаар Монголын мэргэшсэн сэтгэл судлаачдын үндэсний төвийн захирал, сэтгэл судлаач Ж.Үйлсттэй ярилцлаа.
-Эцэг эхчүүд хүүхдээ өсвөр насандаа л өөрчлөгдөж байгаа мэтээр хардаг байх. Ер нь хүүхдийн хүмүүжил хэдэн наснаас эхлэн төлөвшдөг вэ?
-Хүүхдийн хөгжил, төлөвшил эхийн хэвлийд ураг бүрэлдэх цагаас явагддаг гэдгийг эрдэмтэд олон талаас нь нотолсон. Ураг эхийн хэвлийд байх үед эхийнх нь сэтгэл санааны байдал, тухайн хүүхэд амьдрал дээр ямар зан төлөвтэй хүн болоход нөлөөлдөг. Тухайлбал, жирэмслэлтийн үеийг гурван хэсэгт хувааж үздэг. Эхний хэсэгт эх, янз бүрийн шалтгаанаас болоод маш их санаа зовнилтой байдаг. Энэ сэтгэл зүйн байдлыг зөв удирдан давж гарахгүй бол, хүүхэд төрснийхөө дараа аймхай, аливаад зориггүй байх нь ажиглагддаг. Хоёр дахь хэсэгт буюу 4-6 сард эхийн сэтгэл санааны байдал өмнөхөөс арай тайван байдаг. Гэхдээ энэ үед хоол тэжээлээс шалтгаалан оюуны хөгжилтэй холбоотой хүчин зүйлүүд тодорхойлогддог. Харин сүүлийн гурван сарынхугацаанд эхэд төрөлттэй холбоотой айдсууд илүү давамгайлахаас гадна төрсний дараах санаа зовнил гарч ирдэг. Үүнтэй холбоотойгоор эхийн сэтгэл эмзэг болж, хүмүүсийн анхаарал халамжийг хүссэн сэтгэлзүйтэй болчихдог. Иймээс хүмүүст гомдож уйлах, уурлаж бухимдан, таагүй нөхцөл байдалтай байх юм бол хүүхэд нь төрөлхийн дотоод сэтгэл гутралтай төрөх магадлалтай. Тухайн хүүхдийн бага насанд ажиглагдахгүй, харин нас үед нь аливаа зүйлд донтох хам шинжээр илэрдэг. Тухайлбал, тоглоом тоглох, дэлгүүр хэсэх, архинд донтох зэргээр ямар нэг зүйлд хамааралтай болно. Тиймээс хүүхэд ураг байх үедээ сэтгэл зүйн зан төлөвийн суурь шинж чанарыг авч байдаг гэж үздэг.
-Ураг эхийнхээ гэдсэнд байх үеэс эцэг, эхийн хандлагаас хамаарч хүүхдийн зан байдал өөрчлөгддөг гэж ойлголоо. Тэгвэл хүүхдийнхээ насанд тааруулан эцэг, эхчүүд хэрхэн зөв харилцах талаар зөвлөгөө өгнө үү?
-Эхээс ураг төрснөөс хойших 0-1.5 насыг нярай үе гэдэг. Энэ үед хамгийн чухал хэрэгцээ нь хайрлуулж, энхрийлүүлэх байдаг. Гэр бүлийн бүх гишүүд тухайн хүүхдийг хайрлаж байгаагаа мэдрүүлэх хэрэгтэй. Тэр тусмаа аав, ээж нь хүүхдийг маш сайн тэвэрч, үнсч байх хэрэгтэй. Хүүхэд хөлд орох үед ээж нь хооллох бус, хүүхэд өөрөө хоолоо халбагадаж идэхийг сургах, хамтдаа ширээгээ тойрч хооллох хэрэгтэй. Эдгээр зүйлээс хүүхэд нийгэмших суурь тавигдаж эхэлнэ. Мөн хүүхэд амаараа дамжуулж бүх зүйлийг таньж, мэддэг учраас хүүхдийг хөхөөрөө хооллох хэрэгтэй. Яагаад гэвэл хүүхэд хайрыг тэврүүлж, хөхөө хөхөх үедээ илүү мэдэрдэг. Хүүхдийг хэлд ороогүй байсан ч “хайртай шүү” хэмээн хэлж байхаас гадна амьдралын үйл явцыг ярьж өгөх хэрэгтэй. Жишээ нь “Битгий өмдөндөө шээгээрэй” гэх мэтээр ярилцах ёстой.
