Японы Засгийн газар “Хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-өө баталлаа. Өмнө нь буюу 2003 онд баталсан хөтөлбөрт энэ тухай заагаагүй байсан бол шинэ хөтөлбөрт “Японы Засгийн газар идэвхтэй энх тайванч үзэл баримтлалаар бүх нийтийн үнэт зүйл дээр тулгуурласан олон улсын дэг журмыг хамгаалахын төлөө тусламжийн ажиллагаа өрнүүлэх болно” гэжээ. Ийнхүү Японы Засгийн газар цэргийн бус зориулалтаар бусад орны цэрэг арми болон Засгийн газарт тусламж үзүүлэхээр болжээ. Цэргийн бус зориулалттай тусламж гэдэгт бусад улс оронд хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, гамшгийн яаралтай болон энхийг сахиулах хязгаарлагдмал тусламж үзүүлэх зэрэг орж байгаа юм. Ингэснээр Японы Засгийн газраас үзүүлэх тусламж цаашид цэргийн өнгө аястай болох магадлалтай болов. Үүнийг цэргийн шинжээчид “Шинзо Абэгийн Засгийн газар цаашид цэрэг армийн шинжтэй үйл ажиллагаанд оролцох сууриа тавилаа” хэмээн болгоомжилж байгаа юм.
Японы Үндсэн хуульд дайнаас татгалзаж, цэргүүддээ хилийн чанад руу илгээх, хүч хэрэглэхийг хориглосон байдаг. Гэвч дэлхийн II дайны дараагаас баримталж ирсэн энэхүү “пацифизм”-ын амлалтаасаа ухарч, Үндсэн хуулийн Есдүгээр зүйлд заасан өөрийгөө хамгаалах хүчнийг өөрчлөх эхний алхмаа ийн хийлээ.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ парламентын чуулганы үеэр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай дурдсан. Түүний хэлсэн үгийг эргэн санавал “Японы Засгийн газар ард түмний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангахын тулд хилийн чинадад цэргүүдээ илгээх хязгаарлалтыг цуцлах ёстой. Одоогийн Үндсэн хуулиар бид ард түмэн, нутаг дэвсгэрээ хамгаалахад учир дутагдалтай байна. Бид өөрийн ард түмнийг хамгаалахын тулд Японы цэргүүдэд хязгаарлалт тавихаа зогсоох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төлөвлөгөөтэй байна” гэж байсан юм. Үүнээс долоо хоногийн дараа Японы Засгийн газар цэргийн бус тусламж үзүүлэхээр болсон нь цаашид Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, цэргийн өнгө аяс руу хазайх асар их боломжтойг харуулж байна.
Хуулийн өөрчлөлтийн хүрээнд гарч болох эрсдэлийг ард түмэн урьдчилж харсан
Сири, Иракийн зарим бүс нутагт ноёрхлоо тогтоогоод буй “Лалын улс” бүлэглэл Японы хоёр иргэний амийг хороож, цаазаар авсан. Энэ үйл явдал нь олон нийтийг цочирдуулсан бөгөөд үүнтэй холбоотойгоор Японы Засгийн газар батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж, зэвсэгт хүчнээ ойрын хугацаанд эмхлэн байгуулахаа мэдэгдсэн. Хэрэв шинэ хуулийн төсөл бэлэн болбол энэ мэдэгдэл ажил хэрэг болох төлөвтэй байна. Учир нь, доод танхимын гуравны хоёр санал авч чадвал дээд танхим батлах бололцоотой болно. Эрх баригч Абэгийн эвсэл хууль тогтоомжийг батлах нь ойлгомжтой. Хууль ийм янзаар нэгэнт батлагдвал хуулийн хэрэгжилтийг хэн хянаж, хяналтыг хэрхэн сайжруулах талаар илүү анхаарах хэрэгтэй.
Японы зарим шинжээч Япон улс өөрийгөө хамгаалахын тулд хүчтэй байх ёстой гэж үзэж Шинзо Абэг дэмжиж байгаа бол нөгөө хэсэг нь Японы батлан хамгаалах үүргийг өргөжүүлэхээс татгалзах хэрэгтэй хэмээн үзэж байна .Саяхан болсон террорист халдлага үүнээс татгалзах үндэслэл боллоо хэмээн үзэх нэг хэсэг байхад зарим нь хуулийг батлах өгөөш боллоо гэх. Зүүн Өмнөд Азид Хятадын нөлөө нэмэгдэж байгаа энэ үед Азийн орнууд үндэсний аюулгүй байдлын дүрмээ нэн тэргүүнд тавьж, бүс нутгийн аюулгүй байдлаа хамгаалах ёстой хэмээн үзэх нөгөө нэг хэсэг ч байна.Харин ч аюулгүй байдал талаасаа хуульд өөрчлөлт оруулах нь илүү эрсдэлтэй гэдгийг зарим шинжээч хэлж байна. Хэрэв Японы Засгийн газар гадаад дахь иргэдээ хамгаалахаар хилийн чанадад цэрэг илгээхээр болбол сая болсон халдлагаас илүү их эрсдэл Японд учирна гэдэг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас татгалзах бас нэгэн үндэслэл болох юм. Гэвч Шинзо Абэ ард иргэд, нутаг дэвсгэрээ хамгаалах үүргийнхээ дагуу Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа ч энэ нь мөн л эрсдэлийг дагуулж байгаа.
