Хүн төрөлхтөний түүхэнд арилшгүй мөрөө үлдээсэн Дэлхийн II дайн болон Чөлөөлөх дайны 74 жилийн ой өнөөдөр тохиож байна. Дэлхийн гурван тивийн 61 улс, дэлхийн хүн амын 80 орчим хувь нь татагдан орж, 70 сая хүн амь насаа алдсан энэхүү дайн Монгол Улсын тусгаар тогтнол, халдашгүй дархан байдал, хүн ардын амгалан тайван байдалд ч нөлөөлсөн билээ. Дайнд амь үрэгдсэн хүмүүсийн 20 сая нь цэрэг, 50 сая нь энгийн иргэд байв. ЗХУ 27 сая орчим хүнээ алдсан нь тус дайнд үрэгдэгсдийн тал нь болжээ.
ОХУ-ын нийслэл Москвагийн Улаан талбайд болох Эх орны дайны ялалтын 74 жилийн ойд зориулсан цэргийн жагсаалд ОХУ-ын Зэвсэгт хүчний 13 мянга гаруй албан хаагч, 250 гаруй нэгж цэргийн техник оролцоно гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдээд байна. Иваново мужийн Тейково хотод байрлах пуужингийн 54 дүгээр гвардын дивизийн гурван “PC-24 Ярс” тив алгасах баллистик пуужингийн цогцолборыг Улаан талбайд болох парадын үеэр үзүүлэх аж.
Ялалтын баярын анхны парадыг 1945 онд хийснээс хойш бүтэн 20 жилийн дараа буюу 1965 онд ялалтын 20 жилийн ойгоор, түүний дараа дахин 20 жил завсарлаад 1985 онд ялалтын 40 жилийн ойгоор цэргийн парад хийсэн түүхтэй юм. 1965 оноос Ялалтын баярыг тэмдэглэх журамд өөрчлөлт орж таван жил тутамд цэргийн жагсаалыг зохион байгуулахаас гадна, жил бүрийн арваннэгдүгээр сарын 7-нд хөдөлмөрчдийн жагсаал зохион байгуулахаар заасан байдаг. Харин ЗХУ задарснаас хойш буюу 1995 онд журамд өөрчлөлт оруулан баярын жагсаалыг дахин тавдугаар сарын 9-нд зохион байгуулахаар болсон юм. Гэвч энэ үеэр цэргийн техникийг танилцуулалгүй дан ганц цэргийн жагсаал л хийж байхаар тогтсон байдаг. 2008 оноос Москва хотын Улаан талбайд цэргийн техник парадад оролцох болжээ.
Ингээд Ялалтын баярын түүхэн дүрс бичлэг, тухайн баярын парадын үеэр болж байсан онцлох, сонирхолтой үйл явдлуудыг хүргэж байна.
1945 он, Ялалтын баярын анхны парад
1945 оны зургадугаар сарын 24-ний өдөр Ялалтын баярын анхны цэргийн парад Улаан талбайд болсон бөгөөд парадыг ЗХУ-ын хоёр удаагийн баатар маршал К.К.Рокоссовский командалж, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар маршал Г.К.Жуков хүлээн авч байжээ. Парадыг маршал Георгий Жуков цагаан морьтой эхлүүлж байсан бөгөөд Сталин эхлүүлэх байсан тухай яриа ч байдаг. Гэвч Сталин тухайн үед 65 настай, морь унах дадал хангалтгүй байсан шалтгаанаар Жуков эхлүүлж байжээ.
Ялалтын тугийг 1945 оны зургадугаар сарын 20-нд Москвад авчирсан ч Улаан талбай дээр тугийг залаагүй юм. Учир нь Рейхстагийн оройд ялалтын туг хатгасан баатрууд болох Неустроев, Кантария, Берест, Егоров нар тугийг барьж жагсах ёстой байсан ч тэд жагсаалын бэлтгэлгүй, дээрээс нь Неустроеваас бусад нь дайны үеэр шархадсан байсан тул бэрхшээл тулгарчээ. Ингээд парадын сургуулилтын үеэр тэд жагсаалд хөл нийлэх бэлтгэл тааруу байсан, ингэлээ гээд жинхэнэ бааатруудаар нь биш, өөр хүмүүсээр тугийг бариулах нь утгагүй асуудал гэж үзсэн тул маршал Жуков ялалтын тугийг парадад гаргахгүй байхаар шийдэж байжээ.