Балчир нас буюу 1.5-3 насанд хүүхэд өөрөө бие засаж сурах нь чухал. Хүүхэд өөрөө өтгөн, шингэнээ зохицуулж сурахад хувь хүний төлөвшил буюу аливаа зүйлд биеэ барих, сэтгэл санаагаа илэрхийлэх чадвар нь нэмэгддэг. Мөн энэ насанд хоёр насны синдром гарч ирнэ. Ингэхдээ цочмог уурлах, хүссэн зүйлээ авах гэж янз бүрийн авир гаргах, зөрүүдлэх зэрэг зан төлөвийн хурц илэрлүүдийг гаргадаг. Энэ үед эцэг, эхчүүд хүссэнээр нь байлгах эсвэл хатуу хандах гээд байдаг. Хүүхэддээ хүссэн зүйлийг нь авч өгөх нь буруу юм. Учир нь хүүхэд хүссэнээ аваад байхаар “бүх зүйлийг авч болно, болохгүй зүйл гэж байхгүй” хэмээн ойлгодог. Энэ үед хүүхдийн дотоод мэдрэмж муу хөгжиж, өөрөөс нь бусад хүн чухал биш юм шиг санагддаг. Ээж аавыгаа ойлгох, үрээ хайрлаж байгааг мэдрэх мэдрэмж нь сул хөгждөг. Иймээс эцэг эх хүүхэддээ аливаа зүйлийг маш сайн ойлгуулж өгөх хэрэгтэй.
Гурван насанд хүүхдийн эгоцентризм буюу би төвтэй үзэл төлөвшдөг. Энэ насанд хүүхэд өөрийгөө мэдрэх мэдрэмж нь илүү хөгждөг. “Миний аав, ээж, миний тоглоом” гэж бүх зүйлийг өмчлөн өөрийн болгож, “би чадна, би хийнэ” гэдэг болсон байдаг. Энэ үед эцэг эх хүүхдээ балчир гэж бодолгүй хийхийг хүсэж байгаа зүйлийг хийлгэх хэрэгтэй. Хүүхдийг хийхийг хүссэн зүйлийг хийлгэхгүй бол өөртөө итгэх итгэл буурч, өөрийгөө илэрхийлэх хүсэл сонирхол нь нуугддаг.
3-7 насанд эсрэг хүйстнээ сонирхох дээр анхаарал нь төвлөрдөг. Цэцэрлэгийн болон дөнгөж сургуульд орсон хүүхдүүд хайр дурлал ярьж эхэлнэ. Энэ нь юу гэхээр эсрэг хүйстнээ мэдрэх мэдрэмж төлөвшиж байгаа хэрэг. Эсрэг хүйстэндээ итгэх итгэл үнэмшлийн суурь тавигддаг. Охидууд аавдаа юм уу, ах нарт илүү сайн байдаг бол эрэгтэй хүүхэд ээждээ, эмээдээ, эгч нарт илүү сайн хандаж ажиглагддаг. Харин ижил хүйсийн эрэгтэй хүнээс би ирээдүйд ямар хүн болох вэ гэдгийг хараад суралцана. Энэ үед эцэг, эхийн харилцаанаас эсрэг хүйстнээ харах насан туршийн хандлага хамаардаг.
7-12 насанд баг хамт олны сэтгэл зүй, нийгэмших үйл явц илүү явагдана. Энэ насанд найзтай болох, бүлэг хамт олонд харьяалагдах нь маш чухал байдаг. Хүүхэд тань найзтай юу, үгүй юү гэдгийг илүү анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед энэ насанд нийгмийн давхрага, сурлага, янз бүрийн байдлаас болж нэгнийгээ гадуурхах болсон. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн сэтгэл зүйд ямар нэг гэмтэл үүссэн байх вий гэдэгт анхаарах цаг үе болжээ.