Профессор Накано “Террорист бүлэглэл хоёр иргэнийг барьцаалсан нь Японы нийгэмд асар их нөлөө үзүүлж байгаа. Гэвч энэ нь үндэсний аюулгүй байдлын чиглэл талаасаа туйлширсан үзэл бодолтой холбоотой. Сая хүмүүс аюулгүй байдлын бодлогын хүрээнд юу тохиолдож болохыг урьдчилан харсан” гэжээ.
Абэ өөрөө анхаарлыг татсан уу
Ерөнхий сайд Шинзо Абэ “Лалын улс” бүлэглэлийн халдлагын улмаас хохирсон улсуудад 200 сая ам.долларын цэргийн бус тусламж олгох амлалт өгсөн юм. Ойрхи Дорнод, Африк дахь хүмүүнлэгийн тусламжийг өргөжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн орнуудын хамт терроризмтой тэмцэх хүчин чармайлтаа нэмэгдүүлэхээ Японы Засгийн газар амласан. Түүнийг энэ амлалтаа өгсний дараа тус бүлэглэл Японы хоёр иргэнийг хөнөөнө гэж сүрдүүлж 200 сая ам.долларыг шаардсан билээ.
Хятад, Солонгостой газар нутгийн маргаантай энэ үед Япон улсад “алс холын” Африк, Ойрхи Дорнодын асуудалд хүч хавсрах хэрэг байсан, эсэх талаар шүүмжлэл өрнөж байгаа. Зарим шинжээч Шинзо Абэ Египетэд урт хугацаагаар айлчлал хийж, Израильд 200 сая ам.доллар, Газын зурвасын сэргээн босголтын ажилд 100 сая ам.доллар олгоно хэмээн зарласан нь террорист бүлэглэлүүдийн анхаарлыг татсан, үүнийг ч тэрээр анхнаасаа мэдэж байсан хэмээн үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэнэтийн үйлдэл мэт харагдаж байгаа ч Шинзо Абэ зориудаар террористуудын анхаарлыг татсан хэмээн тэд үзэж байна.
Лалын улс бүлэглэл энэ бүхэн Абэгээс үүдэлтэйг Кэнжиг Готог хороох үеэрээ олон нийтэд цацсан дүрс бичлэгтээ сануулсан байдаг. Видеонд “Энэ бүхэн дайнд оролцох бодлогогүй шийдвэр гаргасан Абэгээс үүдэлтэй. Бид одоо Готогийн амийг хороож байгаа ч энэ нь цаашид дэлхийн өнцөг булан бүрт очиж байгаа япон иргэд золиос болно гэдгийг анхааруулж байгаа юм. Тиймээс Японы хар дарсан зүүд одоо л эхэлж байна” гэсэн юм. Японы Засгийн газар өнгөрсөн зун Өөрийгөө хамгаалах хүчнийг халах талаар ярьж эхэлсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулаад байсан юм.
Өмнө нь яагаад ийм шийдвэрт хүрээгүй вэ
Японы иргэн террористуудад барьцаалагдан, амиа алдсан тохиолдол нь дан ганц энэ биш юм. Өмнө нь бага насны гурван хүүхдийг Иракт барьцаалж, тэднийг 2004 онд чөлөөлж байв. Тэднийг улсын хэмжээнд тулгарч асуудал үүсгэгч хэмээн нэрлэж байсан. Түүнчлэн олон нийтийг цочирдуулсан үйл явдал нь 2013 оны эхээр Алжирын хийн үйлдвэрт болсон барьцааны хэрэг юм. “Аль-Каида”-гийн харьяа бүлэглэл үйлдвэрийн ажилчдыг дөрвөн өдрийн барьцаанд байлгасан бөгөөд Алжирын арми болон террорист бүлэглэл хоорондын мөргөлдөөний үеэр 37 гадаадын ажилчин амиа алдсан байдаг. Амиа алдсан иргэдийн дотор “JGC” инженерийн компанид ажилладаг есөн япон хүн байсан юм. Гэхдээ эдгээрээс илүүтэй өнгөрсөн сард Япон руу чиглэсэн халдлага тус улсад гүн цочрол өгсөн нь гарцаагүй. Гэвч үүнээс өмнө яагаад ийм шийдвэрт хүрч болоогүй, ард түмэн нв Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэний дараа ийм халдлага болсон нь олон хүнд эргэлзээ төрүүлж байгаа юм.
