Монголын Үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр Чингисийн талбайд жагсаал зохион байгуулав. Үйлдвэрчний эвлэл нь ажилчдын сарын цалингийн нэг хувийг суутган авч санхүүждэг. Ингэж сайн дурын биш албадлагын шинжтэй цалингийн суутгал хийж санхүүжиж байгаа нь хууль бус зүйл хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл мэдэгдэж, шийдвэр гаргуулсан. Үүнийг л эсэргүүцэж МҮЭ гишүүний татварыг ажилтны цалингаас бэлэн бусаар суутган авах эрхээ эдлэхээр жагслаа. МҮЭ 2014 онд боловсролын салбарын ажилтнуудаас нэг тэрбум 151 сая төгрөг суутгаж авчээ. Зөвхөн нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудаас 2014 онд 500 сая төгрөг цалингаас нь суутган авч санхүүжсэн байна. Үүнтэй холбоотойгоор салбарынхаа эрх ашгийг хамгаалдаг Эмч нарын холбоо, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Архитекторчдын холбоо, Хуульчдын холбоо, Багш нарын холбоо гэж байгаа энэ үед МҮЭ-ийн шаардлага байна уу гэсэн шүүмжлэл ч яригдах болжээ. МҮЭ өнөөдрийн жагсаалынхаа үеэр Засгийн газарт дараахь шаардлагыг хүргүүлжээ.
-Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 улсын хэлэлцээрийг хэрэгжүүлж, 2016 оны тавдугаар сарын 15-ны дотор УИХ-аар цалин нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх.
-Тус хэлэлцээрийн холбогдох заалтыг биелүүлж хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоож, чөлөөлөх асуудлыг Хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найроуулгын төсөлд тусган УИХ-аар хэлэлцүүлж батлуулах.
-Улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэйгөөр аж ахуйн нэгж, байгууллагуудаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөрийг яаралтай нөхөн төлж, ажиллагчдын дутуу олгогдсон цалин хөлсийг нөхөн олгох нөхцөлийг бүрдүүлэх.