Харин 12-оос дээш насанд эсрэг хүйстнээ сонирхох сонирхол илүү хүчтэй гарч ирдэг. Мөн 11-12 наснаас өсвөр насны эхэн үе эхэлдэг. Охидын шилжилтийн үе хөвгүүдээс арай эрт эхлэх хандлагатай байдаг. Энэ үед хүүхэд өөрийн гадаад үзэмжинд маш их анхаарал хандуулж эхэлдэг. Эргэн тойрны бүх зүйл нь түүний илэрхийлэл болдог гэдгийг сайн ойлгодог учраас тухайн зүйлүүдээс маш их хамааралтай болсон байдаг. Энэ нь эргээд өөртөө итгэх итгэлд нь маш ихээр нөлөөлж байгаа. Мөн энэ насанд бие физилогийн хувьд өөрчлөлт гардаг учир хүүхдийн сэтгэл санаанд ихээхэн нөлөөлөхөөс гадна хайр дурлалын асуудал нөлөө үзүүлдэг. Тухайн хүүхдийн ертөнцийг танин мэдэх үзэл нь маш хүчтэй явагдаж байгаагаас хобби\ сонирхол\ төлөвшдөг. Харин хобби нь эмгэг хобби болох магадлал тун өндөр байдаг. Энэ нь юу гэхээр хийж байгаа зүйл нь хичээл, гэр бүлийг нь цалгардуулах хэмжээнд буюу хэвийн амьдралаа үргэлжлүүлж чадахгүй болоход хүрвэл эмгэг хобби болж байгаа юм. Жишээ нь, РС-д донтох байж болно. Ер нь дуртай зүйлээ хэтрүүлж хийж байна гэсэн үг.
-Хүүхдийн ойр орчмын хүрээлэл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн, найз нөхдийн хүрээлэл, сургуулийн орчин нөлөөлнө. Эцэг эх хүүхдийн хүмүүжилд хамгийн их нөлөөтэй. Бие хүн болоод ямар хүн болох, өөрийгөө хэрхэн нээж илэрхийлэх нь эцэг эхтэйгээ ойр байж суралцдаг. 12 хүртэлх насанд хүүхэдтэйгээ ойр байж, халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлж, боломжтой бол эцэг, эх нь салж сарнихгүй байх нь хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлдэг. Мөн хүүхэд тань дотно сэтгэлээ уудалж ярихад буруутгалгүй, сонсох нь маш чухал байдаг. Хүүхдийнхээ нөхөрлөж байгаа найзыг нь үгүйсгэж, холдуулах нь зохисгүй. Харин өөрийн хүүхдээ “яагаад тухайн хүүхэдтэй нөхөрлөхөд хүрэв” гэдэг дээр анхаарах нь зөв. Боломжтой бол хүүхдээ найзтай нь хамтад өөрчлөх талаар бодож үзэх хэрэгтэй.
-Хүүхдийг ямар арга ухаанаар хүмүүжүүлэх нь зөв бэ?
-Гаднын орнуудын жишгээр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлнэ гэж ярьдаг. Гэтэл тэр нь бидний өссөн орчин, байгаль цаг уураас тэс өөр байдаг. Тиймээс Монгол ухаанаараа л хүүхдээ хүмүүжүүлэх нь хамгийн зөв гэж боддог. Бага байхаас эцэг, эх, ахмадаа хүндлэх, нэг насны зөрөөтэй байсан ч “Та” гэж дуудах ёстой гэдэг ч юм уу, энэ зарчмаар хүүхдээ хүмүүжүүлэх нь манайд илүү тохирно. Учир нь нийгмийн хүлээлт ийм учраас хүүхдээ өөрөөр өсгөлөө гэхэд нийгэмтэй харьцаад эхлэхээр зөрчил үүсэх магадлалтай. Тэгэхээр заавал гаднын улсын хүүхэд хүмүүжүүлэх арга сайн гэхээс илүү гэр бүл, улс орны онцлогт тохируулан хүүхдээ хүмүүжүүлэхийг илүүд үздэг.
-Хүүхдийн хүмүүжилд тоглоом ямар нөлөө үзүүлэх вэ?
-Хүүхэд тоглоомоор дамжуулж аливаа зүйлийг танин мэдэх, хийсвэр сэтгэлгээ нь хөгжөхөөс гадна, тоглоомоор дамжуулж стресс нь тайлагдаж байдаг. Том хүмүүс стрессээ хүнд ярихаа мэддэг бол хүүхэд хүнд ярьдаггүй учраас тоглоомоороо өөрийн сэтгэл зүйг гадагшлуулж байдаг. Харин тоглоомын хувьд бүтээлч тоглоом танин мэдэх чадвар, хийсвэр сэтгэлгээг хөгжүүлдэг. Хүүхдийн тоглоомонд хязгаарлалт хийхээс илүү цөөлөх нь зүйтэй. Сүүлийн үеийн судалгаагаар олон тоглоомтой хүүхэд эмх цэгцгүй аливаа зүйлд хайхрамжгүй, юмыг үнэлэх үнэлэмж доогуур байх хандлагатайгаас гадна бүтээлч сэтгэлгээ нь муу хөгждөг гэж үзээд байгаа.