Ялалтын тугийн оронд фашистын армийн 200 туг далбаа Улаан талбайд гарсан байдаг бөгөөд энэ нь парадын гол зангилаа байв. Тэдгээр тугийг бөмбөрийн нижигнэсэн цохилтон дор мавзолейн /бунхан / ойролцоо тусгайлан зассан тайзан дээр хаяж /10'00'/ байсан бөгөөд хамгийн түрүүнд Гитлерийн хувийн хамгаалалтын батальоны тугийг хаяж байжээ. Дайсныг жигшиж буйгаа онцлохын тулд зөвлөлтийн цэргүүд вермахтын тугуудийг бээлий өмсөж зөөн, парадны дараа тэдгээрийг шатаажээ.
Ялалтын баярын анхны парадын дүрс бичлэгийг өнгөтөөр, дуу дүрстэй нь хамт тайлбарлагчийн үгтэйгээр хамт олон нийтэд цацаж байжээ. Дүрс бичлэгт хөгжмийн бүрэлдэхүүн болон өндөр зиндааны цэрэг, улс төрийн албан тушаалтнууд, морин цэргийн нэгж /12'20'/, ёслолын буудлага /17'40/ хийж байсныг дүрс бичлэгээс харж болох юм.
Улаан талбайн бунханы хөлд бут ниргүүлсэн фашист германы цэргийн тугийг хаясан нь 1945 оны парадын оргил байлаа. Ялагдсан дайсныг жигшин зэвүүцэж байгааг тодотгохын тулд бээлийтэй, бөмбөрийн нижигнээнд энэ ёслол болсон юм. Парадын дараа бээлийг ёслол төгөлдөр шатаажээ.
1965 он, Ялалтын тугийг анх удаа Улаан талбайд барьж жагсав
1945 онд жагсаалд авчирч чадаагүй ялалтын тугийг 1965 оны Ялалтын баярын 20 жилийн ойн жагсаалд анх удаа авчран барьж жагсав. Түүнийг ЗХУ-ын баатар Константин Самсонов гар дээрээ өргөн жагсчээ. 1965 оны парадыг “Pathe” кино студи бичиж авсан бөгөөд энэ удаагийн парад өмнөх парадаас ялгаатай нь ямар нэг тайлбаргүй, хар цагаан өнгөтэйгээр зөвөн дүрс бичигдсэн байдаг.
Тухайн үед ЗХУ-ыг Леонид Брежнев удирдаж байсан бөгөөд тэрээр 1964 онд ЗХУ-ын удирдагч болж, 20 орчим жил ноёрхлоо тогтоосон байдаг. Энэ үеэр Зөвлөлтийн цэргүүдийн хуяг, дуулгыг үзүүлсэн байна.
Мөн энэхүү баярын жагсаалд цэргийн дүрэмт хувцастай өнгөт арьстнууд ЗХУ-ын цэргийн томчуудтай хамт (1'32 ") байгаагаар гардаг. Энэ нь ЗХУ-ын гадаад бодлогын стратеги, Кремлийн Африкт эрх мэдлээ өргөтгөх ашиг сонирхлыг харуулсан байдаг.
1985 он, Михаил Горбачёв Ерөнхий нарийн бичгийн дарга байсан үе
1985 онд Улаан талбайд болсон Ялалтын баярын дарадыг өнгөт дүрс, тайлбартайгаар шууд хүргэсэн байдаг. Тухайн үед Михаил Горбачёв Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан бөгөөд ердөө хоёр сар л энэ албыг хашсан байдаг. Тухайн үед цэргийн парад 30 орчим минут л үргэлжилсэн бөгөөд араас нь ажилчин ангийн сүлд дуу болсон "Смело, товарищи, в ногу"-г дуулах чимээ сонсогдож байсан гэдэг.
Мөн үед Лениний хөргийг улс орон даяар энд тэндгүй өлгөн алдаршуулдаг байсан бөгөөд үүний нэг жишээг бичлэгээс харж болно. Бичлэгт “ГУМ” их дэлгүүрийн барилгад Лениний хөргийг томоор өлгөсөн байдаг. Мөн 1985 оны Ялалтын парадын бичлэгт баярын жагсаалыг сурвалжилж буй сэтгүүлч, гэрэл зурагчид цэргийн техник болон цэргийн хөгжмийн анги нэгтгэлтэй /1'03"/ тун ойрхон зөрж, жагсаалын цувааг алдагдуулж буйг харж болно.
