БНХАУ-ын үндэсний мөнгөн тэмдэгт юанийг дэлхийн нөөц валют болгох асуудлаар Олон улсын валютын сангийн зөвлөл хэлэлцэж байна.
Олон улсын валютын сан таван жил тутамд зээлжих тусгай эрхийн сагсаа шинэчилж, шинээр валют оруулах, эсэхийг гишүүн орнуудын 70 хувийн санал авсан тохиолдолд зөвшөөрч баталдаг байна. Хуваарийн дагуу энэ оны арваннэгдүгээр сард валютын сагсанд шинэ мөнгөн тэмдэгтийг нэмж оруулах, эсэхийг шийдвэрлэхээр болжээ. Хамгийн сүүлд буюу 1999 онд уг сагсанд евро багтаж, францын франк, германы дойче маркийг хасч байжээ. Үүнээс хойш ямар ч өөрчлөлт оруулж байгаагүй ч олон жилийн турш дэлхийн нөөц валют болох, эсэх нь яригдсаар ирсэн Хятадын юанийн асуудлыг ийнхүү хэлэлцэж эхэллээ. Зөвлөлийнхөн эцсийн шийдвэрийг ирэх арваннэгдүгээр сард гаргах юм.
Одоогоор “зээлжих тусгай эрх” хэмээх нөөц валютын сагсанд АНУ-ын доллар, евро, Их Британийн фунт, Японы иен ордог байна. Гадаад валютын хомсдолд орсон ОУВС-гийн гишүүн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхэд нөөцийн валютыг ашигладаг билээ.
Зээлжих тусгай эрхийг бүрдүүлдэг сагсанд багтахад хоёр шалгуур тавигддаг байна. Нэгд, дэлхийн гадаад худалдаанд эзлэх байр суурь. Хоёрдугаарт, дэлхийн гадаад валютын урсгалд эзлэх байр суурь. Хятадын үндэсний мөнгөн тэмдэгт юанийг Олон улсын валютын сангийн зээлжих эрхийн тусгай сагсанд оруулахад тавигдахад шалгуурууд сүүлийн жилүүдэд өссөн хэмээн үзжээ. Гэвч дэлхийн нөөц валют болохын тулд юань нь дэлхийн гадаад худалдааны төлбөр тооцоонд чөлөөтэй ашиглагддаг, бусад чөлөөт валютад асуудалгүй хөрвөдөг байх ёстой. Гэвч Хятадын үндэсний валют Ази тив дэх худалдаанд өргөн ашиглагдаж байгаа ч Хойд Америкаас бусад улсад хэрэглэгдэх нь бага байгаа юм. Гэхдээ Хятадын төв банк бусад орнуудын төв банктай үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп хэлцэл байгуулж, гадаад худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгтийг түлхүү ашиглах болсон билээ.Тухайлбал, Хятад улс Өмнөд Америк, Ази номхон далайн бүс нутгийн хэд хэдэн оронтой үндэсний мөнгөн тэмдэгтээр харилцан тооцоо хийх гэрээг энэ онд байгуулаад байна. Мөн Хятад улс Энэтхэгтэй хийх худалдаанд үндэсний валют ашиглахаар хэлэлцэж байгаа. Хэрэв Хятадын юань дэлхийн нөөц валютын нэг болвол долларын ноёрхолд цэг тавих Бээжингийн бодлого нэг алхам урагшлах юм. Гэхдээ хэрэв юань дэлхийн нөөц болвол ам.доллараас хамаарах хамаарал дэлхийн улс орнуудад буурч, Хятадтай худалдаа хийдэг орнуудад эерэг тусах юм. Тухайлбал, Орос, Хятадын гадаад худалдааны бүтцийн 75 гаруй хувийг доллар эзэлдэг. Хэрэв хоёр улс үндэсний мөнгөн тэмдэгтүүдийг ашиглаж худалдаа хийж эхэлбэл ам.долларын хамаарал буурч, бараа эргэлт ч ихсэх боломжтой юм. ОХУ, Хятад ойрын хугацаанд хоёр улсын хооронд хийх худалдааны төлбөрөө рубль, юаниар хийхээр яаравчилж байгаа билээ.
Өөрөөр хэлбэл, юань дэлхийн нөөц валют болсноор дэлхийн санхүүгийн зах зээлд Хятадын үүрэг, оролцоо их болсныг олон улсад хүлээн зөвшөөрч, хятадын юанийг гадаад худалдааны төлбөр тооцоонд хэрэглэх хандлага цаашид улам нэмэгдэх юм. Тэгээд ч БРИКС-ийн Хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд Хятадын гүйцэтгэж буй үүрэг асар их байгаа. Тиймээс юань дэлхийн нөөц валют болвол Хятадтай худалдаа хийдэг орнуудын эдийн засаг, тогтвортой байдалд эерэг нөлөөтэйгөөс гадна ам.долларын шахах Хятадын бодлого суурьтай болнр гэсэн үг. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор юань нөөц валют болвол 2020 он гэхэд гаднын хөрөнгө оруулагчид одоогийнхоос 10 дахин их буюу 5-6 гаруй их наяд юанийн Хятадын үнэт цаасыг худалдаж авах төлөвтэй байгаа аж. Хэдий олон улсын тооцоонд өөр валютын үүрэг нэмэгдэх нь гарцаагүй ч технологийн эрин үед долларын худалдан авалт байсаар байх юм.
Гэвч Олон улсын валютын сангийнхан олон улсад юанийг хангалттай ашиглахгүй байна хэмээн үзэж байна. Олон улсын валютын сан “Нөөц валютын санд шинэ валют оруулах шаардлагуудын нэг болох гадаад худалдааны хэмжээг БНХАУ хангаж байгаа боловч юанийг АНУ болон Японы мөнгөн тэмдэгт шиг чөлөөтэй ашиглахгүй байна. Зээлжих эрхийн тусгай сагсанд багтаж байгаа дөрвөн валют юаниас давуу эрхтэй хэвээр байна” гэжээ. Түүнчлэн зээлжих тусгай эрхийн сагсанд юанийг албан ёсоор нэмэх шийдвэр нь шинэ оны эхний өдөр санхүүгийн зах зээлийн арилжаанд саад хийх магадлалтай байгаа тул 2016 оны есдүгээр сар хүртэл хойшлуулах хэрэгтэй хэмээн Олон улсын валютын сангийн зөвлөл үзэж байгаа юм. Учир нь, Олон улсын валютын сангийн стратеги, бодлого хяналтын газрын захирлын мэдэгдсэнээр өөрчлөлтөд дасан зохицохын тулд дор хаяж зургаан сар хэрэгтэй аж. Тиймээс зээлжих эрхтэй зэрэглэлийн сагсыг оны сүүлээр шинэчлэх нь санхүүгийн зах зээлд сөрөг нөлөө дагуулж магадгүй хэмээн үзэж, юанийг шинэ нөөц валют болгох, асуудлыг хойшлуулж байна.
Хэрэв ийнхүү юанийг шинэ нөөцийн валютад оруулах асуудал хойшилсоор байвал Хятадын хувьцааны уналт үүнд нөлөөлж, Бээжингийн олон жилийн хүсэл талаар болж магадгүй юм.