-Гэр бүлийнх нь хэн нэгэн архи уудаг, эсвэл эцэг эхийн салах үзэгдэл нь хүүхдийн төлөвшилд хэрхэн нөлөөлдөг юм бэ?
-Хүүхдийн онцлогоос хамаарч тухайн үйлдлийг давтах эсвэл жигшиж өснө. Гэхдээ хүүхдүүдийг судлахад дээрх үйлдлийг жигшээд байгаа юм шиг байдаг ч цаанаа сэтгэл зүйд нь өөрчлөлт орсон байдаг. Тухайлбал, архи уух нь их муухай гэж жигшээд өссөн хүүхэд магадгүй ажил дээр гарч, хамт олонтой болоод архи уухгүйгээсээ болоод хамт олноосоо гадуурхагдах юм уу, үүнээсээ болоод сэтгэл дундуур байх зэрэг сэтгэл зүйн шалтгаан агуулдаг. Мөн эцэг, эх нь хоорондоо муудалцан, зодолддог байх юм бол хүүхэд хүнээс аймхай болох, эсвэл тухайн үйлдлийг давтах, уураа барьж чадахгүй юм болгоныг нударгаар шийдэх гэх зэрэг сэтгэл зүйн өөрчлөлт болдог.
-Эцэг, эх нь тусдаа амьдарч эхэлбэл хүүхэдтэйгээ хэрхэн харилцах ёстой вэ?
-Нэгд, тухайн хүүхдийг эцэг, эхгүй байснаараа хэн нэгнээс дутуу биш гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хоёрт, эцэг эх нь салсан тохиолдолд хүүхэдтэй хамт байдаггүй аав юм уу, ээжийг хүүхдэд муу утгаар хэлж болохгүй. Эцэг, эхчүүд бие биенийгээ хүүхдээ муулбал хүүхдийн тань эсрэг хүйстэндээ хандах хандлага нь доогуур болдог. Харин хүүхдэд эерэг зөв утгатай зүйлийг ойлгуулж байх нь чухал.
-Хүүхдийн хүмүүжилд ээж л илүү үүрэгтэй гэж ярьдаг. Энэ нь зөв үү?
-Ер нь хүүхдийн хүмүүжилд эцэг, эх хоёулаа чухал. Тэр тусмаа бие биенээ хайрлаж байгаа хайраас хүүхэд ирээдүйд итгэх итгэлийг олж авдаг. Иймээс эцэг, эх хүүхэддээ бие биенээ хайрлаж байгаагаа мэдрүүлж өсгөхөөс гадна хүүхэддээ хоёулаа анхаарч байгаагаа ойлгуулах нь чухал юм. Ихэнх тохиолдолд эцэг эх нь салаагүй хэр нь аавтайгаа хөндий өссөн хүүхэд эцэггүй өссөн хүүхдийн сэтгэл зүйтэй адилхан байдаг. Иймээс эцэг, эх хоёулаа хүүхэдтэйгээ ярилцаж, ямар байгааг нь асуудаг байх хэрэгтэй юм.
-Өсвөр насны хүүхдийг аливаа нэг шийдвэрлэх сонголт хийхэд эцэг, эх нь хэрхэн туслах вэ. Буруу сонголт хийлээ гэж бодоход зэмлэх нь зөв үү?
-Өсвөр насны хүүхдэд өөрийгөө таньж мэдэх үйл явц явагдаж, бие дааж шийдвэр гаргах гээд байдаг. Тиймээс өсвөр насны хүүхдийнхээ ярьж байгаа зүйлийг нь буруутгахгүй, хүлээцтэй сонсох хэрэгтэй. Энэ үед хүүхэд өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ нь илүү давамгай байгаа учир “буруу ч байсан өөрийн шийдвэрээ гаргамаар байна” гэдэг. Иймд хүүхдээ буруутгалгүйгээр сонсч дуусаад өөрөө зөв сонголт хийхэд туслах үр дагаварыг тайлбарлаж өгөх нь зөв. Буруутгаснаас хүүхэд илүү зөрүүдлэх хандлагатай болдог. Ер нь эцэг, эх хүүхдийнхээ төлөө юу хийсэн гэдгээс илүү хүүхэд тань өөрийнхөө төлөө юу хийж сурсан бэ? гэдэг маш чухал шүү.
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.