Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

​Эхчүүд хүүхдээ хөхөөр хооллох нь багасч байна

​Эхчүүд хүүхдээ хөхөөр хооллох нь багасч байна
Нийтэлсэн 2015 оны 8 сарын 4
Жил бүрийн наймдугаар дугаар сарын эхний долоо хоногт “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих Дэлхийн долоо хоног”-ийг дэлхийн 170 гаруй орон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих Дэлхийн долоо хоног”-ийн зорилго нь ажил олгогчдын зүгээс ажил хөдөлмөр эрхэлдэг хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд бүх талын дэмжлэг үзүүлэхийг уриалж байгаа аж.
Монгол Улс 1992 оноос хойш “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих Дэлхийн долоо хоног”-ийг үндэсний төвшинд зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх аж.
Манай улсад хүүхдийг эхийн сүүгээр хооллох үзүүлэлтүүд жил ирэх тусам буурсаар байгаа аж. Тодруулбал, 2010 онд нийт нялхсын 66 хувь нь төрснөөс хойш эхний зургаан сарын турш зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд 47 хувь хүртэл буурсан байна. Энэхүү бууралт нь олон шалтгаантай бөгөөд гэр бүл болон байгууллагын зүгээс үзүүлэх дэмжлэг сул, эхийн сүү орлуулагч сүүн тэжээлийн импорт, сурталчилгаа нэмэгдсэн, ядуурлын төвшин буурахгүй байгаа зэрэг нь эхчүүд хүүхдээ төрүүлсний дараа богино хугацаанд ажилдаа эргэн ороход хүргэж байна хэмээн мэргэжилтнүүд хэллээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн хууль, Нийгмийн даатгалын хуулиар зургаан сар хүртэлх насны эсвэл нэг хүртэлх насны ихэр хүүхэдтэй ажил эрхэлж буй эхчүүд болон ганц бие эцэг хүүхдээ хооллох, асрахад зориулан хоёр цагийн цалинтай чөлөө авах эрхтэй бөгөөд үүнийг ажилласан цагт оруулан тооцох ёстой байдаг. Хуулийн эдгээр заалтыг ажил олгогч нар төдийгүй эхчүүд өөрсдөө ч сайн мэддэггүйгээс хуулиар олгогдсон эрхээ эдлэж чаддаггүй байна.
Иймд “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих Дэлхийн долоо хоног”-ийг тохиолдуулан Эрүүл мэнд спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл болон НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн зөн Монгол зэрэг байгууллагууд хамтран ажил олгогч нарт хандан хөхүүл хүүхэдтэй эхчүүдийг дэмжих, тэдэнд ээлтэй ажлын байрыг бий болгохыг уриалж “УРИАЛГА” гаргажээ. 

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох ач холбогдол болон бусад асуудлын талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Б.Цогтбаатарын ярьсныг хүргэж байна. 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн