Open iToim app
Дэлхий | 6 мин уншина

​Эх орны дайны түүхийг өгүүлсэн дэлгэцийн шилдэг 10 бүтээл

​Эх орны дайны түүхийг өгүүлсэн дэлгэцийн шилдэг 10 бүтээл
Нийтэлсэн 2017 оны 5 сарын 9
Дэлхийн II дайн болон Чөлөөлөх дайны 72 жилийн түүхэн баярын өдөр тохиож байна. Дэлхийн энх тайван, эв нэгдлийн эхлэл, дайны ялалтын баярыг тэмдэглэн  уухайлан зогсож байсан олон Монгол хүн бий. Ялалтын баяр нь ганц ОХУ биш дэлхий нийт, тэр дундаа Монголчуудын хувьд чухалчилж үздэг баярын өдөр.
Дайны хүнд өдрүүдэд монголын ард түмнээс Зөвлөлтийн улаан армид танкны цуваа, хүнс, унаа морь, хувцас, эд хөрөнгө гээд олон зүйлээр тусламж үзүүлж байсан. Эртнээс ах дүүгийн найрамдал харилцаатай байсан хоёр улсын найрсаг харилцаа одоо ч бат бэх хэвээр байна.
Аугаа Эх орны дайнд ЗХУ өөрийн холбоотнуудын хамтаар ялалт байгуулсаныг билэгдэж жил бүр цэргийн парад зохион байгуулдаг уламжлалтай. Энэ холбоотны тоонд Монгол Улс багтаж, бидний өвөө, эмээ нар маань дайны эхний өдрөөс эцсийн өдөр хүртэл нь зөвлөлтийн ард түмэнтэй үргэлж хамт байж бүгдийг фронтод, бүхнийг ялалтын төлөө зориулж байсныг дурсахад таатай байна.
Аугаа эх орны дайны үед фашизмын эсрэг Орос, Монголын ард түмэн хамтран тэмцсэний бэлгэдэл болгож ОХУ-ын нийслэл Москва хотын Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд “Дайны морьд” нэртэй хөшөөг босгоод байгаа билээ. 
Ингээд аугаа их ялалтын баярын өдөрт зориулж Дэлхийн II дайны хэцүү хүнд цаг үеийг туулан өнгөрүүлсэн сая, сая хүмүүсийн мэдрэмжийг шингээсэн бүх цаг үеийн дэлгэцийн шилдэг 10 бүтээлийг танилцуулж байна.
Оросын уран бүтээлүүд
1.Летят журавли
Зөвлөлтийн нэрт найруулагч Михайл Калатозовын 1957 онд бүтээсэн дайны эхэн үеийг олон талаас нь харуулж чадсан “Летят журавли” буюу “Тогоруун цуваа” хэмээх кино бол Оросын кино шүүмжлэгчдийн үздэгээр ОХУ-ын кино урлагийн замналын эхний 50 жилийн хамгийн шилдэг дэлгэцийн уран бүтээлд тооцогддог. Уг кинонд хайр сэтгэлдээ умбасан хосууд дайнаас болж хэл сураг тасрах бөгөөд тэдний аж байдал, бодрол, сэтгэл, уйтгар гуниг бүхнээр дамжуулан тухайн үеийн дайны өдрүүдийг тод томруун харуулсан бүтээл билээ. Эх орны дайны нийгмийн сэтгэл зүйд үзүүлсэн хор уршгийн сэдвийг хөндсөн энэхүү бүтээл Каннын кино наадмын дээд шагналыг хүртсэн цор ганц Зөвлөлтийн кино юм.
2.Проверка на дорогах
Алексей Германы анхны бүтээл “Зам зуурын шүүх” хэмээх энэхүү киног агуулгаас нь болоод Зөвлөлтөд 15 жилийн турш гаргахыг хориглож байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Германчуудын довтолгооны эсрэг тэмцэх партизанууд дээр Герман руу урвасан орос цэрэг Лазарев өөрийн дураар ирнэ. Тэрээр урвагч байдлаар амьдрахыг хүсээгүй түүнийг партизануудын командлагч ахмад цолтой нэгэн буудан хороолгүй шүүхээр шийднэ. Энэ үйл явцад хэнийг "урвагч", хэнийг "баатар" гээд байгаа талаарх асуудал хурцаар тавигдах болно.