Зарим шинжээч Японы иргэдийг хамгаалахын тулд гэх үндэслэлээр өөрийн үүрэг хариуцлагыг няцаах, үзэл бодлоо дэмжүүлэх арга зам хэмээн буруутгаж байгаа юм. Японы зүүн Өмнөд Азийн шинжээч Такү Сакамото “Энэ бол аюултай чиг хандлага гэж бид үзэх ёстой” хэмээн хэлсэн байна.
Гото одоо баатар биш, асуудал үүсгэгч
Кэнжи Гото бол дайны хөлд нэрвэгдсэн улсуудын дүрвэгчид, хүүхдүүдийн талаар бичдэг байсан туршлагатай, өрөвч сэтгэлтэй чөлөөт уран бүтээлч байжээ. Түүний эхнэр болон найз нөхөд, дэмжигчид нь түүнийг Юкаваг аврахаар өнгөрсөн жил Сири рүү явсан хэмээн хэлдэг. “Лалын улс” бүлэглэл тэдний амийг хороосны дараа Японд “мэйвакү” буюу бусдын өмнөөс уучлал гуйх ажиллагаа болсон юм. Нас барагсдын гэр бүл тэднийг барьцаанд байх үед болон амиа алдсаны дараа ч Засгийн газарт “хүндрэл” учруулж буйдаа удаа дараа уучлал гуйсан байдаг. Мэйвакү “ёсоор” Засгийн газар ч мөн хариуцлагаа ухамсарлаж ард түмний сэтгэлийг эмзэглүүлсэндээ уучлал гуйсан. Гэвч Засгийн газрын мэйвакү “тавилттай жүжиг” байв уу гэмээр Кэнжи Готогийн талаарх үзэл бодол нь тун хурдан өөрчлөгдсөн юм. Засгийн газар хоёр иргэнийхээ хойноос гашуудаж төрийн далбаагаа хагас бөхийлгөн, гашуудал зарласан. Гэвч үүнээс ердөө хоёр хоногийн дараа Ерөнхий сайдын Тамгын газар Кэнжи Готог эмгэнэлт баатар биш буруутан хэмээн нэрлэсэн юм.
Либерал Ардчилсан намын дэд дарга Масахико Комүра “Кэнжи Готог Сири рүү явах үед Засгийн газрын удаа дараа анхааруулга өгсөн. Гэвч бидний анхааруулгыг үл ойшоож, эсрэг үйлдэл хийсэн. Би түүний үйлдлийг жинхэнэ зоригтой үйлдэл гэж бодохгүй байна. Сири рүү явсан нь түүний бодлогогүйг харуулж байна. Энэ бүхэн ямар үр дагавар авчрахыг бодолцолгүй өөрийн хүсэл эрмэлзлийг дагасан болохоор энэ нь зоригтой бус бодлогогүй үйл” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Мөн тэрээр хувь хүмүүс үндэсний эрх ашигт нөлөөлөлөх хандлагатай байгаа талаар хэлжээ.
Япон улсад нас барсан хүнийг олон нийтийн өмнө шүүмжлэх нь маш ховор үзэгдэл юм.
Түүхэн доод хэмжээнд хүрээд байсан Абэгийн рейтинг өсөв
“Kyodo News” агегтлагийн өнгөрсөн амралтын өдрүүдээр явуулсан санал асуулгаар японуудын 61 хувь нь Абэг дэмжиж байна. Түүнчлэн Японы хамгийн том өдөр тутмын хэвлэлийн нэг “Ёмиүри” сонины газраас явуулсан судалгаагаар Абэгийн Засгийн газрын рейтинг 53 хувиас 58 хувь болтлоо өссөн байна. Тус сонин өнгөрсөн баасан гаригт 1054 хүнтэй утсаар холбогдож бямба гаригт санал асуулгын дүнг нийтэлсэн байна. Энэ нь Японы хоёр иргэн амиа алдсанаас хойш явуулсан анхны судалгааны дүн юм.
NHK-ийн хийсэн санал судалгаагаар, өнгөрсөн оны эцэс гэхэд Шинзо Абэгийн Засгийн газрын рейтинг 44 хувь хүртлээ буурч, 2012 онд засгийн эрхэнд гарснаас хойшхи хамгийн доод цэгт хүрээд байсан юм.