Ялалтын баярын 45 жилийн ой ЗХУ-ын бүрэлдэхүүн задарсан түүхэн үйл явцтай бараг давхцаж байв. Ойн баяраас хэдхэн хоногийн өмнө шинэчлэл хийхийг шаардсан иргэд Засгийн газрыг эсэргүүцэн томоохон жагсаал зохион байгуулж байжээ.Энэхүү жагсаал Михаил Горбачёвыг ЗХУ-ын Ерөнхийлөгч болсноос ердөө хоёр сарын дараа болсноороо онцлог. Мөн энэхүү жагсаалд Михаил Горбачёв үг хэлсэн нь сонин үйл явдал болов. Учир нь 1945 оны баярын жагсаалын өмнө Сталин ялагчийн баяр бахдлын үгийг хэлснээс хойш ямар ч удирдагч жагсаал эхлэхээс өмнө үг хэлж байгаагүй байна. Баярын жагсаалын бичлэгт үлдээгүй байдаг нэгэн үйл явдал нь жагсаалд оролцогчдын дундаас слесарь Александр Шмонов тайрсан буугаар Михаил Горбачёвыг буудах гэж оролдоод бүтэлгүйтэж байжээ.
Горбачёв “перестройка”, “гласность”-ийг зарлан тунхаглаж байсан энэ үед Засгийн газар олон нийтийн эсэргүүцэлтэй нүүр тулаад байв. Ялалтын баярын үеэр Горбачёвыг үг хэлж дууссаны дараа олон нийт алга ташилгүй, Горбачёвыг иргэд рүү даллахад хэн ч хариу даллаагүйг дүрс бичлэгээс харж болно. (9'40")
Энэхүү баярын жагсаалд Ялалтын баярын постер дээрх зургийг /хүүхэд тэвэрсэн баатар/ “амьдаар” дүрслэн харуулж, Ариун Георгийн туузыг энэ үеэс эхлэн цэргүүд энгэртээ зүүх болсныг дэлгэцэнд тодоор харуулсан байдаг (35'05"). Ариун Георгийн шаргал, хар өнгөнөөс бүрдсэн энэхүү тууз нь цэргийн сүр хүчийн билгэ тэмдэг бөгөөд өдгөө Крымийг эргүүлэн авах “ажиллагаа”-нд ашиглах болжээ. Түүнчлэн дайнд оролцсон ахмад цэргүүдийн тоо буурсныг бичлэгээс харж болох юм. (37'00")
2013, Медведевийн гоё харагддаг парад
2013 оны Ялалтын баярын парадыг дамжуулах эрхийг төрийн өмчит “RT” суваг авч байжээ. Энэхүү парад өмнө болж байсан парадуудаас онцлох зүйл ихтэй, Орос улсын амбиц, зэр зэвсгийн хүчийг харуулж, алдагдаад байсан зарим зүйлийг буцаан сэргээх зорилготой том арга хэмжээ болсон юм. Олон тооны зэр зэвсэг, техник, тусгай үзүүлбэр багтаасан сүүлийн үед үзэгдээгүй арга хэмжээ болжээ.Парадад алхсан цэргүүдийг тун ойроос харуулсан (5'49"), цэргийн техник тэр дундаа танкны урд хошуунд камер байрлуулж (41'20") Улаан тайлбайн эргэн тойронд буй үйл явдлыг өнцөг бүрээс харуулсан нь тун сонин шийдэл болжээ.
Түүнчлэн парадад анх удаа танк эсэргүүцэх тийрэлтэт зэвсгийг үзүүлж (42'55"), “Катюша” дууны маршид цэргүүд алхаж байгааг дүрс бичлэгээс харж болно. Цаг гаруй үргэлжилсэн Ялалтын баярын парадад Ерөнхийлөгч Владимир Путин дөрвөн минутийн илтгэл тавьсан байдаг. Мөн парадын дүрс бичлэгийн 56'30"-д Ерөнхий сайд Дмитрий Медведев нарны шилээ зүүх гэж байснаа больж байгаа дүрсийг тухайн үед хамгийн их шоглож байжээ. Тухайн жилийн Ялалтын баярын парадыг "Медведевийн гоё харагддаг парад" хэмээн шоглож нэрлэх нь ч бий.