3.Они сражились за родину
“Они сражились за родину” буюу “Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм” хэмээх Сергей Бондарчук-ын 1957 онд бүтээсэн тус кино ЗХУ-ын сор бүтээлд зүй ёсоор тооцогддог. ЗХУ-ын Ардын жүжигчин В.Тихонов, Ю.Никулин, нэрт зохиолч, жүжигчин В.Шукшин зэрэг Оросын шилдгүүдийг энэхүү киноноос нэг дор харж болно.
4.Иди и смотри
1985 оны бүтээл "Ирээд үзэхтүн" киног бүтээхийн тулд уран бүтээлчид 8 жил шаргуу хичээсний эцэст Зөвлөлтийн кино урлагийн төв хорооны зөвшөөрлийг авч чадсан байдаг. Энэ хооронд Зөвлөлтийн кино урлагийн төв хорооноос болж Элем Климов галзуурах дөхсөн үе бий. Элем Климовтой хамтран зохиол бичсэн Алесь Адамович Дэлхийн II дайны үед өсвөр насандаа Беларусийн партизан явжээ. Өдгөө энэ киног 1980-аад оны Зөвлөлтийн кино урлагийн оргил бүтээл хэмээдэг.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Нацист Германы арми Беларусьт дор хаяж 5295 жижиг тосгодыг сүйтгэж, иргэдийг хороосон байдаг. Хатынь тэр тосгодын нэг нь байв. Флёра хэмээх хөвгүүн партизануудтай нэгдэж Германчуудтай байлдахыг хүсэмжлэх ч дайны гай гамшгийг бие сэтгэлээр эдэлнэ.
5.Кукушка
Финляндын модон дээр засаж бэлдсэн үүр мэт газраас дайсныг бууддаг байсан "хөхөө мэргэн бууч" гэсэн нэрээс киноны нэр үүдэлтэй. Тиймээс кинон дээрх Финлянд мэргэн бууч Вейккогийн дүрээс гадна ойд ганцаар хөхөө адил амьдрах Анни хэмээх Сами цаатан эмэгтэйд ч энэ нэр хамаатай. Вейкко мэргэн бууч-камиказе бол Фронтын нууц цагдаа "Смерш"-ээс зугтсан Оросын ахмад Иван хоёр Анни хэмээх цаатан бүсгүйнд ирж таарна. Аннигийн хувьд тэр хоёр дайсагнасан армийн цэргүүд биш зүгээр л хоёулаа энгийн эрчүүд шиг бодогддог. Энэхүү киног 2002 онд бүтээсэн байдаг.
Америкийн уран бүтээлүүд
1.The Best Years of Our Lives

1944 онд Time сэтгүүлд дайны дараа жирийн амьдралдаа эргэн ороход нь цэргүүдэд ямар хүнд хэцүү байдаг тухай нийтлэл хэвлэгдсэн нь Сэмуэл Голдвин кино студийнхэнд энэ сэдвээр кино хийх сэдлийг төрүүлсэн гэдэг. Ийнхүү тэд “Аз жаргалтай он жилүүд” киног 1946 онд үзэгчдийн хүртээл болгож байв.
Дайнаас эргэн ирж буй гурван цэрэг эрийн амьдралыг, тэдний гэр бүлийн харилцааг Уильям Уайлер энгийн амьдралтай ойртуулан бүтээснээрээ үзэгчдийн таашаалыг ихэд хүртсэн юм. Тэрээр уг киног бүтээхээс өмнө цэрэг дайны сэдэвтэй гурван ч кино хийчихээд байв. Хамгийн гол нь дайны дараах Америкийн нийгэм дэх ажилгүйдэл, архидалт зэрэг тулгамдсан асуудлыг жинхэнэ хайр дурлалын туужтай холбон үзүүлсэн нь оновчтой шийдэл болсон гэдэг.
Америкийн кино академийн “шилдэг бүтээл” шагналд тэргүүлсэн Уильям Уайлерын энэхүү кино бүх цаг үеийн шилдэг драмын кинонуудын нэгд тооцогддог. Энэхүү бүтээл Америкийн кино академийн 1947 оны шалгаруулалтад 9 төрөлд нэр дэвшсэнээс 8-д нь тэргүүлсэн төдийгүй, Британийн кино академи, Алтан бөмбөрцөг наадмуудаас тус бүр “шилдэг бүтээл” шагналыг хүртсэн билээ.
2.The Sands of Iwo Jima
1949 онд бүтээгдсэн “Иво Жимагийн элсэн дунд” хэмээх кино Японы эзэмшлийн Иво Жима арал дээр болсон тулааны үеэр түрүүч Жон Страйкерийн гүйцэтгэсэн үүргийг кино бүтээлүүдэд өөр өөрөөр тусган харуулсан байдаг. Аллан Двоны энэхүү кинонд Жон Страйкер өөрийн удирдлага дор явсан америк цэргүүдэд хатуу ширүүн хандах боловч Номхон далайн эрэгт тулалдах үеэр түүний заасан хичээлүүд хэчнээн үнэ цэнэтэй байсныг цэргүүд ухаарч байгааг дүрслэн гаргажээ.
3.The Dirty Dozen
Роберт Олдрич “Бохир бүлэг” бүтээлээ 1967 онд бүтээхдээ Дэлхийн II дайны үеийн үйл явдлыг дүрслэн харуулжээ. Хүчирхийлэл, хүн амины хэргээр цаазын ял сонссон 12 хэрэгтэнг тусгай даалгавар гүйцэтгэхээр сонгон авдаг. Тэд “D-Day”-ийн эсрэг хариу цохилт хийхээр төлөвлөж буй нацистын өндөр албан тушаалын офицеруудын үйл ажиллагааг таслан зогсоох хүнд үүрэг хүлээдэг бөгөөд энэхүү даалгавраас амьд эргэн ирсэн тохиолдолд ялыг нь хөнгөрүүлэх амлалт өгчээ. Уг бүтээлд Эрнест Боргнайн, Чарльз Бронсон, Роберт Уэббер, Жим Браун зэрэг кино одод хамтран тоглосон юм.
4.Saving Private Ryan
Стивен Спилбергт хоёр дахь Оскарын шагналыг авчирсан Цэрэг Райныг аварсан нь” кино мөн л Дэлхийн II дайны үеийн цэрэг эрсийн амьдралыг харуулсан бөгөөд 1998 онд бүтээгдсэн уг кино Америкийн кино академиас 5 шагнал хүртсэн билээ. Найруулагч уг киногоороо Дэлхийн II дайн тэр дундаа Францын Нормандад Америк болон холбооны хүчнийхэн хэрхэн эрэлхгээр тулалдаж, дайныг дуусгахад томоохон үүрэг гүйцэтгэснийг харуулсан боловч цаад талаараа дайн хэмээх зүйл хүнийг өрөвдөх сэтгэлгүй, цэвдэг хүйтэн болгож хувиргадаг болохыг дүрслэн харуулахыг зорьжээ. Нормандын тулалдаанд ялалт байгуулсныхаа дараа ахмад Жон Миллер цэрэг Жэймс Райныг аврах ажиллагааг явуулах тухай дээд удирдлагын тушаалыг авдаг ба Райны бусад гурван ах бүгд дайны талбарт нас барсан нь ийнхүү түүнийг аврах шалтгаан болдог. Нэг хүний амь бусад олон хүний амь наснаас ямар тохиолдолд илүү үнэ цэнэтэй байдаг вэ.
5.Letters from Iwo Jima 2006
1945 оны Иво Жимагийн тулалдааныг Япон цэргүүдийн өнцгөөс өгүүлэх “Иво Жимагаас ирсэн захидлууд” хэмээх уг бүтээл "Эцэг өвгөдийн далбаа" бүтээлийн хос кино гэгддэг. Уг кино нь 2005 онд археологичид Иво Жима арлаас Япон цэргийн захидлууд олсноор эхэлдэг.
Холливуудын алдарт найруулагч Клинт Ийствүүд 2006 онд үзэгчдийн хүртээл болгосон. Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнээр 1945 оны хоёрдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 26-нийг хүртэл Иво Жима арал дээр олон мянган цэргүүдийн амь үрэгдсэн ширүүн тулаан болжээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн